Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/51

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,                                                                                 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ш-н Ш-т холбогдох эрүүгийн 2117000360057 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 11-нд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Г аймгийн Б сумын  дүгээр баг, .........дугаар байрны ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б-н овогт Ш-н Ш-т  /РД:..................../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 15-аас 16 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны 2 давхраас 1 давхар луу буудаг шатны дунд хэсэгт В.Г-гийн баруун талын хөхнөөс ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр базсан, мөн тус байранд байх Ахмадын өрөөний уулзалтын өрөөний үүдэнд эрүү, зүүн талын хөхнөөс базсан, мөн ширээ тойруулан хөөж баруун бугалганаас нь базах зэргээр зодож эрүүл мэндэд нь доод эрүүнд, зүүн 2, 3 дугаар хавирганы орчимд, зүүн хөхөнд, баруун хөхөнд, баруун 4 дүгээр хавирганы орчимд, хэвлийд, баруун бугалганд, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 15-аас 16 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны 2 давхраас 1 давхар луу буудаг шатны дунд хэсэгт хохирогч В.Г-гийн баруун талын хөхнөөс ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр базсан, мөн тус байранд байх Ахмадын өрөөний уулзалтын өрөөний үүдэнд эрүү, зүүн талын хөхнөөс базсан, мөн ширээ тойруулан хөөж баруун бугалганаас нь базах зэргээр зодож эрүүл мэндэд нь доод эрүүнд, зүүн 2, 3 дугаар хавирганы орчимд, зүүн хөхөнд, баруун хөхөнд, баруун 4 дүгээр хавирганы орчимд, хэвлийд, баруун бугалганд, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу Цэргийн баяраар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд Баянтал сумын Засаг дарга 2021 онд хийх үйл ажиллагааны хөтөлбөр дээр миний бие болон сумын сумын Тамгын газрын ажилчид тухайн өдрийн үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр дээр ажиллаж байсан. Тухайн өдрийн 14 цагт Баянтал сумын Засаг дарга Баянтал суманд байдаг цэргийн ангийн ахмадуудыг иргэний танхимд хүлээж авах талаар ярьсан байсан.  14 цагаас өмнө миний бие хаана байсан бэ? гэхээр иргэний танхимд Засаг даргын үйл ажиллагааг удирдаж байсан. Тэр үед хохирогч гэх Г аймаг руу “Эх орны төлөө” гэх одон медаль авахаар явсан байсан.  Сумын тамгын газрын 2 давхарт ерөнхийдөө хүн байгаагүй. Нэг давхарт хүмүүс цуглаж чиглэл, чиглэлээрээ ажиллаж байсан. Миний бие 14 цагаас өмнө иргэний танхимаас гараад ахмадын өргөөнд 2 дугаар багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ган-Эрдэнэтэй баярын өдөр гээд нэг шил архи хувааж уусан. Хүмүүс ирэхийг хүлээж байсан. Яг 14 цагт эхлээгүй. 16 цагийн үед эхэлсэн. Энэ хооронд би хаана байсан бэ? гэхээр иргэний танхимд болох үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бэлдэж байсан. Иргэний танхимаас гараад ахмадын өргөө рүү явж байхад Г “Эх орны төлөө” гэх одон медаль авсан гээд надтай Иргэний танхимын гадаа таарсан. Би Гд баяр хүргэж хамт зургаа авахуулсан. Мөн зургийг нь авч өгсөн. Гэтэл одоо Г М 2-ын хоёрын хоорондоо яриад байгаа нэг давхраас хоёр давхрын хооронд болсон гээд байгаа хөх базсан асуудал болоогүй. Яагаад гэхээр хөх базсан гэх асуудлыг харсан гэрч байхгүй. Гтай хамт яваад гэрчлээд байгаа М яагаад ийм юм ярих болсон бэ? гэхээр М Г хоёр үй зайгүй найзууд, мөн би М-тэй гэр бүлийн харилцаатай байсан. М надад үнэндээ тааламжтай хандаж байгаагүй. Надад 2 давхар луу гарах ямар ч шалтгаан байгаагүй. Яагаад гэхээр бүх ажилчид нэг давхарт байсан. Г-д баяр хүргээд явж байсан хүн Г-д бэлгийн дарамт үзүүлээд зодох ямар ч нөхцөл байдал үүсэхгүй. Яагаад энэ хэрэг мандсан бэ? гэхээр эхлээд намайг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж явж байсан. Гэтэл эрүүгийн хуульд бэлгийн хүчирхийлэл гэсэн заалт байхгүй учраас ямар нэгэн байдлаар М-тэй үгсэн тохиролцож хэрэг нээж Ш-ыг ялтан хэрэгтэн болгоё гэж үзсэн. Яагаад гэхээр Г нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тамгын газрын өглөөний ажилчдын хурал дээр намайг зодсон. Яагаад зодсон бэ? гэхээр “битгий хэрүүл хийгээд бай” гэж шаардлага тавьсны төлөө зодсон. Өрөөнөөс өрөө дамжин зодсон. Намайг зодохдоо эрэгтэй хүнээс илүү зодсон байдаг. Тэгэхээр намайг согтуу биед нь хүрсэн бол зодох биш бүр алах байсан. Би зодуулсан өдрөө цагдаад өгөөд гэмтлийн зэргээ тогтоолгосон. Г-д эрүүгийн хэрэг үүссэн байдаг. Г-гийн зураг байгаа гэхдээ хавтаст хэрэгт байдаггүй. Ш гэдэг хүн намайг зодсон гээд зургаа аваад сошиал ертөнцөд тавьсан. Сошиалд тавихдаа Ш гэдэг хүн намайг зодоод бэлгийн дарамт үзүүлсэн гэмт хэрэгтэн гэж тавьсан.  Би гэм бурууг шүүх тогтооно гэж үзсэн. Гэтэл Г энэ хүн гэмт хэрэгтэн гэдэг мессежийг Баянтал сум болон Монгол улсад цацсан. Энэ үйл явдал бол зохион байгуулалтай зүйл болсон. Тухайн үед 20-30 хүн байсан. Гэрч Э гэдэг хүн бол Ггийн ажилтан. Г өөрөө дуудаж ажилд авсан. Тэр хүнийг гэрчээр татсан байсан. Мөн Ц гээд гэрч байгаа. Энэ хүнийг Г Шивээговь суманд ажилгүй байхад нь дуудаж ажилд оруулсан. Тэгэхээр эдгээр гэрч нар Г гэдэг хүний хэлсэн үгийг хэлэх ёстой хүмүүс байгаа. Миний хохирогч болсон хэрэг дээр Засаг дарга нь байцаалт өгөөд гараад ирэхэд утсаар яриад та миний эсрэг мэдүүлэг өгчихсөн юм биш биз дээ гээд асуусан. Хэн нь ямар мэдүүлэг өгөх вэ? гэдгийг заагаад өгчихдөг. Г-гийн удирдлага дор байдаг хүмүүс юу гэж хэлнэ бүгдийг ёсчлон биелүүлдэг хүмүүс нь гэрч гээд явж байгаа. Г, М 2-оос өөр намайг нэг давхраас хоёр давхар луу гарч байхад харсан гэрч байхгүй. Ахмадын өргөөнд байсан гэрчүүд Г-г зодсон, цохисон талаар гэрчилдэггүй. Хаана хэрэг болсон бэ гэхээр гэрчгүй, олон хүнгүй газар энэ хэрэг болсон гэж гүтгэдэг. Энэ хэрэг бол зохион байгуулалтай хэрэг. Би М-ийг гэрч гэж хардаггүй. Яагаад гэхээр надад хэзээ ч сайн байгаагүй. Тамгын газрын хамт олноос асуух юм бол хурал болгон дээр над руу дайрдаг, доошоо хийдэг. Яагаад гэхээр бид 2 дундаасаа нэг охинтой. Би өөрөө салсан болохоор надад юм бодож явдаг. Дээрээс нь нэмж хэлэхэд Г-гийн найз болохоор өнөөдөр, маргааш ер нь байнга хамт явдаг. Г дээр эрүүгийн хэрэг үүссэн учраас Ш энэ ажил дээр байх ёсгүй. Согтуу учраас мэдэхгүй гэж энэ хэргийг гаргасан. Шүүхийн эмнэлгийн дүгнэлт гарсан. Тэгсэн бэлгийн дарамт гээд баахан зүйл гаргаж ирсэн. Гэтэл Эрүүгийн хуульд бэлгийн дарамт гэдэг зүйл байхгүй болохоор зодсон болгоод явуулж байгаа. Сошиалд тэр зураг нь зодсон гээд хөх няц болсон байсан. Г бид 2-ын дунд болсон асуудлаас хойш 10 гаран хоногийн дараа цагдаад өгсөн. Мийн гар утсан дээр авсан гэсэн ноцтой зураг байдаг. Хэргийн материал дээр байхгүй сошиал дээр байгаа. Энэ зургуудыг харахаар нүд нь хөхөрчихсөн, цээж нь хөх няц болчихсон байдаг. Үүнийг харахаар хүчтэй цохиж байж үүсэх гэмтэл гэж харсан. Г гэх иргэн эрх мэдэлтэй хүнтэй ч зодолдоно. Миний өмнө ажиллаж байсан Л гэдэг орлогч даргатай зодолдсон миний бие хөх няц болсон байгаа зургийг утсан дээрээ хадгалсан байгаа гэж надад хэлж байсан. Тэр зургаа Ш зодсон болгож нийтэд дэлгэж тавьсан. Одоо хэргийн материал дээр наад зураг нь байхгүй. Яагаад гэхээр худлаа зураг. Харин намайг зодсон зураг нь он сар өдөртэйгөө байгаа. Тэгэхэд яллах дүгнэлтийн 4-т гэмт хэргийн улмаас Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй болно гэсэн байгаа. Г-д ямар ч гаргаж өгөх баримт байхгүй. Яагаад гэхээр энэ хэрэг зохиомол хэрэг. Ш гэдэг хүнийг гэмт хэрэгтэн болгож 1 дүгээрт ажилгүй, 2 дугаарт торгуульд оруулах гэсэн зүйл явагдаж байгаа. Тухайн хэрэг болсон өдөр миний талын гэрч гэх хүн байгүй. Харин Г-гийн гэрч гэх дандаа нөлөөнд нь байгаа хүмүүсээ гэрчээр татсан байдаг. Цагдаа, ахмадууд гээд зөндөө гэрч байсан. Намайг ширээ тойруулаад хөөгөөд байсан гэж яриад байгаа. Яг үнэндээ би жаахан архи уучихаараа удаан сууж чадахгүй хэцүү байдаг. Энэ нь цусны даралт 180 хүрдэг учраас удаан суудаггүй. Энэ талаар манай хамт олон бүгд мэднэ. Дээрх байдлыг яаж ашигласан бэ? гэхээр ширээ тойруулаад хөөгөөд байсан, хүн рүү дайраад агсраад байсан гэдэг. Гэтэл огт ийм зүйл болоогүй. Намайг суу гэсэн суухаар дотор муухай болоод байсан учраас цаад өрөөнд ч ширээ тойроод алхаж байсан. Тэр нь Г-г зодоод хөхийг нь базаад байсан зүйл байхгүй. Хамгийн эргэлзээтэй зүйл нь Ш архи уух болгондоо Тамгын газрын хүүхнүүдийн хөхийг баздаг гэсэн байгаа. Үүнийг батлахын тулд С гэдэг нарийн бичгийг гэрчээр дуудсан байгаа. С-д би хэзээ ингэж байсан юм бэ? гэхэд Тамгын газрын дарга Г ингээд мэдүүлэг өгсөн байсан учраас би ингээд хэлчихсэн гэж хэлсэн. Ажлын байран дээр архи уусан байлаа ч гэсэн ажлын хүүхнүүдийг оролдоод явдаггүй. Ийм байдалтай байсан бол одоо болтол зүгээр явахгүй. Сонирхолтой нь Г эрүүгийн хэрэг үүссэнийхээ дараа би зодуулсан гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа. Үнэхээр биед нь гэмтэл учраад дарамтад орсон бол яагаад тухайн үедээ энэ асуудлыг хэлээгүй вэ?  гэдэг нь сонирхолтой. Би өөрөө зодуулаад хэрэг үүсгээд гэмтлийн зэрэг тогтоолгоод явсан. Гэтэл Г юу гэж бодсон бэ гэхээр Ш согтуу учраас мэдэхгүй, М чи намайг гэрчлээрэй, хэрэг олон хүнтэй газар болохгүй учраас шатаар буух хэсэг дээр ийм зүйл болсон гэж яръя гэж тохирсон. Хэзээ гэмтэл аваад шүүх эмнэлэг тогтоосон талаар мэдэхгүй. Хохирогч өөрийгөө бэртээсэн байхыг үгүйсгэхгүй. Ш-ыг хэрэгтэн болгохын тулд хөхөө базах биеэ чимхэх нь наад захын асуудал. Намайг эхлээд  бэлгийн дарамт үүсгэсэн гэж явсан. Миний хувьд Г-г чамайг үзнэ, шаана гэсэн зүйл яригдаагүй. Уг хохирогчийн зан ааш нь хүнийг гүтгэдэг хүн гэв.

1.2. Хохирогч В.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2021 оны 03 дугаар сарын 18-нд над руу аймгийн цэргийн штабаас яриад таныг шагналд тодорхойлсон. Та аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд ирэх үү 11:00 цагт бэлэн байгаарай гэж хэлэхээр нь би Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд 11.30 цагт очсон юм. Тэгээд би 12 цагийн үед эх орны төлөө 3 гэх медиалаар шагнуулчихаад шууд Баянтал сум руу буцаж очсон. Тэгээд Баянтал суманд ирээд ажлынхаа өрөөнд орж ирээд байж байтал Засаг дарга А над руу залгаад би ахмадын өргөө рүү орж байна, таныг урьж байна гэхээр нь эрчүүд байхад би яах гэсэн юм бэ гэхэд таныг медаль авсан гээд дуудаж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Б дарга хүртэл дуудаж байна гэж хэлэхээр нь би орохоор болсон юм. Тэгээд би 1 дүгээр багийн засаг дарга Н.Мийн өрөөнд ороод ахмадын өргөөнд цуг оръё гэж хэлээд өрөөнөөс нь цуг гараад хоёр давхрын шатаар нэг давхар луу бууж байтал 1, 2 давхрын дунд байдаг, эргэдэг хэсэгт явж байхад Ш 1 давхраас өөдөөс гарч ирэнгүүтээ миний баруун талын хөхнөөс базаад авахаар нь би баруун гараа дугтраад ёстой гажиг шүү гэж хэлээд гараад явчихсан юм. Тэгээд би ахмадын өргөөнд яваад ороход сумын засаг дарга А, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б нар өндөр настнууд болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг хүлээн авч уулзаж байсан ба би уулзалтад ороод үүднийх нь сандал дээр суусан. Тухайн үед Ш уулзалтад байсан хүмүүс болон намайг байж суулгахгүй болохоор нь би уулзалтын өрөөнөөс гараад бие засчихаад Э-ийг хиам хэрчиж байхаар нь хажууд нь очоод сууж байтал Ш уулзалтын өрөөнөөс гарч ирэнгүүтээ миний эрүүнээс базаад авахаар нь би гараараа дугтарч болиулсан юм. Тэгээд би наад тэнэгийгээ аваач ээ гэж хэлтэл М миний үгэнд орох биш дээ гэж хэлсэн. Тэгтэл Ш намайг ширээ тойруулж туулгахаар нь би зугтаад уулзалтын өрөө рүү яваад орчихсон. Тэгтэл удалгүй араас Ш орж ирэнгүүтээ дахиад хүмүүсийг байлгаж суулгахгүй болохоор явъя гэж бодоод уулзалтын өрөөнөөс гараад явах гэж байтал Ц намайг хоол идчихээд яв гэхээр нь Ц-ын авчирсан буузнаас тавган дээр 2 ширхгийг тавиад нэгийг нь идчихээд байж байтал Ш уулзалтын өрөөнөөс гарч ирэнгүүтээ миний тавган дээр байсан 1 буузыг идчихээр нь би юм хэлээгүй. Тэгээд Ш миний урдаас ирэнгүүтээ зүүн талын энгэрт зүүсэн байсан 2 тэмдэгтэй давхар зүүн талын хөхнөөс базаад авахаар нь гарыг нь баруун гараараа дугтарч тавиулаад энэ тэнэг юмыгаа аваач ээ гэж хэлтэл би чамайг шаана, би чамайг хүчиндэнэ, би чамайг үзчихээд үхнэ гэж хэлээд намайг 3 удаа ширээ тойруулж туулгаж байтал уулзалтын өрөөнөөс цагдаа З гараад ирэхээр нь энэ нэг юмыг аваад яваачээ гэж хэлээд би шууд гарч яваад ажил руугаа орж гадуур хувцсаа авчихаад гэр лүүгээ явсан. Намайг ширээ тойруулж туулгаж байхдаа Ш миний баруун талын бугалганаас базаад авахаар нь дугтарч тавиулсан. Мөн араас туулгаж байх үед зүүн талын шилбэн дээр гишгэгдсэн ба санаатай бол араас өшиглөөгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

1.3. Гэрч Ж.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эр цэргийн баяр болж байсан тул сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хүчний байгууллага болон ахмадуудыг хүлээн авах арга хэмжээг сумын ахмадын өргөөнд зохион байгуулахаар болсон юм. Тэгээд 15 цагийн үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга над руу залгаад чи орж ирнэ байгаа гэж хэлэхээр нь би ахмадын өргөөнд явж ороод үйлчилгээнд ажилласан. Намайг ороход С байж байсан ба ахмадын өргөөнд засаг дарга А, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б, ахмадын хорооны дарга Л, засаг даргын орлогч Ш, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн дарга А, З, Б, цагдаа П, З, С, өндөр настан Ө, М, М гэх хүмүүс байсан. Тэгээд 15 цаг 30 минутын орчимд гаднаас Г дарга, Н.Мийн хамт орж ирээд арга хэмжээнд орж суусан. Тухайн үед Ш дарга согтууруулах ундааны зүйл нилээн уучихсан хүмүүс рүү янз бүрийн юм яриад урд хойгуур нь яваад хүмүүсийн дургүйг хүргээд байсан. Тэгтэл Г дарга, М хоёр дотроос санаа зовмоор юм гээд гарч ирээд сандал дээр суусан. Тэгээд би хоол цай зөөгөөд дотор үйлчилж байгаад гараад ирэхэд Ш дарга Г даргыг ширээ тойруулаад хөөгөөд алхаад байсан. Г дарга харь гэсэн чинь харихгүй гээд хөөгөөд байх юм гэж хэлэхээр нь би Ш даргад хандан та хариа, нэг бол дотор ороод тогтвортой суугаадах гэж хэлчихээд дотогшоо яваад орчихсон юм. Тэгээд З, олон нийтийн цагдаа С хоёрын нэг нь Ш даргыг одоо харь харь гээд зогсож байсан ба буцаад дотогшоогоо үйлчилгээ үзүүлэхээр орчихсон юм. Тэгээд дотроос гараад ирэхэд Г дарга М хоёр явлаа гээд юмаа аваад зогсож байсан ба тухайн үед Ш дарга дотор байсан уу гэр лүүгээ явсан уу гэдгийг сайн санахгүй байна. Тэгээд тэр хоёр гараад явцгаасан ба бид нар удалгүй тарцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

1.4. Гэрч П.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цэргийн баяр болж байсан тул сумын Засаг даргын тамгын газраас Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн хамт олон болон ахмадуудыг хүлээн авах арга хэмжээг сумын ахмадын өргөөнд зохион байгуулахаар болоод би тэнд ширээ засах ажлыг хийж байсан. Тухайн арга хэмжээнд засаг дарга А, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б, ахмадын хорооны дарга Л, засаг даргын орлогч Ш, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн дарга А, З, Б, цагдаа П, З, С, өндөр настан Ө, М, М гэх хүмүүс ирсэн байсан. 15 цагийн үед тамгын дарга Г, 1 дүгээр багийн засаг дарга Н.Мийн хамт ирээд арга хэмжээ болж байсан ахмадын даргын өрөө лүү орсон. Тэгээд тамгын дарга Г ахмадын даргын өрөөнөөс гарч ирээд байж байтал Ш дарга араас нь ирэнгүүтээ Г даргыг ширээ тойруулж хөөгөөд байсан болохоор би эхнэрийг нь дуудаад өгчихдөг юм уу гээд М-ээс утсыг нь аваад эхнэр лүү нь залгатал би жаахан ажилтай байна, ямар ч байсан яваад очъё гэж хэлсэн. Тэгээд ахмадын даргын өрөөнөөс цагдаа З, олон нийтийн цагдаа С нар гарч ирж таарсан ба Ш даргыг С хүргэж өгөхөөр авч явсан. Тэгээд Ш даргыг гэр лүү нь аваад явсан хойгуур би Ш даргын эхнэртэй нь гадаа таараад гэр лүү нь цагдаа хүргэж өгөхөөр явсан гэдгийг хэлэхэд Ц багш гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

1.5. Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цэргийн баяр болж байсан тул сумын Засаг даргын тамгын газраас Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн хамт олон болон ахмадуудыг хүлээн авах арга хэмжээг сумын ахмадын өргөөнд зохион байгуулахаар болсон юм. Би тухайн өдөр сумын шуурхай штабын жижүүрийг нягтлан бодогч С-н хамт хийж байсан. Тэгтэл Засаг дарга 14 цагийн өмнөхөн залгаад хүмүүсийг орж ирэхээс өмнө бэлдсэн юмнуудыг таваглаадах гэж хэлэхээр нь би үйлчлэгч Э-ийн хамт ахмадын өргөөнд орж юмнуудыг нь бэлдэж өгөөд байж байтал Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ц эгч орж ирсэн. Ахмадын хорооны дарга Л намайг чамаас өөр хүн байхгүй юм уу чи жирэмсэн байж одоо явахгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г дарга руу яриад өөр туслах хүн байна уу, намайг жирэмсэн байж яах гээд байгаа юм гээд байна гэж хэлтэл тамгын дарга Г би удахгүй яваад оръё гэж хэлсэн. Тэгээд тамгын дарга орж ирэнгүүтээ ахмадын даргын өрөө рүү орсон. Тэгээд Г дарга, М эгч хоёр дотроос гарч ирээд бууз хамт аягалсан. Тэгтэл гаднаас орлогч дарга Ш гаднаас архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн орж ирэхээр нь би орлогч даргыг бууз ид гэж хэлэхэд үүдэнд бууз идчихээд дотогшоо ахмадын даргын өрөө рүү орсон. Тэгээд би Г даргад би жижүүртэй юм чинь одоо явлаа гэж хэлсэн чинь за тэг тэг гэж хэлэхээр нь би ахмадын өргөөнөөс гараад шуурхай штаб руу явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

1.6. Гэрч Н.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ажил дээр ажлаа хийж байх үед засаг даргын орлогч Ш архи уучихсан орж ирээд хэд хэдэн удаа миний хөхөнд хүрч байсан ба хөхөнд хүрэнгүүт нь цаашаа цаашаа гэж хэлээд явуулчихаж байсан. Тэрнээс миний хөхийг базаж хөхрөл няцрал цус хуралтууд үүсгэж байгаагүй. Би тэр асуудлыг нээх тоохгүй өнгөрөөчихдөг юм. Надаас гадна Г даргын хөхөнд хүрч байсныг би харснаас өөр ажилчдын хөхөнд хүрээд базаад явж байхыг би хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

1.7. Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Эр цэргийн баяр болж байсан тул сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хүчний байгууллагын хүмүүс болон ахмадуудыг хүлээн авах арга хэмжээг сумын ахмадын өргөөнд зохион байгуулахаар болсон юм. Тэгээд 14 цаг өнгөрч байх үед Засаг даргын Тамгын газрын дарга Г манай өрөөнд орж ирээд хоёуланг нь Засаг дарга ороод ир гэж байна гэж хэлээр нь тамгын даргын өрөөнд орохоор өрөөнөөс гарсан. Тамгын дарга миний урд яваад араас нь би явсан ба 2 давхраас 1 давхар луу бууж явахад дундах эргэлтэн дээр Ш 1 давхраас өгсөж гарч ирснээ хоёр гараараа Г-гийн 2 хөхнөөс базаад авахаар нь Г өө яадаг хар хулгайч вэ тэнэг юм уу хаашаа юм гэж хэлээд бид 2 шууд гараад явчихсан. Тэгээд бид ахмадын өргөөнд ороод уулзалт болж байсан ахмадын хорооны даргын өрөөнд ороод сууж байтал Ш удалгүй араас орж ирсэн. Ш орж ирснээсээ хойш зүгээр байхгүй болохоор нь Г дарга гараад явсан ба би араас нь гарахад Ш Г-г ширээ тойруулаад хөөгөөд байхаар нь Г чи хойшоо ор, ор гэж аргалж хэлээд уулзалт болж байсан өрөө рүү оруулсан. Тэгээд Г бид хоёр ороход бид хоёрын голоор Ш суусан. Ш уулзалт болж байгаа хүмүүст ч дараа болоод Г-гийн гуяыг ч базаад байхаар нь Г болилдоо зүгээр бай гэж хэлсэн. Тэгээд Г бид 2 үүдний өрөө рүү гарахад Ш гарч ирэнгүүтээ Г-гийн хүзүүнээс базаад авахаар нь Г ёооё гээд гараараа тавиулахад баруун гараараа Г-гийн хөхийг базаад авах шиг болохоор нь Г ёооё гээд гарыг нь дугтарч тавиулаад энэ балай юмыг явуулаачээ, гэрт нь хариулаач ээ явуулах юмсан гэж хэлэхээр нь би цагдаад өгөөд явуулъя гэж хэлсэн. Тэгтэл уулзалт болж байсан өрөөнөөс цагдаа З, С нар гарч ирэхээр нь Г Ш-ыг гэр лүү нь хүргээд өгөөч гэхэд З Ш-ыг дагуулаад гарсан. Тэгээд Г ажил руу орлоо гээл түрүүлээд гараад явсан. Тэгээд би Э-ийн хамт ажил руу цуг орсон. Тэгээд би 00 орчихоод гараад ирэхэд Г амралтын өрөөнд ганцаараа сууж байсан ба Ш хөх аймар базаад хаячихсан байна гээд хоёр хөхөө харуулахад хоёр хөх нь гарын ором орсон юм шиг улайсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

В.Г бид хоёр шатаар бууж байх үед урдаас ******* өгсөөд гарч ирсэн. Тэр үед Г бид 2 хана тал руугаа шахаад зөрөх гэхэд Ш ямар нэгэн юм хэлэлгүй шууд Г-гийн зүүн хөхнөөс баруун гараараа базаад авсан. Тэр үед Г Ш-ын гарыг гараараа холдуулаад цааш явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

1.8. Гэрч Ч.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би уг уулзалтын дундуур тамхи татах гээд гарахад Ш Г нар үүдний өрөөнд сууцгааж байсан. Тамхи татчихаад эргээд ороод ирэхэд Г яасан зэвүүн хулгайч вэ гэж хэлээд Ш-ын араас баруун талын чихний орчимд алгадаад авахаар нь Ш-ыг та зүгээр үү дотогшоо ор гэж хэлэхэд ороогүй. Намайг уулзалтын өрөөнд ороод сууж байхад Ш араас орж ирээд тэнд байсан хүмүүс рүү олон юм яриад суулгахгүй болохоор нь Ш-ыг уг өрөөнөөс авч гараад гэрт нь оруулж өгөөд гараад ирэхэд орцны үүдэнд Ш-ын эхнэртэй таараад Ш даргыг гэрт нь оруулаад өгчихлөө гэж хэлээд буцаад ахмадын өргөөнд очсон. Би Ш гэх хүнийг Г-гийн хөхнөөс базаж авч байхыг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

1.9. Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би уг уулзалтын дундуур тамхи татах гээд гарахад үүдний өрөөнд Ш намайг шаачихлаа ш дээ гэж хэлэхээр нь би Ш-т хандан та одоо боль, харьж амар гэж хэлээд гаднаас орж ирсэн. Сүхтулгын хамт Ш-ыг дагуулж гараад Сар гэр лүү нь хүргүүлсэн юм. Ш гэж хүн Г-гийн хөхнөөс базаж авч байхыг би хараагүй. Г Ш луу одоо харь харь гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

1.10. Гэрч Н.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Ш Г-гийн хөхнөөс базаж базаж байсан талаар харж байгаагүй. Цаг хугацааг нь санахгүй байна. 2020 онд Г Ш базчихлаа гэж хэлж хөхөрсөн байсныг харуулж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

1.11. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г орж ирэхдээ миний хөхнөөс базчихлаа, өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд би үзэж осол гэмтлийн хуудас нээсэн. 2 хөх нь хоёулаа дээд хэсэгтээ хөхрөөд шаралж эхэлж байсан шархтай дарахад хүндүүртэй байсан. Өөрөө гэмтсэн өдрөө 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14-15 цагийн хооронд гэж хэлсэн.

Миний 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үзсэн гэмтэл нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Мөн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө болон хойно байж болно. Энэ нь тухайн хүний бие мах бодийн онцлогоос хамаарна. Биеийнх нь аль нэг хэсэгт гэмтэл шарх байсан талаар би мэдэхгүй. Г хөх нь зовиуртай байна гэж хэлсэн учраас хөхийг нь үзэж оншилсон, биед нь бүтэн үзлэг хийгээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

1.12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 127 дугаартай дүгнэлтэд:

- В.Г-гийн биед доод эрүүнд, зүүн 2, 3-р хавирга орчимд, зүүн хөхөнд, баруун хөхөнд, баруун 4-р хавирганы орчимд, хэвлийд, баруун бугалганд, зүүн шилбэнд хуучин цус хуралт гэмтлүүд учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021.03.18-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

1.13. Хохирогч В.Г-гийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, /хх-ийн 51-52 дугаар хуудас/

1.14. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Зүүн 2, 3-р хавирга орчим гэдэг нь зүүн хөхний дээд хэсгээр гэсэн үг юм. Баруун 4-р хавирга гэдэг нь баруун хөхний үл ялиг дээд хэсэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл зүүн баруун хөхөнд мохоо зүйл үйлчлэх үед энэ хэсгүүдэд адилхан хүч үйлчилсэн гэсэн үг. Зүүн хөхний цус хуралт нь талбай нь том, мөн дотроо хөхний зөөлөн эдийн няцрал хавсарсан байсан учир дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүнд хүний гараар үүсгэгдсэн базах, цохих гэмт мэт үйлдлүүд орно... гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн шүүх хуралдаанд “Би Г гэх хүний хөхнөөс базаагүй. Г намайг гаж донтой юм шиг зүйл ярьсан байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Гэрч гэж байгаа Н.М-тэй би өмнө нь хамт амьдарч байсан. Бид 2 салсан. Дундаасаа 1 хүүхэдтэй. М бид хоёрын харилцаа таарамж муутай байдаг. Г М 2 нь байнга хамт явж байдаг найзууд юм. Мийн гэрчээр мэдүүлсэн бүх зүйл худлаа. Мөн Ж.Ц гэж гэрч байгаа. Энэ хүний мэдүүлэг бас худлаа. Энэ хүний Шивээговь суманд ажилгүй байхад нь Г дуудаж ажилд оруулсан. Ц нь тэгээд ачийг нь хариулж худал мэдүүлэгч өгч байгаа юм. С-гийн хувьд би нөхрийг нь танина. Би миний дүү яагаад тэгээд мэдүүлж байгаа юм бэ гэж хэлэхэд дарга тэгээд мэдүүлсэн болохоор би тэгээд мэдүүлэг өгчихлөө гэсэн. Д.Н гэж эмчийн хувьд саяхан төгсөж ирсэн уламжлалтын эмч байгаа. Энэ хүн ажлаа сайн мэдэхгүй. Ариунаа эмч наад хөхөн дээрх хөхрөлт улайлт нь гэмтэл болохгүй, миний дүү юмаа сайн харж байж оношоо тавиарай гэж байхад энэ хүн ийм онош тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гарлаа гэж үзэхэд Г нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн байгаа юм. Энэ хүн намайг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зодсон. Би цагдаад хандаж гэмтэл тогтоолгож өөр дээр нь эрүүгийн хэрэг үүсгэнгүүт намайг ялтан болгох гэж ийм зохиомол хэрэг үүсгэсэн. Иймд би энэ хэргийг шүүх хэрэгсэхгүй болгоно гэдэгт итгэлтэй байна.” гэх хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч ******* нь хохирогч В.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох хохирогч В.Г-гийн “...Ш 1 давхраас өөдөөс гарч ирэнгүүтээ миний баруун талын хөхнөөс базаад авахаар нь би баруун гараа дугтраад ёстой гажиг шүү гэж хэлээд гараад явчихсан юм...

...Ш уулзалтын өрөөнөөс гарч ирэнгүүтээ миний эрүүнээс базаад авахаар нь би гараараа дугтарч болиулсан юм...

...Ш миний урдаас ирэнгүүтээ зүүн талын энгэрт зүүсэн байсан 2 тэмдэгтэй давхар зүүн талын хөхнөөс базаад авахаар нь гарыг нь баруун гараараа дугтарч тавиулаад энэ тэнэг юмыгаа аваач ээ...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Ц-ын “Тэгтэл Г дарга, М хоёр дотроос санаа зовмоор юм гээд гарч ирээд сандал дээр суусан. Тэгээд би хоол цай зөөгөөд дотор үйлчилж байгаад гараад ирэхэд Ш дарга Г даргыг ширээ тойруулаад хөөгөөд алхаад байсан...” гэх мэдүүлэг,

гэрч П.Э-ийн “...Тэгээд тамгын дарга Г ахмадын өрөөнөөс гарч ирээд байж байтал Ш дарга араас нь ирэнгүүтээ Г даргыг ширээ тойруулж хөөгөөд байсан... гэх мэдүүлэг,

гэрч Н.М-ийн “...Ш 1 давхраас өгсөж гарч ирснээ хоёр гараараа Г-гийн 2 хөхнөөс базаад авахаар нь Г өө яадаг хар хулгайч вэ тэнэг юм уу хаашаа юм гэж хэлээд бид 2 шууд гараад явчихсан...

...Ш Г-г ширээ тойруулаад хөөгөөд байхаар нь Г чи хойшоо ор, ор гэж аргалж хэлээд уулзалт болж байсан өрөө рүү оруулсан...

...Ш гарч ирэнгүүтээ Г-гийн хүзүүнээс базаад авахаар нь Г ёооё гээд гараараа тавиулахад баруун гараараа Г-гийн хөхийг базаад авах шиг болохоор нь Г ёооё гээд гарыг нь дугтарч тавиулаад энэ балай юмыг явуулаачээ, гэрт нь хариулаач ээ явуулах юмсан гэж хэлэхээр нь би цагдаад өгөөд явуулъя гэж хэлсэн...

...Г амралтын өрөөнд ганцаараа сууж байсан ба Ш хөх аймар базаад хаячихсан байна гээд хоёр хөхөө харуулахад хоёр хөх нь гарын ором орсон юм шиг улайсан байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Нийн “...Г орж ирэхдээ миний хөхнөөс базчихлаа, өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд би үзэж осол гэмтлийн хуудас нээсэн. 2 хөх нь хоёулаа дээд хэсэгтээ хөхрөөд шарлаж эхэлж байсан шархтай дарахад хүндүүртэй байсан. Өөрөө гэмтсэн өдрөө 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14-15 цагийн хооронд гэж хэлсэн... гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 127 дугаартай дүгнэлт, шинжээч Л.Жаргалтогтохын  “...зүүн хөхний цус хуралт нь талбай нь том, мөн дотроо хөхний зөөлөн эдийн няцрал хавсарсан байсан учир дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад нотлох баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан. Гэтэл шүүгдэгч ******* нь өөрийнхөө мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй, түүний мэдүүлгийг нотолсон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч *******-аас гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх санал,

Шүүгдэгч ******* нь “Би энэ хэргийг хийгээгүй тул зөвшөөрөхгүй байна, дээд шатны шүүхэд нь хандана.” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч В.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ш-н Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАНДАХ