Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 00501

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2017/00501

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1988 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Ирээдүй” зоогийн газарт ахлах тогооч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 11-05 тоотод оршин суух, РЭ88021803 дугаар регистртэй, Тогоруутан овогт Чойжоогийн Энхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 19-02 тоотод оршин суух, РХ88101731 дугаар регистртэй, Бүргэд овогт Далайжаргалын Даваадоржид холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2017/00435/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ч.Энхжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Даваадоржтой 2015 онд танилцан үерхэж байх хугацаандаа охин Э.Гантуяаг 2016 оны 09 сард төрүүлсэн. Хүүхэдтэй болсон гэдгийг мэдээд төрүүлээд хэрэггүй гэж дургүйцэж байсан. Охиноо эргэж ирдэггүй, хааяа утсаар согтуу ярьдаг. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй учир охин Э.Гантуяагийн төрсөн эцэг нь Д.Даваадорж мөн болохыг тогтоож, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Даваадорж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Энхжаргалтай үерхэж, энэ хугацаанд Ч.Энхжаргал нь жирэмсэн болсон. Гэвч бид хамт амьдрахааргүй болсон тул Энхжаргал овогтой Гантуяа охиндоо тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Э.Гантуяа нь миний охин мөн гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Энхжаргал нь хариуцагч Д.Даваадоржид холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Энхжаргал, хариуцагч Д.Даваадорж нар 2015 онд танилцан, үерхэж байх хугацаанд тэдний дундаас 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр охин Э.Гантуяа төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан “…Ч.Энхжаргалтай үерхэж, энэ хугацаанд Ч.Энхжаргал нь жирэмсэн болсон… Э.Гантуяа нь миний охин мөн…” гэх тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн охин Э.Гантуяагийн 6701000735 дугаар бүртгэлтэй төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул охин Э.Гантуяагийн төрсөн эцгээр Д.Даваадоржийг тогтоох үндэслэлтэй байна.  

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Э.Гантуяа нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Д.Даваадоржоос сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Э.Гантуяаг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Э.Гантуяа 8 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг охин Э.Гантуяад сар бүр хариуцагч Д.Даваадорж төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Э.Гантуяад сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болж байна.  

Нэхэмжлэгчийг хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болно.

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн бус үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, бүгд 99.734 төгрөгийг хариуцагч Д.Даваадоржоос гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Хариуцагч Д.Даваадоржид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Э.Гантуяагийн төрсөн эцэг Бүргэд овогт Далайжаргалын Даваадорж мөн болохыг тогтоосугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Э.Гантуяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Даваадоржоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Энхжаргалыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж бүгд 99.734 төгрөгийг хариуцагч Д.Даваадоржоос гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОТГОНБЯМБА