Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 400

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-40 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ63052861, Булгад овогтой Хүүхээгийн Жавзангийн,

        Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Жавзан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

       Нэхэмжлэгч Х.Жавзан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Нефть баазад 1984 оноос 1995 он хүртэл тоног төхөөрөмжийн засварчин, лаборантаар ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаас халагдсан. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр Х.Энхтайван нэртэй учир Нефть баазад ажилласан хугацааг тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагатай болсон. Бага байхад аав, ээж намайг өвдөж, айлгаж байсны улмаас төрсний гэрчилгээг Жавзан нэрээр биш миний нэрийг сольж Энхтайван гэж нэрлэсэн. Сургуульд Энхтайван нэрээр орсон. Миний хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлөгдсөн ажилд томилогдсон тушаал байгаа боловч, хортой нөхцөлд ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах хугацаа болсон энэ үед бүрдүүлэх бичиг баримтад нэрний зөрүү гараад байгаа тул шүүхэд хандаж байна. Хөдөлмөрийн дэвтэр болон Нефть баазад 1984 оноос 1995 он хүртэлх хугацаанд ажилласан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү. Мөн миний энэхүү хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү”  гэжээ.      

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Х.Жавздан нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

      Хэрэгт 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Хүүхээгийн Энхтайванд олгосон 386796 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба тухайн дэвтэрт “1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нефть баазад засварчнаар, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуустал хугацаанд лаборантаар, 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс НИК-Тос ББХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын лаборантаар томилогдон ажилласан тухай” бичилт хийгдсэн байна.

      Мөн БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефть баазын даргын 1984 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 71 тоот “Ажилд томилох тухай” тушаалаар Хүүхээгийн Энхтайванг 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн засварчнаар ажиллуулж, мөн даргын 1986 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 54 тоот “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар Х.Энхтайванг засварчны ажлаас чөлөөлж, лаборантаар томилж, Нефть импорт концерны Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот “Ажиллагсад чөлөөлөх тухай” тушаалаар хавсралтад нэр дурдсан хүмүүсийг ажлаас чөлөөлж, НИК-Тос ББХК-ийн мэдэлд шилжүүлж /хавсралтын 59 дүгээрт “Хүүхээгийн Энхтайван – лаборант” гэх/, мөн даргын 1996 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 15 тоот тушаалаар Х.Энхтайванг лаборантын ажлаас чөлөөлж, Улаангом Шатахуун түшгээх станцийн эрхлэгчээр томилж, мөн даргын 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 24 тоот “Ажлаас халах, арга хэмжээ авах, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар Х.Энхтайванг түгээгчийн ажлаас чөлөөлж, лаборантаар томилж, “НИК” хувьцаат компаний Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130 тоот тушаалаар Х.Энхтайванг лаборантын ажлаас чөлөөлж, кассинаар томилж, мөн даргын 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 146 тоот тушаалаар Х.Энхтайванг 2 дугаар Шатахуун түгээх станцад түгээгчээр томилж, мөн даргын 1999 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 09 тоот тушаалаар Х.Энхтайванг лаборантын ажлаас чөлөөлж, 2 дугаар Шатахуун түгээх станцийн кассинаар томилж, мөн даргын 1999 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 21 тоот тушаалаар Х.Энхтайванг лаборантын ажлаас түр чөлөөлж, 2 дугаар Шатахуун түгээх станцийн кассинаар томилж ажиллуулж байсан тухай тушаалын хуулбарууд хэрэгт хавсаргагдсан байна.

       Дээрх хөдөлмөрийн дэвтрийн 1, 2, 3 дугаарт бичигдсэн бичилт нь БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефть баазын даргын 1984 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 71 тоот “Ажилд томилох тухай” тушаал, мөн даргын 1986 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 54 тоот “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, Нефть импорт концерны Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот “Ажиллагсад чөлөөлөх тухай” тушаалтай тус тус тохирч байна.

       Түүнчлэн хэрэгт Зулын Хүүхээ, Дэжидийн Буян нарын дундаас 1963 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Хүүхээгийн Жавзан, 1972 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Хүүхээгийн Оюунчимэг, 1974 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Хүүхээгийн Оюунцэцэг нарын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Х.Оюунчимэгийн болон Б.Цагаанцоож нарын иргэний үнэмлэхний хуулбар тус тус авагджээ.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Х.Оюунчимэг, Б.Цагаанцоож нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан ба гэрч Х.Оюунчимэг “Бид нар эх эцгээсээ зургуулаа. Манай хамгийн том эгчийг Х.Энхтайван, дараагийн эгч Х.Нарантуяа, дараагийн эгч Х.Оюун, дараагийнх нь би Х.Оюунчимэг, дараагийн дүү Х.Оюунцэцэг, дараагийн дүү Х.Отгонбаяр гэх таван охин, нэг залуутай айл байсан. Х.Жавзан эгчийг бага байхад Х.Энхтайван гэх нэрээр дууддаг байсан сүүлд цахим үнэмлэх авахад нь Х.Жавзан гэх нэртэй үнэмлэх ирсэн. Одоо ч манай ах дүү хамаатан садангууд Х.Энхтайван гэх нэрээр дуудан харицаж явдаг. Улсын бүртгэлээс төрсний лавлагаа авахад нь мөн л Х.Жавзан гэх нэрээр гарсан. Яагаад иймд зөрчилтэй болсоныг нь бид сайн мэдэхгүй байна байна” гэж, гэрч Б.Цагаанцоож: “Намайг 1985 онд Увс аймгийн Нефьт баазад лаборантаар ажилд ороход Х.Энхтайван нь тус байгууллагад засварчнаар ажиллаж байгаад 1986 онд лаборант болон бид хамтдаа ажиллаж байсан учраас Хүүхээгийн Энхтайван гэх нэрээр нь сайн мэднэ. Энэ хүн яагаад Жавзан болсон талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн байгуулалагад бид хамтдаа 1985 оноос 1995 он хүртэл ажилласан. Х.Энхтайваныг манай байгууллагад Жавзан гэх нэрээр хэн ч танихгүй. Тухайн үед ажиллаж байсан ажилчид Хүүхээгийн Энхтайван гэх нэрээр л танина” гэж тус тус мэдүүлжээ.

        Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “Миний эцэг, эхээс өгсөн анхны нэр Жавзан байсан ба намайг өвдөж, айлгаж байсны улмаас Энхтайван хэмээн нэр өөрчилж, өнөөдрийг хүртэл хугацаанд бүх бичиг баримт Энхтайванаар явдаг. Гэтэл иргэний цахим үнэмлэх авахад миний нэр Х.Жавзанаар гарч ирсэн” гэх тайлбар гаргасан ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч Х.Жавзанг өмнө нь Хүүхээгийн Энхтайван гэдэг байсан, түүнийг Х.Энхтайванаар дуудаж, таньж мэддэг болох нь тогтоогдож байна.

           Түүнчлэн хөдөлмөрийн дэвтэр, тушаалуудад “Хүүхээ” хэмээн түүний овгийг тэмдэглэсэн байх ба энэ нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх дээрх “Эцгийн нэр”-тэй тохирч байна.

         Иймд нэхэмжлэгч Х.Жавзангийн шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хангаж, 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Хүүхээгийн Энхтайванд олгосон 386796 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Булгад овогтой Хүүхээгийн Жавзан мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х.Жавзангийн Увс аймгийн Нефть баазад 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тоног төхөөрөмжийн засварчнаар, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд лаборантаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Жавзангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Хүүхээгийн Энхтайванд олгосон 386796 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Булгад овогтой Хүүхээгийн Жавзан мөн болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х.Жавзангийн Увс аймгийн Нефть баазад 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тоног төхөөрөмжийн засварчнаар, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд лаборантаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Жавзангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ГЭРЭЛТУЯА