Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00515

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2017/00515

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багт оршин суух, РЗ67103001 дугаар регистртэй, Онход овогт Гомбодоржийн Эрдэнчимэгийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2017/00379/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 онд 8 дугаар анги төгсөөд илгээлт авч, 1983 оны 07 сард Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдэлд туслах малчнаар элсэн орсон. Түүнээс хойш үргэлжлүүлэн ажиллаж байх хугацаандаа сааль сааж байгаад нэгдэл тартал буюу 1993 он хүртэл ажилласан. Миний ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэн учир улсад ажиллаж байсан байдал минь тооцогдохгүй болоод байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Эрдэнэчимэг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.     

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Г.Эрдэнэчимэгийн 1983 оны 7 дугаар сараас 1988 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдлийн даргын 1983 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “1983 онд сумын 8 жилийн сургууль төгсч МХЗЭ-ийн илгээлтээр тус нэгдэлд ирж ажиллагсадыг өөрсдийн санал хүсэлт, ар гэрийн байдлыг харгалзан доорх ажилд хуваарилсугай... 8. Гомбодоржийн Эрдэнэчимэг, 1-р бригадад туслах хоньчноор... нарыг тус тус 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилсугай...” гэх бичилттэй “Ерөнхий боловсролын сургуулийн 8-р анги төгсөгчдийг ажилд томилох тухай” №28 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдлээс 1983 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нээж олгосон “1. 1983 оны 7 сарын 15. Улаан од нэгдлийн 1-р бригадад малчнаар томилов. Улаан од нэгдлийн даргын 1983 оны 7 сарын 24-ний 28 тоот тушаал” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүүлсэн хуулбар, 1984 он, 1985 он, 1988 онд төлчдийн чуулга уулзалтаар хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд,

Гэрч Д.Отгонбаярын “...Г.Эрдэнэчимэг нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Рашаант сумын “Улаан од” нэгдэлд малчнаар гарсан. 1983 оны 7 сараас 1989 оныг дуустал хугацаанд хоньчин, фермийн саальчнаар ажиллаж байсан... тасрахгүй ажиллаж байсан. Эцэг, эхийн хамт хонин суурьт ажиллаж байгаад 1985 оноос хойш фермийн саальчин хийж байсан... 1989 онд ажиллаж байсан нь үнэн. Нэгдлийн 1-р бригадад Лавлайн фермд саальчин байсан... би “Улаан од” нэгдэлд 1979 оноос 1986 оныг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан. 1987-1989 онд сумын гуанзанд тогооч хийж байсан... манай эцэг, эх хөдөө малчин байсан. Гомбодорж гуайнтай айл саахалт байсан. Байнгын холбоотой байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Пүрэвжавын “...Г.Эрдэнэчимэг нь 1983 онд илгээлтээр нэгдэлд ажиллахаар гарч ирж байсан. Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдэлд 1983 оны 7 сараас 1990 он дуустал хугацаанд хоньчин, фермийн саальчнаар ажиллаж байсан. Манай фермд саальчнаар ажиллаж байсан... Г.Эрдэнэчимэг нь тасрахгүй ажиллаж байсан... 1989 онд ажиллаж байсан. Энэ онд Лавлай гэдэг хүний фермд саальчин байсан. Тус ферм нь 15 саальчинтай байсан. Нэг хүн 15 үнээ саадаг байсан... Би “Улаан од” нэгдэлд 1978 оноос 1990 он хүртэл хугацаанд фермийн саальчнаар ажиллаж байсан. Лавлайн фермд бид хамт сааль сааж байсан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онход овогт Гомбодоржийн Эрдэнчимэгийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА