| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2017/00452/И/ |
| Дугаар | 1339 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 1339
Н.Сэлэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00889 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н.Сэлэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Оюунчимэг, О.Амаржаргал нарт холбогдох
Гэм хорын хохиролд 3 031 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Болормаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамгарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан 26 дугаар байр, 5 тоотод оршин суудаг бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн үүрийн 4 цагт дээд талын 7 тоотоос их хэмжээний ус алдсаны улмаас 3 031 350 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь Р.Оюунчимэгийн өөрийн гараар бичиж өгсөн тодорхойлолт, СӨХ-ны тодорхойлолт болон Р.Оюунчимэгийн хариу тайлбар зэргээр нотлогдож байгаа. Ийм учраас дээрх хохирлыг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, О.Баярсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж ганц бие хөгшин Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан 26 дугаар байр, 5 тоотод амьдардаг. Хятад улсад үйлдвэрлэгдсэн чанар муутай сантехникийн материалаас болж 00-ын суултуурнаас даралттай ус алдсан. Бид доод айл руу засаж өгөхөөр удаа дараа орж уулзаж байсан ч Н.Сэлэнгэ мөнгөө л авна гэдэг. Тухайлбал өмнө нь 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр манай дээд давхарын айлаас ч халуун паар нь зад үсэрч ус орж ирсэн ч тухайн айл одоо болтол хохирлыг маань барагдуулаагүй. Ус албаар алдаагүй нь ойлгомжтой байхад Н.Сэлэнгэ тэтгэврийн насны хүнээс 3 031 350 төгрөг нэхэмжлээд байна. Энэ нэхэмжилж байгаа үнийг зөвшөөрөхгүй. Хэдэн төгрөгийн хохирол учирч болох талаар “Төгс нэмэх” гэдэг компанийн гаргасан үнэлгээ болох 370 650 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл ус алдаж хохирол учруулсан нь үнэн ч нэхэмжлэгч талын нэхэмжилж буй үнийн дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй. Он, сар ч байхгүй ажил үйлчилгээний үнийн санал гэсэн баримтыг үндэслэж 3 031 350 төгрөг нэхэмжилж байна. Энэ баримтад жишээ нь 120 м.кв-т тэр чигт нь ус алдаагүй байхад засварын үнийг энэ хэмжээгээр тооцож байгаа нь нэмэгдүүлж нэхэмжилсэн гэж үзэж байна. Бид зах зээлийн бодит хохирлын хэмжээг өгье гэсэн. Гэтэл гэрийнхээ бусад хэсгүүдээ ус алдсан хэсгүүдтэй хамт засуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал таньдаг хүнийхээ компаниар үнийн санал бүхий тамга даруулаад аваад ирснийг үгүйсгэхгүй. Бид зах зээлийн бодит үнээс илт өндөр 3 031 350 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид зөрчигдөхөөс өмнөх байдалд нь сэргээгээд өгье гэхэд 3 031 350 төгрөг л авна, засуулахгүй гэдэг. Тэгэхээр манай тал Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар бодит хохирлын хэмжээг л төлөхийг зөвшөөрч байгаа. Ямар ашиг сонирхолтой болоод 3 031 350 төгрөийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Оюунчимэг, О.Амаржаргал нараас 1 515 675 /нэг сая таван зуун арван таван мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Сэлэнгэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 515 675 /нэг сая таван зуун арван таван мянга зургаан зуун далан таван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Оюунчимэг, О.Амаржаргал нараас улсын тэмдэгтийн хураамжид 31 726 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Н.Сэлэнгэд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамгарав давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талаас тухайн засвар үйлчилгээ хийлгэсэн компанийг зөвшөөрөлтэй юу үгүй юу гэдэгт маргаагүй. Зөвхөн үнэлгээ дээр маргасан. Гэрийн дотоод засварыг хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно. Тухайн засварын ажлыг гүйцэтгүүлсэн нь энэ хэрэгт ач холбогдолтой болохоос биш засвар үйлчилгээ эрхэлдэг үү, үгүй юу гэдэг нь энд ач холбогдолгүй, маргааны зүйл биш юм. "Төлбөрийн нэхэмжлэл, бэлэн мөнгөний кассын орлогын ордер зэрэг нь цаг хугацааны хувьд өөр өөр огноотой боловч нэг бичгийн хэвээр, нэг өнгийн балаар бичигдсэн" гэжээ. Энэ нь нэг компанид нэг нягтлан байгаа учир нэг л хүний гарын үсэг байх ёстой. Тэр нягтлан нь гарын үсгээ нэг хэвээр зурж, нэг өнгийн балаар бичсэн нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд мөнгө төлсөн гэдгийг л нотлох баримт юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зуйлийн 510.1-т зааснаар үүргээ биелүүлээгүйн улмаас ч зассан мөнгийг нэхэмжлэх эрхтэй болгож байгаа. Нэгэнт ус алдаж, хохирол учруулсан нь тодорхой, түүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч тодорхойлолт бичсэн. Хохирол учруулснаасаа хойш хариуцагч нь нэхэмжлэл гаргаж өгөх хүртэлх хугацаанд буюу 4 сарын хугацаанд ямарваа байдлаар засварлаж өгөөгүй, Тиймээс өөрсдийн мөнгөөр засвар хийсэн нь ажил гүйцэтгэх гэрээ, түүний төлбөрийг төлсөн баримтуудаар нотлогдож байгаа. Засвараа хийлгээгүй байсан бол засвар хийсэн тэр компанид мөнгө төлөхгүй байх байсан. Нөгөө талаас засвар хийсэн баримтыг заавал авчрах нотлохыг шүүхээс болон хариуцагчаас шаардаагүй. Гагцхүү үнэлгээ өндөр байсан гэсэн асуудлыг л хөндсөн. "Засварын үнэлгээ зах зээлийн бодит өртөгтэй тохирч байгаа эсэх болон 3 031 350 төгрөгийн зардал тухайн орон сууцны ус алдсан хэсгийг засварлахад гарсан зардал эсхүл орон сууцыг бүхэлд нь засварлахад гарсан зардал гэдэг нь тодорхойгүй" гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ учруулсан хохиролоо л нэхсэн тодорхой мөнгө юм. Мөн засвар хийлгэхдээ зах зээлийн бодит өртөгтэй нийцсэн эсэхийг бид тогтоохгүй, үнэлгээний байгууллага биш, засаж чадна гэсэн итгэл хүлээлгэсэн компаниар гүйцэтгүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ дээр тухайн хохирол учирч засварлахаас өөр аргагүй болсон засварыг хийсэн м.кв-ийг нарийн тооцож, 10 төрлийн үйлчилгээний төлбөрийг тооцсон байдаг. Таазны хувьд тэрхэн хэсгийн замаскийг татахад замасканы өнгө тохирохгүй болох учир 120 м.кв-аар тооцсон байдаг. Бусад нь тухайн хохирол учирсан 18-72 м.кв-ыг засварласан үнэ бичигдсэн учир эндээс хэсэгчилэн засвар хийгдсэн гэдэг нь тодорхойлогдох юм. "Бадамлах нар орон сууцны конторын тодорхойлолт нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу ус алдсан үеэс хойш нөхөж тодорхойлсон байна" гэжээ. "Бадамлах нар" СӨХ-ны тодорхойлолт нь ус алдсан эсэхийг л тодорхойлсон тодорхойлолт болохоос бус үнэлгээнд ямар ч холбоогүй юм. Хохирол учирсанаас хойш хэдийд ч тодорхойлолтыг бичиж болно. Тэртээ тэргүй СӨХ-ны тодорхойлолтоос гадна хариуцагч Р.Оюунчимэг нь өөрийн гараар бичсэн тодорхойлолтоороо бодит хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрсөөр байхад үнэлгээг тодорхойлоогүй СӨХ-ны тодорхойлолтын огноонд ач холбогдол өгсөн байдаг. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс холбогдох нотлох баримтуудыг өгсөөр байтал дээрх нотлох баримтуудыг буруу үнэлэн нэхэмжлэлийн үнийн дүн буюу бодит хохирол болох 3 031 350 төгрөгийн 50 хувиар хувь тэнцүүлэн шийдвэр гаргасан нь буруу шийдвэр байна. Иймд шүүхийн шийдвэрийн зохих хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь нотлох баримтын шаардлага хангаагүй, огноо тодорхойгүй, ямар ажил үйлчилгээ эрхэлдэг нь мэдэгдэхгүй "Байгалийн ариун хайр" ХХК-ийн ажлын үнийн санал гэх баримтыг үндэслэн мөнгө нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үед уг компаниар ажил гүйцэтгүүлсэн гэх гэрээ, кассын орлогын баримт зэргийг гарган өгсөн. Анхан шатны шүүх эдгээр баримтыг эргэлзээгүй, үнэн, зөв гэж үнэлэхэд учир дуталдалтай гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтад тулгуурлаагүй буруу болсон. Хариуцагч тал ус алдсаны улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн гэмтэл учирсан талаар маргахгүй байгаа боловч энэ байдлыг далимдуулж нэхэмжлэгчээс гарган өгсөн баримт нь учирсан байж болох хохирлоос хэт их байна гэдгээ тайлбарлан маргасан. Юу гэвэл, нэхэмжлэгчийн орон сууцны том өрөөний таазны багахан хэсэгт ус алдсан байхад нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцны нийт талбайн хэмжээ болох 120 м.кв-аар тооцож засварлуулсан гэх баримт сүүлд гарган өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байх бөгөөд ингэж үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн баримтдаа үндэслэн нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг тогтоосон нь хууль зөрчсөн байна. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд үнийн санал өгсөн гэх "Байгалийн ариун хайр" ХХК-иар засварын ажил гүйцэтгүүлсэн бол засан сайжруулсан байдлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гарган өгөх боломжит хугацаандаа өгөөгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Сэлэнгэ нь хариуцагч Р.Оюунчимэг, О.Амаржаргал нарт холбогдуулан гэм хорын хохиролд 3 031 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан 26 дугаар байр, 5 тоот орон сууцанд тус байрны 7 тоотоос 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр их хэмжээний ус алдаж, эд хөрөнгөд гэм хор учирсан үйл баримт тогтоогдсон байна. Хариуцагч О.Амаржаргал нь 7 тоот орон сууцны өмчлөгч, хариуцагч Р.Оюунчимэг нь тус орон сууцанд оршин суудаг болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Сэлэнгэ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан 26 дугаар байр, 7 тоот орон сууцанд учирсан хохирлыг “Байгалийн ариун хайр” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу хөлсийг төлж хохирлоо арилгуулсан байх тул тэрээр уг хохирлыг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.
Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Байгалийн ариун хайр” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг компаниар орон сууцанд ус алдсанаас үүссэн хохирлыг засан сайжруулах ажлыг гүйцэтгүүлж, ажлын хөлс 3 031 350 төгрөг төлсөн болох нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, ажлын хөлс төлсөн төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-н 46-48-р тал/
Хариуцагч нар дээрхи ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн ажлын хөлсийг зах зээлийн бодит үнэлгээ биш гэж маргасан байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, дээрх ажлын хөлс төлсөн баримтыг няцааж чадаагүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хариуцагч нараас 1 515 675 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
Иймд хариуцагч нараас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирлын мөнгөн төлбөр болох 3 031 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00889 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Р.Оюунчимэг, О.Амаржаргал нараас 3 031 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Сэлэнгэд олгосугай” гэж,
2 дахь заалтын “… 31 726 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж” гэснийг “63 452 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Сэлэнгэд олгож,” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
Г.ДАВААДОРЖ