| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00367/и |
| Дугаар | 402 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 402
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ66042505, Зуутраг овогтой Шомбодоогийн Эрдэнэчимэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баянбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай, Ам бүл 5. 1977 онд 4 дүгээр ангиа төгсөөд хөдөө аав, ээжтэйгээ мал маллаж байсан 1990 онд аав надад хөдөлмөрийн дэвтэр авч ирж өгсөн, манай гэрт байсан юм. Тэгээд манай нөхөр нас барахад тэр хүний бичиг баримтыг цэгцэлж байгаад устгасан байна. Миний хөдөлмөрийн дэвтэр одоо олдохгүй байгаа юм. Би аймгийн Архивын тасгаас цалингийн лавлагаа авсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон учир миний Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1982 оноос 1989 он дуустал хугацаанд мал маллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баянбатын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: “Миний төрсөн эгч Ш.Эрдэнэчимэг нь шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргахдаа 1982 оноос эхлэн ажилласныг тогтоож өгнө үү гэсэн байна. Гэтэл Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолтод түүний 1981 оны 1 дүгээр сараас эхлэн Цог нэгдэлд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, тодруулж Ш.Эрдэнэчимэгийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг нь 1982-1989 оны хооронд ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Ш.Эрдэнэчимэгийн 1981-1989 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Холбоо бригадын малчин Шомбодоогийн Эрдэнэчимэгийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Мөн Өмнөговь сумын Цог нэгдлийн малчин Ш.Эрдэнэчимэгийн 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүүхэд төрүүлсэн тухай “Төрөлтийн түүх” авагджээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Р.Пүрвээ, Г.Батхишиг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Пүрвээ: “Би 1970 оноос 1974 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор, 1974 оноос 1977 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1977 оноос 1992 оны хавар 6 дугаар сар хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан. Ш.Эрдэнэчимэг нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1981 оноос 1989 оныг дуустал мал маллаж байсан. Тус нэгдэл нь 1990 оноос Цог компани болоход Ш.Эрдэнэчимэг нэгдэл тарахад хувьдаа мал авч, компанид үргэлжлүүлэн ажилаагүй. Би тухайн үед нэгдлийн малчдын өвс тэжээл, нүүдэл суудалд нь явдаг байсан учраас мэднэ. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Ч.Гомбосүрэн нар ажиллаж байсан” гэж, гэрч Г.Батхишиг: “Би Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1973 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1993 оныг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан учраас тухайн нэгдлийн айл өрх болон хүмүүсийн талаар мэддэг юмаа. Нэгдлийн даргын өгсөн үүрэг даалгавараар тухайн нэгдлийн айл өрхийг нь өвөл, хаварт нүүлгэх болон өвс, тэжээлийг нь зөөж, өтөг бууцыг нь хатгах зэрэг ажилд явдаг байсан учраас мэднэ. Жолооч бид нар нэгдлийн айл өрхийг нүүлгэх суулгадаг байсан. Ш.Эрдэнэчимэг нь тус нэгдэлд 1981 оноос 1990 онд хүртэл мал маллаж байсан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл нь 1990 оныг дуустал Цог нэгдэл, 1990 оноос 1992 оныг дуустал Цог компани болон ажилласан. Ш.Эрдэнэчимэг нэгдэл тарахад хувьдаа мал аван компанид ажиллахгүйгээр гарсан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Орлого бригадын даргаар Г.Буянжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Шомбодоогийн Эрдэнэчимэгийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА