Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,                                                                       

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 2117000000046  дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 04-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, З-н ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх И овогт Б-н Б /РД:............/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ******* нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн 12-205 тоотод иргэн Б.Д-тэй маргалдан түүнийг үстэх, дарж унагах, самардах зэргээр зодож үргэлжилсэн үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн 12-205 тоотод хохирогч Б.Д-тэй маргалдан түүнийг үстэх, дарж унагах, самардах зэргээр зодож үргэлжилсэн үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Он сарыг санахгүй байна. Би тухайн үед нөхөртэйгөө маргалдаад, бид 1 сар гаран маргаантай байсан. Тэгээд би нөхөртэйгөө уулзах гээд хадам ээжийнд очоод нөхрийнхөө зүүн мөр рүү нэг удаа алгадахад хадам ээж чам шиг гичийгээр хүүхдээ янз бүрээр хэлүүлэхгүй шүү гэж хэлээд намайг эхлээд үстсэн. Тэгээд бид хоёр барьцалдаад зодоон болсон гэв.

1.2. Хохирогч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 12-1205 тоотод ганцаараа амьдардаг юм. Манай хүү М 7-8 жилийн өмнөөс эхлэн Б гэдэг эмэгтэйтэй амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Сүмбэр сумын 2-р баг, Зараагийн 129 тоотод тусдаа амьдардаг юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 03-ны орой 19 цаг өнгөрч байхад манай хүүхэд М гэрт ганцаараа ирсэн. М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд манай эхнэр намайг гэрээс хөөгөөд байна, эрүүлжүүлэхэд хонож байхаар ээжийнхээ гэрт хоноё гэж хэлж байсан. Тэгээд М манай гэрт хоночихоод маргааш буюу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай гэрээс өглөөний 7 цагийн орчим гэртээ харилаа гээд гараад явсан. Би гэртээ үлдээд байж байтал Мийн эхнэр Б өөрийнхөө 8074... гэсэн дугаараас миний гар утас руу 8 цагийн орчим залгаад М танайд хоносон юм уу хүүхэд чинь гэр оронд чинь очиж хонож байхад надад хэлсэнгүй гээд орилоод байсан. Тэгээд би ажилдаа яваад оройны 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгэхэд Б манай хүү Мийн хувцас болон зарим эд зүйлийн хамт манай гэрт авчирч орхисон байсан. Тэр өдөр Б миний гар утас руу намайг доромжилсон байдалтай сонин сонин мессеж бичээд байсан. Би тухайн үед нь мессежээр хариу бичиж байсан. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад М ажлаасаа ирээд хоол цай идээд гар хөлөө угаачихаад унтах гээд байж байтал Б 2 хүүхдийнхээ хамт архи уусан байдалтай согтуу орж ирээд М гэрийн зүүн талын орон дээр сууж байхад нь очоод үснээс зулгаагаад толгой орчим нь гараараа нилээн хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Тэгэхээр нь тэр хоёр дээр гүйж очоод тэр хоёрын голоор орж салгатал Б надад хандан чамд ямар хамаатай юм бэ гичий минь чи шээсээ өмөөрлөө гэж хэлээд шууд миний үснээс зулгаагаад дугтарч татаад миний толгойг доош дараад байсан. Тэр үед М бид хоёрын голоор орж салгах гэтэл Б миний үснээс ерөөсөө тавихгүй байсан. Тэр үед манай хажуу талын айлын Л гаднаас орж ирээд мөн Б бид 2-н дундуур орж ирээд салгасан. Тэгтэл Б Л-г үсдэж аваад гал тогооны савны хажуу тал руу дарсан. Энэ хооронд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгтэл Б намайг болон хүү Мийг хэл амаар доромжилж орилж хашгирч байгаад хүүхдээ аваад гараад явсан. Б-г гэрээс гараад явсны дараа цагдаа нар ирсэн. Тэгтэл Б-гийн эгч Б миний гар утас руу залгаад та нар Б-г 5-лаа нийлж зодсон гэнээ гэж ярьсан. Тэр үед цагдаа нар байсан болохоор Б-г эгчийнхээ гэрт очсон юм байна, тийшээ очно гээд гэрээс гараад явсан. Цагдаа нар манай гэрээс гарч яваад удаагүй байхад Б манай гэрт буцаж орж ирээд муу сайн гуйлгачингууд минь утсаа авъя гэж хэлээд хашгираад орж ирэхээр нь би түүнд гар утсыг нь өгөөд байж байтал Б хүү М лүү дайраад байхаар нь би дундуур нь гүйгээд ортол Б шууд миний үснээс зулгаагаад гэрийн хойморт дарж унагаагаад миний толгой дээрээс дараад байсан. Тэгтэл М манай хажуу айлын Л нарын нэг нь бид нарыг салгах гээд оролдоод чадаагүй болохоор би өөрөө Б-гийн нэг гарыг нь өөрийнхөө үснээс салгахаар Б миний үснээс шүдээрээ зуугаад татаад байсан. Тэгээд арай гэж салгаад байж байтал Б намайг болон манай хүү Мийг янз бүрийн үг хэлээр доромжилж орилж хашхираад байж байсан чинь цагдаа нар орж ирээд Б бид нарыг цагдаагийн байгууллага дээр авч ирж мэдүүлэг авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

1.3. Гэрч Т.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Сүмбэр сумын 3-р баг, Баянбулагийн 12-1205 тоотод гэртээ байж байтал 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад манай хашааны хаалгыг хүн нүдээд байхаар нь би гэрээс гарч хашааныхаа хаалгыг онгойлгож өгдөг юм билүү гэж бодоод байж байтал хажуу айлын Дийн гэр лүү хүн орох шиг болсон. Тэгэхээр нь би эхнэр хүүхдүүдийнхээ хамт гэртээ хүүхдүүдээ унтуулах гээд байж байтал Дийн гэрт хүмүүс шуугилдаад орилоод том дуугараад байсан. Тэгээд Дийн гэрт яваад ортол Б хадам ээж Дийгээ гэрийн зүүн талын орон дээр үснээс нь зулгаачихсан зогсож байсан. Тэдний хажууд Дийн хүү М зогсчихсон тэд нарыг болиоч гэж хэлээд салгах гээд зогсож байсан. Би тэд нарыг салгах гээд дундуур нь ортол Б ерөөсөө дийлдэхгүй байсан. Тэгээд М-тэй нийлж байгаад Б-г арай гэж салгаад гэрээс нь гаргасан. Тэгтэл Б гэх эмэгтэй буцаж зөрөөд гэр лүү орох гээд орилж хашхираад зүтгээд байсан. Тэр үед М бид хоёр түүнийг гэрт оруулахгүй гээд хорьж байтал Б дийлдэхгүй гэрт орж ирээд Дийг гэрийн хаалга дээр зогсож байхад Б Дийн үснээс зулгаагаад татсан. Тэр үед Д дотроос Б гэрийн гадна тэр хоёр хаалганы наана цаана байсан. Тэгэхээр нь М бид хоёр Б-г салгах гэтэл Б ерөөсөө дийлдэхгүй байсан бөгөөд жирэмсэн хүнд хууль үйлчлэхгүй шүү гэж орилоод байсан. Тэгээр арай гэж Б-г салгаад М ээжийгээ гэрт оруулаад би Б-г гэрийн үүдэнд хориглоод зогсож байтал Б гэр лүү дайрсаар байгаад ороод ирсэн. Тэгэхээр нь би түүнийг одоо боль гэж хэлээд хориглоод зогсож байтал Б чамд ямар хамаатай юм бэ гуйлгачин минь гээд дайраад байхаар нь би түүнийг хориглоод зогсож байтал Б миний үснээс зулгаагаад таттал М эхнэрийгээ боль гэж хэлээд салгасан. Тэр хооронд Д цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгтэл Б 2 хүүхдээ аваад яваад өгсөн. Тэгээд гэрт ороод байж байтал цагдаа ирээд би хашааныхаа хаалгыг тайлж өгөөд Дийн гэр лүү хамт орсон. Тухайн үед Дийн гэрт Б байхгүй байсан болохоор цагдаа нар түүнийг хайна гээд гэрээс гараад явсан. Тэгээд би гэртээ ороод байж байтал цагдаа нар яваад 5-10 минут болж байхад дахиад Д-ийн гэрт мөн л хүмүүс орилж хашгираад байхаар нь би эхнэр Г-гийн хамт Дийн гэрт яваад ортол Б тэдний гэрт ирчихсэн хадам ээж Дийн үснээс зулгаачихсан гэрийнхээ хойморт сууж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага руу залгатал удалгүй цагдаа нар орж ирсэн. Тэгээд Б, Д, М нарыг цагдаа нар аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

1.4. Гэрч М.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 12-1205 тоотод гэртээ байж байтал 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад манай хашааны хаалгыг хүчтэй нүдээд байсан. Тэгж байгаад манай хажуу айлын Д-ийн гэр лүү хүн орох шиг болсон. Удалгүй Д-ийн гэрт хүмүүс шуугилдаад орилолдоод том том дуугараад байсан. Тэгэхээр нь манай нөхөр бид хоёр юу болж байгаа юм орох уу гэж ярилцаад манай нөхөр Д-ийнд орохоор гэрээс гарсан. Тэгээд би гэртээ байж байтал Д-ийн гэрт хүмүүс түчигнээд байхаар нь санаа зовоод гэрээс гараад иртэл Д-ийн гэрийн хаалга дээр Д гэр дотроо Б нь гэрийн гадна хаалганы наана цаана байсан бөгөөд Б хадам ээж Дийнхээ үснээс зулгаачихсан зогсож байсан. Тэр үед манай нөхөр Л болон Б-гийн нөхөр М нар түүнийг салгах гээд зогсож байсан. Тэгэхээр нь Бд хандан миний дүү яаж байгаа юм бэ гэж хэлтэл Б миний үгэнд орох шинжгүй орилж хашхираад байсан. Тэр үед Б-гоос аймар их архи үнэртэж байсан болохоор би тэд нарыг өөрсдөө учраа олох байх гэж бодоод гэр лүүгээ орчихсон. Тэгээд би гэртээ байж байтал манай нөхөр Л гэрт орж ирээд Б 2 хүүхдээ аваад явчихлаа гэж хэлж байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд Д-ийн гэр лүү орж байсан бөгөөд манай нөхөр тухайн цагдаа нартай хамт Дийн гэр лүү орсон. Би гэртээ үлдсэн. Тэгээд манай нөхөр буцаж гэртээ орж ирээд цагдаа нар яваад удаагүй байж байтал дахиад Дийн гэрт мөн л хүмүүс орилж хашгираад байхаар нь нөхөр Л-гийн хамт Дийн гэрт яваад ортол Б тэдний гэрт ирчихсэн Б хадам ээж Дийн үснээс зулгаачихсан гэрийн хойморт сууж байсан. Тэр үед Д Б-гийн нэг гарнаас барьчихсан байсан. Харин Б нөгөө гараараа Дийн үснээс зулгаасан байдалтай байсан. Тэдний хажуу талд М тэд нарыг салгах гээд байж байсан. Тэр үед манай нөхөр Л цагдаагийн байгууллага руу утсаараа яриад удалгүй цагдаа нар орж ирсэн. Тэр үед Б, Д нар салчихсан байсан. Тэгээд Б, Д, М нарыг цагдаа нар аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

1.5. Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Б гэдэг эмэгтэйтэй 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа. Тухайн үед Б бид хоёр жаахан гэр бүлийн маргаантай байсан юм. Тэгээд манай эхнэр намайг гэрээс хөөгөөд байсан болохоор нь би өөрийн ээж Д-ийн гэр болох Сүмбэр сум 3 дугаар баг, Баянбулагийн 12-1205 тоот гэрт нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирээд ээжийндээ байх болсон. Тухайн үед эхнэртэйгээ байнга холбоотой байсан. Би өөрөө Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6 байшинд машин угаалгын газар ажиллуулдаг бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хийж байгаад ажлаасаа 23 цагийн орчим тараад ээжийнхээ гэрт ирсэн юм. Тэгээд 00 цаг өнгөрч байхад манай эхнэр Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай манай 2 хүүхдийг дагуулчихсан ирсэн. Тухайн үед би өөрийнхөө гар утсыг унтраачихсан байсан юм. Би гэрийн зүүн талын орон дээр сууж байтал Б орж ирээд шууд над руу дайраад чи яахаараа утсаа унтраачихдаг юм бэ гээд орилоод миний зүүн талын гарын мөр хэсэгт гараараа нэг удаа цохиод дахиад цохих гээд дайраад байсан. Тэгтэл манай ээж миний хувцасыг угаагаад зогсож байгаад бид хоёрын дундуур ороод салгасан. Тэгэхээр нь би Б-гоос холдоод яваад өгсөн. Тэгээд манай ээж Б-д хандан миний ганц хүүд гар хүрэхгүй шүү гэж хэлээд Б-д уурлаад манай ээжийн өөдөөс хэрэлдэж байгаад Б ээж хоёр бие биенийхээ үснээс үстээд гэрийн зүүн орон дээр уначихсан. Тэгэхээр нь тэр хоёрыг салгах гээд байж байтал манай ээжийн хашаанд амьдардаг хажуу айлын Лхагваа гэдэг ах орж ирээд надтай нийлээд Б ээж хоёрыг салгасан. Тэгээд би ээжийг гэрт авч үлдээд Лхагваа ах Б-г хориод гэрээс гаргатал ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би гэртээ ээжтэйгээ байж байтал 10-20 орчим минутын дараа Б буцаад ээжийн гэрт орж ирсэн. Тэгтэл ээж Б-д хандан чи харанхуй шөнө амар тайван байдал битгий алдагдуулаад бай гэж хэлснээс болж дахин тэр хоёр маргалдаад байсан. Тэр үед би гэрийн хойморт газар ор засчихсан хэвтэж байтал Б намайг загнаад над руу дайрах гэтэл ээж бидний дундуур орж ирээд мөн л тэр бие биеийнхээ үснээс зулгаагаад миний зассан байсан орон дээр унаад хөрвөөгөөд байсан. Тэр үед манай хажуу айлын Лхагваа ах эхнэр Г-тай хамт орж ирээд Лхагваа ах цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд Б, ээж хоёрыг салгаад байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар манай ээж болон Б нарыг авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

1.6. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн гэртээ буюу Сүмбэр сумын 3-р баг, Баянбулаг 3-305 тоотод байж байтал оройн 22 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү Б 2 хүүхэдтэйгээ ирсэн. Б манай гэрт ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай үс нь сэгсийчихсэн өмсөж явсан хар өнгийн футболк нь зүүн талын мөр хэсэгт нь урагдчихсан байдалтай орж ирсэн. Тэгээд Б манай гэрт орж ирээд хадам ээждээ зодуулчихлаа гэж хэлээд уйлаад байсан. Тэгэхээр нь би түүнээс юунаас болж яагаад муудсан талаар асуухад Б би хадам ээжийн гэрт ороод нөхөр М-тэй муудалцсан чинь нөхөр Мийн ээж нь хүүхдээ өмөөрөөд намайг үстээд авсан гэх утгатай зүйл ярьж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө 8864... дугаарын гар утаснаас Мийн ээж Д эгчийн 8854... дугаарын утас руу залгаад Б зодуулчихаад ирлээ, та хоёр юунаас болж муудалцсан юм бэ гэж асуутал Д эгч Б манай гэрт согтуу орж ирээд гэнэт намайг үстээд авсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би түүнд та нар жирэмсэн хүнийг зодож болж байгаа юм уу гэж хэлтэл Д эгч миний өөдөөс хашхираад би утсаа салгачихсан юм. Түүнээс хойш манай дүү Б манай гэрт 1 цаг гаран байж байгаад овоо гайгүй тайвшраад 23 цаг өнгөрч байхад гэртээ харьлаа гээд манай гэрээс гараад явсан. Тэгээд би гэртээ 3 хүүхэдтэйгээ унтах гэж байтал Б миний гар утас руу залгаад цагдаа дээр байна ирээд аваач гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтэд:

- Б.Д-ийн биед уруулын салстанд, духанд, зүүн эгэм орчимд, өвчүүнд, баруун бугалганд, баруун шуунд, зүүн шуунд, зүүн бугалганд, зүүн өвдгөнд цус хуралт, толгойн оройд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2021.03.04-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

1.8. Хохирогч Б.Д-ийн эмнэлгийн магадлагаа, /хх-ийн 43 дугаар хуудас/

1.9. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Д-ийн биед үзлэг хийх үед тархи доргилтын сонгомол шинжүүд илрээгүй. Харин даралт ихдээд байсан гэсэн өгүүлэмжтэй байсан. Тархи доргилтын шинжүүд байгаагүй учраас би эмнэлгийн бусад бичиг баримтыг нэхээгүй. Өөрөө ч авчирч өгөөгүй. Биед учирсан бусад гэмтлүүдийг дурьдаж дүгнэлтээ гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

1.10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаартай дүгнэлтэд:

- *******-гийн биед зүүн бугалганд цус хуралт, баруун эгмийн орчимд, өвчүүнд, зүүн хөхөнд зулгаралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 49 дүгээр хуудас/,

1.11. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай дүгнэлтэд:

- Ц.Мийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 53 дугаар хуудас/,

1.12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай дүгнэлтэд:

- Т.Л-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг болно.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай дүү Б шударга зан чанартай. Өөрийнхөө хэлэх гэсэн үгээ шулуун шударга нүүрэн дээр нь хэлчихдэг. Хүнтэй нялцаганаж харьцаад байдаггүй. Их цайлган хүн гэж би боддог юм. Хааяа найз нөхөдтэйгээ нийлж архи дарс уудаг ч гэсэн уусан үедээ тайван дөлгөөн зантай байдаг гэж би боддог. Мөн Б маш түргэн ууртай бөгөөд уур нь маш хурдан гарчихдаг хүн байгаа юм. Хүн л өөрийнх нь өөдөөс юм хэлэхгүй бол хүний өөдөөс яарч хөдлөхгүй хүн байгаа юм. Манай дүү одоо Сүмбэр сум 2 дугаар баг Зараагийн 129 тоотод нөхөр М болон 2 хүүхдийн хамт амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

2.2. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай найз Б М болон 2 хүүхдийнхээ хамт Сүмбэр сумын 2 дугаар баг Зараагийн 129 тоотод амьдардаг юм. Манай найз Б ямар нэгэн асуудал гарах юм бол хэнд ч тусалдаг, тусархуу зантай, миний хувьд түүнийг илүү дутуу зан араншингүй хүн чанартай гэж хэлмээр байна. Хааяа нэг найз нөхдөөрөө нийлж архи дарс уудаг ч гэсэн архи уусан үедээ ямар нэгэн илүү дутуу зангүй гэр лүүгээ хүргүүлээд амарчихдаг юм. Би түүнийг хэн нэгэнтэй муудалцаж маргалдаж байхыг нь хараагүй, хүнтэй тэр болгон муудалцаад байдаггүй хүн байгаа юм. Б одоо 8 сартай жирэмсэн байгаа бөгөөд одоогоос сар орчмын дараа төрөх байх... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/,

2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-85 дугаар хуудас/,

2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/24  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 107-109 дүгээр хуудас/ болно.

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

             Шүүгдэгч ******* нь хувийн байдлын тухайд урьд нь 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Б-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАНДАХ