Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 407

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 7/1-00-д байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОБ65071508, Цөгрөг зуутраг овогтой Гэндэнгийн Оюунчимэг,

       Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт оршин суух, 1929 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОБ29050101, Цөгрөг зуутраг овогтой Норжингийн Моголцог нарт холбогдох,

          Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.052.213 төгрөг, зээлийн хүү 515.786 төгрөг, нийт 1.567.999 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батхуяг, хариуцагч Г.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын тооцооны төвийн менежер Т.Батхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.Моголцогийн нэмэлт зээлийн итгэмжлэлээр Г.Оюунчимэг нь Төрийн банктай 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 160200035630 тоот зээлийн гэрээ байгуулан 1.730.351 төгрөгийг 11 сарын хугацаатай, сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн барьцаанд Н.Моголцогийн тэтгэврийн дэвтэрийг барьцаалсан. Зээлдэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрнйн үлдэгдэл 1.052.213 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 515.786 төгрөг, нийт 1.567.999 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.  

        Хариуцагч Г.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь ээж Н.Моголцогийг асран хамгаалж байсан. Ээж маань хараагүй байсан тул хүний асрамжид он удаан жил амьдарсан. Өвчтэй байх хугацаанд нь би итгэмжлэгдсэн төлөөлөгч болж тэтгэврийг нь гарын үсэг зурж авч байсан. 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ээж маань нас барсан. 1.700.000 төгрөгийн зээлтэй байсны 700.000 төгрөгийг би өөрөө төлж үлдсэн мөнгийг санхүүгийн боломжгүй учир төлөөлөөгүй байсан. Би өөрөө тэтгэврийн зээл 24 сараар авсан. Нэг хүүхэд оюутан, нэг хүү ажилгүй, бас орон сууцны зээлтэй. Иймд мөнгө эдийн засгийн боломжгүй учраас үлдэгдлийг төлж амжаагүй байсан. Иймд миний амьдрал байдлыг харгалзан үзэж сар болгон 20.000 төгрөгөөр төлж барагдуулахыг хүсэж байна. Ээж маань нас барсан болно” гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Г.Оюунчимэг, Н.Моголцог нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.052.213 төгрөг, зээлийн хүү 515.786 төгрөг, нийт 1.567.999 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Зээлдэгч буюу хариуцагч Г.Оюунчимэг нь Н.Моголцогийн олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Төрийн банктай 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Тэтгэврийн зээлийн гэрээ” байгуулан, 2.090.551 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатай зээлж авсан нь тухайн зээлийн гэрээ, итгэмжлэл, зээлийн өргөдөл зэргээр тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2015 оны 2 дугаар сарын 07-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Төрийн банк гэрээнээс татгалзаж, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

          Мөн нэхэмжлэгч Төрийн банкнаас 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр  мэдэгдэх хуудас хүргүүлж байсан, харин зээлдэгч Г.Оюунчимэг нь “Зээлээ төлнө” гэсэн өргөдөл өгч байсан нь хэрэгт авагдсан байх ба Төрийн банкны зүгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан нь тогтоогдож байна.  

              Хариуцагч Г.Оюунчимэг нь нэхэмжлэгч Төрийн банкнаас нэхэмжилсэн 1.567.999 төгрөг  төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байгааг дурдав.  

          Харин хариуцагчаар татагдсан Н.Моголцог нь 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь Г.Оюунчимэгийн гаргаж ирүүлсэн нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх тул дээрх зээлийн гэрээний үүргийг Г.Оюунчимэгээр гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

          Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Оюунчимэгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.052.213 төгрөг, зээлийн хүү 515.786 төгрөг, нийт 1.567.999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюунчимэгээс 40.038 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Оюунчимэгээс 1.567.999 /нэг сая таван зуун жаран долоон мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд  олгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.038 /дөчин мянга гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюунчимэгээс /дөчин мянга гучин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА