Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 399

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багт оршин суух, 1957 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЕ57081409, Харганыхан овогтой Ойдовын Оюунцэцэгийн, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

       Нэхэмжлэгч О.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1957 онд төрсөн, 61 настай. Би Увс аймгийн Зүүнхангай сумын Давшил нэгдлийн Даланбулаг бригадад 1973 оноос 1990 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Одоо миний 1973 оноос 1980 оныг дуустал ажиллаж байсныг нотлох бичиг баримт байхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1973 оноос 1980 оныг дуустал Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие Зүүнхангай суманд оршин суудаг ба дахин шүүх хуралдаанд хүртэлцэн очих боломжгүй байна. Иймд миний аргагүй байдлыг харгалзан үзээд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү”  гэжээ.         

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч О.Оюунцэцэг ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

      Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн Даланбулаг бригадад ажиллаж байсан Ойдовын Оюунцэцэгийн 1973 оны 8 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

          Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ж.Жавзанпагмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Жавзанпагма: “Намайг 1980 онд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд бичээчээр ажилд ороход О.Оюунцэцэг нь нөхөр Пүрэвдоржийн хамтаар мал малладаг байсан. Миний аав Жамъянсүрэнгийнтэй айл хошоо байсан учраас сайн мэднэ. Би 1980 оноос 1992 оныг дуустал тус нэгдэлд бичээчээр ажиллаж байсан. О.Оюунцэцэг яг хэдэнд онд нэгдэлд ажиллаж эхэлсэнийг би сайн мэдэхгүй байна. Харин намайг ажилд орох цагаас хойш бол сайн мэднэ. О.Оюунцэцэг нь нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. О.Оюунцэцэг нь одоог хүртэл тус сумандаа хүүгийн хамтаар мал маллан амьдарч байгаа. Увс аймгийн Зүүнхагай сумын Давшилт нэгдлийн даргаар М.Памаж, Ц.Сүхбаатар, Д.Баттэгш гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж мэдүүлсэн байх ба гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

          Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч О.Оюунцэцэгийн Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1973 оны 8 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харганыхан овогтой Ойдовын Оюунцэцэгийн Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1973 оны 8 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА