Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 391

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг, 2-15 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО58050517, Галзад овогтой Жавзангийн Очироогийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Очироо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

          Нэхэмжлэгч Ж.Очироо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1974 оны 5 дугаар сараас 1976 оны 6 дугаар сарыг дуустал, 1979 оны 7 дугаар сараас нэгдэл тарах хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчин /чулуу зөөх, мод бэлтгэх/, мөн өрлөгчин, мужаан зэрэг ажлуудыг хийдэг байсан. 1976 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарын хооронд цэргийн албыг 122 дугаар ангид хаасан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал Тэс сумын архив шатсан. Бас миний нэрийг Очир, Очроо гэх мэт олон янзаар бичсэн байх тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох болсон. Тиймээс Ж.Очироо намайг 1974 оны 5 дугаар сараас 1976 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар, 1979 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд өрлөгчин, мужаанаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү”  гэжээ.     

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ж.Очироо ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

        Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад ажиллаж байсан Жавзангийн Очироогийн 1974 оны 5 дугаар сараас 1976 оны 6 дугаар сарыг дуустал, 1979 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

         Түүнчлэн Увс аймгийн Тэс сумын Намын үүр, Лениний зам нэгдлийн зөвлөлөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон “Баярын бичиг”, Тэс сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон “Баярын бичиг”, Тэс сумын Лениний зам нэгдлийн 30 жилийн ойн комиссоос олгосон “Гэрчилгээ”, Тэс сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Худалдаа бэлтгэлийн ангийн дэргэдэх Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс олгосон “Баярын бичиг” зэрэг баримтууд эх хувиараа авагдсан байх ба эхний 3 баримтад “Ж.Очирт” гэж дурджээ.

          Мөн 299949 тоот “Цэргийн батлах”-д “Жавзангийн Очроо” гэж дурдсан байх ба нэхэмжлэгч нь түүний нэрийг “Ж.Очир”, “Ж.Очроо” гэж өөр өөрөөр бичигдсэн талаар тайлбарлаж байна.   

           Өөрөөр хэлбэл, тухайн баримтуудад дурдсан нэр нь зөрж байгаа хэдий боловч түүний “Жавзан” гэх овог нь иргэний үнэмлэх дээрх овогтой таарч байгаа тул тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэлээ.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Д.Ширнэнг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Ширнэн: “Би 1970 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. Ж.Очироо нь 1974 оноос эхлэн тус нэгдлийн Үйлдвэр бригадад ажиллаж байсан. Ж.Очироод тухайн нэгдэлд хийгээгүй ажил гэж бараг байхгүй, хий гэсэн бүхий л ажлыг хийдэг байсан. Ж.Очироо нь нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл тоосго өргөгч, барилгачин хийж байсан ба мөн чулуу зөөх, мод бэлтгэх, хашаа барих, жолооч нарт грушиг хийх гэх мэтийн олон ажил хийдэг байсан. Ж.Очироо бид нар хамтдаа нэг нэгдэл, бригадад ажиллаж байсан, мөн нэг нутаг усны хүмүүс учраас нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Гомбосүрэн, н.Норов, н.Далай гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж мэдүүлсэн байх ба гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

           Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Очироогийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1974 оны 5 дугаар сараас 1976 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд туслах ажилчнаар, 1979 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд өрлөгчин, мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Очироогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Галзад овогтой Жавзангийн Очироогийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1974 оны 5 дугаар сараас 1976 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд туслах ажилчнаар, 1979 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд өрлөгчин, мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Очироогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА