| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2017/00102/И |
| Дугаар | 193 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.Г
Хариуцагч: Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.*******, Б.*******
Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 250 тоот шийдвэрийн дагуу Ш.******* надад холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа билээ.
Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******т байрлалтай спорт тоглоом үйлчилгээний зориулалттай 840 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаанд оруулаад байна. Миний бие уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. /Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 577 дугаар шүүгчийн захирамж/ Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь шүүхийн шийдвэр гарсан дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагаандаа гаргасан алдаагаа засалгүйгээр шууд албадан дуудлага худалдааг зарлан явуулж төлбөр төлөгч миний эрхийг зөрчиж байна. Албадан дуудлага худалдаа явуулах болсон тухай надад мэдэгдсэн даруйд би шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гомдлоо гаргасан боловч таны гаргасан саналыг төлбөр авагч тал зөвшөөрсөн тул дуудлага худалдаа явуулах боллоо гэсэн хариуг ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн апба нь миний Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******т байрлалтай спорт тоглоом үйлчилгээний зориулалттай 840 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт бага үнээр буюу 595.000.000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд одоо 425.000.000 төгрөгөөр үнэлж 2 дахь дуудлага худалдааг явуулах гэж байгаад гомдолтой байна.
Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Б.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 421 тоот шийдвэрээр Шагдарсүрэнгийн *******гээс 246.114.858 төгрөгийг гаргуулан Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ш.******* нь тус шүүхэд “Миний Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******т байрлалтай спорт тоглоом үйлчилгээний зориулалттай 840 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт бага үнээр буюу 595.000.000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд одоо 425.000.000 төгрөгөөр үнэлж 2 дахь удаагийн албадан дуудлага худалдааг явуулах гэж байгаад гомдолтой байна. Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ. Дээрх нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 143/Ш32017/00357 дугаар захирамжаар Ш.*******д холбогдох төлбөрийн гүйцэтгэх баримт бичгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2016/00577 дугаар “Зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн дагуу Ш.*******д холбогдох гүйцэтгэх баримт бичигт тус алба нь шийдвэр гүйцэтгэлийн эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагаанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан алдаагаа засаж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээг үндэслэн цаашид шийдвэр гүйцэтэх ажиллагааг явуулахгүйгээ илэрхийлэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн. Үүний дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэхь хэсэгт заасныг үндэспэн үүрэг гүйцэтгэгч буюу Ш.*******, өмчлөгч буюу түүний гэр бүл Д.Долгорцэнд нараас үнийн саналыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр авахад Даланзадгад сумын 3-р баг Гаалийн хорооны хойно байрлалтай Ү-1105002780 эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 850.000.000 төгрөгөөр үнэлэх саналаа гарган мэргэжлийн болон мэргэшсэн шинжээч, экспертүүдээр үнэлүүлэх, хөрөнгийн бодит үнэ цэнийг тогтоолгохоо илэрхийлсэн саналаа гаргаж тус албанд ирүүлсэн. Дээрх үнийн саналыг төлбөр авагч Голомт банкинд танилцуулсаны дагуу тус банкнаас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 045 дугаартай албан бичгээр хариу ирүүлэхдээ үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нарын гаргасан үнийн саналыг тус банк нь хүлээн зөвшөөрч, дээрх үнээр албадан дуудлага худалдааг явуулахыг хүссэн хариу ирүүлсэн байна. Иймд тус албанаас Иргэний хуулийн хуулийн дагуу шинжээч томилон үнэлгээг тогтоолгох шаардлагагүй байх тул Голомт банкны нэхэмжлэлтэй Ш.*******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрийн гүйцэтгэх баримт бичигт үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахдаа МУ-ын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэхь хэсэгт заасны дагуу “Дүудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжпийн үнэлгээчийн санапыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу дуудлага худалдааг талуудаас харилцан тохиролцож тогтоосон үнээр буюу 850,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 10 цагт харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувь буюу 595,000,000 төгрөгөөр /Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол улсын Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу зохион байгуулан явуулж байна. Анхны үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцсон болон тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоосон болно./ Хоёр дахь удаагийн албадан дуудлага худалдааг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагг тохиролцсон үнийн 50 хувь буюу 425,000,000 төгрөгөөр тус тус зохион байгуулсан боловч дээрх өдрүүдэд үнийн санал ирүүлж, дэнчин тушааж, сонирхсон иргэд ирээгүй тул дуүдлага худалдааг өндөрлөснийг тэмдэглэлээр баталгаажуулах ажиллагааг явуулсан болно. Албадан дуудлага худалдаатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрт төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт хууль тогтоомжид заасны дагуу мэдэгдэлийг хүргүүлэн ажиллаж байсан болно. Нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлд дурьдсанаар үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахдаа миний үл хөдлөх эд хөрөнгийг 595.000.000 төгрөгөөр анхны дуудлага худалдааг, 425.000.000 төгрөгөөр үнэлэн 2 дахь албадан дуудлага худалдааг явуулж байгаад гомдолтой байна гэсэн нь дээрх дуудлага худалдааны үнэ нь үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нарын өөрсдийн нь гаргасан үнийн саналаар явагдаж буй дуудлага худалдааны бууруулсан үнэ бөгөөд хэрэв өмчлөгч болон үүрэг гүйцэтгэгч нар үнийн саналаа гаргаж өгөөгүй, мөн үүрэг гүйцэтгүүлэгч төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй буюу харилцан тохиролцож дуудлага худалдааны үнийг тогтоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтоож, хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудпага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж хууль тотоомжинд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэлтэй хэмээн тус албаны зүгээс үзэж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа нь МУ-ын Иргэний хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад эрх зүйн актын хүрээнд явагдсан гэж үзэх үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдааны үеэр хариуцагч тал надад эвлэрэх саналыг тавьсан. Бид нар өөрсдийнхөө гүйцэтгэх ажиллагаагаа хүчингүй болгоод дахиад шинээр эхлэж болдог. Нэг үл хөдлөхийг чинь банктай манайх тохирчихсон байгаа, нөгөө үл хөдлөхийг чинь дуудлага худалдаанд оруулахгүйгээр барьцаанаас чөлөөлүүлээд, шинээр үнэлгээ тогтоолгоод явчихъя гэхээр нь би тэрэн дээр тохирсон. Тэгээд дараа нь шинээр үнэлгээ хийлгэх компани 2, 3 компаниас сонгочихлоо хурдан ирээд саналаа өгчихөөд яв гэхээр нь очоод өөрөө мэргэжлийн хүн биш учраас 850.000.000 гээд бодож байсан өөрийхөө тэр үнийг бичсэн. Тэр бол яг энэ үнийн дүнгээр дуудлага худалдаанд оруулъя гэсэн миний санал байгаагүй. Эхний удаад мэргэжлийн бус эрх нь байхгүй хүнээр будлиантай үнэлгээ хийлгэж байсан болохоор шинээр мэргэжлийн үнэлгээчнээр асуудалгүй үнэлгээ хийлгээд дараа нь гомдолгүй явъя гэсэн үүднээс хандсан. Хариуцагч тал хэлснээрээ байгаагүй, намайг хөдөө яваад ирсэн чинь анхны дуудлага худалдаа зарлалаа гэсэн. Яасан юм, шинээр үнэлгээ хийлгэх юу болсон бэ? гэсэн чинь үнэлгээ хийлгэх боломжгүй, өөрийн чинь хэлсэн саналыг нөгөө тал зөвшөөрсөн учраас ингэж байна гэсэн. Тэгэхээр нь би дахин хүсэлт гаргаад битгий ингээчээ шинээр үнэлгээ хийлгье гэхэд зөвшөөрөхгүй явж байгаад дахин хоёрдахь дуудлага худалдааг зарласан. Би бол нэг л зүйл хүсэж байгаа. Одоохондоо би Голомт банкийг хохироосон гэж бодохгүй байгаа, миний зээл энэ оны 04 дүгээр сард дуусч байсан. Эднийх банкнаас хүүний мөнгөө л аваагүй болохоос одоохондоо эрсдэл байхгүй. Надад тэрийг ажиллуулаад орлого болгоод авах боломж байхгүй учраас худалдан борлуулаад банканд өргүй болъё гэсэн бодолтой байгаа. Миний ойлгож байгаагаар 2 удаа дуудлага худалдаа явагдаад зарагдахгүй бол банк руу үнийн дүнгээр шилжидэг гэсэн. Адилхан хоёр талаасаа болно гээд зээл олгочихоод зөвхөн банкыг хохиролгүй болгохын тулд намайг юу ч үгүй болгож, 28.000.000 төгрөгийн өрөнд тэрбум гаруй төгрөгийн үнэтэй зүйлээ алдах эрсдэл надад бий болоод байгаа учраас шинээр үнэлгээ хийлгье гэсэн ганц л хүсэлтэй байгаа.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч сая өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд тодорхой ярьлаа. Би энэ дээр шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс явуулсан ажиллагааны талаар нэмж хэлэхэд Ш.******* гэдэг хүний Голомт банкинд зээл төлүүлэх шийдвэр нь гараад нилээн удаж байгаа. Энэ хугацаанд Ш.******* төлбөрөө төлөөгүй учраас хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Үүний дагуу энэ хүний өмчлөл буюу банкны зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг хурааж битүүмжлээд, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулаад дуудлага худалдаанд оруулах хүртэл тухайн үед эд хөрөнгийн өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчээс үнийн саналыг авах ёстой байсан. Мэдээж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд манай зүгээс үнийн санал аваагүй дээр буруутай юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд, урд нь хийгдсэн үнэлгээг баримтлахгүй байя, үнийн санал аваагүй хийчихсэн учраас энэ хүчин төгөлдөр бус болно гээд бид нар эвлэрсэн. Энэ нь иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар дахин үнэлгээ тогтоох ажилагааг явуулъя гэж шийдсэн гэж ойлгож байгаа. Эвлэрсэн захирамж дээр бол шийдвэр гүйцэтгэх буюу эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгоогүй, зөвхөн энэ үнэлгээг баримтлахгүй гэсэн. Тэгээд эхнээс нь үнэлгээ тогтоох ажиллагааг эхлүүлнэ гээд Ш.******* болон хамтран зээлдэгч Д.Долгорцэнд нараас үнийн санал авах ажиллагааг эхлэсэн. Тухайн үед бол Ш.******* өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон, өмгөөлөгч нь бүх зүйлийг тайлбарлаж, хууль зүйн туслалцаа өгдөг байх гэж ойлгож байгаа. Тэгээд Ш.******* Д.Долгорцэнд хоёр хоёулаа гарын үсгээ зураад үнийн саналаа манай албанд өгсөн. Энэ нь зөвхөн үйлчилгээний зориулалттай спорт тоглоомын байраа 850.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тэр үед Ш.******* “би спорт тоглоомын газраа л худалдан борлуулахад зээлээ хангалттай төлж дуусна” гэж амаар тохиролцсон. Урд нь Голомт банк бол энэ хүний амьдарч байгаа Хийдийн хашаа газар, хувийн орон сууц болон спорт тоглоомын газрыг нийтэд нь үнэлэж бүгдийг дуудлага худалдаанд оруулсан байсан. Эвлэрснээс хойш Голомт банк ч бас заавал гэр орныг нь дуудлага худалдаанд оруулах шаардлага алгаа, Ш.*******гийн саналыг зөвшөөрч байна гэсэн. Тийм болохоор зөвхөн спорт тоглоомын газрын барилга дээр нь үнийн санал авсан. Тэгээд тухайн үнийн саналыг төлбөр авагч талд танилцуулсан. Голомт банкны зүгээс Ш.*******гийн гаргасан үнийн саналаар дуудлага худалдаа зохион байгуулахад манайд татгалзах зүйл байхгүй гэдэг саналыг өгсөн. Үүнийг мөн ялгаа байхгүй Ш.*******д танилцуулсан. Ингээд дуудлага худалдаа зохион байгуулагдсан байгаа. Хэрвээ Ш.*******гийн үнийн санал дээр зөрчилдсөн, эсвэл Ш.******* үнийн санал өгөхгүй гэдэг асуудал эхэлж ярьсан бол бид нар үнэлгээ тогтоох шинжээч томилох боломжтой байсан. Д.Долгорцэндийн хамт өөрөө үнийн санал өгсөн, хэрэгт тэр үнийн саналыг мөн Голомт банкны үнийн саналыг хавсаргасан. Ш.*******гийн өгсөн санал дээр нэгдэж байна гэсэн утгатай албан бичиг байгаа. Шүүх хуралдааны үеэр шүүгч тайлбарлахдаа ер нь бол үнийн саналыг ингэж гарганаа гэж хуульд тухайлан заасан стандарт байдаггүй юм байна. Гэхдээ үнийн саналыг авахдаа төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараар бичгийн цаасан дээр бичүүлээд, гарын үсгүүдийг нь зуруулаад авах нь зүйтэй гэж ярьж байсан. Яг үүний дагуу үнийн саналыг нь авсан байгаа. Тэгэхээр манай зүгээс иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх заалтыг барьж дуудлага худалдааг зохион байгуулсан гэж үзэж байна.” гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш.******* нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 577 дугаар шүүгчийн захирамж /хх-14,25/-аар Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэгчээс үнийн санал авалгүй үнэлгээ хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан алдаагаа засаж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгч Ш.*******, түүний гэр бүл /өмчлөгч/ Д.Долгорцэнд нараас үнийн санал авсан гэсэн тайлбар /хх-12/ гаргажээ. Нэхэмжлэгч Ш.*******, Д.Долгорцэнд нар барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******, Гаалийн хорооны хойно байрлалтай спорт тоглоом, үйлчилгээний зориулалттай 840 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 850,000,000 төгрөгөөр үнэлсэн санал гаргасан болох нь “840 м2 талбайтай обьектын үнэ нь (850,000,000) найман зуун тавин сая төгрөгөөр үнэлэх саналтай байна” /хх-15/ гэх тайлбар, “Миний бие ШШГА-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 850.000.000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн ...” /хх-28/ гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. Үүрэг гүйцэтгүүлэгч Голомт банк үүрэг гүйцэтгэгч Ш.*******гийн үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн болох нь “... үнийн саналд татгалзах зүйлгүй ...” гэх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаар хүсэлт /хх-15/-ээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч Ш.*******, Д.Долгорцэнд болон үүрэг гүйцэтгүүлэгч Голомт банк нь дуудлага худалдаагаар худалдах барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 850,000,000 төгрөг гэж хоорондоо тохиролцжээ.
Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба талуудын 850,000,000 төгрөгөөр тохиролцсон барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний 70 хувь болох 595,000,000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны үнийг тогтоож, уг үнэлгээний тухай тогтоол болон дуудлага худалдаа зарлагдсан талаархи мэдэгдлийг /хх-17-18/ үүрэг гүйцэтгэгч Ш.*******, Д.Долгорцэнд нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлжээ. Анхны албадан дуудлага худалдаагаар барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдан авах үнийн санал ирээгүй болох нь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлээр /хх-19/ тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэлийн алба нь анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул 2 дахь албадан дуудлага худалдааг товлон тогтоол гаргаж /хх-21/ үүрэг гүйцэтгэгч нарт хуульд заасны дагуу мэдэгдэл /хх-20/ хүргүүлжээ. Албадан дуудлага худалдааны үнэлгээ хуулийн дагуу явагдсан байна.
Иймд нэхэмжлэгч Ш.*******гийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлж оруулж байгаа анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан бичгийн нотлох баримтуудыг /хх-11,12-22,25,27-29,34-35/ үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан болно. Нэхэмжлэгч Ш.*******гээс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн баримтуудаас дараах баримт /хх-44-46,48-51/ нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд дараах баримт /хх-47,52-54/ нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Дээр дурдсан баримтуудыг шинжлэн судлахад хөрөнгийн үнэлгээчний үйл ажиллагаатай холбоотой баримтууд буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэх шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн Ш.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШЗ2017/00357 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР