Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт В-гийн Г-д холбогдох эрүүгийн 2117000000051 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт В-ийн Г /РД: /, 1971 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, .................оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч ******* нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Засаг даргын тамгын газрын байрны Иргэний танхимд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ш.Ш-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн гуя руу нь өшиглөсөн, цээж, нуруу, толгойн ар хэсэг рүү нь гараараа цохисон, мөн үргэлжилсэн үйлдлээр Ш.Ш-ыг тус сумын Засаг даргын тамгын газрын 2 давхарт байх 04 тоот өрөөндөө орсон байхад араас нь орж нуруу, толгойн ар хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохих, пиджак /костюм/-ны захнаас нь чирсэн, мөн тус сумын Засаг даргын ажлын 03 тоот өрөөнд хүзүүний ар хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын байрны Иргэний танхимд, 2 давхрын 3, 4 тоот өрөөнүүдэд Ш.Ш-тай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж улмаар түүний зүүн гуя руу нь өшиглөж, цээж, нуруу, толгойн ар хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт, зүүн далны дээд хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс энэ үйл явдал эхэлсэн. Миний биед Ш нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хөнгөн гэмтэл учруулсан. 2021 оны 03 дугаар сарын 26-нд би ээлжийн амралттай байсан. Аймаг, сумын засаг дарга нарын хамтран ажиллах гэрээг 5 өдөр сууж байгаад хийсэн. Ш хамтран ажиллах гэрээнд дэд бүтэц хариуцаж ажил хийдэг. Гэтэл ямар ч оролцоо байгаагүй. 03 дугаар сарын 26-ны өглөө Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээ батлагдаад ирсэн. Гэрээний биелэлтийн талаар үүрэг өгөх гээд иргэний танхимд ажилчдаа цуглуулаад байж байхад Засаг дарга орж ирсэн. Мөн хурал дуусах гэж байхад Ш орж ирсэн. Тэгснээ миний ширээн дээр байсан гамшгийн төлөвлөгөөг над руу шидэхээр нь би ширээ тойрч очоод 2 өшиглөсөн. Зарим гэрчүүд мэдүүлэг буруу өгсөн байсан. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн О нь хурал дуусаад хэрүүл болоход аль хэдийн гараад явсан хэрнээ байсан юм шиг ярьсан байсан. Дараа нь цагдаа дээр дуудаад очиход танайх нь ийм зүйл яриад байна, та мэдүүлгээ өг гэхээр нь би мэдүүлэг өгсөн гээд надаас уучлалт гуйгаад орж ирсэн. Мөн Ш-ын эрүүний дор нь урсан гээд байгаа. Гэтэл манай санхүү албаны дарга хараад та яагаад хүн гүтгээд байгаа юм, таныг өглөө ирэхэд маскны дор уранхай харагдаж байсан гэсэн. Харин би цохисон нь үнэн, өшиглөсөн нь үнэн би гэм буруугаа ойлгож байгаа. Мөн толгой луу цохиод тархи хөдөлгөсөн гэж байсан. Хохирогч 03 дугаар сарын 26-аас өмнөх 3 өдөр дараалан согтуу ажилдаа ирээгүй, согтуу энд, тэнд далжигнаад явж байдаг. Тийм болохоор хэнд хэзээ цохиулаад өнөөдөр над дээр нэмж яллаад байгааг ойлгохгүй байна. Цагдаа бүрэн дүүрэн нотолгоогоо гаргаж чадахгүй байна гэж ойлгосон. Би эрүүн дээр нь ураагүй, толгой руу нь цохиогүй гэв.

1.2. Хохирогч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 26-ны өглөө Баянтал сумын Засаг даргын ажилчдын хурал иргэний танхимд болоод Засаг дарга үүрэг чиглэл өгч байтал тамгын газрын дарга Г холбогдох хүмүүсээр нь хийлгэхгүй юу гээд хэрүүлийн чанартай зүйл Засаг дарга руу хэлэхээр нь би Г-д хандан чи болио, хурал болгон дээр л ингэж хүмүүс рүү чанга дуугаар давшилсан байдалтай байх юм, өчигдрийн хурлыг бас ингэж тараасан гээд босож очоод Г-гийн урд байсан гамшгийн төлөвлөгөөг барьж аваад 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болсон Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэг шалгасан ажил дээр тааруухан дүн авлаа, шалтгаан нь гамшгаас хамгаалах төлөвлөгөө байхгүй байсан, 2018 оноос хойш тодотгол хийгээгүй байна гэж Засаг дарга луу хандаж хэлэхэд тамгын газрын дарга Г цонхон талд байсан хурлын ширээг араар нь тойрч ирэнгүүтээ миний зүүн талын гуя руу 2-3 удаа өшиглөөд, цээж рүү гараараа нэг удаа цохисон. Би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд Г-д хандаж чи ёс зүйтэй бай, чи өөрөө ёс зүй ярьдаг хүн байж гэж хэлтэл намайг элдвээр хэлээд над руу дайраад миний нуруу болон толгойны ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон ба ажилчид салгах гэхэд тойрч гараад над руу дайраад байсан. Би иргэний танхимаас зугтааж хоёр давхарт өрөөндөө хийсэн бичлэгээ үзээд ширээний ард сууж байтал Г-гийн дуу нь гараад орилж ирээд чи бичлэг хийгээд яадаг юм гээд утас барьж байсан гар болон утсыг хавсарч цохиход миний гар утас газар унасан. Би утсаа авах гэж тонгойтол дээрээс ард дагз, хоёр мөр, шилэн хүзүүний хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Засаг даргын өрөөнд ороход Засаг дарга та нар одоо больцгоо гэсэн. Миний эрүүний хэсэгт хорсохоор нь гараараа дараад хартал цус гоожсон байхаар нь урсан юм байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа орж ирэхээр нь өрөө рүүгээ оръё гэж хэлээд дагуулаад үүдээр нь гарах гэхэд Г миний шилэн хүзүү рүү гараа атгаж байгаад цохиод авсан. Г-гаас өөр хүн миний биед гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-20 хуудас/  

1.3. Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Г дарга нэг юм хэлэхэд Ш дарга Г-тай маргалдаж эхэлсэн. Ш дарга бичлэг хийгээд эхэлтэл чи бичлэг хийдэг юу вэ гэж хэлээд Г дарга босож ирэнгүүтээ Ш даргын хөл рүү нь өшиглөөд баруун гараараа цохиод авах шиг болсон. Би удалгүй Засаг даргын өрөөг цэвэрлэхээр яваад ортол Засаг дарга А, орлогч дарга Ш, багийн дарга Г нар сууж байсан ба тамгын дарга Г гаднаас орж ирээд Засаг даргын ширээн дээр байсан гар ариутгагчийг Ш дарга руу шидэхэд оноогүй. Тэр хоёр маргалдаад Ш дарга цагдаа дуудахад удалгүй цагдаа нар ирсэн. Иргэний танхимд Г дарга Ш даргыг 1, 2 удаа зүүн хөл рүү нь өшиглөж, 2 удаа зүүн бугалга орчим руу нь гараараа цохисныг харснаас өөрөөр цохиж зодохыг нь хараагүй. Засаг даргын өрөөнд байхад чи намайг ийм болгочихлоо гээд Ш дарга эрүүнийхээ доод хэсэгт уруулсан байдалтай цус гарсан байсныг зааж байснаас өөр биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-27 хуудас/  

1.4. Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Хурал дээр аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээн дээр дэд бүтэцтэй холбоотой 2 заалт нэмэгдсэн шүү гэж хэлэхэд Г дарга дэд бүтэцтэй холбоотой асуудал бол Засаг дарга болон Засаг даргын орлогчийн хийх ёстой ажил шүү дээ гээд хоорондоо маргалдангуй сууж байтал гаднаас орлогч дарга Ш орж ирээд чи тийм л ажил хийдэг юм бол өчигдөр гамшгаас хамгаалах алба хаагчдын шалгалтаар төлөвлөгөөгөө тодотгоогүй 2018 оны төлөвлөгөөтэй байж байдаг юм уу гэж хэлэнгүүтээ босож ирээд өчигдрийн хурлыг хүртэл тараасан шүү, энэ хүн байнгын ингэж ёс зүйгүй авирлаж байна, Засаг дарга та энэ хүндээ арга хэмжээ ав гэж хэлээд гарах гээд үүд рүү алхаж байтал араас нь Г дарга ажил хийдэггүй архичин минь би чиний цалинг бүтэн олгосон шүү гэж орилсон чинь Ш дарга буцаж ирээд чи яахаараа ингэж хүн болгоныг дандаа доромжилж байдаг юм, чиний ёс зүй чинь хаана байна гээд утсан дээрээ бичлэг хийгээд эхэлтэл чи бичлэг хийдэг юу юм вэ гэж хэлээд ширээгээ тойрч ирэнгүүтээ Ш даргын хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд баруун гараараа зүүн бугалга, далных орчимд 2-3 удаа цохисон. Ш дарга хойшоогоо ухартал урдаас нь Г дарга дайраад байхаар нь С, О нар болиулсан. Намайг харж байхад бол толгой руу нь цохиогүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/  

1.5. Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Засаг дарга гэрээн дээр 2 заалт нэмэгдсэн байна лээ энийгээ хийгээч гэж хэлэхэд тамгын дарга Г миний хийх ажил биш орлогч даргын хийх ажил гэж хэлээд орлогч дарга Ш тэр хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Маргалдаж байгаад тамгын дарга Ш дарга руу бичиг цаас шидсэн. Орлогч бичлэг хийгээд эхлэхэд Г дарга чи бичлэг хийлээ гээд яадаг юм гээд орлогч даргын хөл рүү нь өшиглөсөн. Би орлогч даргад больцгоо гэж хэлээд хаалга руу түлхээд гаргасан. Удалгүй би хоёр давхарт гараад иртэл Ш, Г дарга нарын дуу чанга чанга дуугараад байхаар нь орлогч дарга Ш-ын өрөөнд яваад ороход хаалга нь онгорхой Г дарга чи миний бичлэгийг хийж авдаг юу юм гээд хэрэлдээд байж байхаар нь би тамгын дарга Г-г гаргаад өрөө рүү нь оруулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/  

1.6. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Ш дарга тамгын дарга Г руу чи дандаа ингэж хурлыг үймүүлж хэрүүл маргаан болгох юм, энэ асуудлаа боль, чи их даварч байна шүү гэж хэлээд Г дарга тэр хоёр маргалдаж эхэлсэн. Г дарга Ш дарга руу дайраад хоёр гараа саваад яваад очихоор нь би араас нь очоод Г даргыг аваад холдсон ба Ш даргыг О цааш нь түлхээд хана руу холдуулсан. Цохисон үгүйг нь хараагүй, өшиглөсөн эсэхийг нь анзаараагүй. Засаг даргын өрөөнд яваад ороход Г дарга Ш дарга руу савтай гар ариутгагч шидсэнээс цохисон зодсон өшиглөсөн зүйл болоогүй. Ш-ын биед ямар нэгэн гэмтэл шарх учирсныг би хараагүй болохоор мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-35 хуудас/

1.7. Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Хурлын үеэр Засаг дарга аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд хэд хэдэн заалт нэмэгдсэн байна лээ гэж ярьж байтал Г дарга нэг зүйл хэлснээс болж Ш даргатай маргалдаж эхэлсэн. Тэгтэл Г дарга босож ирэнгүүтээ хоёр ширээний дунд Ш-ын зүүн талын гуя руу нь нэг удаа өшиглөөд нэг удаа нүүр лүү нь, нэг удаа хүзүү рүү нь цохиод авахад ажилчид босож ирээд салгах гэж бужигналдахаар нь би иргэний танхимын өрөөнөөс гараад өөрийнхөө өрөөнд орсон. 10 орчим минутын дараа Засаг даргын өрөөнд Засаг дарга, Ш дарга бид гурав байж байтал Г дарга орилж орж ирээд савтай гар ариутгагч орлогч дарга Ш луу шидэхэд оноогүй. Г дарга Ш дарга руу орилж хэрүүл маргаан үүсгээд цохих гээд байхаар нь би салгатал Г дарга гараад явсан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй. Дараа нь Ш даргыг харахад баруун шанаа дээр урагдсан байсан. Тэрнээс өөр ямар гэмтэл шарх учирсан байсныг хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/

1.8. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Ш дарга Г дарга руу хандаж чи хурал болгон дээр яагаад хэрүүлийн чанартай зүйл ярьж хэрүүл болгодог юм гэж хэлэхэд тамгын дарга, орлогч дарга хоёр урд урдаасаа маргалдаж эхэлсэн. Ш дарга Г дарга хоёр ширээний голд хоёр талаасаа ирэхэд Г дарга Ш даргын цээж рүү нь түлхээд дахиад түлхэх гэхэд нь манай ажлын хүмүүс больцгоо гээд салгатал Ш дарга би бичлэг хийж байгаа шүү гэж хэлэхэд Г дарга чиний бичлэг хийх чинь ямар хамаатай юм гэж хэлсэн. Намайг харахад Г дарга Ш даргыг түлхэж байснаас цохиж өшиглөж байхыг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38-40 хуудас/

1.9. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Засаг дарга чи энэ ажлыг хийх ёстой гэхэд Г дарга маргаад байхаар нь хажуугаас нь Ш дарга чи одоо байнга хурал болгон дээр хэрүүл маргаан үүсгэж байх юм, энэ асуудлаа боль гэж хэлэхэд Г дарга урдаас нь чанга чанга дуугараад хэрэлдээд эхэлсэн. Тэгээд тамгын газрын гаднах хаалга дугарахаар нь гадны хүн орж ирж байгаа байх гэж бодоод иргэний танхимаас гараад буцаад иргэний танхим руу ороход Г дарга Ш даргыг хөлөөрөө өшиглөхөөр нь хажууд байсан ажилчид боль боль гэж хэлээд болиулж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41-44 хуудас/

1.10. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Г дарга босож ширээ тойрч ирээд Ш даргын хөл рүү нь 2 удаа өшиглөөд гартаа барьсан цаасаа орлогч дарга луу шидэхэд Г даргыг С, С нар болиулаад би Ш даргыг цааш нь явуулсан. Иргэний танхимд байхад Г дарга Ш даргын хөл рүү нь хоёр удаа өшиглөснөөс бие болон нүүр толгой руу нь цохиогүй. Ш даргыг өшиглөснийх нь дараа салгах үеэр би Ш даргыг цааш нь түлхэхэд маскийнх нь доогуур зүүн талынх нь хацар дор урагдсан юм шиг шинэвтэр шарх байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45-46 хуудас/

1.11. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний утсанд мессеж ирэхээр нь хартал манай нөхрөөс би Г-д зодуулчихлаа, миний нүүр амыг самардчихлаа, би цагдаа дээр байна гэсэн  байсан. Би шуурхай штабын жижүүр дээр байж байтал нөхөр орж ирээд Г намайг энд тэндгүй цохиж өшиглөсөн, нүүрэн дээр хүртэл самардчихлаа гээд эрүүнийхээ баруун доод хэсэгт шалбараад цус гоожсоноо харуулсан. Орой гэртээ хариад биеийг нь харахад нуруу болон зүүн бугалга хэсгээр нь улайж хөхрөлт үүссэн байсан. Өглөө ажил руугаа явахдаа нүүр болон эрүүнд нь ямар ч шарх сорви байхгүй эрүүл саруул явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47-48 хуудас/

1.12. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг 30 минутын үед хэсгийн төлөөлөгч  П над руу залгаад Засаг даргын тамгын газраас дуудлага ирсэн хурдан гараад ир гэсэн. Хэсгийн төлөөлөгчтэй хамт Засаг дарга А-ын өрөөнд ороход Засаг дарга ширээнийхээ ард, урд талынх нь хурлын ширээний зүүн талд Г, баруун талд нь Ш суучихсан байсан ба үйлчлэгч Э хог шүүрдээд явж байсан. Ш гэх хүн энэ Г намайг цохиж зодоод байна, доор иргэний танхимд хүртэл цохиж зодсон. Манай өрөөнд орж уулзъя гээд гарах гэтэл араас нь Г гэх хүн ирэнгүүтээ Ш-ын шилэн хүзүү рүү нь 1 удаа гараа атгаж байгаад цохиод 1 удаа хөлөөрөө өшиглөхөөр нь би Г гэж хүнийг боль та гэж хэлээд цааш нь болгоод хэсгийн төлөөлөгч болон Ш-тай цуг өрөө лүү нь орсон. Тэгтэл араас Г дахиж орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь хэсгийн төлөөлөгч өрөөндөө очиж уулзъя гээд Ш гэж хүнийг дагуулаад өрөө лүүгээ ороод уулзсан. Засаг даргын өрөөнд ороод харахад Ш гэх хүний эрүүний баруун доод хэсэгт урагдаад цус гоожсон байснаас өөр биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Урагдаад удаагүй бололтой цус нь гарсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47-48 хуудас/

1.13. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би гүйцэтгэлийн гэрээн дээр хэд хэдэн заалтууд нэмсэн байна гэж хэлтэл Г хэрүүлийн чанартай юм яриад байхаар нь Г-д чи дуугүй бай миний ярьж байгаа зүйлийг гүйцэт сонс гэж хэлэхэд тоохгүй байсан. Ш хажуугаас Г руу хандан чи хурал болгоныг ингэж хэрүүлийн чанартай болгож байх юм гээд тэр хоёр хэрэлдээд эхэлсэн. Ш гарч явах гэж байснаа болиод эргээд ирэхэд Г ширээгээ тойрч ирээд Ш-ыг өшиглөхөд нь ажилчид салгах үеэр Г, Ш урдаас гараа сарвалзуулаад байсан. Ш манай өрөө рүү гүйж орж ирээд хурлын ширээний баруун талд зогстол араас нь Г орж ирээд хурлын ширээн дээр байсан гар ариутгагчийг аваад Ш луу шидэхэд онолгүй хана оноод газар унасан. Ш өрөөнөөс гарах гээд хаалга руу очоод Ш-ын хөл  рүү нь өшиглөөд нуруу болон хүзүү рүү хэд хэдэн удаа гараараа цохиод автал гаднаас нярав С орж ирээд Г-г авч гарсан. Ш-ыг харахад эрүүнээс нь цус гарсан байсан. Г буцаж орж ирээд Ш луу дайраад байсан ба удалгүй сумын 2 цагдаа ирээд Ш-тай цуг гарах гэхэд Г очоод 1 удаа өшиглөсөн. Ш хурлын ширээг тойроод нөгөө талаар нь гарах гэхэд Г араас нь очоод Ш-ын хүзүүнийх нь ар луу 1 удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51-53 хуудас/

1.14. Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г дарга босож ирээд Ш даргыг хэл амаар доромжлоод цаас урдаас нь шидээд Ш даргыг очоод бариад автал ажилчид хоёр талаас нь салгаад Засаг даргын орлогч түрүүлж иргэний танхимаас гарч явсан. Би 5-10 минутын дараа Засаг даргад бичиг өгөхөөр өрөө лүү нь ороход Ш дарга, Г дарга хоёр Засаг даргын ширээний урд талын хурлын ширээний баруун зүүн талд нь зогсчихсон Г дарга Ш луу орилж хашхираад байсан ба Засаг дарга та нар болиоч яасан ичдэггүй юм бэ гэж хэлэхэд Ш дарга цагдаад дуудлага өгсөн. Г-г Ш-ыг цохиж зодохыг би яг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 54-56 хуудас/

1.15. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г уурлаад Ш-тай маргалдаж байхад Ш Засаг даргын ард талд очоод гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байгаа бололтой утсаа бариад ирэхэд нь Г босож ирээд муудалцсан. С Г-г бариад авах үед О, С нар босож ирээд тэр хоёрыг болиулсан. Би иргэний танхимд болон Засаг даргын өрөөнд Ш-ыг Г цохиж, өшиглөж байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 57-59 хуудас/

1.16. Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн хурлын үеэр Засаг даргаас танилцуулсан гүйцэтгэлийн гэрээн дээр дэд бүтэцтэй холбоотой 2 заалт дутуу байна, уг заалтууд нь Засаг дарга болон орлогчийн хийх ёстой ажил гэснээс болж Г дарга Ш дарга нар хэрэлдэж эхэлсэн. Намайг иргэний танхимд байхад Ш даргыг Г дарга цохиж, өшиглөж зодож байхыг нүдээрээ хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 60-61 хуудас/

1.17. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ш-т учирсан гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь юманд цохиулах, цохигдох тохиолдолд үүсэх боломжтой. Хүний шилэн хүзүүнд цохиход тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой. Ш-ын биед учирсан гэмтлүүд, эрүүн доор урагдсан шарх нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн бугалгад үүссэн цус хуралт нь хүний гараар базагдахад үүснэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 60-61 хуудас/

1.18. Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 122 дугаар дүгнэлтэд: Ш.Ш-ын биед тархи доргилт, эрүүнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт, зүүн далны дээд хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 63-646 хуудас/

1.19. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /х.х-ийн 9-13 хуудас/

1.20. Хохирогч Ш.Ш-ын өвчтөний картад бичигдсэн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар, холбогдох баримтууд /х.х-ийн 102-107 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон зүйлчлэл хувьд ямар нэгэн маргаангүй болохоо илэрхийлснийг дурдлаа.

ХОЁР. Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний биед учирсан гэмтэл шархнууд одоо эдгэж байна. Өвдөлт зовуурь нь багассан, хөхөрч няцарсан нь бүдгэрч арилсан. Би ажлын өдөр, ажлын цагаар, ажлаа хийж байхдаа олон ажилчдынхаа өмнө Г-д доромжлуулж, зодуулсандаа гомдолтой байна. Надад Г-гаас нэхэмжлэх зүйл байхгүй” /х.х-ийн 16-20 хуудас/  

2.2. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь хүнд тусархуу зантай боловч хурц ааш зантай, намайг ажил авснаас хойш хэд хэдэн удаа надтай маргалдаж муудалцаж байсан. Дээд шатны удирдлагынхаа хэлж буй үүрэг даалгаврыг эсэргүүцэж хэрүүл маргаан гаргаад байдаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51-53 хуудас/

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 83 хуудас/

2.4. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 85, 91, 92 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *******-г анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч *******-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт В-ийн Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА