Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 390

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар баг, Баянцогтод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО57080172, Борлууд овогтой Дамирангийн Батсүхийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

         Нэхэмжлэгч Д.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд Автын слесариар ажилд орсон. Улмаар 1980 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл слесариар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 1980 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс тус байгууллага дотроо жолоочоор шилжин ажиллаж, 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. 1992 онд манай Тэжээлийн аж ахуй хувьчлагдаж хуулийн этгээдийн оноосон нэр “Таван Тэс” ХК болж өөрчлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, шилжүүлэн томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал бичигдсэн хэдий ч ажилд орсон болон чөлөөлсөн тушаал надад байхгүй болон архивт шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Иймд намайг 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд слесариар, 1980 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд жолоочоор, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “Таван Тэс” ХК-нд жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү”  гэжээ.     

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Батсүх нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

         Хэрэгт Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн боловсон хүчний эрхлэгч Т.Батсүхээс 1982 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дамирангийн Батсүхэд олгосон 297551 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба уг дэвтэрт “1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд автын слесариар, 1980 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд болон “Таван тэс” ХК-д тус тус жолоочоор ажилласан тухай” бичилт хийгдсэн байна.

          Мөн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 06 тоот “Ажилд авах тухай” тушаал авагдсан байх ба түүнээс үзэхэд тус аж ахуйн Автын слесарь Д.Батсүхийг үүрэгт ажлаас нь 1980 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, жолооч С.Дамирангийн хариуцлаганд байсан 64-21 номерийн машиныг хүлээлгэн өгч, түүнийг мөн өдрөөс цэнэглэгч машины жолоочоор авч ажилуулахаар тогтоожээ.

     Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 032 тоот лавлагаанд: “Таван тэс ХК нь 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэсэн байх ба нэхэмжлэгч Д.Батсүхийн хөдөлмөрийн дэвтрийн сүүлийн бичилтийг тус тус үндэслэн 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “Таван тэс” ХК-д жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.

          Хэрэгт мөн Д.Батсүхийн 1992 онд Улаанбаатар хотод өөрийн эзэмшиж байсан автомашины хажууд авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт, “Таван тэс” ХК нь 1992-1994 оны хооронд Увс аймгийн Тэс суманд үйл ажиллагаа явуулж, цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлсөн гэх Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1576 тоот лавлагаа авагдсан байна.

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Х.Цэнджав, Н.Рааш нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Х.Цэнджав: “Миний бие нь 1971 оноос цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1978 оныг хүртэл адуу маллаж байгаад, 1978 оноосоо Тэсийн тэжээлийн аж ахуйд гэр бүлийн хамтаар малчнаар ажилд орон ажилласан ба 1995 оныг хүртэл ажилласан юмаа. Д.Батсүх нь 1978 оноос Тэсийн тэжээлийн аж ахуйд слесариар ажиллаж байгаад өөрийнхөө хүсэлтээр жолооч болон 1994 оныг дуустал ажилласан. Д.Батсүхийн аав Дамиран гэх хүн байсан. Манайхан нэг баг бригадын айлууд учраас нэгнээ сайн мэднэ. Д.Батсүхийн аав Дамиран нь мөн манай Тэжээлийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсан. Тэсийн тэжээлийн аж ахуй нь нийт 5 бригад, 2 салаа болон өвс тэжээл бэлтгэдэг байсан. Тэсийн тэжээлийн аж ахуй нь баруун 5 аймгийн өвс тэжээлийн фонд бэлтгэдэг маш том байгууллага байсан юм. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 оноос эхлэн “Таван  тэс” хувьцаат компани болон ажиллаж байгаад 1994 оныг дуустал ажиллаад хувьчлагдсан. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргаар н.Ядамжав, П.Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Н.Рааш: “Би 1971 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Өлгий суманд хүний бага эмчээр, 1973 оны 8 дугаар сараас Тэс суманд эх баригч бага эмчээр, 1976 оны 3 дугаар сараас Тэс сумын Тэжээлийн аж ахуйд боловсон хүчний эрхлэгчээр, 1976 оны 9 дүгээр сараас Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар, 1983 оноос Тэс сумын Монгол ардын хувьсгалт намын орлогч даргаар, 1986 оноос Тэс сумын Намын хорооны даргаар, 1992 оноос 2011 он хүртэл Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Одоо тус суманд амьдарч байна. Д.Батсүх нь 1978 оноос Тэс сумын Тэжээлийн аж ахуйд слесариар ажилд орж ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр жолооч болон 1994 оныг дуустал ажилласан. Д.Батсүхийн аав Дамиран нь мөн манай Тэжээлийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсан. Д.Батсүхийн аав Дамиран нь шинэ машин авч, хүү Д.Батсүхдээ өөрийн барьж байсан ЗИЛ-130 машиныг өгч ажиллуулж байсан. Д.Батсүх нь 1995 оноос Улаанбаатар хот руу шилжин явсан. Тэс сумын Тэжээлийн аж ахуй нь нийт 5 бригад, 2 салаа болон өвс тэжээл бэлтгэдэг байсан. Баруун 5 аймгийн өвс тэжээлийн фонд бэлтгэдэг маш том байгууллага байсан юм. Тухайн үед одоогийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхай нь Тэс сумын Тэжээлийн аж ахуйн харьяанд байсан. Манай аж ахуй нь 1991 оны 12 дугаар сард “Таван  тэс” хувьцаат компани болон ажиллаж байгаад 1994 оныг дуустал ажиллаад хувьчлагдсан. Тэжээлийн аж ахуйн даргаар Ч.Ядамжав, П.Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг тус тус өгсөн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд авагджээ.

        Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Батсүхийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд автын слесариар, 1980 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд цэнэглэгч машины жолоочоор, Увс аймгийн Тэс сумын “Таван тэс” ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайваны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Борлууд овогтой Дамирангийн Батсүхийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд автын слесариар, 1980 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд цэнэглэгч машины жолоочоор, Увс аймгийн Тэс сумын “Таван тэс” ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайваны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА