Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 392

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ66033011, Тэргүүн овогтой Далайгийн Алтанхуягийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

         Нэхэмжлэгч Д.Алтанхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай. Би 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Нефть баазад торх угаагчаар анх 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон.  1984 оноос цэргийн албанд явж, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдөр цэргийн алба хааж ирээд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тоног төхөөрөмжийн засварчнаар ажилласан юм. Цэргээс ирээд Нефть баазад орсон, гарсан тушаал аймгийн Архивт ирээгүй байна. Харин Нефть баазад энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн баримт байсныг шүүлгэн авсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр Нефть бааз тараад, Шатахуун тээврийн баазад шилжих хооронд алга болсон гээд олдохгүй байна. Иймд миний 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд торх угаагчаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тоног төхөөрөмжийн засварчнаар ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү”  гэжээ.     

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Д.Алтанхуяг ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

      Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 200 тоот лавлагаанд: “Увс аймгийн Нефть баазын даргын 1987, 1997 оны тушаалын баримтад Далай овогтой Алтанхуягийн ажилд орсон, гарсан тушаал нь хавсаргагдаагүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй болно” гэсэн байх боловч хэрэгт БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефть баазын даргын 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 46 тоот “Ажилд томилох тухай” тушаал, мөн даргын 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд эх хувиар, Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан байна.

         Дээрх  БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефть баазын даргын 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 46 тоот “Ажилд томилох тухай” тушаал, мөн даргын 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудаас үзэхэд Далайгийн Алтанхуягийг 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд торх угаагчаар ажиллуулан, цэргийн албанд татагдах болсонтой холбогдуулан тухайн ажлаас чөлөөлжээ.

          Мөн Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Нефть баазад Тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан Д.Алтанхуягийн 1987 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

         Түүнчлэн Увс аймгийн Нефть баазын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д.Алтанхуягт олгосон “Диплом” хэрэгт авагдсан байх ба уг дипломд “Улс ардын аж ахуйг хөгжүүлэх уралдаанд амжилттай оролцож, бусдыгаа хошуучлан ажиллаж, төлөвлөгөөгөө 112,8 хувиар биелүүлсэн тул Диплом, мөнгөн шагналаар шагнав” гэжээ.

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Р.Нармандах, Д.Энэбиш нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Нармандах: “Намайг 1986 онд Увс аймгийн Нефть баазад засварчны ажилд ороход Д.Алтанхуяг нь тухайн байгууллагад тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан. Тэр цагаас хойш би Д.Алтанхуягийн талаар мэднэ. Ажилчдын ярианаас сонсоход Д.Алтанхуяг нь ажиллаж байгаад цэргийн албанд явж ирээд үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэж ярилцдаг байсан. Миний бие нь 1986 оноос 2004 он хүртэл тус байгууллагад засварчин, түгээгч, эрхлэгч гэх мэтийн ажилуудыг хийж байсан. Д.Алтанхуяг нь 1994 оныг дуустал торх угаагч, засварчнаар тус тус ажилласан юмаа. Манай байгууллагын нэр анх намайг ажилд орж байхад Тээврийн яамны харъяа Нефть бааз гэх нэртэйгээр ажиллаж байгаад Нефть хангамжийн газар болоод, дараа нь “НИК” ХК-ийн харъяа Увс аймаг дахь Нефть хангамжийн газар болон өөрчлөгдөж байсан. Тухайн үед манай байгууллагын даргаар Ө.Чойдон, Х.Сайжрах гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Д.Энэбиш: “Намайг 1981 оноос эхлэн Увс аймгийн Нефьт баазад засварчнаар ажиллаж байхад Д.Алтанхуяг нь 1981 оны 7 дугаар сард анх тухайн байгууллагад торх угаагчаар ажилд орон ажиллаж байгаад 1984 онд цэргийн албанд явсан. 1987 онд цэргээс халагдаж ирээд үргэжлүлэн тухайн байгууллагадаа тоног төхөөрмөжийн засварчнаар 1994 оныг дуустал ажилласан. Бид нар хамт нэг байгуулагад ажиллаж байсан учраас нэгнээ сайн таньж мэднэ. Манай байгууллагын нэр анх биднийг ажилд орж байхад Нефть бааз гэх нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад Нефть хангамжийн газар болоод, дараа нь “НИК” ХК болон өөрчлөгдөж байсан. Тухайн үед манай байгууллагын даргаар Ө.Чойдон, Х.Сайжрах гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон гэрч Д.Энэбишийн 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Нефть импорт концерний Увс аймаг дахь Шатахуун тээврийн баазад урсгал засварын засварчнаар томилогдсон тус баазын даргын 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 30 тоот тушаалын хуулбар тус тус авагджээ.

          Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Алтанхуягийн БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефть баазад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд торх угаагчаар, 1987 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тоног төхөөрөмжийн засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Алтанхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тэргүүн овогтой Далайгийн Алтанхуягийн БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефть баазад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд торх угаагчаар, 1987 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тоног төхөөрөмжийн засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Алтанхуягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА