Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1340

 

 

 

 

 

 

 

 

 

“Смартплан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01304 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Смартплан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Элбэг ундраа” сууц өмчлөгчдийн холбоо болон Д.Алтантулга нарт холбогдох

 

  Дундын өмчийн дулаан болон халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 1 893 083 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

  4 677 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Жавзандулам,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Очирваань,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

   Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Жавзандулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 94 дүгээр байрны орон сууц ашиглалтыг 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа ба хариуцагч “Элбэг ундраа” СӨХ анхнаасаа төлбөр тооцоогоо нийлж, зохих ёсоор төлж явсан. Бид 2015 оны 11 дүгээр сард хамтарсан тэмдэглэл үйлдэж, гэрээ байгуулъя, төлбөрөө төлье гээд тус СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга нь халаалт, халуун ус авч, 2016 оны 8 дугаар сар хүрсэн боловч төлбөр төлөхөө больсон учраас ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч тал манай нэр хүндэд халдаж, суугч нарыг хохироосон хэмээн үндэслэлгүйгээр буцаан мөнгө нэхэмжилж байна, эдгээр төлбөрийг сар, сардаа төлөөд явчих төлбөр байтал өөрийнхөө хэрэглээний ус, дундын эзэмшлийн халаалт зэргийг буцаан нэхэмжилсэн ба биднийг илүү мөнгө нэхсэн, үнэ тариф нэмсэн гэдэг боловч үүнийгээ нотлоогүй. Харин хариуцагч тал баримт засварлаж, өөр байрны СӨХ хариуцаж байгаад түүнийгээ дахин нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Д.Алтантулга өөрийн гэрийн ус, халаалтын мөнгийг тус СӨХ-ны мөнгөтэй хольж, би, СӨХ-ны дарга юм чинь СӨХ-ны мөнгийг төлөхгүй гэдэг, тоолуурыг нь салгаад авахаар буцаагаад залгаж, том цоож зүүсэн учраас цэвэр, бохир усыг ам бүлийн тоогоор задгайгаар тооцож байна. Төлбөр төлөөгүй 6 сар болж байгаа бөгөөд манай талаас үүнд хүлээцтэй хандсан боловч төлөхгүй өдий хүрсэн. Манай компани өдөр, шөнөгүй 24 цаг ажиллаж байхад та нар бохир халиулсан гэж худлаа яриад 150 000 төгрөг төлсөн хэмээн үндэслэлгүй нэхсэн. Шугам хоолойнд ямар ч гэмтэл гарч болно, яаж төлбөр төлөхгүй байх вэ гэсэн аргатай. Суугч нарт хэлэхдээ гадна бохирын худгийг өндөрлөх гэж байгаа гээд гарын үсэг зуруулж, албан бичгийн толгой хэсгийг “Смартплан” ХХК-ийг болиулна гээд айлуудаас гарын үсгийг товчлуулаад зуруулсан байсан. Нэхэмжлэл гаргаснаас хойшхи төлбөрийг нэг ч төлөөгүй, одоо төлбөр нэмэгдэж 2 100 000 төгрөг болсон. “Смарт план” ХХК-иас оршин суугч нарын ус, дулааныг хэвийн хариуцаад 2 жил болсон байхад энэ хүн та нараар хариуцуулахгүй гээд ганцаараа зүтгээд байдаг, бид сүүлдээ тийм юм бол мэргэжлийн байгууллагаа сонгоод ир гэж хэлсэн. Иймд, хариуцагч “Элбэг ундраа” СӨХ болон Д.Алтантулга нараас дундын өмчийн дулаан болон халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 1 893 083 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

     Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сууц өмчлөгчдийн холбооны зүгээс “Смартплан” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ компанитай сайн дурын үндсэн дээр ус, дулаанаар хангуулах гэрээ, хэлэлцээрийг байгуулаагүй бөгөөд орон сууцыг барьсан “Лизичань” ХХК-ийн менежер Д.Энхтөрийн хийсэн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Смартплан” ХХК нь зөвшөөрөлгүйгээр тус байрны оршин суугчдаас сар бүр авдаг төлбөр дээр 2015 оны 2, 3, 4, 5, 10, 11 дүгээр саруудад тоног төхөөрөмжийн зардалд 5 000 төгрөгийг нэмж авна, 66 айл өрхөөс 1 980 000 төгрөг, мөн өмнө үндэслэлгүйгээр авсан 2 047 000 төгрөг, 96 дугаар байрны ус дулааныг хаасны төлбөрт 650 000.00 төгрөг төлсөн нийт 4 677 300 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

    Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Айл болгоноос халаалтын 5 000 төгрөг авдаг байсан ба энэ мөнгийг 5065819 гэсэн гэрээтэй цахилгаан шугам сүлжээ рүү шилжүүлдэг, энэ талаарх баримтыг нэхэмжлэлд хавсаргасан. Нийт 66 айлын 300 000 гаруй төгрөгийг шугам сүлжээ рүү шилжүүлдэг байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс уг мөнгийг авахыг эрх бүхий байгууллагаас зогсоосон. 2 047 000 төгрөг бол сар болгоны гаргаж байгаа нэхэмжлэх дээр алдаг оног төлж байсан мөнгө ба энэ нь ус, дулаан руу явсан. Мөн “Мандахтулга” СӨХ-оос ашиглалтаа манайхыг шилжүүлэн авсан үед төлбөрийн тооцооны үлдэгдэл байсан учраас цахилгаан шугам сүлжээнд 594 000 төгрөг төлөөгүй орхисон байсны 7 дугаар сард бөөнөөр нь төлөөд, тоолууруудаа салгаад авсан. Манай компани нацосны тоолуурыг аваад үлдсэн, гэтэл Д.Алтантулга эргүүлээд төлсөн мөнгөө буцаагаад энэ төлбөрт оруулсан байна. Орон сууцны конторын замаар хальсан худгийг СӨХ соруулсан гэх талаар баримт байхгүй мөртлөө 150 000 төгрөг төлж соруулсан гэж хэлдэг. 96 дугаар байрын СӨХ-ны асуудлыг 4 сар хариуцахдаа төлбөрөө яг төлсөн, тэр төлбөрөө эргүүлээд манайхыг усыг нь хааж дарамталсан болохоор 600 000 төгрөг буцаан нэхэмжилсэн. 69 дүгээр байрны 300 000 төгрөгийг 94 дүгээр байр төлсөн болгож засаад 2 047 000 төгрөг гэж нэхэмжлэлд тусгасан. Д.Алтантулга өөрөө 94 дүгээр байрны 52 тоотод амьдардаг. Энэ хүн өөрийн байрны төлбөрийг “Элбэг ундраа” СӨХ-д зардлыг нь бичээд өг гээд 2-3 бичүүлчихээд эргүүлээд СӨХ зардалд төлсөн болгож оруулсан. Иймд, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 14.5-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Элбэг ундраа” сууц өмчлөгчдийн холбооноос 1 893 083 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Смартплан” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Алтантулгад холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49 100 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 89 787 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 49 100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар  шийдвэрлэжээ.

 

    Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж “Элбэг ундраа” СӨХ-ны дарга Д.Алтантулга намайг хүндэтгэн үзэх шалтгаантай төрсөн эцэг П.Даваацэрэн маань 2017 оны 3 сарын 27-ны өдөр нас барж, ажил явдал дуусаад буяны 21 хоног хураагаад 2017 оны 4 сарын 17-ны өдөр ирэхэд маргааныг 2017 оны 4 сарын 14-ний өдөр хэлэлцээд шийдсэн байсан. Яагаад намайг оролцуулаагүй талаар асуухад "оролцуулах шаардлагагүй" гэж тайлбарласан. Энэ маргаанд хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан байсан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, нотлох баримт гаргаж өгөх бололцоог олгохгүй, гачигдалтай байгаагаа хэлсээр байтал төрсөн эцгээ нас бараад эмгэнэн гашуудаж Завхан аймагт байгаа намайг шаардлага хангасан баримт ирүүлээгүй, үнэн ч юм уу, худлаа ч юм уу гэж хэлж хүчээр хурал хийсэнийг шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэхээс аргагүй байдалд хүрсэн. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал болох Д.Алтантулга би биечлэн оролцож гомдлын үндэслэлээ тайлбарлах болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

   Нэхэмжлэгч “Смартплан” ХХК нь хариуцагч “Элбэг ундраа” сууц өмчлөгчдийн холбоо болон Д.Алтантулга нарт холбогдуулан дундын өмчийн дулаан буюу халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 1 893 083 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч  4 677 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Смартплан” ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Д.Энхтөртэй орон сууцны ашиглалт болон өмч хөрөнгө хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр “Смартплан” ХХК-д Баянзүрх дүүргийн 94 дүгээр байрны орон сууц ашиглалт, өмч хөрөнгийг шилжүүлж, уг компани нь цаашид тус орон сууцны дулаан ашиглалтыг хариуцах үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 51-52 дугаар тал/

 

            Уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 94 дүгээр байрны орон сууцны дулаан ашиглалтыг “Смартплан” ХХК хариуцаж, үйлчилгээг одоог хүртэл үзүүлж байгаа, уг орон сууц өмчлөгчдөөс байгуулагдсан “Элбэг ундраа” СӨХ нь дундын өмчийн дулаан болон халаалт, цэвэр, бохир усыг ашиглаж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй. Хариуцагч “Элбэг ундраа” сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчийн дулаан буюу халаалт, цэвэр, бохир усны төлбөрийн зарим хэсгийг 2015-2017 оны хооронд төлж ирсэн байна. /хх-ийн 34-40, 46-50, 90, 111-120 дугаар тал/

 

             Хэдийгээр нэхэмжлэгч “Смартплан” ХХК нь орон сууцны ашиглалт болон өмч хөрөнгө хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай гэрээг иргэн Д.Энхтөртэй  байгуулсан боловч уг гэрээний дагуу үйлчилгээг “Элбэг ундраа” сууц өмчлөгчдийн холбоо ашиглаж байх тул  төлбөр төлөх үүрэгтэй болно. Иймд анхан шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар засвар үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа сууц өмчлөгчдийн холбоо нь өөрөө чөлөөтэй сонгох эрхтэй байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй тул төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь зөв.

 

            Хариуцагч “Элбэг ундраа” сууц өмчлөгчдийн холбоо нь цэвэр бохир ус болон халаалтын зардалд 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд төлөх төлбөрөөс 1 893 083 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь баримтаар тогтоогдсон тул шүүх уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 14.5-д заасантай тус тус нийцжээ. /хх-ийн 24 дүгээр тал/

 

            Түүнчлэн анхан шатны шүүх иргэн Д.Алтантулга нь “Элбэг ундраа” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж байгаа нь  тус холбооны бусдад төлөх үүргийг хариуцах үндэслэл болохгүй гэж зөв дүгнэж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Хариуцагч “Элбэг ундраа” сууц өмчлөгчдийн холбооны гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүйгээс гадна, уг холбоо нь тухайн орон сууцны оршин суугчдын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т заасныг зөрчсөн хэдий ч анхан шатны шүүх уг гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгоогүй тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Алтантулгын гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл оролцож мэтгэлцсэн байна. /хх-ийн 192, 214, 220, 230 дугаар тал/ Иймд шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй гэх түүний гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

           

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01304 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 787 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН                                                                                                         

                                                                                                          Г.ДАВААДОРЖ