Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/652

 

 

 

 

 

 

    2020       07         07                                    2020/ШЦТ/652

                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Н холбогдох эрүүгийн 2009 01136 0633 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1981 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 279 тоотод оршин суух хаягтай, урьд 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 630 дугаартай тогтоолоор 10.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Д овогт Х Н /РД:**********/

 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Н нь иргэн Ц.С итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Самсунг Жи-6 плас загварын гар утсыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Бадуба” барьцаалан зээлдүүлэх газраас авч, бусдад зарж борлуулан завшиж 514.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                     

Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Х.Н нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...  2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 100 айл худалдааны төвд явж байгаад санамсаргүй байдлаар Н гэх хүнтэй танилцаад өөрийнхөө Самсунг Жи-6 маркийн гар утсыг Монгол 3 дугаар сургуулийн баруун талд байрлах “”Бадуба” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэн газарт 80.000 төгрөгөөр тавьсан. Тухайн үед надад бичиг баримт байхгүй байсан болохоор би гар утсаа Х овогтой Н цахим иргэний үнэмлэхээр тавьсан. Тэгээд бид 2 хамт архи ууж байгаад намайг буудалд үлдээгээд яваад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус барьцаалан зээлдүүлэх газар очиж гар утсаа авах гэсэн чинь миний утсыг Х овогтой Н өөрийнхөө бичиг баримтаараа аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/-р тал,

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед 2 эрэгтэй хүн орж ирээд нэг эрэгтэй нь Самсунг Жи-6 нэмэх плас загварын гар утас үзүүлээд мөнгөний хэрэг байна, дээд тал нь хэд хүрэх вэ гэж асуухаар нь би дээд тал нь 80.000 төгрөг хүрэх юм байна гэж хэлсэн. Тэгсэн чинь 80.000 төгрөгөөр тавьчихья гээд 14 хоногийн хугацаатай Х.Н гэдэг хүн өөрийнхөө цахим иргэний үнэмлэхээр тухайн утсыг манайд тавиад 80.000 төгрөг аваад явсан. Н нь маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нөгөө анх тавихдаа явж байсан хүнээсээ шал өөр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дагуулж орж ирээд “... Би мөнгө байхгүй утсаа авч чадахгүй байна, энэ хоёр хүнд зарах гэж байгаа юм аа...” гэж хэлээд нөгөө 2 хүнээсээ манайд төлөх ёстой 84.000 төгрөгийг авч өгөөд гар утсыг аваад гарсан. Мөнгийг нь тэр хоёр хүн тоолж өгөөд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/-р тал,

Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Н гэх хүн 14 хоногийн хугацаатай Самсунг Жи- 6 нэмэх плас загварын гар утсыг манай ломбарданд 80.000 төгрөгийн барьцаанд тавиад маргааш нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дагуулж орж ирээд мөнгө байхгүй учир утсаа авч чадахгүй байна, энэ хоёр хүнд зарах гэж байгаа гэж хэлээд тэр хоёр хүнээсээ манайд өгөх ёстой 84.000 төгрөгийг авч өгөөд аваад гараад явсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.С 514.200 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №СБ1-20-326 дугаартай үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Нэг. Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хуулиар хамгаалах эрх ашиг нь бусдын өмчлөх эрх байдаг.

Хохирогч Ц.С нь шүүгдэгч Х.Н итгэж өөрийн эзэмшлийн гар утсыг түүний бичиг баримтыг ашиглан барьцаалан зээлдүүлэх газар тавьсан үйл баримт тогтоогдож байна.

Барьцаалан зээлдүүлэх газар нь гарч болох аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс барьцаалуулагчаас хүчин төгөлдөр бичиг баримтыг шаардах бөгөөд ингэснээр барьцаалуулсан эд хөрөнгийг буцаан олгохдоо үйлчлүүлэгчийн хүчин төгөлдөр бичиг баримтыг шаардана. Өөрөөр хэлбэл тухайн эд зүйлийг анх ямар хүн бичиг баримтаа ашиглан барьцаалуулсан тэр хүн буцаан авах боломжтой юм.  

Шүүгдэгч Х.Н нь дээрх нөхцөл байдлыг ашиглан хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж улмаар зарж борлуулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Х.Н нь өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүйгээс гадна шүүгдэгч Х.Н тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар нотолсон баримт авагдаагүйн дээр шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгч Х.Н бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч Ц.С нь “...хохирол нөхөн төлөгдсөн, цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй...” талаараа шүүхийн шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул түүнийг бусдад төлбөргүй гэж дүгнэв. 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

            Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “... Шүүгдэгч Х.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял шийтгэх саналыг,

            Шүүгдэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Би ээжтэйгээ хамт амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж, амьдарлаа авч явдаг тул торгуулийн ял шийтгэж өгнө үү....” гэх саналыг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

            Шүүх шүүгдэгч Х.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх оролцогчдын хууль зүйн дүгнэлт, тайлбар, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг судалж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “... Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5 дахь заалтад заасан Оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелээгүй, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Х Н бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Н “... Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5 дахь заалтад заасан “...Оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР