Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2017/00299/и |
Дугаар | 398 |
Огноо | 2016-05-15 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 398
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 4 дүгээр баг, 12-27 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар АА69050807, Хиад боржигон овогтой Агваансүрэнгийн Ариунтуяагийн,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 3.902.418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ариунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ариунтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Агваансүрэнгийн Ариунтуяа нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 56 өдрийн цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор болох 1.935.674 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар тогтоолгосон. Хариуцагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх бүрэлдэхүүн хянаад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0787 дугаар бүхий магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилд томилох тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гарсан 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны /ажлын 78 өдрийн/ цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор 3.902.418 төгрөгийг гаргуулахаар тогтоож өгнө үү. ... Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Миний бие ажилдаа эргэн томилогдсон боловч Засаг даргын Тамгын газраас 2017 оны 2 дугаар сараас хойших нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтрүүдэд зохих бичилт хийж өгөхгүй байна. Учир нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ямар нэгэн шимтгэл төлөгдөөгүй байгаа тул дэвтэрт бичилт хийгдээгүй. Ажил олгогчийн зүгээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5-д заасны дагуу хууль бусаар ажлаас халагдсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлөөгүйн улмаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын үйлчилгээг авч чадахгүй байна. Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-ын е-д “Хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэн орсоноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж заасан хэрэгжилтийг хангуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хууль, холбогдох журамд зааснаар даатгалын санд төлүүлж, дэвтрийн бичилт хийхийг даалгаж өгнө үү. ... Хариуцагчийг зүгээс намайг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн тайлбар гаргаж байна. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 787 тоот магадлалыг би болон хариуцагч нар 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гардан авсан ба тухайн өдрөөс хойш 14 хоногийн хугацааг хүлээж байтал хариуцагч нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр тушаал гаргаж, намайг ажилд томилсон. Ажилгүй байсан хугацааны буюу шүүхийн шийдвэр гарснаас хойших давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж ирсэн хугацаа бол миний буруугаас болоогүй бөгөөд энэ нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа юм” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч А.Аринтуяагийн ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч А.Ариунтуяаг ажилд эгүүлэн тогтоосон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 32 тоот шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 787 тоот магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба талууд тухайн шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр нэхэмжлэгч өөрийн цалин, мөнгөө нэхэмжлэх эрх үүссэн буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд хандах боломжтой байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 3 сарыг тооцон үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дээрх хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, мөн өнөөдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа гаргаж байгаа нь үндэслэлгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ариунтуяа нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 3.902.418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” тухай шаардлага гаргажээ.
Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн А.Ариунтуяаг тус Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/38 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байх ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0787 тоот магадлалаар тус тус нэхэмжлэгчийг уг албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу А.Ариунтуяа нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар ажилдаа томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Ариунтуяа нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор шаардах эрхтэй бөгөөд тэрээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилогдсон өдөр хүртэлх буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 3.902.418 төрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч тэрээр 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа томилогдсон байна.
Мөн А.Ариунтуяагийн нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сар буюу 2016 оны 4 дүгээр сард 1.235.459 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 995.764 төгрөг, 2016 оны 6 дугаар сард 995.764 төгрөгийн цалин тус тус авсан байх ба тухайн сар бүр олгогдсон цалингаас хоолны 25.000 төгрөгийг тус тус хасч, үлдэх үнийн дүнгээс нэг сарын дундаж цалинг тооцоход 1.050.662 төгрөг байна.
Ингээд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт ажлын 75 хоногийн цалин 3.665.100 төгрөг /дээрх нэг сарын дундаж цалин 1.050.662 төгрөгийг сарын ажлын дундаж хоног 21,5-аар хуваан гарсан нэг өдрийн 48.868 төгрөгийн цалинг 75 хоногт үржүүлэв/-ийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч А.Ариунтуяад олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 3.665.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ариунтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 273.318 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь түүнийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш тоологдох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5-д зааснаар шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг 14 хоногийн дотор бичгээр үйлдэх ба шийдвэр, магадлалыг зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол гаргахаар заажээ.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 д угаар сарын 14-ний өдөр гарсан магадлалыг нэхэмжлэгч А.Ариунтуяа, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газар тус тус 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гардан авсан хэмээн нэхэмжлэгч тайлбарласан ба тухайн өдрөөс хойш хяналтын шатны шүүхэд гомдол гаргах 14 хоногийн хугацаа тоологдоно. Дээрх хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дуссан бөгөөд нэхэмжлэгч А.Ариунтуяа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан 3 сарын дотор буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тухайн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, уг тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хөөх хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Ариунтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 73.592 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ариунтуяад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 3.665.100 /гурван сая зургаан зуун жаран таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ариунтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 273.318 /хоёр зуун далан гурван мянга гурван зуун арван найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч А.Ариунтуяагийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Ариунтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.389 /далан долоон мянга гурван зуун наян ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 73.592 /далан гурван мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ариунтуяад олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА