Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Газрын төлбөр төлөх боломжийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, газрын төлбөрийг тооцож тодорхойлон цахим санд төлбөрийн нэхэмжлэхийг байршуулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, газрын төлбөрийг тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулахыг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 123/2022/0033/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Гоос Төв аймгийн Эрдэнэ сумын Газрын даамалд холбогдууланГазрын төлбөр төлөх боломжийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, газрын төлбөрийг тооцож тодорхойлон цахим санд төлбөрийн нэхэмжлэхийг байршуулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, газрын төлбөрийг тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гын Газрын төлбөр төлөх боломжийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, газрын төлбөрийг тооцож тодорхойлон цахим санд төлбөрийн нэхэмжлэхийг байршуулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, газрын төлбөрийг тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гадна үйл баримтад дүгнэлт өгч, уг шаардлагыг сумын Засаг даргад холбогдуулж гаргах шаардлагад дурдагдсан захиргааны ажиллагаанд газрын даамал хэрэгжүүлэх боломжгүй байсан үндэслэлээр нэхэмжлэгчийн газраа эзэмшихтэй холбогдох газрын төлбөрөө нөхөн төлөх эрх, газрын мэдээллийн санд газрын мэдээллээ оруулах эрх, газар зохион байгуулалтын ажиллагааг хийлгэх эрх сэргэх боломжгүй  гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.  

3.2. Шүүх ийнхүү шийдвэрлэх үндэслэлдээ “... нэхэмжлэгч сүүлийн 2 жилийн байдалд холбогдуулан нөхөн төлөх гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” “... нэхэмжлэгчийн газар эрх сэргэх үндэслэлгүй”, “... газраа ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүйд хамаарах ... хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна”, “... Засаг дарга ... асуудлыг шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан ...”, “Засаг даргаа эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргах ажиллагаа хийгдэж байгаа учир хариуцагч газрын даамал үйлдэл хийх боломжгүй, газрын даамлын үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн  гэж үзэх үндэслэлгүй” гэх дүгнэлтүүд хийснийг зөвшөөрөх боломжгүй байна.

3.3. Юуны өмнө газар эзэмшигчийн зүгээс Эрдэнэ сумын газрын даамалтай уулзаж, амаар болон бичгээр хүсэлтээ гаргаад хүсэлтийг хянаж байх үедээ газрын төлбөр нийт 35,000,000 төгрөг төлөхийг газрын даамал шаардаж байсан нь нотлох баримтаар болон хариуцагч өөрөө тайлбарласаар байтал энэ цаг үед Засаг дарга шийдвэр гаргах ажиллагаа явагдаж байсан гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт хийлээ.

3.4. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан эхний цаг үед шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн шиг бодит байдалд Засаг даргаас ямар ч ажиллагаа явагдаагүй байсан.

3.5. Бодит байдал дээр газар эзэмшигчээс өнгөрсөн хугацааны төлбөрийг одоо нөхөөд төлье, тооцоод өгөөч, нэхэмжлэхээ бичээд төлбөр хүлээж авах боломжийг бүрдүүлээд өгөөч гээд уулзаж байх үед, хүсэлт бичгээр өгөөд хянуулж байх үед “Нээлттэй хаалганы өдөрлөг” явагдаж, иргэдийг газрын асуудлаар төрийн үйлчилгээ авах боломжтой, хуульд заасан үүргээ биелүүлэх боломжийг олгох зорилгоор ажиллагаа явагдаж болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

3.6. Энэ ажиллагааны хүрээнд газар эзэмшигчийн төлбөрөө төлөх боломжийг олгож, хүсэлтийн дагуу газрын даамал мэдээллийн санд оруулах, газрын төлбөрийг тооцож, тодорхойлон, нэхэмжлэлийг бичиж, цахим мэдээлэл байршуулах ажиллагаа хийгдэхгүй байгаад холбогдуулан нэхэмжлэл, гомдол, шүүх хуралдааны тайлбарын агуулгад яригдсан.

3.7. Мөн газар эзэмшигчийн төлбөрөө төлөх боломжийг хязгаарлах нөхөн төлөх эрхгүй болохыг газрын даамал төлбөр төлөхийг хязгаарлах, хориглох, хууль эрх зүйн зохицуулалт байхгүй болохыг шүүхээр нотлох баримтын хүрээнд шалгуулсан мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.

3.8. Яг энэхүү хууль эрх зүйн зохицуулалтад холбогдуулан хариуцагчаас асуулт асуухад ямар ч хууль журамд заасан тайлбар гаргаагүй, шүүх үүнийг тодруулж асуухгүйгээс гадна шүүх нэхэмжлэгчийн гол үндэслэл энэхүү нөхцөл байдалд огт үнэлэлт өгөөгүй орхигдуулсан.

3.9. Засгийн газрын 110 дугаар тогтоол гарснаар газрын даамал холбогдох мэдээлэл оруулах, газрын төлбөрийг тооцож тодорхойлох ажиллагаа хийгдэж, нэхэмжлэх цахим санд байрлах ажиллагааг хийснээр газар эзэмшигч төлбөрийг төлөх боломж бүрдэхээр эрх зүйн зохицуулалт өөрчлөгдсөн бөгөөд үүнийг Засаг дарга бус зөвхөн газрын даамал хийх ажиллагаа байхад шүүх газрын даамал буруугүй гэж, нэхэмжлэгчийн хуулиар хориглоогүй эрх хязгаарлагдсан гэж үзэж байна.

3.10. Иймд шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж, хэргийг бүхэлд нь хянан дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв боловч хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, тогтоох хэсэгт хамаарал бүхий хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Б.Гоос “... газрын төлбөрөө төлөх, мэдээллийн санд бүртгэлээ шинэчлэх, газар дээр ямар нэгэн давхцал үүссэн эсэх асуудлаар тодорхой мэдээлэл авахыг хүсэж, газар зохион байгуулалтыг одоогийн нөхцөл байдалд хийлгэж, газраа ашиглах боломжоо бүрдүүлэх, төлбөрийн нэхэмжлэхийг бичиж өгөхийг хүсэж удаа дараа хандсан боловч газар зохион байгуулагч бухимдалтай байдлаар хандаад ... төрийн үйлчилгээ авч чадахгүйд хүрсэн  ... ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа тодорхой болгож тайлбарлаагүй ... 35.000.000 төгрөг төл гэсэн байдлаар ханддаг ... нэхэмжлэлийг бичиж өгөхгүйгээр яаж хэрхэн тооцож байгаа нь ойлгомжгүй ... газрын даамал хүсэлтийг шийдвэрлэхгүй, боломжгүй, нэхэмжлэхийг бичиж өгөхгүй гэж эс үйлдэхүй гаргасан ... 2020 оны Засгийн газрын тогтоол болон 186 дугаар тушаалаар газрын төлбөр төлөх нөхцөл өөрчлөгдөж нэхэмжлэгч өөрөө төлөх боломжгүй болсон ... зөвхөн газар зохион байгуулагчийн үйл ажиллагаа хийгдсэний үндсэн дээр хэдэн төгрөгийг, хэрхэн ямар дансанд төлөх нь тодорхой болдог болсон ...” гэсэн үндэслэлээр “Газрын төлбөр төлөх боломжийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, газрын төлбөрийг тооцож тодорхойлон цахим санд төлбөрийн нэхэмжлэхийг байршуулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, газрын төлбөрийг тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “... Газар эзэмшигч 2008 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ... Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас газар эзэмшигчдийг газрын төлбөрөө төлж, газар эзэмших гэрээг нь дүгнүүлж ажиллахыг олон нийтэд удаа дараа мэдээлсэн ... цахим систем үүсдэггүй байсан үе буюу төрийн сангийн данс руу шууд төлдөг байх, гэрээнд дурдсан данс руу шууд төлөх нөхцөл байдал газар эзэмшигчид 2020 оныг хүртэл байсан ... 35.000.000 төгрөгийн газрын төлбөрийн тооцоолол нь энэ нэгж талбарын газрын төлбөрийн үнэ биш ... иргэн Г өөр өөр нэгж талбарт нийт 10 га газар эзэмшдэг ...14 жилийн хугацаанд хамаарах тухайн үед хэрэгжиж байсан шийдвэрийн дагуу төлбөрийг тооцоолж тайлбарлаж өгсөн  ...” гэсэн хариу тайлбар гаргаж маргасан байна.

5. Анхан шатны шүүх “... Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35.3.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасны дагуу газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, ... үүрэгтэй байтал энэ үүргээ газрыг эрх шилжүүлэн авсан буюу 2008 оноос хойш биелүүлээгүй ... нэхэмжлэгч иргэн газрын төлбөрөө хариуцагч газрын даамлаас үл хамаарах байдлаар 2008 оноос 2020 оныг хүртэл 12 жилийн турш шууд төлөх нөхцөл боломж нь нээлттэй байсан атал төлөөгүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  хэсэг үндэслэл бүхий болсон байна.

5.1. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна” гэж, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д “Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж тус тус заасан байна.

5.2. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч иргэн 2008 оноос 2020 оныг хүртэл 12 жилийн турш шууд төлөх нөхцөл боломж нь нээлттэй байсан атал төлөөгүй, газраа мөн зориулалтын дагуу ашиглах боломж нь хэн нэгнээс үл шалтгаалах байдлаар ашиглах боломж нь байсан атал ашиглаагүй ... тус сумын Засаг даргаас эрх мэдлийн хүрээнд захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хийгдэж байгаа учир хариуцагч сумын газрын даамлын зүгээс нэхэмжлэгчийн дээрх зөрчлийг зөвтгөх үйлдэл хийх боломжгүй ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

5.3. Хэрэгт авагдсан баримтаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 299 дүгээр захирамжаар “Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ард байрлах аялал жуулчлалын зориулалтаар 4 га газрыг Бямбаагийн Год 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших, газрын төлбөрийг жил бүр гэрээнд заасны дагуу төлөх, Байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээг хийлгэж батлуулахыг даалгаж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0102610 дугаар гэрчилгээг олгожээ.

5.4. Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.2-т “Газрын төлбөрийн хэмжээ: Есөн зуун жаран мянган төгрөг”, 2.3-т “Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн 140000943 тоот дансанд шилжүүлнэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч 2008 оноос хойш Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан үүргийн хүрээнд газрын төлбөрийг тооцож төлөх үүрэгтэй байтал гэрээнд заасны дагуу газрын төлбөр төлөөгүй, ийнхүү төлөөгүй нь хариуцагч газрын даамлын буруутай үйл ажиллагааны улмаас газрын төлбөр төлөх бололцоогүй байсан гэж үзэх үндэслэлгүй буюу нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөх бололцоо олгохыг хүссэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан, хариуцагч шийдвэрлээгүй талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байх тул хариуцагчийг газрын төлбөрийг тооцож тодорхойлон цахим санд төлбөрийн нэхэмжлэхийг байршуулаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүх газрын төлбөрийг тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

5.6. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” тогтоолоор Газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, чанарын хяналтын үнэлгээний мониторингийн сүлжээ, газрын биржийн болон газрын үнэлгээ, төлбөр, татвар, хураамж, газрын кадастрын бүртгэлийн цахим систем бүхий газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлж, улсын хэмжээнд хэрэгжүүлж газрын үнэ, үнэлгээг тогтоох, газрын төлбөр, татварыг ногдуулах, хураах цахим санд байршуулах чиг үүргийг Газрын даамал хэрэгжүүлэхээр болсон ч нэхэмжлэгч газрын төлбөрийг төлөх талаар газрын даамалд газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдээллэхээс өмнө болон эрх зүйн зохицуулалт өөрчлөгдсөнөөс хойшхи хугацаанд ч газрын төлбөрийг төлөх талаар хандаж байгаагүй байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй, газар эзэмшигчийн тухайд нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байтал энэхүү үүргээ биелүүлээгүй, биелүүлэх талаар ямар нэгэн идэвх зүтгэл гаргаагүй гэж үзэхээр байна.

5.7. Иймээс нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гадна үйл баримтад дүгнэлт өгч, уг шаардлагыг сумын Засаг даргад холбогдуулж гаргах, шаардлагад дурдагдсан захиргааны ажиллагааг газрын даамал хэрэгжүүлэх боломжгүй ... эрх сэргэх боломжгүй ... Засгийн газрын 110 дугаар тогтоол гарснаар ... Засаг дарга бус зөвхөн газрын даамал хийх ажиллагаа байхад шүүх газрын даамал буруугүй гэж дүгнэсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5.8. Хэдийгээр 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №098 (3653) дугаар Өглөөний сонинд “... Төв аймгийн Эрдэнэ суманд газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн анхааралд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 ... 40.1.6 ...  заалтуудыг зөрчсөн ... иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 ... д заасны дагуу мэдэгдэж байна. Үүнд: Бямбаагийн Г Төв аймаг Эрдэнэ сум 1-р баг, Баяндавааны ард 4.0 га, Аялал жуулчлал, 2008.08.20, Газар эзэмшүүлсэн шийдвэрийн дугаар 299 ...” гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байх боловч хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “газрын төлбөр төлөөгүй, 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэр гаргаж, нэхэмжлэгчээс энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байх тул төлбөрийн нэхэмжлэх бичих, газар эзэмших эрхийг үргэлжлүүлэхээс татгалзсан гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл бүрдсэн болох нь нотлогдож байгаа ...” гэж дүгнэж, улмаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг баримталсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгээс холбогдох хуулийн зохицуулалтыг хасч өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “ ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6” гэснийг хасч, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

 

                     ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ