| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2017/00159/И |
| Дугаар | 197 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 3 дугаар багт оршин суух, Баяр овгийн Бадраагийн Долгорсүрэн /регистрийн дугаар: КЮ73093068/
Хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Долгорсүрэн миний бие С.Ланжинтай 1999 онд танилцаж улмаар 2005 онд том хүү Батдэмбэрэл, 2007 онд охин Сугирмаа мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд С.Ланжин нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Ингээд хүү Батдэмбэрэл, охин Сугирмаа нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Б.Долгорсүрэн миний бие С.Ланжинтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бага насны 2 хүүхэдтэй, Мандал-Овоо суманд амьдардаг, олон удаа нааш цаашаа явахад зардал мөнгөний асуудал хүнд байна. Иймд миний эзгүйд уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бадраагийн Долгорсүрэн нь Санжингийн Ланжинтай 1999 онд танилцаж 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү Д.Батдэмбэрэл, 2007 оны 07 дугаар сарын 06-ний өдөр охин Д.Сугирмаа нарыг төрүүлж, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь:
1.Гэрч Ц.Санжаагийн “...Энэ хоёр хүн гэр бүлийн хүмүүс. 2 хүүхэд гаргасан. Насаараа нэг суманд амьдарсан. 2 хүүхэд нь одоо сургуульд орж байгаа болов уу? жаахан хүүхдүүд байгаа. Гэрлэлтээ батлуулаагүй талаар мэдэх зүйл байхгүй. Бид нэг дор, нэг суманд олон жил амьдарсан учраас мэдэж байна.” гэсэн мэдүүлэг,
2.Гэрч Ч.Эрдэнэтогтохын ”...Энэ хоёр 1999 оноос хойш хамт амьдарч хүү, охин 2-той болсон. Эхнэр, нөхөр байсан нь үнэн гэдгийг гэрчилж байна. Ланжин өмнө нь өөр амьдрал зохиож байсан. Сүүлд 1999 онд Долгорсүрэнтэй гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Тэгээд гэрлэлтээ батлуулаагүй байсан байх. Манай гэртэй ойрхон байдаг. Нэг дор хамт олон жил байсан учраас сайн мэдэж байна.” гэсэн мэдүүлэг,
3.Нас барсны гэрчилгээний хуулбар, Д.Батдэмбэрэл, Д.Суригмаа нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нэхэмжлэгчийг С.Ланжинтай хамтын амьдралтай байсныг, тэдний дундаас 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү Д.Батдэмбэрэл, 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр охин Д.Сугирмаа нар төрсөн болохыг тус тус нотолж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэрч Ц.Санжаа, Ч.Эрдэнэтогтох нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгтэй харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Баяр овгийн Бадраагийн Долгорсүрэн нь Нохойхон овгийн Санжингийн Ланжинтай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР