| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00355/и |
| Дугаар | 401 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 401
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-34 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ64080502, Тайж овогтой Түгжээгийн Цэцгээгийн,
Т.Цэвээний ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэцгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний эгч Түгжээгийн Цэвээн нь 1956 онд төрсөн. Одоо 61 настай. Эгч маань аав ээжийн хамт хөдөө мал маллаж байгаад 1976 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Увс хүнс чацарганы үйлдвэрийн даргын 05 тоот тушаалаар тус үйлдвэрт үйлчлэгчээр ажилд орсон. Ингээд тус газраа ажиллаж байгаад 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Увс хүнс чацарганы үйлдвэрийн даргын 117 тоот тушаалаар тус газрын Чацарганы цехийн цэвэрлэгчээр шилжин ажиллах болсон. Тус газраа 1992 оны 6 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа авч байсан цалингийн тодорхойлолтыг Увс аймгийн Архивын тасгаас шүүлгэсэн боловч тухайн үеийн бичиг баримт дутуу, бүрэн гүйцэд биш байгаа тул зарим сарууд дээр нь бичилт хийгдээгүй, гарах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн болно. Мөн 1976 оноос 1979 оны хоорондох Увс аймгийн Хүнсний үйлдвэрийн баримт аймгийн архивт шилжиж ирээгүй тул тухайн онуудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт гарах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Миний эгч Т.Цэвээний тухайн үед ажиллаж байхдаа хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн бөгөөд одоо нөхөж бичүүлэх боломжгүй, мөн 1981 онд Чацарганы цехийн цэвэрлэгчээр шилжин ажиллахад өмнөх үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал, мөн 1992 оны 6 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд байхгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхэд хандан тогтоолгох шаардлагатай болоод байна. Эгч Т.Цэвээн маань хэл ярианы бэрхшээлтэй, бичиг үсэг мэддэггүй миний асрамжинд байдаг. Улаангом сумын Засаг даргын 2017 оны 3 сарын 20-ны өдрийн А/63 тоот захирамжаар эгч Т.Цэвээний харгалзан дэмжигчээр Т.Цэцгээ миний биеийг тогтоосон. Тиймээс миний бие өөрийн эгчийг хуулийн дагуу төлөөлж шүүхэд хандаж байна. Иймд миний эгч Т.Цэвээний 1976 оны 3 дугаар сараас 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Увс хүнс чацарганы үйлдвэрийн үйлчлэгчээр, 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарыг дуустал Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Увс хүнс чацарганы үйлдвэрийн Чацарганы цехэд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэцгээ нь эгч Т.Цэвээний ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба Т.Цэцгээг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/63 тоот захирамжаар Т.Цэвээний харгалзан дэмжигчээр тогтоосон байх тул түүний дээрх хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс хүнс чацарганы үйлдвэрийн даргын 1976 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот тушаал авагдсан ба уг тушаалд “Дэлхийн олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Мартын найманы 66 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа ... тэргүүний эмэгтэйчүүдийг урамшуулан шагнахаар тогтоосон ба уг тушаалын хавсралтын “3 дугаар байр” гэсэн хэсгийн 10 дугаарт “Т.Цэвээн – 20 төгрөг” гэжээ.
Мөн Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс хүнс чацарганы үйлдвэрийн даргын 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 117 тоот тушаал авагдсан ба уг тушаалаар “Чацарганы цехийн цэвэрлэгчээр Түгжийн Цэвээнийг ажиллуулахаар баталж, цалинг 11 дүгээр сарын 03-ны өдрөөс олгохыг санхүүд зөвшөөрсөн байна.
Түүнчлэн Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан ба уг тодорхойлолтод Увс аймгийн Улаангом сумын Хүнсний үйлвэрт ажиллаж байсан Түгжээгийн Цэвээний 1980 оны 2 дугаар сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Хөхүрэн, А.Норов нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Хөхүрэн: “Би Увс аймгийн Хүнсний кобинатад 1966 онд анх ажилд орж байсан. Т.Цэвээн нь 1976 оноос эхлэн үйлчлэгчээр ажилд орж байсан. Т.Цэвээн нь тухайн үед анх ажилд орохдоо миний ажиллаж байсан архи, ундааны цехэд ажилд орсон учраас би сайн мэдэж байна. Би тухайн байгууллагад 1976 оноос 1993 оныг дуустал ажиллаад гарсан. Манай байгууллага нь дотроо олон цехтэй, архи, ундаа, нарийн боов, талх, саван, чихэр, чацарганы цэх гэх мэтийн олон цэх ажилладаг байсан. Үйлчлэгч нар нь тухайн цехүүдэд солигдон цэвэрлэгээ хийдэг байсан. Манай байгууллагын нэр нь Хүнсний комбинат, Хүнсний үйлдвэр, Чандмань хүнсний үйлдвэр гэж солигдсон. Намайг 1993 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарахад Т.Цэвээн үйлчлэгчээр ажиллаад үлдсэн. Тухайн багйууллагын даргаар н.Ядамцоо, н.Дагварэнцэн, Ч.Пунцаг, н.Басан гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч А.Норов: “Намайг 1988 онд Увс аймгийн Хүнсний үйлдвэрт талхчнаар ажилд ороход Т.Цэвээн нь үйлчлэгчээр ажиллаж байсан. Т.Цэвээн нь намайг ажилд ороход тухайн байгууллагын архи, ундааны цехэд үйлчлэгчээр ажиллаж байсан. Үйлчлэгч нар нь цехүүдэд солигдож цэвэрлэгээ хийдэг байсан. Манай байгууллагын нэр нь олон удаа солигдож өөрчлөгдөж байсан намайг ажилд ороход Хүнсний комбинат гэх нэртэй байсан. Сүүлд Хүнс хувьцаат компани болсон. Би Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт ажиллаж байгаад 1988 оноос Хүнсний комбинатад 1998 оныг хүртэл ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд Т.Цэвээн нь үйлчлэгчээр ажиллаж байсан ба намайг ажлааас гарахад мөн л ажиллаад үлдсэн. Тухайн байгууллагын даргаар Ч.Пунцаг, н.Басан гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т.Цэвээний Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс хүнс чацарганы үйлдвэрт 1976 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгч, үйлчлэгчээр, 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд тус үйлдвэрийн Чацарганы цехэд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Цэцгээ нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 987 тоот захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогтой Түгжээгийн Цэвээний Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Увс хүнс чацарганы үйлдвэрт 1976 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгч, үйлчлэгчээр, 1981 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд тус үйлдвэрийн Чацарганы цехэд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Цэцгээ нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 987 тоот захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА