Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/860

 

 

 

 

 

 

2020      09          28                                  2020/ШЦТ/860 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Итгэлт

Шүүгдэгч Э.З түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811 01610 0420 дугаартай Ө овогт Э З холбогдох 6 хавтас хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй. "Авсольют Максимум” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай гэх, ам бүл 4, эхнэр. 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 6-24 тоотод оршин суух хаягтай. ял шийтгэлгүй, Х овогт Э З /РД:**********/.

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э З /РД:**********/ нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 08 сарын хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Нийслэлийн газрын албаны гадна иргэн Н.Б “Нийслэлийн газрын албаны даргыг танина, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханс Вилл хотхоны баруун талд 13.500 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулж өгнө гэж хуурч, удаа дараагийн үйлдлээр нийт 60.000.000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

Мөн шүүгдэгч Э.З нь 2015 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шарга төвийн орчимд иргэн Ж.Энхбатад өөрийгөө “Газрын албанд ажилладаг, Ар гүнтэд 4 га газар авч өгнө” гэж зээлийн гэрээ байгуулан хуурч, нийт 12.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,    

Мөн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3700 м2 газар гаргаж өгнө гэж хуурч иргэн Н.О 2017 оны 03 дугаар сараас хойш нийт 225.438.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж, 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 297.938.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч Э.З өмгөөлөгч С.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хохирогч О хувьд хохирол төлбөрийг барагдуулсны үндсэн дээр хэргийг хялбаршуулсан журмаар хүсэлт гаргаад шүүхэд хэрэг шүүхэд шилжсэн шүүгдэгч З хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан тул гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэжээ.                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Э.З нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б мэдүүлсэн “...З Нийслэлийн газрын албанд маш их танилтай хэмээн өөрийгөө танилцуулж хамтран ажиллаж манай компанийн хөөцөлдөж байсан газрын гэрчилгээг сунгуулж өгөхөөр тохиролцсон. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр З над руу утсаар яриад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 5 сая төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлээдэх гэж хэлсэн. би тухайн үед Нийслэлийн захирагчийн ажлын албаны тэндээс мобайл банкаар шилжүүлсэн. 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр З утсаар яриад уулзсан. З газрын гэрчилгээ гаргахад 10 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан учир З таньдаг авто ломбардад очиж өөрийн 0497 УБВ улсын дугаартай соната-7 загварын автомашин, эхнэр Г Ниссан Мурано загварын автомашиныг тус тус тавьж 13.000.000 төгрөгийг авсан. Тэгээд З 13.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд 2016 оны 6 дугаар cap гарсан боловч газрын гэрчилгээ гараагүй удаад байсан тул яасан бэ гэж хэлсэн. Тэгсэн З Дүнжингарав худалдааны төвийн 1 цэгийн үйлчилгээний төв дээр очъё тэнд суудаг газрын албаны хэсэгт ажилдаг хүнд мөнгө өгөх ёстой тэнд 2.000.000 төгрөг бэлнээр аваад ир гэсэн. З тэнд очсон байсан тэндээс нэг эмэгтэй дагуулж гарч ирээд надаас 2.000.000 төгрөг бэлнээр аваад буцаад нөгөө эмэгтэйтэй хамт ороод хэсэг байж байгаад гарч ирсэн. Тэгээд мөнгөө өгсөн гэж хэлсэн. ...2016 оны 08 сарын эхээр ...З өөрийнх нь сайн мэддэг нутгийн ах Нийслэлийн газрын албаны дарга болж байгаа мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд 40 сая төгрөг нэмээд өгвөл газрын гэрчилгээг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн. ...Мөнхбуян ах бид 2 З машинд уулзаж 40 сая төгрөг бэлнээр З өгсөн боловч газрын гэрчилгээ сунгагдаагүй, гарахгүй байсан. З рүү ярихаар утсаа авна аль эсвэл авахгүй зугтаадаг болсон. Тэгээд Мөнхбуян ах бид хоёр өөрсдөө материалаа бүрдүүлээд газрын гэрчилгээгээ гаргахаар хөөцөлдсөн. З тэгээд мөнгийг аваад тэр чигтээ алга болсон. Би өөрөө газрын гэрчилгээгээ хөөцөлдөж явж байж 2017 оны 02 дугаар сарын сүүлээр газрын гэрчилгээ гарсан. Ингээд миний бие Э.З хууртаж залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шалгуулахаар гомдол гаргаж байна. Миний бие З 60.000.000, төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.М мэдүүлсэн “..Миний хүргэн ах Энхтөрийн хүү З Нийслэлийн газрын албанд танил тал ихтэй миний нутгийн ах Нийслэлийн газрын албаны дарга болж байгаа гэх зүйлийг ярьсан. З ингээд Б хөөцөлдөж байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулж өгөхөөр тохиролцсон. Б бид хоёр 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Захирагчийн албаны тэнд байхад З утсаар яриад мөнгө хэрэгтэй байна гэж ярьсан. Үүний дагуу Б мобайл банкаар З Хаан банкны дансаар 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б бид хоёр хамт явж байхад З утcaap яриад мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд З уулзаад Б өөрийнхөө болон эхнэрийнхээ унадаг хоёр машиныг баруун 4 замын тэнд байрлах З танил авто ломбардад 13,000,000 төгрөгөөр тавьж 10,000,000 төгрөгийг З өгсөн. Үүний дараа 2016 оны 06 сард Б бид хоёр хамт явж байхад З утсаар яриад уулзъя гэж хэлсэн. Тэгээд тэнд очиж З уулзсан. З Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний төвийн газрын албанд ажилладаг хүнд 2.000.000 төгрөгийг өгөх ёстой гэж хэлж байсан. Тэгээд Б бид 2 сая төгрөгийг З бэлнээр өгсөн. З дотогш ороод нэг эмэгтэй хүнтэй гарч ирээд тамхи татаж байгаад буцаад орсон. Тэр эмэгтэй хүнд З мөнгө өгсөн эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Би тэр эмэгтэй харвал танина. З үүнээс хойш удаахгүй гэрчилгээг сунгуулж өгнө гэж байсан боловч удаашраад З утасдаж асуухаар сонгууль болж байна сонгуулийн дараа болно гээд байсан. Хэд хоногийн дараа 40,000,000 төгрөгийг Б бид хоёр Нийслэлийн захирагчийн албаны гадна машин дотор З уулзаад 40.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. З 40,000,000 төгрөгийг аваад Нийслэлийн газрын албаны даргад Болорчулуунд өгнө гэж хэлээд мөнгийг аваад орсон. Б бид хоёр гадна машин дотор хүлээгээд зогсож байтал удалгүй З мөнгөгүй гарч ирээд мөнгийг Болорчулуунд өгсөн 7 хоногийн дараа газрын гэрчилгээний сунгалт хийгдэнэ гэж хэлсэн. Тэгээд З салаад явсан. Үүнээс хойш З худлаа үнэн ярьж байгааг мэдэхгүй янз бүрийн юм яриад байдаг байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Гэрчилгээ гарахгүй 2017 он гарсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын эхээр Нийслэлийн газрын албанд очиход Болорчулуун гэж хүн дарга нь байсан. Тэгээд Б бид хоёр Болорчулуунтай орж уулзсан. Дээрх байдлыг хэлэхэд З ямар ч мөнгө төгрөг аваагүй миний нэрийг бариад гадуур залилан хийгээд яваад байгаа, та нар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж болно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Болорчулууны мэдүүлсэн “...З надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй, харин Э.З нь миний нэрийг бариад энд тэнд худал хэлж хүмүүсээс мөнгө төгрөг авч яваад байна. Газрын гэрчилгээ сунгуулахад мөнгө төгрөг шаардлагагүй байдаг. Би 2016 оны 09 сард Нийслэлийн газрын албаны даргаар томилогдсон цагаас хойш би З уулзаагүй. Ямар утастай байгааг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.В өгсөн “...Б надаас 40.000.000 төгрөг зээлээч би нэг газрын гэрчилгээний талаар юм ярьж байсан гэхдээ одоо ярих юм бол бүтэхгүй байж мэднэ ямар ч байсан танд шагнал өгнө гэж хэлж байсан. Би ч тухайн үедээ сайн асуугаагүй 40.000.000 төгрөг бэлнээр егөөд явуулсан. Дараа нь Б 2018 оны сүүлээр надад ярихдаа би танаас авсан мөнгийг чинь хүнд залилуулчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24/-р тал,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Э мэдүүлэхдээ “...З нь өөрийгөө тухайн үедээ газрын албанд ажилладаг гэж танилцуулсан бөгөөд надад ар гүнтэд 4 га газар авч өгнө баримт бичиг бүрдүүлээд өгчих гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа мөнгө 12.500.000 төгрөгийг авсан. Би тухайн мөнгө 7.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найман шарга төвийн орчимд байдаг ажлын газарт нь аваачиж өгчхөөд тэр газарт нь очиж үлдсэн мөнгийг өгөөд мөн нотариатын газартаа очиж баталгаажуулсан. Тэгээд үнэн худлаа нь мэдэгдэхгүй утас нь холбогдохгүй байсаар өдийг хүрсэн юм. Одоо З нь хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчхоод байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.О өгсөн “...Э.З нь надад газар гаргаж өгнө гэж хэлээд энэ мөнгийг авсан. Энэ мөнгийг авах үедээ Э.З нь би газрын албан танил тал ихтэй асуудалгүй зохицуулж өгнө газрын албанд миний ах Болорчулуун гэж хүн байдаг 7-14 хоногийн дотор газар авч өгнө гэж хэлсэн. Тэгээд мөнгөө өгчих асуудалгүй гаргаад өгье гэж өдөр бүр надтай уулздаг байсан тэгээд л би түүнд итгээд энэ мөнгийг өгсөн. Тэгээд газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй өдийг хүрсэн. Одоо болохоор надтай уулзахгүй алга болчхоод байна. Сүүлд сураг сонсоход миний өгсөн мөнгийг Э.З нь Б, Э нарт өгсөн Б Э нар нь М өгсөн. М нь З гэх Нийслэлийн газрын албанд ажилладаг хүнд өгсөн гэж яриад байгаа юмаа. Надад миний авах гэж байсан газартай холбоотой бүхий л зураг, кадастрын зураглал зургийг харуулсан энэ бүх зүйл нь худал хуурамч байсан гэдгийг ойлгосон...” гэх мэдүүлэг /4-р хх-19/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.О дахин өгсөн “...Ингээд надад Э.З нийт 225.438.000 төгрөгийн хохирол учруулсан байснаас надад буцааж Э.З нь 58.964.000          төгрөг надад буцааж өгсөн. Б гэх хүнээс 10.450.000 төгрөг авсан одоо үлдэгдэл мөнгө нь 156.024.000 төгрөг үлдсэн байна. Урд өмнө нь өгсөн мэдүүлэгтээ би дансны хуулгаа хараагүй өөрийн санаж байгаагаараа мэдүүлгээ өгсөн байсан. Харин энэ удаагийн мэдүүлгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн ********** дугаарын дансны хуулгыг өөрийн биеэр банкнаас авч тулгаж нягтлан өгч байгаа юмаа. Тиймээс одоо би Э.З, Э, Б гэх хүмүүсээс нийт 156.024.000 төгрөг нэхэмжилж байна. Дээрх хүмүүсийн хэн нь хэдэн төгрөг авсан гэдгээ өөрсдөө мэдэж байгаа. Одоо ч Э.З цагдан хоригдсон байгаа гэж би сонссон бөгөөд энэ хүн цагдан хорих байрнаас хэзээ гарч ирэхийг нь мэдэх хүсэлтэй байна би энэ хүнийг ял эдлүүлэхээс илүүтэйгээр өөрийн хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /4-р хх-23/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Э өгсөн“...Миний бие нь Э.З гэх хүнийг 2016 оноос хойш таньдаг болсон. Э.З нь 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газар хөөцөлдөж өгөөч эзэн нь Хятад ард улсын иргэн байдаг тухайн хүн нь одоо удахгүй нас барах гэж байгаа тэр хятад хүнтэй холбоотой хүн нь манай найзын эгч нь байгаа юмаа энэ хүн л энэ газрыг эзэмших эрхтэй та хөөцөлдөж өгөөч гэж надаас гуйсан. Тухайн үед би Б гэх хүнийг өөрийн танил дүү Л дамжуулан танилцаж байсан ба Б нь Нийслэлийн газрын албанд ажилладаг хүн байсан. Тэгээд л Б олж уулзаад Э.З ярьсан зүйлсийг хэлэхэд “Энэ газрыг зохицуулж болох юм байна шүүхийн шийдвэр дээр хориг тавьчихсан юм байна бичиг баримтыг нь янзлах юм бол болох юм байна мөнгө хэрэгтэй” гэж хэлэхээр нь би “Хэдэн төгрөг хэрэг болох вэ” гэж хэлэхэд эхлээд урьдчилгаанд 50.000.000 сая төгрөг дараа нь 40.000.000 сая төгрөг өгчих 3 хүн байгаа хувааж өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тохиролцож эхлээд 30 сая төгрөг өгнө бичиг баримт гарсны дараа үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж тохирсон. Тэгээд би Э.З уулзаад газрын зохицуулж болох юм байна, мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Удалгүй Э.З нь надад 50 сая төгрөг гаргаж өгсөн. Энэ 50 сая төгрөгөөс 20 сая төгрөгийг нь өөрөө аваад үлдэгдэл 30 сая төгрөгийг нь Б Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Гранд плаза төвийн үүдэнд 20 сая төгрөгийг нь бэлнээр 10 сая төгрөгийг нь Б эмээгийн /5749537844/ данснаас 2 хувааж, 5 сая, 5 саяар нь шилжүүлсэн гүйлгээний утгыг нь Миксерийн хөлс гэж бичиж хийгээрэй гэж хэлсний дагуу утга дээр нь Миксерийн хөлс гэж бичээд шилжүүлсэн. За ингээд газрын бичиг баримт бүтчих байх гэж бодоод байж байхад газрын бичиг баримт нь бүтэхгүй өдийг хүрсэн бөгөөд Б уулзахаар би мөнгийг чинь М, З гэх хүмүүст өгчихсөн удахгүй газар чинь бүтнэ гэж хэлдэг байсан, Тэгээд мөнгө төгрөгөө ч өгөхгүй газрыг нь ч бүтээж өгөхгүй алга болохоор би Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б мөнгө өгч залилуулсан талаараа гомдол гаргахад миний гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж иргэд хоорондын эд хөрөнгийг маргаантай асуудал байна гэж мөрдөгч материалыг прокурорын байгууллага руу шилжүүлсэн. Би Б уулзах үедээ гар утсаараа бичлэг хийж ярьсан яриаг баримтжуулж авсан байгаа тухайн бичлэгийг мөрдөгчид өгнө...” гэх мэдүүлэг /4-р хх-29/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Б өгсөн “...Миний бие нь Э гэх хүнээс 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр 30 сая төгрөг зээлж авсан. Энэ мөнгөнөөс 20 сая төгрөгийг М авсан. М нь Нийслэлийн газрын албаны газар чөлөөлөх хэлтэст мэргэжилтэн ажил эрхэлдэг. Э нь миний найзын ах нь байгаа юмаа. Тэгээд Э нь надад мөнгө зээлчхээд дараа нь нэг газар зохицуулаад өгчихөө гэж гуйсны дагуу би бичиг баримтуудыг нь хөөцөлдөж бүрдүүлэх бичиг баримтуудын жагсаалтыг гаргаж өгсөн. Бичиг баримтуудаа Э бүрдүүлээд надад өгөх гэж байх үед тухайн газрын эзэд нь гэх өөр хүмүүс гарч ирээд хэл ам хийж эхэлсэн. Тэгээд би Э яриад нөгөө газрын чинь жинхэнэ эзэн нь гэх Хятад улсын иргэд газрын албанд ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд энэ цагаас хойш Э нь З гэх хүнтэй хамт над дээр хүрч ирээд 2 удаа намайг дарамталж барьцаалан зээлсэн мөнгөө 2 дахин өсгөж авна чамд 30 сая төгрөг өгсөн одоо 60 сая төгрөг болгож авна гэж дайрсан бөгөөд би З гэх хүнд 500.000 төгрөг, Э 7.700.000 төгрөгийг төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Мөн энэ цагаас хойш О, Б гэх хүмүүс гарч ирсэн бөгөөд Э зээлсэн мөнгө нь бид нарын мөнгө байсан юмаа одоо мөнгөө авъя гэж хэлцгээсний дагуу би О 2.600.000 төгрөг, М надаас авсан 20 сая төгрөгөөс 2 сая төгрөг, 8.380.000 төгрөгийг тус тус өгсөн байсныг өгсөн. Одоо Мөрдорж 9.620.000 төгрөгийг өгнө, харин миний хувьд 1.800.000 төгрөг л өгөх ёстой байгаа...” гэх мэдүүлэг/4-р хх-28/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны гэрч Ц.М өгсөн “...М.Б газар бүтээнэ гэж нэг ч төгрөг аваагүй харин 20 сая төгрөг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлж бол авч байсан. Мөн би эхнэрийнхээ машиныг зарж 8.500.000 төгрөгийг М.Б өгсөн, 2018 оны 1 дүгээр сард 2 сая төгрөгийг хүүгийн мөнгө гэж өгсөн. Мөн бэлнээр 3 сая төгрөг 2019 оны 01-02 дугаар cap хүртэл цувуулан өгч байсан. Одоо надад үлдэгдэл 8.500.000 төгрөг байгаа. Энэ мөнгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг/4-p хх-31/-р тал,

Иргэний хариуцагч Р.Э “Миний хувьд өөрт авч үлдсэн 20.000.000 төгрөгөөс 3 сая төгрөгийг З дамжуулж хохирогчид өгсөн. Одоо 17 сая төгрөгийг төлөх дутуу байгаа. Энэ мөнгийг удахгүй төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /5-р хх-112/-р тал,

Иргэний хариуцагч Р.Э дахин өгсөн “Би нийт 20 сая төгрөгийн хохирол учруулсан байгаа. Үүнээсээ хохирогч О тодорхой хэмжээгээр төлж барагдуулаад одоо үлдэгдэл 6.400.000 төгрөг үлдсэн байгаа” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 112/-р тал,

Яллагдагч Э.З “Одоо 96.000.000 төгрөг өгөхөөс би 79 сая төгрөгийг нь өгнө, 17.000.000 төгрөгийг нь Э ах өгөх ёстой. Энэ мөнгийг хэрэг шийдвэрлэгдэж дуустал төлж барагдуулна” гэх мэдүүлэг /5-р хх-113/-р тал, 

Яллагдагч Э.З дахин өгсөн “Миний хөөцөлдсөнөөр газрын гэрчилгээ гарсан. Би М залилсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /6-р хх- 114/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Э.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, нөгөөтээгүүр шүүгдэгч Э.З тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц бичгийн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүйн дээр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөх замаар шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд, шүүгдэгч Э.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Н.Б, Ж.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдол, саналгүй талаарх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан болох нь “.../6-р хх-ийн 116, 117/-р тал...” авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Н.О тухайд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Э.З холбогдох хэрэг тус шүүхэд ирсэн өдөр “...Миний хохирол барагдаагүй, би гомдолтой байгаа талаараа хэлсэн бөгөөд шүүхээс та хүсэлтээ бичиж өгөөд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжтой талаар хэлэхэд, хүсэлтээ өгөөгүй, түүнчлэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу шүүх хуралдаан зарлагдсан өдөр хохирогч Н.О өөрийн биеэр ирж, шүүх хуралдаанд оролцоно гэж байсан боловч шүүхэд ямар нэгэн хүсэлт, өргөдөл гаргалгүйгээр утсаа салгаад явсан болох нь шүүгчийн туслахын тайлбар, хохирогч Н.О утас руу залгасан утасны дуудлагын жагсаалт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хохирогч Н.О нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандаж “...Миний бие О нь Э З 35 сая төгрөгийг /гучин таван сая/ дансаар авсан мөн үлдэгдлийг бэлнээр авсан болно. Санал, гомдолгүй...” гэх өргөдлийг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтаас харахад “...Шүүх зөвхөн хавтас хэрэгт авагдсан баримтын хэмжээнд л хэргийг шийдвэрлэх үүргийг шууд хүлээлгэсэн...” байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан хохирогч Н.О Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандаж гаргасан дээрх өргөдөлд үндэслэн шүүгдэгч Э.З бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэлтэй, нөгөөтээгүүр шүүгдэгч Э.З хохирогч Н.О учирсан хохирлыг төлөөгүй гэх баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.З бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад “...иргэний хариуцагч Р.Э 6.400.000 төгрөгийг нэхэмжилж байгааг иргэний хариуцагч Р.Э хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан оролцогч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл иргэний хариуцагч Р.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би Н.О нийт 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан, үүнээс өнөөдрийн байдлаар үлдэгдэл 6.400.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байгааг 7 дугаар сардаа багтаагаад төлж барагдуулан хохирогчийг хохиролгүй болгоно...” гэж мэдүүлсэн байна.

 

Иймд, иргэний хариуцагч Р.Э нийт 6.400.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.О олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.З нь хохирогч нарт учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлж, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял санал болгосныг шүүгдэгч Э.З хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүхээс шүүгдэгч Э.З эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, энэ төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З урьдчилан цагдан хоригдсон 50 хоногийн нэг хоногийг арван таван нэгжээр тооцон түүний эдлэх ялаас 750.000 төгрөгийг хасаж нийт эдлэх ялын хэмжээг 14.250.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 01 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.З нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар сольж болохыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.З нь энэ хэргийн учир 50 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э З хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилан мэхэлж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.З 15.000 /арван таван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З урьдчилан цагдан хоригдсон 50 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон шүүхээс оногдуулсан торгуулийн ялаас 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгийг хасаж, түүний нийт эдлэх ялын хэмжээг 14.250.000 /арван дөрвөн сая хоёр зуун тавин мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 01 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Э.З нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

6. Иргэний хариуцагч Р.Э 6.400.000 /зургаан сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Н.О олгосугай.

 

7. Шүүгдэгч Э.З нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР