Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/665

 

 

 

 

 

 

   2020         07         08                                    2020/ШЦТ/665

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Д.Даваадорж,

            Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, Т овогт Д Э холбогдох эрүүгийн 2009 00234 0800 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян—Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнэ 30а гудамжны 08 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 10 удаагийн ял шийтгэлтэй, Т овогт Д Э /РД:********/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Уул” худалдааны төв дотор байрлах үсчний газраас иргэн С.Д эзэмшлийн “Самсунг эс-10 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.455.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр орох гэж явсан. Тэнд байрлах үсчингийн газарт үйлчлүүлж байсан хүний куртикний халааснаас утсыг аваад, Тэди төвийн гадаа орой очоод зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч С.Д мэдүүлэг /хх-ийн 32-33/-р тал, яллагдагч Д.Э мэдүүлэг /хх-ийн 15-19/-р тал, гэрч Б.Г мэдүүлэг /хх-ийн 38-39/-р тал, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-53/-р тал, “Дамно” ХХК-с гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-49/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөвд тооцсон болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Уул” худалдааны төв дотор байрлах үсчний газраас иргэн С.Д эзэмшлийн “Самсунг эс-10 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.455.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Э нь өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүй, нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.Э тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч С.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн гүйцэт нөхөн төлөгдсөн, гомдол, санал байхгүй талаараа шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Д.Э бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтэдээ “... Шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 03 жил 01 сар 02 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 01 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 03 жил 01 сар 02 хоногийн хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гурав. Бусад асуудлаар.

 

Шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э нь энэ хэргийн учир нийт 34 хоног цагдан хоригдосныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т овогт Д Э бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 03 жил 01 сар 02 хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан 03 жил 01 сар 02 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э урьдчилан цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР