Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/651

 

 

 

 

 

 

   2020         07         06                                    2020/ШЦТ/651

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

            Шүүгдэгч Б.Б оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, Т овогт Б Б холбогдох эрүүгийн 2009 01131 0678 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дархан хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, Их сургуулийн гудамж 9-3 байрны 410 тоотод оршин суудаг,

-Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 591 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,Т овогт Б Б /РД:********/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22-23 цагийн хооронд тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жоби худалдааны төвийн ард байрладаг иргэн К.А бараа, материал хадгалдаг контейнерын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйлсээс нь хулгайлан авч бусдад бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч К.А мэдүүлэг /хх-ийн 32-39/-р тал, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51-559/-р тал, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 07, 08, 28-29/-р тал, гэрч Д мэдүүлэг /хх-ийн 22/-р тал, гэрч С.Т мэдүүлэг /хх-ийн 46-47/-р тал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын байдлыг баталгаажуулсан гэрэл зургууд /хх-ийн 16-21/-р тал, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 22/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөвд тооцсон болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22-23 цагийн хооронд тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жоби худалдааны төвийн ард байрладаг иргэн К.А бараа, материал хадгалдаг контейнерын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйлсээс нь хулгайлан авч бусдад бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч К.А өгсөн “... Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 100 айлд байрлах Жоби худалдааны төвийн 75 дугаар лангууг ажиллуулаад 12 жил болж байна. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад 10 цагийн үед ажил дээрээ ирсэн. Тэгээд ажил дээрээ байж байгаад Жоби худалдааны төв 18 цагаас хаадаг болохоор 17 цаг өнгөрөөгөөд ажпаасаа гараад өөрийн агуулах болон контейнерт очоод хаалга үүдээ шалгаад тэндээсээ шууд гэр рүүгээ явсан. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн үед агуулах дээрээ иртэл контейнерын цоож эвдэрсэн, дотроос нь бараа, материал алга байсан учир цагдаад дуудлага өгсөн. Манай контейнераас Солонгос тосон будаг 15 ширхэг, барилгын шахдаг хөөс 150 ширхэг, алдагдсан байсан. Солонгос тосон будаг /18 литртэй/ нэг ширхэг нь 115.000 төгрөг, 15 ширхэг алдагдсан учир нийт үнэ нь 1.725.000 төгрөг, барилгын шахдаг хөөс 150 ширхэг, нэг ширхэг нь 3500 төгрөг учир нийт үнэ нь 525.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн үед хаалгыг нь түгжээд гэр рүүгээ явсан, маргааш нь ирэхэд манай контейнерын хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Би Б гэх хүнтэй албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Б бид хоёр 2009 онд хамтран амьдраад 2017 онд салсан, дундаасаа 7 настай нэг хүүхэдтэй. Б контейнерын түлхүүр байхгүй, доторх эд зүйлсийг захиран зарцуулах эрх байхгүй, эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа, ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-39/-р тал,

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Уг нь тухайн контейнер нь хуучин салсан эхнэр А контейнер байгаа юм. Өмнө нь тухайн контейнерт ажиллаж байсан болохоор ороод хулгай хийчихсэн юм. Тухайн үед найз Т хамт явж байсан, гэхдээ Т намайг хулгай хийж байгааг мэдээгүй, найзаасаа эндээс өөрийнхөө барааг авах гэж байна , чи машинд сууж бай гэж хэлээд би ганцаараа контейнерын хаалгыг эвдэж ороод бараа, материал машиндаа ганцаараа зөөж хийсэн, тухайн авч явсан бараануудаа гурвалжингийн гүүрний тэнд явуулын хүнд бүгдийг нь нийлүүлээд 800.000 төгрөгөөр зарсан. Уг гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн, контейнераас солонгос будаг 15 ширхэг, шахдаг хөөс 10 хайрцаг буюу 150 ширхэгийг авсан, төмөрөөр хаалгыг нь хөшиж онгойлгосон, тухайн төмрийг тэндээ л хаячихсан. Надад тухайн газраас бараа, эд зүйл авах эрх байхгүй. К.А бид 2 дундаасаа нэг хүүхэдтэй, хамт амьдарч байгаад салчихсан юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. К.А хохирлыг барагдуулж өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-47/-р тал,

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 81-54 УНН улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

81-54 УНН улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ /3.800.000 төгрөг/,

Б.Б нь “Баян Төгөлийн Ундрага” ХХК -нд 8154 УНН улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтууд,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын байдлыг баримтжуулсан гэрэл зургууд, /хх-н 16-21/-р тал,

Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр миний утсанд дуудлага ирэхээр нь хартал Б ******** дугаараас холбогдоод хаана байна гэхээр нь гэртээ байна гэтэл гэрийн чинь гадаа ирсэн байна, гараад ирээч гэхээр нь гартал тэрээр цагаан өнгийн Кроун 171 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн байсан. Тэгээд уулзтал гадуур ханиндаа жаахан яваадхья гэхээр нь за гээд бид 2 манайхаас Жуков орсон. Түүний уулзах хүн нь утсаа авахгүй байсан учир Жуковоос буцаад 100 айл худалдааны төв орсон бөгөөд би цэвэр ус авч уучихаад машинд сууж байтал Б Жоби худалдааны төвийн баруун гар талд байрлах, хажуудаа дэн буудалтай контейнертай гудамж руу машинаараа ухарч ороод зогссон бөгөөд зогсонгуутаа машинаасаа буучихаар нь би удалгүй араас нь буугаад хартал контейнерын хаалгыг онгойлгочихсон дотроос нь 18 литрийн хэмжээтэй будаг зэрэг эд зүйлс аваад машиныхаа багааж болон хойд талын суудал дээр хийгээд байсан ба нийт хичнээнийг хийснийг би мэдэхгүй байна. Түүнээс юу хийгээд байгаа талаар асуухад би хэдэн лааз будаг эндээс авах ёстой юмаа гэж л хэлсэн. Контейнерыг яаж онгойлгосныг би хараагүй ер нь бол тэр нь Б өөрийнх нь эзэмшлийн контейнер. А гэх эхнэртэйгээ барилгын материал зарж борлуулдаг ажил эрхэлдэг байсан учир бид бие биенээ мэддэг байсан. Б надад өөрөө л би Жоби дээр худалдаа хийхээ болиод эхнэр нь хийж байгаа гэж надад тухайн үед хэлсэн юм. Тийм болохоор би уг контейнераас өөрийнхөө эд зүйлээ авч байна л гэж бодсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/-р тал,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Б.Б нь машин механизм ашиглан, бусдын агуулахад хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүй, нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Б тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүйн дээр шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Энэ гэмт улмаас хохирогч К.А нийт 2.250.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулсан, хохирогч К.А нь гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтэдээ “...Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ...” саналыг,

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гурав. Бусад асуудлаар.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сд-1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт Б Б тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

            4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Сд-1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР