| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2021/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/52 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/52
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Хантөгс,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Ц.Ц түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б- овогт Ц-ийн Ц-д холбогдох эрүүгийн 2117000370060 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 07-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 43 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, .................. гэх газар оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Б- овогт Ц-ийн Ц /РД: .............../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Ц нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Ханан гэх газар иргэн Б.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг үсдэх, нүүрэн тус газар нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ц нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүмбэр сумын 6 дугаар баг, Ханан гэх газар иргэн Б.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг үсдэх, нүүрэн тус газар нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн оройн няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүмбэр сумын 6-р баг, Булинга гэх газар байх худаг дээр мал усалчихаад өдөр 3 цагийн үед гэрийн ард гараад худаг руу харсан чинь манай худгийн хажууд айл буугаад гэр барьчихсан байсан. Тэгээд нөхөр Э бид 2 гэрт нь очсон чинь хүн байхгүй түгжээтэй байхаар нь 17 цагийн үед Нынд нөхөр бид 2 очсон. Гэрт нь Н түүний эхнэр Д, Тгийн эхнэр Н гэх эмэгтэй, өөр бас 2 танихгүй залуу байсан. Тэгээд орж очоод худгийн хажууд юун айл буулгачихаваа гэтэл хэнийг буулгахаа би мэдэж байна, худгаа булаад хороогоо аваад зайл гэж Н хэлсэн. Тэгээд Н нь манай нөхөртэй хэрэлдээд байхаар нь за больё гээд гэрээс нь гараад явсан чинь Д араас давс цацаад хашгичаад байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд шороо цацсан. Тэгсэн чинь Д над руу дайраад бид 2 түлхэлцсэн Дгийн хүүхэд хажууд байсан Д хүүхэддээ хандаад утсаар бичлэг хий гээд байсан. Тэгээд салаад машиндаа суусан чинь Д машины хаалга нээгээд намайг үсдээд машинаас буулгасан. Тэгээд үснээс зулгаагаад доош нь дараад байсан би үснээс нь зулгаах гээд чадаагүй үсэнд нь хүрээд өнгөрсөн. Тэр үед л шүдийг нь цохичихсон юм шиг байна лээ. Тэгсэн чинь Н гэрээсээс гарч ирээд эхнэрээ аваад гэрлүүгээ орсон, манай нөхөр бас намайг аваад машинд суулгасан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 65-р тал/
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2015 онд билүү 2016 оны үед манай нөхөр Нын найз Э буух газаргүй, өвөлжих хаваржих газаргүй байсан бөгөөд дүү Эийн өвөлжөөн дээр бууя гээд гуйгаад байхаар нь нөхөр бид 2 тухайн айлыг дүү Эийн өвөлжөө буюу Сүмбэр сумын 6 дугаар баг, Булинганы бууц гэх газар буулгаад эзэн нь Э гээд хүн байгаа шүү, тэр хүнтэйгээ өөрсдөө яриарай гэж хэлж байсан юм. Тэгээд тэр өвөлжөөнд Эынх одоог хүртэл өвөлжиж хаваржиж байгаа юм. Энэ хоорондоо Эынх өвөлжөөний хөлс гээд 1000 блок Эийнд өгсөн байснаас өөр ямар нэгэн хөлс өгөөгүй гэж Э хэлж байсан. Тэгээд манай нөхрийн дүү Э манай нөхөр бид хоёрт та хоёрын буулгасан айл чинь хөлс мөнгө өгөхгүй байна гээд уурлаад байдаг байсан. Тэгээд Э 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өвөлжөөнийхөө баруун талд байдаг худгийнхаа хойд талд өөрийнхөө таньдаг Н гэдэг хүний гэрийг буулгасан байсан. Тэгээд тэр өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт мөн нүүж ирсэн айлын Н гэдэг хүн бас танихгүй 2 залуугийн хамт байж байтал манай гэрт өдрийн 16 цагийн орчимд Э эхнэр Ц гэдэг эмэгтэйтэй хамт ирсэн. Тэр хүмүүс орж ирэхдээ нэлээн ууртай та нар манай худаг дээр гэр барьсан байна, энэ чинь манай худаг, манай өвөлжөө гээд уурлаад байхаар нь би мэдэхгүй, эзэн нь буулгасан, эзэнтэй нь ярь гэж хэлээд Ныг заасан.Тэгтэл Эын эхнэр янз бүрээр хэлээд хашиграад байхаар нь би та нар гар гээд гэрээс гаргасан тэгтэл Ц гэдэг эмэгтэй гэрийн гадаа гарчихаад янз бүрээр хэлээд шороо цацаад байхаар нь манай гэрт хар энерги орж ирж байгаа юм шиг надад маш муухай санагдсан. Тэгээд би гэрийнхээ гал тогооны шүүгээн дээр байсан савтай давснаас гараараа атгаж аваад Цгийн зүгт цацсан. Тухайн үед Цгоос нэлээн зайтай байсан. Тэгээд гэрийн гадаа зогсож байтал Ц над руу хүрч ирээд миний 2 гарын булчин, цээж хэсэгт гараараа цохиод байхаар нь цаашлуулах санаатай ганц нэг удаа түлхэж гарыг нь барьж аваад хашаанаас гаргасан. Тэгээд Ц надаас холдоод машиныхаа хажууд байж байхаар нь тайвшрах байх гэж бодоод давсныхаа савыг авах гээд машиных нь хажууд очсон чинь Ц буцаж ирээд миний үснээс 2 гараараа зулгаагаад доош нь дарсан, тэр үед би хойшоо хөл алдаад унах гэхээр нь би Цгийн үснээс нэг гараараа зулгаагаад нөгөө гараараа шуун дээрээс нь бариад автал Ц толгойгоороо миний шүд рүү мөргөчихсөн. Тэгтэл Цгийн нөхөр нь гүйж ирээд эхнэрийгээ тэвэрч авч яваад машиндаа суулгачихсан. ...” гэх мэдүүлэг /хх 5-9-р тал/,
Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Н эгчийн гуйлгаар Сүмбэр сумын 6-р баг Булига гэх газар гэр барих ажлаар Б гэх залуутай Н эгчийн хамт очсон юм. Тэгээд гэрээ барьж дуусаад өдөр 15 цагийн үед Сүмбэр сумын 6-р баг Ханан гэх газар байх Н гэж айлд очоод хоол унд идэх гээд байж байсан чинь гаднаас Э гэх зүс таньдаг ах эхнэр Цгийн хамт орж ирээд манай худгийн хажууд хэн гэр барьсан бэ нэлээн ууртай бололтой орж ирээд Н болон түүний эхнэр Дтэй хэрүүл хийгээд байсан, Н хаана хүн буулгахаа би мэдэж байна та нар битгий хэрүүл хийгээд бай гээд гэрээсээ гаргасан. Тэгээд Э ах түрүүлж гараад араас нь эхнэр нь гарсан, бөөн хэрүүл шуугиан болж байгаад гэрээс гарсан. Гэрт зодоон нүдээн болоогүй хэрэлдэж байгаад л гарсан тэгсэн чинь араас нь Д давс аваад гарсан Н ахын хүү Л ээжийнхээ араас гарсан. Тэгээд гэрийн гадаа хэрэлдээд байгаа бололтой шуугиад байхаар нь би араас нь гараад очсон чинь Н ах эхнрэтэйгээ гэрлүүгээ орж байсан, Э ах эхнэрийгээ машинд суулгаад хөдөлж байсан. Яг зодолдсоныг нь би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн үед Сүмбэр сумын 6-р багт байх гэртээ аав Н, ээж Д, Н эгч түүнтэй хамт ирсэн 2 ахын хамт байж байсан чинь Э ах эхнэр Ц эгчийн хамт манайд ирсэн тэгээд гэрт орж ирээд аав ээж хоёртой хэрэлдээд байсан тэгсэн чинь аав тэр 2 хүнийг гар зайл, гэрт хэрүүл битгий хийгээд бай гэж хөөсөн. Тэгээд Э ах гэрээс гарч яваад араас нь эхнэр нь гарсан. Ээж бас гэрээс гараад гэрийн гадаа Ц эгчтэй маргалдаад өөд өөдөөсөө шороо давс цацаад байсан тэгэж байгаад Ц эгч ээж рүү дайраад байсан чинь ээж түлхээд хашаанаас гаргасан. Э ахын машины хажууд ээж Ц эгч 2 нэг нэгнийхээ үснээс зулгаачихсан байж байгаад ээж надад хандаад утсаа авчирч бичлэг хий гэсэн би тухайн үед утсаа гэртээ орхисон байсан учраас бичлэг хийгээгүй. Тэгтэл аав гэрээс гарч ирээд ээжийг аваад орсон Э ах бас эхнэрээ салгаж аваад машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд Наас яагаад худгийн хажууд айл буулгачихаа вэ гэсэн чинь би хүнд зарчихсан, чи худгаа булаад хороогоо аваад зайл гээд маргалдаж байгаад би гэрээс нь гарсан. Манай эхнэр маргалдаад үлдсэн. Гэрээс нь гараад байж байхад манай эхнэрийн дуу чангараад байхаар нь эргээд гэр лүү нь орох гэсэн чинь өөдөөс манай эхнэр Ц гараад ирэхээр би эхнэрээ аваад машиндаа суух гэтэл араас Нын эхнэр Д гарч ирээд давс цацаад байсан. Тэгтэл манай эхнэр уурлаад шороо цацаад Д манай эхнэр Ц 2 барьцалдаж аваад нэг нэгнийхээ үснээс зулгаах гээд байсан. Хажууд нь нэг хүүхэд байсан чинь Д хүүхдээ бичлэг хий гээд хашиграад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Би тухайн үед гэртээ сууж байтал гэрийн гадаа хүмүүс орилж хашиграад байхаар нь би гэрээсээ гартал Ц гэх эмэгтэй манай эхнэр Дгийн үснээс нь зулгаагаад дарчихсан байсан ба нөхөр Э нь хараад зогсож байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгатал Ц-ийн нөхөр гүйж ирээд эхнэрээ машиндаа суулгасан. Тэр хооронд Ц гэх эмэгтэй манай эхнэрлүү янз бүрээр хараагаад орилоод байсан. Тэгээд би эхнэрээ дагуулаад гэртээ ортол манай эхнэр миний шүдийг унагаачихсан байна гэхээр нь хартал түүний дээд талын үүдэн шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ........... регистрийн дугаартай Д гэх эмэгтэй шүдээ хүнд цохиулаад хугалсан гэж ирсэн. Үзлэг хийхэд Дгийн баруун дээд талын үүдэн шүд хугарсан, ёзоор үлдэж буйл нь улайж хавагнасан байсан. Тухайн шүд нь ташуу хугаралтай эмчилгээ хийх боломжгүй байсан учир мэдээ алдуулж ёзоорыг авсан. Тэгээд би Дд 3 хоногийн эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Тухайн шүдний хугарал гэмтэл нь шинэ хугарал гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Ц.Ц нь Сүмбэр сумын 6-р багт нөхрийн хамт мал маллаж амьдардаг, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн хүн байгаа юм. Төлөв даруу зантай, хүнтэй эвтэй найртай харьцаатай, архи дарс хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 143 дугаартай дүгнэлтэд:
- Б.Дгийн биед баруун үүдэн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэмтлүүд учирчээ.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Б.Дгийн биед үүсэн баруун үүдэн дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Сэргэлэн гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р тал/
Шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 134 дугаартай дүгнэлтэд:
- Ц.Цгийн биед толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал, үс зулгаагдсан гэмтэл учирчээ.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 35-р тал/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Д, гэрч Ж.Н, Б.Э, Д.Ариунаа, насанд хүрээгүй гэрч Н.Л нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №143 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Ц.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2117000370060 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид нөхөн төлөх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ