| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0867/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/865 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/865
2020 09 30 2020/ШЦТ/865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, Х овогт Д А холбогдох эрүүгийн 1809 02336 1027 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1-4 тоотод оршин суух хаягтай,
-Урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан Х овогт Д А /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54-342В тоотод оршин суух хохирогч Э.Б эзэмшлийн Монгол гэрийн цоожийг эвдэн уг хаалгаар нэвтрэн орж 42 инчийн лед зурагт, Соёрхол нэртэй 1 шил архи зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 509700 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Э.Б мэдүүлэг /хх-ийн 29-31/-р тал, Гэрч Э.Х мэдүүлэг /хх-ийн 34/-р тал, Яллагдагч Д.А мэдүүлэг /хх-ийн 162-164/-р тал, Дамно хөрөнгийн үнэлгээний эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 49-57/-р тал, “Сайхан” Барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ хийсэн баримт /хх-ийн 33/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөвд тооцсон болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.А 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54-342В тоотод оршин суух хохирогч Э.Б эзэмшлийн Монгол гэрийн цоожийг эвдэн уг хаалгаар нэвтрэн орж 42 инчийн лед зурагт, Соёрхол нэртэй 1 шил архи зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 509700 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б өгсөн “... Би 2018 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг 34 минутад гарсан. Манай дүү Б миний араас 09 цаг гээд хаалгаа түгжээд гарсан гэсэн. Орой 19 цагийн үед ирэхэд хаалганы цоож эвдэрсэн зүүлттэй байсан. Тэгээд гэртээ орж ирэхэд И-лед нэртэй 42 инчийн зурагт, 500 граммын Соёрхол нэртэй архи алга болсон байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр найз Х гэрт нь очиж хоол идэхээр явцгаасан. Х гэр замынхаа доод талд байдаг болохоор би гэрийх нь дээрээс харья гэж бодоод замын нөгөө талын гудамжруу өгсөөд явсан. Тэр гудамж 54 дүгээр гудамж байсан бөгөөд тухайн гудамжны ногоон хашаатай айлын хаалга нь онгорхой байхаар нь шагайгаад хартал гэрийх нь хаалганд хар өнгийн цоож зүүлгээстэй байсан. Тэгэхээр нь би гэр лүү нь яваад ортол гэрийх нь хоймор шар өнгийн хүрээтэй 42 инчийн зурагт байхаар нь гэрт нь байсан бүтээлгэнд ороогоод авч гараад 17 хавьцаа байрлах “Далай хүү” төвийн нэг давхарт байрлах ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Д.А нь өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүй, нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.А тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогчийн зүгээс санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан /хх-ийн 167/-р тал зэргийг харгалзан шүүгдэгч Д.А бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтэдээ “... Шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх...” саналыг,
Шүүгдэгч Д.А эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил, 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн буюу тэнсэн харгалзсан хугацааны ялыг нэмж нэгтгэх тухай санал гаргасан боловч хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч Д.А нь хэзээ аль хорих ангиас суллагдсан, хэдэн сар, хэд хоногийн өмнө хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн тухайн хорих ангийн ялын тооцоо зэрэг шаардлагатай бичгийн нотлох баримтууд авагдаагүй байх тул шүүхээс прокурорын саналтай холбогдуулан дүгнэлт хийгээгүй болно.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Д.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Д А хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.А 02 /хоёр/ жил, 05 /тав/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А оногдуулсан 02 /жил/, 05 /тав/-н сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР