Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 454

 

     М.У-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нямцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Нямцэцэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн М.У-д холбогдох 1711000720020 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-н У, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ...... аймгийн ............. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, хүүгийн хамт ............. дүүргийн ... дугаар хороо, ......... дугаар гудамж, ........ тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: .........../;

М.У нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-555 тоотод оршин суух П.Н-н гэрт нэвтрэн орж, “Эл Жи” загварын 40 инчийн зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлсан,

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14-282 тоотод оршин суух Ч.О-н гэрт архи ууж байхдаа гэрээс нь “Эйч Кэй Си” загварын 32 инчийн зурагтыг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч М.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилж, М.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.У-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор П.Нямцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д "энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно", мөн зүйлийн 4-д "энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно" гэж үргэлжилсэн үйлдэл, хэд хэдэн гэмт хэргийг тус тусад нь тодорхойлж өгсөн байна. М.У нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирогч П.Н-н гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлсан, мөн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ч.О-н гэрээс нь эд зүйл хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг өөр өөр цаг хугацаанд, 2 тусдаа объектод халдаж, 2 хохирогчид хохирол учруулсан нь тусдаа өөр өөр гэмт хэргийн шинжийг хангаж байна.

2015 оны Эрүүгийн хуульд "гэмт хэргийн хөнгөнийг хүндэд нь багтааж, хүнд зүйл хэсгээр зүйлчлэх" зүйл заалт байхгүй бөгөөд шүүгч хуульд байхгүй дүгнэлт хийж зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх М.У-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.У нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г дугаар гудамжны 555 тоотод оршин суух П.Н-н гэрт нэвтрэн орж, 499.000 төгрөгийн үнэ бүхий “LG” /эл жи/ загварын 40 инчийн зурагт, 2.000 төгрөгийн “Nокiа” /нокиа/ загварын гар утас хулгайлж, хохирогч П.Н-д нийт 501.000 төгрөгийн хохирол,

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14 дүгээр гудамжны 282 тоотод оршин суух Ч.О-н гэрт хамт архи ууж байгаад гарахдаа гэрээс нь 340.000 төгрөгийн үнэ бүхий “HKC” /эйч кэй си/ загварын 32 инчийн зурагтыг хулгайлж, бусдад нийт 841.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.О-н “...Би М.У-тай тааралдаад бид хоёр манай гэрт архи хувааж уугаад М.У удалгүй гарсан. Тэгтэл манай том өрөөнд байсан зурагт алга болсон байсан...” /хх-37-38/,

хохирогч П.Н-н “... М.У манай гэрт согтуу орж ирээд газар унтаад өгсөн. Бид нар гарахаар болоод М.У-ыг гэртээ үлдээхгүй гээд сэрээгээд хамт гарсан. Манай хүү гэртээ удахгүй ирэх байсан учраас хаалгаа цоожлоод үүдний амбаарт түлхүүрээ үлдээгээд явсныг М.У харж байсан... Тэгээд гэртээ очтол гадна талын хаалга цоожтой байсан ба түлхүүр нуусан газраасаа түлхүүрээ авч хаалгаа онгойлгоод ортол манай 42 инчийн телевизор, 2 ширхэг гар утас байхгүй байсан...” /хх-40-41/,

гэрч Ш.З-н “...О У-г “наад залуу чинь надтай хамт архи ууж байгаад манай зурагтыг аваад явчихсан” гэж хоёр цагдаад хэлсэн... Манай дүү надад “граш дотор юм түжигнээд байсан” гэж хэлэхээр нь очоод үзтэл зурагт байсан...” /хх-44-45/ гэх мэдүүлгүүд,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх 16-17, 23-26/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч М.У-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос М.У-ын үйлдлүүдийг тус тусад нь буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх М.У-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон нэгтгэн өөрчилж, тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Прокурор П.Нямцэцэгээс шүүгдэгч М.У нь өөр өөр цаг хугацаанд 2 тусдаа обьектод халдаж, хоёр хохирогчид хохирол учруулсан нь өөр, өөр гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүх хуульд байхгүй дүгнэлт хийж, зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх гэсэн үндэслэлээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулахаар” тус тус заасан ба шүүгдэгч М.У-ын дээрх 2 удаагийн үйлдэл нь тус тусдаа эхлэл төгсгөлтэй үйлдэл боловч нэг төрлийн гэмт хэрэг болох хулгайн гэмт хэргийн учир хоёр хохирогчид хохирол учруулсан тул нэг зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.   

Харин анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл хэсгийг баримтлаагүй тул давж заалдах шатны шүүх магадлалаар зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

             Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор П.Нямцэцэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.