Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/54

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын У-д холбогдох эрүүгийн 2117000310061 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт М-ын У /РД:/ Өвөрхангай аймгийн Хужирт суманд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлайн 5 дугаар баг, Гуагийн 31-8 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, урьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн гэх,

Холбогдсон хэргийн талаар

яллах дүгнэлтэд тэмдэглэснээр:

Яллагдагч М.У нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын 1-18 тоотод байх иргэн Б.Н-гийн гэрт унтаж амраад гарч явахдаа түүний гадуураа улаан өнгийн гэртэй “Samsung galaxy S8” маркийн гар утас, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 329 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч М.У нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өглөө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын 1-18 тоотод оршин суух Б.Н-гийн гэрт хоноод явахдаа түүний гадуураа улаан өнгийн гэртэй “Samsung galaxy S8” маркийн гар утас, Хаан банкны виза карт зэргийг хулгайлж   329 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өглөө нь Н эгчийн эгчтэй нь хамт Говьсүмбэр аймаг яваад Баянтал суманд буцаж ирээд 2 цагийн үед М ахынд очиж хувцсаа солиод Н эгчийнд очсон. Бид нар Говьсүмбэр аймгаас ирэхдээ нэг пиво, нэг шил архи авч ирсэн. Бид хэд архиа ууж байгаад дэлгүүр хаахаас өмнө 2 архи авч уусан. Би шөнө 3 цагийн үед сэрээд босч ус уугаад унтаад өгсөн. Тэгээд өглөө 4 цагийн үед босоод толгой дээр нь байсан утсыг нь аваад өөрийнхөө халаасанд хийснээ мартсан. Улаанбаатар хот руу явах зар тавьсан байхаар нь яриад Улаанбаатар хот руу явсан. Би гар утсыг заръя гэж бодож аваагүй. Санамсаргүй байдлаас зураг татаж авах гэж аваад согтуу байсан болохоор халаасандаа хийгээд мартсан. Гар утас нь цэнэгтэй байсан. Би утсыг аваад унтраасан. Би хохирогчид карт, улаан гэртэй S8 маркийн утсыг нь өгсөн. Надад утсыг нь эргүүлээд өгөх боломж байсан. Гэхдээ би Улаанбаатар хотоос Булган аймгийн Бүрэгхангай сум руу айлын мал маллах гээд явсан чинь хөл хорионд хоригдсон. Би энд хөл хорио тавьсан байна хот руу явуулах гэхээр таньж мэдэх хүн байхгүй, тиймээс мөнгө төгрөгийн өгье гэж хэлсэн. Тэгсэн намайг загнаад байхаар утсаа тасалсан гэв.

1.2. Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 03 дугаар сарын 03-ны өглөө эгч М, У нарын хамт Говьсүмбэр аймаг руу яваад өдөр Баянтал суманд гэртээ ирсэн. Тэгтэл М ах манай гэрт ирээд У-г дагуулж яваад удалгүй У хувцсаа сольчихсон маргааш хот явах юм чинь цуг явцгаая гээд ирсэн. Нөхөр бид хоёр М эгч, У хоёртой цуг 2,5 литрийн Нийслэл нэртэй 2 сав пиво, 0,5 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж уугаад 22 цагийн үед унтацгаасан. Би унтаж байгаад шөнө 3-4 цагийн үед галдаа нүүрс хийх гээд сэрэхдээ өөрийн цэнэглэж байсан “Samsung galaxy S8” маркийн гар утсаа салгаж толгойн дээд хэсэгт ил орхиод унтсан. Үүрээр 6 цагийн орчимд У бие засахаар гарлаа гэж гараад нилээн удаж байгаад гэрт орж ирсэн. Би У-г гэрээс гарч явсных нь дараа өөрийн гар утсаа тавьсан газартаа үзтэл байхгүй байсан ба У-г орж ирэхээр нь гар утас харав уу, дугаар луу залгаад өгчих гэж хэлтэл У залгаад утас чинь холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд У Улаанбаатар хот руу цуг явна шүү гэж хэлээд манай гэрээс яваад дахиж ирээгүй. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр У над руу залгахаар нь чи хүний юм яахаараа хулгай хийдэг юм бэ гэж хэлтэл миний урдаас цагдаа гээд яах вэ тохиръё гэж хэлэхээр нь тохирохгүй чи миний бүх юмыг авч ирж өг гэтэл юм хэлэхгүй байж байгаад утсаа салгасан. Би У-г ирж уулзаад миний утас, утасны хавтсанд байсан карт хоёрыг өгөх болов уу гэж хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би тухайн алдсан гар утсаа 2020 оны 12 дугаар сард Хархорин захад явж байтал нэг залуу S8 маркийн гар утас зарна гээд зогсож байхаар нь үзээд үнэ тохирч 350 000 төгрөгөөр худалдан авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18, 21 хуудас/

1.3. Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 03 дугаар сарын 03-ны өглөө бэр дүү Н, У нарын хамт Говьсүмбэр аймаг руу яваад 16-17 цагийн орчимд Баянтал суманд гэртээ ирээд Т, Н, У бид нар аймгаас авч ирсэн 2,5 литрийн Нийслэл нэртэй 1 сав пиво, 0,5 литрийн Хараа нэртэй 1 шил архийг хувааж уусан. У дэлгүүр яваад 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авч ирэхээр нь уугаад сууж байтал гаднаас манай төрсөн дүү Х, нөхөр Ч нарын хамт орж ирээд хоноод явахаар болсон. Би газраар унтаад 7 цагийн үед сэрэхэд бэр дүү Н босчихсон миний гар утас байдаггүй ээ хайгаад олдохгүй байна гэж хэлэхээр нь яасан юм бэ гэж асуухад цэнэглэж байгаад салгаад толгойныхоо хажууд тавиад унтаад сэрсэн чинь байхгүй болсон байна. У-г боссон байхаар нь миний утас руу залга даа гэж хэлсэн чинь холбогдохгүй байна гэж хэлээд гараад явчихлаа гэхээр нь бид хоёр гэрээрээ нэг бүрчлэн хайсан боловч олдоогүй. Бид хоёр У-гийн утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр У гэх залуу миний дугаар луу залгахаар нь аваад ярьтал Н эгчтэй яръя гэж хэлэхээр нь утсаа өгч яриулсан ба яриад дууссаных нь дараа Н-гээс У юу гэж байна гэж асуухад намайг цагдаад өгсөн юм уу, хоёулаа тохиръё гэж хэлэхээр нь би уурлаад загнасан чинь утсаа салгачихлаа гэж надад хэлсэн. Н тухайн алдсан гар утсаа 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Хархорин зах дотор явж байхад нэг залуу S-8 маркийн гар утас зарна гээд зогсож байхаар нь үзэж хараад таалагдахаар нь үнэ тохирч 350 000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/

1.4. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “У нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний үүрээр 05 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирээд өмсөж байсан ойр зуурын хувцсаа цүнхэнд хийж аваад Өвөрхангай аймаг руу гэр лүүгээ явлаа. Улаанбаатар хотод унаа хүлээж байгаа гэж хэлээд дэлгүүрийн О эгчийн машинд суугаад явсан. Би 10-11 цагийн орчимд эхнэртэйгээ таарахад Улаанхүүг айлаас гар утас, карт хулгай хийсэн байна гэж хэлэхэд анх мэдсэн. Тэгээд би шууд У рүү залгаад чи яагаад айлаас утас, карт авсан юм бэ гэж асуухад би аваагүй гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/

1.5. Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”2021 оны 03 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед дэлгүүртэй сууж байтал М гэх залуу орж ирээд манай нэг дүү хот явах гэж байгаа юм аа цуг явж магадгүй гээд миний дугаарыг авсан. 22-23 цагийн орчимд нэг залуу над руу залгаад та хот явах гэж байгаа юм уу гэж асуугаад, нэг хүн байна зардлыг нь өгөөд явъя гэж хэлэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Маргааш өглөө нь 6 цаг өнгөрч байхад тэр залуу над руу явах гэж байна уу та гэж ярихаар нь одоо очих гэж байна гараад ирээрэй гэж хэлсэн. Би монгол дээлтэй, улаан хүрэн өнгийн хүрэмтэй 20 гаран насны залууг аваад Улаанбаатар хот руу гарсан. Тухайн хүрэмтэй залуу над руу зардлын мөнгөө дансаар шилжүүлээд цагдаагийн академийн буудал дээр буугаад үлдсэн. Тэр залуу цаашаагаа Өвөрхангай аймаг руу явна гэж ярьж байснаас өөр зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/

1.6. Гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Чойр-Хайрхан ХХК”-ийн ноосны үйлдвэрт ажиллаж байгаад гарсан У гэх залуу цалингаа автал танайд байж байя гээд манай гэрт 2-3 хоносон. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр У-гийн цалин нь буугаад манай эхнэр Н, эгч М нарын хамт Говьсүмбэр аймаг руу яваад өдөрхөн Баянтал суманд буцаж ирсэн. Эхнэр бид хоёр М эгч, У хоёртой 2,5 литрийн  Нийслэл нэртэй 2 сав пиво, 0,75 литрийн Хараа нэртэй архи 2 шил, 0,5 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг хувааж уугаад унтацгаасан. Өглөө 07 цагийн үед босоход манай эхнэр Н миний утас алга болсон байна гэж хэлэхээр нь яахаараа алга болдог юм бэ гэж асуухад манайд хоносон У-г аваад явсан юм шиг байна гэсэн. Бид нар босоод гэрээрээ эхнэрийнхээ гар утсыг хайхад олдоогүй. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр У манай эхнэртэй ярингуутаа тохиръё гэж хэлэхээр нь манай эхнэр чи хүний юм яахаараа хулгай хийдэг юм бэ, яахаараа тохирдог юм гэж хэлсэн чинь юм хэлэхгүй байж байгаад утсаа салгасан гэж манай эхнэр надад хэлсэн. Манай эхнэр тухайн алдсан гар утсаа 2020 оны 12 сард Хархорин захаас 350 000 төгрөгөөр худалдан авлаа гээд ирж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30, 32 хуудас/

1.7. Гэрч Ш.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 03 дугаар сарын 03-ны орой эхнэр Х-гийн хамт Баянтал сум орж бензин аваад Т-ын гэрт хоноод өглөө 4 цаг өнгөрч байхад малдаа явсан. Эхнэр бид хоёр 2-3 хоногийн дараа Т-ын гэрээр ороход та хоёрын манайд хонодог өдөр цуг хоносон залуу миний гар утас, карт хоёрыг аваад явчихжээ гэсэн. Тэднийд хоносон 20 гаруй насны залуу бид хоёрыг босоход хамт боссон ба эхнэр бид хоёрыг гараад явахад дээлээ өмсөөд тэдний гэрт үлдсэн. Т, Н, М нар унтацгааж байсан. Тэдний гэрт гаднаас хүн орж ирээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37 хуудас/

1.8. Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 03-ны орой Ч-ын хамт Баянтал сум орж бензин аваад дүү Т-ын гэрт очиж хоноод өглөө 4 цаг өнгөрч байхад малдаа явсан. 2-3 хоногийн дараа Т-ын гэрээр ороход бэр дүү Н та хоёрын манайд хонодог өдөр цуг хоносон У гэх залуу миний гар утас, карт хоёрыг аваад явчихжээ гэсэн. Т-ын гэрт баруун орон дээр нь хоносон 20 гаруй насны залуу бид хоёрыг босоход хамт боссон ба гараад явахад дээлээ өмсөөд гэрт үлдсэн. Т, Н, М эгч нар унтацгааж байсан. Тэдний гэрт гаднаас огт хүн орж ирээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39 хуудас/

1.9. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /х.х-ийн 41, 45, хуудас/

1.10. Эд зүйл хураан авах тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 8-12 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч М.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч М.У-гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон зүйлчлэл хувьд ямар нэгэн маргаангүй болохоо илэрхийлснийг дурдлаа.

ХОЁР: Шүүгдэгч М.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би өөрийн гар утас, виза картаа бүрэн бүтэн хүлээн авсан болохоор одоо надад У-д хандан гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

2.2. Иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тодорхойлолт /х.х-ийн 65, 71, 103 хуудас/

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 74-96 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч М.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр тэнссэн хорих ял болох 1 жил 6 сарыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ээс шүүгдэгч М.У-гийн гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, бусдад учирсан хохирол хэмжээ, хор уршиг болон нийгмийн аюулын шинж чанар бага зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан тул 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1  жил 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанаас үлдсэн 11 сар 26 хоногийн ялыг нэмж ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учир ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч М.У-г Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, түүнд ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч М.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.У нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-г Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, түүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.У-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч М.У нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Улаанхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА