Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 452

 

        Б.М-тхолбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогч Б.Лхагвасүрэн, М.Батбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн Б.М-тхолбогдох 170603318076 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, …...... дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух,

2001 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2007 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 11 сар 29 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, суллагдсан,  

2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 391 дүгээр шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 27 хоногийн хорих ял болгон дүйцүүлж, суллагдсан, /РД: .............../;

Б.М нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр "Нарантуул" захын орчим, иргэн Б.Л-с 170.100 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж залилсан,

2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг   дэвсгэр, "Өгөөмөр" захын урд иргэн Б.Х-с “мөнгө задлуулж авъя, шагналд нь  10.000  төгрөг өгье”  гэж хууран, 480.000  төгрөгийг залилсан,

2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр, "Нарантуул" захын өргөтгөл дээр иргэн Л.Б-г мөнгө задалж өгөх нэрийдлээр хууран 500.000 төгрөгийг залилсан,

2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Нарантуул" худалдааны төвийн орчимд, иргэн М.Б-н 267.300 төгрөгийн үнэ бүхий алтан бөгжийг үзье гэж төөрөгдөлд оруулан залилсан,

2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Нарантуул" худалдааны төвийн орчим, иргэн Ж.Н-с “мөнгө задлуулъя” гэж төөрөгдөлд оруулан, 120.000 төгрөг залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Сансар" үйлчилгээний төвийн авто зогсоол дээр иргэн О.Т-с “мөнгө бүхэлдээд өгөөч” гэж төөрөгдөлд оруулан АТМ-ээс 1.000.000 төгрөг авахуулан залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Нарантуул" захын орчим Н.Б-с мөнгө бүхэлдэж авна гэж хууран төөрөгдөлд оруулж, АТМ машинаас 3.000.000 төгрөг авахуулж, 2.520.000 төгрөгийг залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Нарантуул" зах дээр иргэн М.Б-с “мөнгө бүхэлдэж авъя” гэж төөрөгдөлд оруулж 780.000 төгрөгийг залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Нарантуул" зах дээр иргэн Д.М-с “мөнгө бүхэлдэж авна, шагналд нь 20.000 төгрөг өгье” гэж хууран 800.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Б-н  М-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-тоногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.М-с нийт 6.637.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Б-д 2.520.000 төгрөг, хохирогч Б.Х-д 480.000 төгрөг, хохирогч Л.Б-т 500.000 төгрөг, хохирогч М.Б-т 267.300 төгрөг, хохирогч О.Т-т 1.000.000 төгрөг, хохирогч Б.Л-д 170.100 төгрөг, хохирогч М.Б-т 780.000 төгрөг, хохирогч Д.М-д 800.000 төгрөг, хохирогч Ж.Н-д 120.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-ын цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Б.М-турьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичих үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацааг уг хуулийн 1.8 дугаар зүйлийн 2-т "... Энэ хуульд заасан гэмт үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно." гэж заажээ. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл болон эс үйлдэхүй бүрийг гэмт хэрэгт тооцохоор, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй нэг гэмт үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагчийн өөр өөр цаг хугацаанд, нэр бүхий иргэдийн өмчлөх эрхэд халдан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт үйлдэл тус бүр нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулж, тэдгээр хохирогч нарт тус тусад нь материаллаг хохирол учирсан байна. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна", 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно." гэснийг тус тус зөрчин, Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчмыг алдагдуулж, гэмт хэргийн ойлголт, шинж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй, гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлсон хуулийн нэр томьёог буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч Б.Л гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний монетон бөгжийг маш багаар үнэлж, буруу үнэлгээ хийсэнд гомдолтой байна. Уг бөгжийг би 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр “Сондор” дэлгүүрээс 944.800 төгрөгөөс хямдраад 480.000 төгрөгөөр авсан бөгөөд 14 к сорьцтой, 5.9 граммтай Солонгос бөгжийг маш багаар үнэлсэнд гомдолтой байна. Иймд 480.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хохирогч М.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний гурван цэнгийн шижир алтан бөгжийг маш багаар үнэлсэнд гомдолтой байна. Би бөгжөө эцэг эхээсээ өвлөж авсан. Мэдүүлэг өгөхдөө бөгжөө 1.000.000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл миний бөгжийг 267.300 төгрөгөөр үнэлж, үнэлгээ тогтоосон байна. Залилагч Б.М миний бөгжийг хэрхэн үрсэн, хэдэн төгрөгөөр зарсан тухай бидэнд нэг ч танилцуулаагүй. Дундговиос хөлсний унаанд сууж, удаа дараа байцаагч Молор-Эрдэнэтэй уулзсан. Унааны зардал 30.000 төгрөг байдаг бөгөөд би гурван удаа ирж очсон. Иймд миний бөгжний 1.000.000 төгрөг, гурван удаагийн унааны зардал 90.000 төгрөг нийт 1.090.000 төгрөгийг Б.М-с гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуульд нэг гэмт хэргийн шинжтэй нэг гэмт үйлдлийг, нэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тусад нь хэд хэдэн гэмт хэрэг оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын дээд хэмжээг тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй байхаар хуульчилсан. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос Б.М-ын нийт 9 үйлдэл тус бүрд нь 6 сарын хорих ял оногдуулан, нэмж нэгтгээд 54 сар буюу 4 жил 6 сарын хорих ял оногдуулах санал гаргасан. Шүүх Б.М-ыг үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруутайдаа маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж, ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирол төлбөрөө барагдуулна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М-т9 гэмт хэрэг тус бүрт нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтооно” гэж заасан. Шүүгдэгч Б.М-ыг 9 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүгдэгч Б.М-т оногдуулах ялын саналыг үйлдэл тус бүрт 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нийт 54 сар буюу 4 жил 6 сарын хорих ял оногдуулах санал гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлаж 1 жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь гэмт хэрэг тус бүрт ял оногдуулна гэсэн Эрүүгийн хуулийн зарчмыг зөрчсөн учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, эсхүл бусад гэмт хэргийн ялыг тухайн бүлэгт заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэсэн үзэл баримтлал байгаа учир үйлдэл тус бүрт нь ял оногдуулан нийт эдлэх ялыг 4 жил 6 сараар тогтоох нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

                                                          ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.М-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр "Нарантуул" захын хойд талын хаалга хувиараа таксины үйлчилгээ үзүүлж байсан иргэн Б.Л-н гартаа зүүсэн байсан 170.100 төгрөгийн үнэ бүхий монетон бөгжийг “миний сонирхож байгаа бөгж байна, үзье” гэж тайлуулан авч, буцаан түрийвчинд нь хийсэн мэтээр хуурч залилан авсан, 

2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Өгөөмөр" зах дээр мотоциклийн худалдаа хийж байсан иргэн Б.Х-с “мөнгө задлуулж авъя, урамшуулалд нь 10.000  төгрөг өгье” гэж хууран, 480.000 төгрөгийг залилсан,

2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр "Нарантуул" захын урд авто замаар машинтайгаа зорчиж байсан иргэн Л.Б-с “500.000 төгрөг бүхэл болгоод өгөөч, 20.000 төгрөг өгье” гэж хуурч, тоолсон мөнгө дундаас нь 500.000 төгрөгийг залилан авсан,

2017 оны 10 дугаар сарын 22-ны мөн өдрийн 17 цагийн үед "Өгөөмөр" захын урд авто замаар зүүнээсээ баруун тийш өөрийн автомашинтайгаа зорчин явсан иргэн М.Б-н автомашинд гар өргөн сууж, 267.300 төгрөгийн үнэ бүхий алтан бөгжийг нь “Солонгос хүнд үзүүлье” гэж тайлуулан авч, цаасанд боож буцаан өгч байгаа мэтээр төөрөгдөлд оруулж залилсан,

2017 оны 10 дугаар сарын 22-ны мөн өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Нарантуул" захын автомашины зогсоол дахь авто замаар өөрийн автомашинтайгаа зорчин явсан иргэн Ж.Н-с “мөнгө задлуулъя” гэж хуурч, 120.000 төгрөг залилан авсан,

2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Сансар" үйлчилгээний төвийн авто зогсоол дээр автомашинтайгаа зогсож байсан иргэн О.Т-г танидаг хүн мэтээр яриа өдөж, улмаар “автомашин бариулах ажил олж өгье, танд мөнгө байвал авчих“ гэж хуурч, “Их цайз” тооцооны төв дэх Хаан банкны АТМ-ээс 1.000.000 төгрөг авахуулан автомашиных нь урд хайрцаг руу нь хийж байгаа мэтээр төөрөгдөлд оруулж залилан авсан,

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Нарантуул" захын зүүн хаалганы орчим Н.Б-с “таниас нүүрс худалдаж авъя, би 400.000 төгрөг танд өгчихье, харин энэ мөнгөнүүдийг бүхэлдүүлмээр байна” гэж хуурч, захын доторх АТМ-ээс 3.000.000 төгрөг авахуулж, түүнээс нь 2.520.000 төгрөгийг залилан авсан,

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10-11 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Нарантуул" зах дээр худалдаа хийж байсан иргэн М.Б-с “намайг таньж байна уу, би машины ченж болсон, та мөнгө бүхэлдээд өгөөч” гэж хуурч, 780.000 төгрөгийг залилан авсан,

2017 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Нарантуул" зах дээр иргэн Д.М-с “мөнгө бүхэлдэж авна, шагналд нь 20.000 төгрөг өгье” гэж хууран 800.000 төгрөгийг залилан авч, нэр бүхий 9 хохирогчид нийт 6.637.400 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Б-н “...Тэр залуу надаас 2 машин нүүрс авна, мөнгийг нь авчих гэхээр нь би зөвшөөрсөн. Гэтэл тэр залуу халааснаасаа баахан мөнгө гаргаж ирээд “энэ мөнгийг бүхэл болгомоор байна, таньд мөнгө байна уу” гэхээр нь... Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 3.000.000 төгрөг аваад тэр залууд өгсөн... Намайг машинаа урагшлуулаад зогсчих гэхээр нь дөнгөж хөдөлтөл нөгөө залуу машинаас буусан. Би машинаа унтраагаад араас нь буутал нөгөө залуу алга болсон байсан... 3.000.000 төгрөг байснаас надад үлдсэн нь 480.000 төгрөг байсан. Тэр залуу надаас 2.520.000 төгрөг авсан...” /хх 1-н 19-20/,

хохирогч Б.Х-н “...Гартаа баахан мөнгө барьчихсан залуу “мөнгө задалж өгвөл 10.000 төгрөгийн урамшуулал өгнө” гэхээр нь би зөвшөөрөөд цүнхнээсээ 5000, 10.000-тын дэвсгэрт гаргаад тэр залууд 10.000 төгрөгийн дэвсгэртүүдээ тоолуулсан. Би 5.000-тын дэвсгэртээ тоолоод байж байтал тэр залуу 800.000 төгрөг болчихлоо, та 5.000-тын дэвсгэртээсээ 200 ширхэгийг тоолоод өгчих” гэхээр нь тоолоод зогсож байтал хамт ажилладаг залуу хүн ирчихлээ гэсэн. Тэгэхээр нь би “ах нь ажилтай болчихлоо” гэж хэлээд тэр залуугийн гар дээр байсан 10.000-тын дэвсгэртээ аваад цүнхэлсэн. Түүнийг явсны дараа мөнгө багассан байхаар нь тоолоход дутуу байсан...” /хх 1-н 57-58/,

хохирогч Л.Б-н “...Би бүх мөнгөө тоолоод 720.000 төгрөгийг уутанд хийгээд өгсөн. Гэтэл тэр залуу “мөнгө машинд байгаа” гээд бид хоёр захын өргөтгөл рүү ороод мөнгө хураадаг пост руу очоод буцаагаад миний мөнгийг өгсөн... Би буцаж машиндаа очоод мөнгөө тоолоод үзтэл 220.000 төгрөг байсан...” /хх 1-н 73-74/,

хохирогч Ж.Н-н “...Та мөнгө задлаад өгөөч гэхээр нь би нийт 120.000 төгрөг тэр залууд өгсөн. Тэгээд зогсож байтал нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьж байснаа “манай хүн хоёр хайрцаг юмтай явж байх шиг байна, би очиж аваад ирье, энэ миний 80.000.000 төгрөгөөр авч байсан машин, та хүлээж байгаарай” гээд яваад өгсөн. Би түүнийг 30-аад минут хүлээж байгаад цагдаад хандсан...” /хх 1-н 96/,

хохирогч М.Б-н “...Тэр залуу миний бөгжийг цаасанд боох шиг болсон, тэгээд урд хайрцаг руу хийсэн. Тухайн үед би “бөгжөө авъя” гэтэл уурлаад “та яасан хүнд итгэдэггүй юм бэ” гээд байсан. Буцаж гараад шөнийн захын урд хамт алхаж ирээд “та очоод машинаа аваад ир” гэсэн. Тэгээд би буцаж машин руугаа очоод урд хайрцагийг онгойлгоод цаасанд боосон бөгжөө үзэхэд байхгүй байсан...” /хх 1-н 112-113/,

хохирогч Д.М-н “...Нарантуул зах дээр зогсож байтал нэг хүн мэндлээд “би энд махны ченж хийж байгаа, мөнгө задалж өгвөл 20.000 төгрөг нэмж өгье” гээд утсаараа хүн рүү яриад “айраг аваад ир” гэж ярьж байгаад миний 800.000 төгрөгийг аваад явсан...” /хх 1-н 131-132/,

хохирогч Б.Л-н “...Тэр залуу “ачаан дээрээ дэвсэх юм байгаа юу” гэж асуугаад машинаас буухаар нь дагаад буусан. “Дэвсэх юм байвал ачаан дээрээ дэвсээд байж бай” гэж хэлээд алга болсон. Тэгээд би түрийвчээ гаргаад бөгжөө зүүх гэсэн чинь байхгүй байсан...” /хх 1-н 146/,

хохирогч М.Б-н “...Тэгээд би задгай мөнгө гаргаж өгч байхад “дүү нь таньд айраг авчирч өгнө өө, маргааш ажил дээр очиж өрөм, ааруул аваарай” гэж хэлсэн. Намайг мөнгөө өгтөл “таньд гялгар уут байна уу” гэхээр нь би цүнхээ уудлаад “уут байхгүй, зарлагын падаан байна” гээд падаанаа аваад өгтөл “хоёулаа энүүхэн энд шилэн захын ард очиж тооцоогоо хийе, миний машин тэнд байгаа” гэсэн... Тэгээд нэг машин заагаад “миний машин энэ байна, та энэ мөнгөө бариад зогсож бай, би яваад мөнгө аваад ирье” гэж хэлж яваад алга болсон...” /хх 1-н 165-166/,

хохирогч О.Т-н “...Тэгтэл намайг “ах мөнгөө өгчих” гээд миний мөнгийг аваад өөрийнхөө мөнгөтэй цуг миний машины урд хайрцагт хийсэн. Тэгээд машинаас буугаад хойшоо алхаад нэг байрны урд ирснээ нөгөө залуу “энд машины зогсоол байна, та машинаа аваад ир” гэсэн. Тэгэхээр нь би машиндаа очоод урд хайрцагт байгаа мөнгөө үзэхэд байхгүй байсан...” /хх 1-н 214-215/ гэх мэдүүлгүүд,

Нэр бүхий 8 хохирогчоор шүүгдэгч Б.М-ыг зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 1-н 13-15/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 1-н 115-116, 148-149/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 209/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.М-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос Б.М-ын 9 удаагийн үйлдлийг тус бүрт нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх зүйлчлэл тус бүрийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Б.М нь хэдийгээр хохирогч нарт мэдэгдэлгүйгээр тэдний эд хөрөнгийг авч байгаа боловч хохирогч нар шүүгдэгчийн худал үгэнд хууртаж, өөрсдөө сайн дураараа эд хөрөнгөө өгсөн тул шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэрэг гэж шүүх үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Батболд нь шүүгдэгч Б.Мнь өөр өөр цаг хугацаанд нэр бүхий иргэдийг залилсан тул гэмт үйлдэл тус бүр тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах боломжгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулахаар” тус тус заасан ба шүүгдэгч Б.М-ын дээрх 9 удаагийн үйлдэл нь тус, тусдаа эхлэл төгсгөлтэй үйлдэл боловч нэг төрлийн гэмт хэрэг буюу залилах гэмт хэргийг 9 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчид хохирол учруулах замаар үйлдсэн тул нэг зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.  

Түүнчлэн хохирогч Б.Л, М.Б нараас эд зүйлийг зах зээлийн үнээс хэд доогуур үнэлгээ тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын үнэлгээг тогтоохдоо хуульд заасны дагуу эрх бүхий хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар хийлгэснийг буруутгах боломжгүй байна.

             Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл болон хохирогч Б.Л, М.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.