Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Ц.Л

хохирогч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-ын Лд холбогдох эрүүгийн 2117000000065 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Адил-Оч ХХК-д харуул ажилтай, ам бүл 1, Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 1 дүгээр баг Аяганы хонхор Адил-Оч ХХК-ны байранд түр оршин суух /Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу гудамж, 11 дүгээр байрны ........... тоотод оршин суух албан ёсны хаягтай/, хэрэг хариуцах чадвартай,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 18-ны 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 201 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор үлдсэн 1 жил 10 сар 08 хоногийг өршөөн хэлтрүүлж байсан, Б овогт Ц-ын Л /РД: ................/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.Л нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11-5-102 тоотод 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Н.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг орон дотроо хэвтэж байхад нь бэлэг эрхтэнээс /төмсөг/ нь гараараа базахдаа зүүн гарын чигчий хурууны хумсаараа хуухнагт урагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Л нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11-5-102 тоотод 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Н.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг орон дотроо хэвтэж байхад нь бэлэг эрхтэнээс /төмсөг/ нь гараараа базахдаа зүүн гарын чигчий хурууны хумсаараа хуухнагт урагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ц.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаа тараад Сүмбэр сумын 3-р баг 11-р байранд Б-ын гэрт очсон. Намайг очиход тэр эхнэр хүүхдүүдтэйгээ байсан бөгөөд намайг очсоны  дараа эхнэр хүүхдүүд нь гадаа салхилна гээд гарсан. Б бид 2 үлдсэн. Тэгэхээр нь би дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авч уусан. Б архи ууж байгаад тасраад унтаад өгсөн. Намайг өглөө сэрэхэд эхнэр хүүхэд нь байхгүй болохоор нь Бас асуухад найзындаа очиж хононо гээд явсан гэсэн. Урд орой нь архи уугаад согтсон байсан болохоор эхнэр хүүхдийг нь орж гарахыг огт мэдээгүй. Тэгэхээр нь урд өдөр нь авсан байсан 0,5 литрийн Хараа нэртэй архиа гаргаад Бтай хуваагаад уусан. Ууж дуусахад Б нилээн согтчихоод хашгичаад орилоод байсан. Тэгэхээр нь би эхнэр хүүхдээ ингэж байгаад хөөгөөд явуулчихсан юм биш үү гэж хэлээд эхнэр лүү нь залгахад найзындаа байна гэж хэлсэн. Намайг архи ууж дуусчихаад газар хэвтэж байхад Б над дээр ирээд манай эхнэр хүүхдийг чи хааш нь хийчих вэ гээд согтчихоод миний хажууд ирээд орилоод байсан. Тэгэхээр нь би чамтай адил бузар бишээ гэж хэлээд түүний төмсөгнөөс зүүн гараараа атгаад татсан. Тэгэхэд Б өвдөж байна ш дээ гэж хэлээд цаашаа яваад өгсөн. Тэгээд байж байтал эхнэр нь 2 хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Б эхнэртээ төмсгөө үзүүлэхэд эхнэр нь түргэн дуудаад эмнэлэг рүү аваад явсан...Миний хувьд Бас уучлал гуйсан. Хийсэн зүйлдээ маш их харамсаж байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16, 31-р тал/

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны  06 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед Л ээлжнээс буучихлаа гээд манайд ирсэн. Ирэхдээ 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авчирсан бөгөөд тэр өмнө нь архи уучихсан халамцуу байсан. Авчирсан архийг бид 2 хувааж уусан. Архи уух үед манай эхнэр хүүхэд салхилах гээд гараад явчихсан байсан. Манайд бид 2-оос өөр хүн байгаагүй. Тэгээд Л манай гэрт хоносон. Авчирсан архийг уугаад би тасраад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд манай эхнэр 2 охинооо дагуулаад гаднаас орж ирсэн бөгөөд та 2 архи уучихсан байна. Би найзындаа очиж хонолоо гэж хэлээд 2 охиноо дагуулаад гараад явчихсан. 2021 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед унтаж байгаад сэрэхэд Л 0,5 литрийн Хараа нэртэй архи гаргаад ирсэн. Хаанаас авчирсаныг нь мэдээгүй. Би архи уугаад амархан согтдог бөгөөд Лгийн задалсан 0,5 литрийн Хараа нэртэй архийг уугаад согтоод унтах гээд орондоо орчихсон байхад Л над руу агсраад байсан. Тэгэхээр нь би түүнд зүгээр бай, унтая гэж хэлэхэд чи миний дүү /манай эхнэр Ж.Г-ыг хэлж байгаа/ хааш нь явуулчихсан юм бэ олж ир гээд байсан. Тэгэхээр нь би ороод ирнэ ш дээ найзындаа хонох гээд явчихсан гэхэд чи хөөгөөд явуулчихсан юм биш үү, чи ер нь ямар хаашаа хүн бэ гээд босож ирээд миний хөнжлийг сөхөөд бандааштайгаа хэвтэж байхад миний бандаашийг татаж байгаад миний бэлэг эрхтэн төмсөгний орчмоор базаад татсан. Татахад нь өвдөхдөө болоод би босоод ирсэн. Тэгэхэд маш их өвдсөн. Түүний гарын чигчий хуруу нь их урт хумстай бөгөөд тэр хумс нь миний бэлэг эрхтэний төмсөгийг зүсчих шиг болсон. Тэр хэсгээс нь цус гараад өвдөөд байсан. Тэгээд удаагүй байж байтал эхнэр хүүхдүүд ороод ирсэн. Тэгэхээр нь би эхнэрийгээ угаалгын өрөөнд дагуулж ороод болсон асуудлын талаар хэлэхэд тэр гар утсаараа зургийг нь дараад надад үзүүлсэн...Миний хувьд ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй  ...” гэх мэдүүлэг /хх 8-9-р  тал/,

Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...тэгээд гэртээ ороод байж байтал манай нөхөр намайг дуудаад 00-ын өрөөнд орсон. Тэгээд нөхрийгөө дагаад ороход манай нөхөр Б нь Л миний бэлэг эрхтнийг базаад мушгиад хумсаараа зүсчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад бэлэг эрхтнийг нь үзэхэд төмсөгний доод хэсэгт зүсэгдсэн шархтай, шархнаас цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би гар утсаараа түүний төмсөгний зүсэгдсэн шархны зургийг дарж аваад айсандаа шууд нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэгт очиж оёдол тавиулсан.Манай найз М өөрийн найз О гэх эмэгтэйг одоогоос 20 гаран хоногийн өмнө надтай танилцуулсан. Надтай танилцсан өдрөө О манайд ирж хоносон. Хонодог шөнө нь манайд Б, Л нар байсан бөгөөд тэр 3 архи ууцгаасан. Би өөрөө архи уудаггүй болохоор эрүүл байсан. О-ыг хонодог шөнө би үүрээр бие засах гээд сэрэхэд манай нөхөр О-тай бэлгийн ажил хийж байсан. Би түүнийг нь нүдээрээ харсан. Харчихаад би шөнө хүүхдүүд унтаж байхад хэрүүл маргаан үүсгээд яахав гэж бодоод дуугүй өнгөрсөн. Л манай нөхөртэй тухайн эмэгтэйг булаацалдаад байсан. Миний бодлоор энэ 2-ын маргалдах шалтгаан нь тухайн хүүхнээс болж маргалдсан байх тэгээд л Л манай нөхрийн төмсөгийг базсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 180 дугаартай дүгнэлтэд:

- Н.Б-ын биед хуухнагт урагдсан шарх гэмтэл учирчээ.  

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/ зэрэг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, өршөөл үзүүлэх комиссын тогтоол, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 35-45-р тал/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б, гэрч Ж.Г нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №180 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч Ц.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ц.Л нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 2117000000065 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ц-ын  Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.АРИУНЖАРГАЛ