Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 408

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 12-6 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ77081561, Шинэ зуун овогтой Сүрэнжавын Алтанчимэгт холбогдох,

          Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 18.329.523,63 төгрөг, зээлийн хүү 5.053.670,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 356.488,10 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 23.747.181,97 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн С.Алтанчимэг нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ781 тоот зээлийн гэрээ байгуулан 24.000.000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5.670.476,37 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3.514.779,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 5.044,57 төгрөг нийт 9.190.300 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.8 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бухий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ781 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 18.329.523,63 төгрөг, зээлийн хүү 5.053.670,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 356.488,10 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 23.747.181,97 төгрөг гаргуулах, шүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан бармтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэх хүсэлтийг гаргаж байна” гэжээ. 

 

            Хариуцагч С.Алтанчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Хаан банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаадлага болох 23.992.048,67 төгрөгийг төлж барагдуулна. Тухайн зээлээ төлөхгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

            Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон тайлбартаа: “Хариуцагч С.Алтанчимэгт холбогдуулан 2017 оны  4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 23.747.181,97 төгрөг нэхэмжилсэн ба 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хүү нэмэгдүүлсэн хүү 245.866,7  төгрөгийг нэмж гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч С.Алтанчимэгт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 18.329.523,63 төгрөг, зээлийн хүү 5.053.670,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 356.488,10 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 23.747.181,97 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд нийт 245.866,7 төгрөгийг нэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.  

             Иргэн С.Алтанчимэг Хаан банктай 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ЗГ781 тоот зээлийн гэрээ байгуулан 24.000.000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба зээлийн барьцаанд бараа материал, 8-н ханатай гэр, зурагт, хөргөгч, хөргөгч зэргийг тус тус барьцаалсан байна.

          Харин хариуцагч Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 23.993.048,67 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

            Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.    

            Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.795 төгрөгөөс 142.898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 142.898 төгрөгийг, хариуцагч С.Алтанчимгээс 142.898 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,  123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Алтанчимэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 23.993.048,67 /хорин гурван сая есэн зуун ерэн гурван мянга дөчин найман төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Хаан банкинд төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.795 /хоёр зуун наян таван мянга долоон зуун ерэн тав/ төгрөгөөс 142.898 /нэг зуун дөчин хоёр мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 142.898 /нэг зуун дөчин хоёр мянга найман зуун ерэн найм/  төгрөг, хариуцагч С.Алтанчимгээс 142.898 /нэг зуун дөчин хоёр мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.    

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ГЭРЭЛТУЯА