Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 27

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ч.Насанбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижавт холбогдох,

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижавын гаргасан 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Насанбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Амартүвшин

Хариуцагч: Б.Дархижав

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Отгонбаяр

Гуравдагч этгээд: О.Мөнгөн-Од

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижавын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар санхүүгийн хяналт, аудитын мэргэжилтнээр ажилд орсон ба ажиласан өдрөөсөө эхлэн өөрт оногдсон үүрэгт ажлаа ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүйгээр нэр төртэйгээр хийж байсан. Гэтэл намайг ажиллаж байх хугацаанд Б.Дархижав дарга нь хувийн байдлаар хандаж үл тоомсорлож ямар нэгэн шалтаг гаргаж ажлаас халах шалтгаан хайж эхэлсэн. Миний бие нь энэ ажилд орохдоо Авлигатай тэмцэх газрын албан бичиг болон энэ ажлыг эрхлэхэд ашиг сонирхлын зөрчилгүй байсан учраас хууль тогтоомжийн дагуу материалаа бүрдүүлж орсон.

Гэтэл намайг төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй гэсэн үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаартай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн ба 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар түр хугацаагаар ажилд буцаан томилсон.

Улмаар төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын дагуу шалтгалтаа 2018 оны 12 дугаар сард өгч 82.2 оноогоор дэс түшмэлийн ангилалд тэнцсэн.

Гэтэл Б.Дархижав дарга нь бас л өөр шалтгаан гаргаж ирэн 2019 оны 02 дугаар сарын 13ны өдрийн Б/04 тоот тушаалаар ..авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөх үндэслэгүй юм. Учир нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих шийтгэл авч үүнийг нь давж заалдах шатны шүүхээр өөрчилж уг шийтгэпийг нэг жилийн хугацаагаар тэнссэн ба уг хугацаа нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дууссан.

Өөрөөр хэлбэл ял шийтгэлгүйд тооцогдсон. Энэ талаархи Цагдаагийн газрын лавлагаа байгаа юм. Гэтэл намайг шинээр өөрчлөгдсөн Төрийн албаны тухай хуулийг баримталж ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна.

Энэ талаар Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан ба хариу нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ирэхдээ ...ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж ирсэн.

Монгол Улсын хууль тогтоомж шинэчлэгдэж мөн өөрчлөгдөн гарахдаа Монгол Улсынхаа иргэнийхээ эрх зүйн байдпыг дордуулж хэрэглэгдэхгүй байх учиртай гэж миний зүгээс ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалт нь тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс дагаж мөрдөгдөхөөр болсон ба өмнө нь шийтгүүлж байсан этгээдэд хамаарахгүй гэж ойлгож байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижавын гаргасан 2019 оны 02 дугаар сарын 13ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах үеийн хугацаагаар шийдүүлэх хүсэлтэй байна...гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Албаны дарга Б.Дарихжав би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр санхүүгийн хяналт шалгалтын мэргэжилтэнээр Чойжилжав овогтой Насанбатыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нар дэмжиж байсан учир тэдний хүсэлт, дэмжлэгээр ажилд авсан юм.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн ял, хариуцлага хүлээсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны учир Ч.Насанбатыг Гааль, Татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ажлаас халагдсан тушаалыг 2018 оны 9 сарын 21-ний өдөр хүлээн аваад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход мэргэшлийн шалгалт өгнө гэж заасны дагуу төрийн албаны шалгалт өгөөгүй, шүүхээр ял шийтгэгдэж байсан учраас ажлаас чөлөөлж, төрийн жинхэнэ албанд хууль бус томилгоо хийсэн алдаагаа Засгийн газрын 258 дугаар тогтоолын хүрээнд залруулж 2018 оны 9 дүгээр сард аймгийн Засаг дарга, төрийн албаны салбар зөвлөлд тайлагнаж 2018 оны 10 дугаар сарын 03-нд Ч. Насанбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч Аймгийн засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, хууль зүйн бодлогын хэлтсийн дарга нар ажилд авахыг үүрэг болгон шаардснаар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажилд түр хугацаагаар авсан юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ санхүүгийн хяналт, аудитын мэргэжилтнээр ажилд орсон өдрөөсөө үүрэгт ажлаа ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүйгээр нэр төртэйгээр хийж байсан гэжээ. Гэтэл Санхүүгийн хяналт аудитын албаны даргын 2018 оны 06 дугаар сарын 27-ны А/13 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан талаар холбогдох тушаал, баримтыг хавсаргав.

Төрийн албаны шинэ хууль 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, уг хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэхгүй байгаа учраас Ч.Насанбатыг ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2019 оны 01 сарын 13-ны өдөр өгч, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн юм.

Ч.Насанбат нь төрийн үйлчилгээний албанд ажиллаж болох боловч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага: 22.1.Хуульд өөрөөр заагаагүй бол .төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно: 22.1.3.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх; гэсэн заалттай харшилсан байгаа тул ажлаас чөлөөлөхөөс аргагүй байдалд хүрсэн.

Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаагийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар албан бичигт Ч.Насанбатын шүүхээр шийтгэгдсэн тогтоолыг хавсаргасан боловч эрүүгийн хариуцлага хүлээгээгүй гэж нотлогдож байгаа тул Ч.Насанбат нь төрийн албанд харшлах зүйлгүй , Ч.Насанбатын хүлээсэн ял шийтгэл дуусгавар болсныг нотолсон, ажпаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж тодорхойлсон албан бичгүүдийг 3 удаа ирүүлсэн... гэв.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие О.Мөнгөн-Од нь Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б.Дарихжавын Б/08 дугаартай тушаалаар санхүүгийн хяналт шалгалтын мэргэжилтэн, дотоод аудитороор ажиллаж байна.

Иргэн Ч.Насанбатын нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд тус нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар Санхүүгийн хяналт шалгалтын мэргэжилтэнгээр түр ажиллаж байсан Ч.Насанбатыг үүрэгт ажлаас Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны А/433 дугаар захирамжаар батлагдсан албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4, 2.5 тус байгууллагын даргын 2018 оны А/19 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.10, 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн төрийн албанаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ч.Насанбат нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижавын гаргасан 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны актад дурдсанаар нэхэмжлэгчийг Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн боловч авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгэгдэж байсан нь илэрч төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр буруутгажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон холбогдох нотлох баримтуудаас үзэхэд Ч.Насанбатыг Санхүүгийн хяналт шалгалтын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижав нь нэхэмжлэгч Ч.Насанбатыг Санхүүгийн хяналт шалгалтын мэргэжилтэн-ий албан тушаалд томилж ажиллуулахдаа хууль, журмын дагуу шаардлага хангасан байдлыг харгалзан томилох үүрэгтэй бөгөөд шаардлагыг хангасан гэж анх томилон ажлуулсан атлаа дараа нь хуулийн дагуу томилогдоогүй гэж өөрийн шийдвэр, үйл ажиллагаагаа үгүйсгэж, ажлаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т ... хууль дээдлэх зарчмыг баримтална гэж заасантай нийцээгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаат эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Насанбатыг буюу төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг дүгнэн маргаан бүхий актыг гаргахдаа энэ харилцааг зохицуулсан хууль журамд нийцүүлээгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна гэж дүгнэв.

 

Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг судлавал: Маргаан бүхий актын үндэслэл болсон заалтууд нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, /төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага/ мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 төрийн албанаас сахилгын шийтгэлээр болон хууль тогтоомжид заасан үндэслэл журмаар халагдсан өдрөөс хойш төрийн албанд эргэж орох хуульд заасан хугацаа дуусгавар болоогүй, тодорхой хугацаагаар төрийн жинхэнэ алба хаах эрх хасагдсан иргэний уг хугацаа дуусаагүй, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 ...Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ... зэрэг харилцааг тус тус зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх үйл баримтад нийцээгүй байна.

Маргаан бүхий захиргааны актад ...Ч.Насанбат нь... авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгэгдэж байсан нь илэрч төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг хангахгүй байгаа тул... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг хуулийн үйлчлэх хэмжээ хязгаараас үзвэл Ч.Насанбатын томилогдсон үйл баримтад буцаан хэрэглэх үндэслэлгүй байна. Маргаан бүхий захиргааны акт нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гарсан.

Хууль шинэчилэн батлагдсан нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх шууд үндэслэл болохгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.

Хариуцагч нь хэрэглэх хуулийг буруу хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Ч.Насанбатын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно... гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгч Ч.Насанбатын урьд ажиллаж байсан үеийн албан тушаалын цалингийн тооцоонд үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ... гэж, мөн журмын 7-гийн а-д ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр... тодорхойлохоор заасны дагуу тооцоолон нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1051598 / нэг сая тавин нэгэн мянга таван зуун ерэн найман / төгрөгөөр бодож, нэг сарын ажиллавал зохих ажлын хоногийг дунджаар 22 хоногоор тооцож, нэг өдрийн ажлын цалин 47799.9 /дөчин долоон мянга долоон зуун ерэн ес/ төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацааг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажиллавал зохих ажлын хоногоор тоолж нийт 154 хоног ажиллахаар бодож, дундаж цалинтай тэнцэх олговор нийт 7361185 / Долоон сая гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун наян тав / төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны газраас гаргуулан нэхэмжлэгч Ч.Насанбатад олгох нь зүйтэй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижавын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, Ч.Насанбатыг өмнө нь ажиллаж байсан албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын мэргэжилтэний ажилд эгүүлэн томилсугай.

2. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Насанбатад 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны буюу ажлын 154 хоногийн цалин 7361185 / Долоон сая гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун наян таван / төгрөгийг Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны газраас гаргуулан олгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас гаргуулан нэхэмжлэгч Ч.Насанбатад олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.БАЙГАЛМАА