Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/1016/З |
Дугаар | 221/МА2023/0268 |
Огноо | 2023-04-20 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2023/0268
“В...” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч “В...” ХХК
Хариуцагч: Боловсролын ерөнхий газар
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/2035 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Боловсролын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/2408 дугаартай төсөл арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан БШУЯ/202212141дугаартай, XIII.1.1.275 Сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ тендерийг хүчингүй болгуулах, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарласан БШУЯ/202212141 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ тендерийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 206 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, А.О
Хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/1016/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 206 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В...” ХХК-ийн Боловсролын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан гаргасан Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/2035 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Боловсролын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/2408 дугаартай төсөл арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан БШУЯ/202212141дугаартай, XIII.1.1.275 Сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ тендерийг хүчингүй болгуулах, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарласан БШУЯ/202212141тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1. “...бид Боловсролын Ерөнхий газарт уламжилж, батлагдсан зургаар барилгын ажил гүйцэтгэх эсэх, эсхүл орон нутгаас тавьж буй шаардлагын дагуу зургаа өөрчлүүлж батлуулсны дараа ажлаа гүйцэтгэх эсэх талаар албан бичгээр танилцуулж, уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.
2.2. Үүний дагуу захиалагч, гүйцэтгэгч, зохиогч нарын хамтарсан хурал 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Боловсролын Ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, Зохицуулалтын газарт болж уг хуралд захиалагч талаас Боловсролын Ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга, холбогдох асуудал хариуцсан ахлах мэргэжилтнүүд оролцож “батлагдсан зургаар барилгын ажил гүйцэтгэх эсэх, эсхүл орон нутгаас тавьж буй шаардлагын дагуу зургаа өөрчлүүлж батлуулсны дараа ажлаа гүйцэтгэх эсэх” хүсэлтийг шийдвэрлэсэн ба захиалагчаас барилгын ажлын зураг төслийг өөрчлүүлэх, зураг төслийн өөрчлөлттэй холбоотой гарах шаардлагатай нэмэлт хөрөнгийг тухайн тойргоос сонгогдсон гишүүнд уламжилж 2023 оны Улсын төсөвт тусгуулах”-аар шийдвэрлэсэн. Энэ нь манай компанийн захиалагчтай байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн БШУЯ/202212141 дугаартай гэрээний 19-д “Захиалагч болон гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас үл хамааран ажил гүйцэтгэх хугацаанд саатал гарсан тохиолдолд хамтран тохиролцож, ажлын графикт зохицуулалт хийсний үндсэн дээр ажил дуусгах хугацаанд өөрчлөлт оруулж болно” гэж заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч компаниас 2023 он хүртэл барилга угсралтын ажил гүйцэтгэх №БШУЯ/202212141 дугаар гэрээг захиалагчийн зүгээс сунгаж өгсөн гэж үзэх боломжтой.
2.3. Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А-1/2424 тоот албан бичгээр “...Боловсролын ерөнхий газраас танай компанитай байгуулсан БШУЯ/202212141 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тухайгаа албан бичгээр мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэлд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар барилгын ажил эхлүүлээгүй, ажил удаашралтай, 2022 оны Улсын төсөвт батлагдсан хөрөнгө татагдах эрсдэл үүсээд байна, биелэлт хангагдаагүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна гэсэн.
2.4. Гэрээний ерөнхий нөхцлийн 1.1.11-д гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд... Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйлдэл, /эс үйлдэхүй/-г хамруулан ойлгох бөгөөд Ашиглагч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргаас энэхүү ажлын гэрээ байгуулагдмагц Боловсрол, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын газар, УИХ-н гишүүн Ш.А, “В...” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 14, 16, 21-ний өдрүүдэд хүсэлт гаргаж Сагсан бөмбөгийн сонирхогчдын талбай нь Монгол улсад мөрдөгдөж байгаа сонирхогчдын сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангахгүй байгаа талаарх хүсэлт ирүүлснийг дээрх захиалагч, гүйцэтгэгч, зохиогч нарын хамтарсан 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар шийдвэрлэж шаардлагатай хөрөнгө буюу зургийн өөрчлөлттэй холбоотой заалны хэмжээ 232.8 м.кв талбайгаар, хооллох танхим 36 м.кв талбайгаар нэмэгдэж байгаа бөгөөд зайлшгүй ажлын зардал 80 сая төгрөг орчмоор нэмэгдэх, нэг маягийн зураг төслийг ашигласан ч, хүсэлтийн дагуу өөрчлөлтийг тусгаж зураг төсөл боловсруулан ч ялгаагүй дахиж Барилгын хөгжлийн төвөөр зураг төслийг магадлалаар оруулж батлуулах ёстой гэж үзэн нэмэлт хөрөнгийг 2023 оны улсын төсөв тусгуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч буруугүй юм. Харин Ховд Аймгийн Мөнххайрхан сумын засаг даргын хүсэлтийн дагуу “В...” ХХК нь Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газарт хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Энэ бүхнээс үзэхэд гэрээг цуцлах үндэслэл болсон барилгын ажил эхлээгүй, ажил удаашралтай, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
2.5. Боловсролын Ерөнхий газраас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/2408 дугаар төсөл арга хэмжээний тухай шийдвэрээр гүйцэтгэгч компани нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй тул БШУЯ/202212141 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 18 дугаар зүйлийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээг цуцалсан тул төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг дахин зарлуулахыг хүссэн. Барилгын ажил эхлээгүй байхад барилга угсралтын ажлыг зураг, төслийн дагуу гүйцэтгээгүй, Барилга бүтээцийн алдаа гаргасан гэж баригдсан барилгад хийх дүгнэлтээр тодорхойлж гэрээг цуцалж болохгүй бөгөөд эрх бүхий этгээдийн дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай боловч барилга, угсралтын ажил явагдаагүй байхад явагдсан мэтээр дүгнэж төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг дахин зарласан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.
2.6. Энэхүү төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг дахин зарлуулахыг хүссэн хүсэлтийн дагуу Төрийн Худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БШУЯ/202212141 дугаартай, XIII.1.1.275 “Сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ төсөл арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх тендерийг зарласан. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А-1/2468 дугаар шийдвэрээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан тендерийг хүчингүй болгосон атлаа шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 322 дугаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж гарсны дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-1/24 дугаар шийдвэрээр ... тус газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан тендер шалгаруулалтыг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 322 дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн... байдаг. Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан тендерээ өөрсдөө хүчингүй болгочихоод мөн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дахин зарласан нь нэхэмжлэлийн 1 болон 2 дахь шаардлага эцэслэн шийдвэрлээгүй байхад уг тендерийг дахин зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй нэхэмжлэгч компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан хууль бус шийдвэр төдийгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэгт зааснаар урьд буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт үндэслэн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан атлаа энэхүү гэрээний 18 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэлд дахин худалдан авах ажиллагаа зарлах боломжгүй юм гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, шүүх хуралдаанд тайлбарласан.
2.7. Захиалагч, гүйцэтгэгч, зохиогч нарын хамтарсан хурлаар тухайн барилга угсралтын ажлын талаар үр дүнд хүрэх зорилго агуулж өөрөөр хэлбэл зураг төслийг өөрчлүүлэх, зураг төслийн өөрчлөлттэй холбоотойгоор гарах шаардлагатай нэмэлт хөрөнгийг тухайн тойргоос сонгогдсон гишүүнд уламжилж 2023 оны төсөвт тусгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд эрх бүхий этгээдээс шийдвэр гарсан байхад гараагүй мэтээр дүгнэсэн нь өрөөсгөл юм. Уг барилгын зураг төсөл нь анхнаасаа улсын хэмжээнд нэг маягийн зураг төслөөр баригдахаар төлөвлөгдсөн /дахин тендер зарлахдаа ч мөн нэг маягийн зураг төслөөр зарлагдсан/ гэжээ. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хамтарсан хуралд оролцсон захиалагч болон зохиогч нарын /шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нарын/ 100 хувийн саналаар сургуулийн барилгын зураг төслийг орон нутгаас өгсөн хүсэлтийн дагуу өөрчилж, дахин магадлалаар оруулах, шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөв суулгахыг тухайн тойргоос сонгогдсон УИХ-н гишүүнд уламжлах хэрэгтэй гэсэн нийт хуралд оролцсон 5 хүнээс 5 нь дэмжиж шийдвэрлэсэн байхад уг сургуулийн барилга нь улсын хэмжээнд нэг маягийн зураг төслөөр зарлагдсан байна гэж дүгнэсэн нь буруу юм. Захиалагч нэг маягийн зураг төсөвт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэгч компани эсэргүүцэх боломжгүй юм.
2.8. Зөвхөн спорт заалны хэмжээг өөрчлүүлэх хүсэлтээс шалтгаалан гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг бүхэлд нь хийж эхлээгүйг зөвтгөх үндэслэлгүй юм гэжээ. Энэ санаа нь бусад барилгыг нь эхлүүлээд спорт заалыг нь эхлүүлэхгүй байх боломжтой гэсэн агуулгаар ойлгох бөгөөд барилгын ажил нь батлагдсан зургийн дагуу, түүнд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны хяналтан доор явагдах учир сургуулийн барилгыг нь эхлүүлээд, спорт заалны барилгыг эхлүүлэхгүй байх боломж гүйцэтгэгчид байхгүйг бүгд мэдэж байгаа болно.
2.9. Боловсролын ерөнхий газар нь дээрх мэдэгдлийг гүйцэтгэгчид хүргүүлсэн энэ талаар ашиглагч байгууллагын удирдлага нартай уулзаж уг барилгыг эхлүүлэх гэсэн боловч ашиглагч буюу Ховд аймгийн Мөнххайрхан сумын удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/212 дугаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн ... “В...” ХХК-аас эхлээд Боловсрол, шинжлэх ухааны яам зөвшөөрвөл төсөвтөө багтаагаад зурагт өөрчлөлт оруулж заалны хэмжээг өөрчилж болно гэж байсан боловч Боловсрол, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын газраас төсөвт өртөгтөө багтаагаад хийнэ гэсэн баталгааг гүйцэтгэгч компаниас ирүүл гэсэн хариу өгсний дараа “В...” ХХК-д баталгаа ирүүлэх хүсэлтийг тавихад төсөвт өртөгт багтах боломжгүй, төсөв нэмэгдүүлбэл зургийг өөрчилнө эсвэл жижиг зургийн дагуу хийнэ гэсэн тул энэ асуудал зогссон гэх... тайлбараас үзэхэд захиалагчийн зүгээс жижиг зургаар ажлаа эхлүүлэх, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хамтарсан хурлаар нэмэлт хугацааг тогтоосон /зурагт өөрчлөлт оруулах, нэмэлт санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах гэх мэт/ бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлээр нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх боломжгүй юм.
2.10. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан шийдвэр нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэх боломжгүй. Учир нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хамтарсан хурлаар талууд шийдвэрт хүрсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт... Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулсанаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй... гэжээ. Ашиглагч байгууллага буюу Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргаас спорт заалыг уг хэмжээгээр бариулахгүй гэдгээ илэрхийлж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлт явуулсан, гүйцэтгэгч мөн адил энэ үндэслэлээр хүсэлт явуулсаныг захиалагч 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн. Захиалагч, гүйцэтгэгчийн аль аль нь гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэдгээ илэрхийлсэн нь хамтарсан хурлын тэмдэглэлээр нотлогддог бөгөөд нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүсээгүй байхад үүсэн мэтээр дүгнэх нь буруу юм. Өөрөөр хэлбэл Сагсан бөмбөгийн талбай нь Монгол улсын стандартад нийцээгүй хэмжээгээр барьж ашиглалтад оруулбал харин эсрэгээрээ нийтийн ашиг сонирхолд хор уршиг учруулах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.
2.11. Боловсролын Ерөнхий газраас Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлэхээс өмнө дээрх сонсох ажиллагааг явуулсан бол ажил яагаад эхлэхгүй байх шалтгаан энэ сонсох ажиллагааны үед тодорхой болох байсан. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлийг сонсох ажиллагаа гэж үзэх боломжгүй.
2.12. Анхан шатны шүүх захиалагч, гүйцэтгэгч, зохиогч нарын хамтарсан хурлын тэмдэглэлээр шийдвэрлэсэн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Захиалагч нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан барилга угсралтын гэрээнд буюу зурагт өөрчлөлт оруулах, уг зургийг Барилга хөгжлийн төвөөр магадлалаар оруулж батлуулах, 2023 оны төсөв нэмэлт хөрөнгийг тусгуулах шийдвэр гаргасан нь гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. Учир нь гүйцэтгэгч нь захиалагчийн шийдвэрийн дагуу зурагт өөрчлөлт орж буй тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй тул ажлаа эхлүүлээгүй явдалд буруутгагдах үндэслэл болохгүй бөгөөд үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.
2.13. Тендерийг дахин зарласан нь үндэслэлтэй байна, дахин зарласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэжээ. Тухайн барилга угсралтын ажил эхлүүлээгүй нь гүйцэтгэгчийн үйлдэл, эс үйлдлээс болоогүй. Гэрээний үүргээ зөрчсөн явдалд дахин тендер зарлах нөхцөл байдал үүссэн мэтээр дүгнэх нь өрөөсгөл юм. Гүйцэтгэгчээс гэрээний үүргээ зөрчөөгүй, хамтарсан хурлын шийдвэрээр гэрээг сунгасан гэж үзэх бүрэн боломжтой бөгөөд зурагт өөрчлөлт оруулж, баталгаажсаны дараа ажлаа эхлүүлэх бүрэн боломж байсан бөгөөд гэрээг цуцлах тухай мэдэгдэлд заасан захиалагчийн үндэслэл буюу гэрээний 18 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад тогтоогдсон мэтээр дүгнэж гэрээг цуцалсанд гомдолтой байгаа бөгөөд захиалагч гэрээнд заасан бодит байдалд үл нийцэх гэрээний заалтаар гэрээг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг анхнаасаа зөрчсөн хууль бус шийдвэр юм. Хууль бус шийдвэрийн дагуу дахин дахин худалдан авах ажиллагаа зарлах боломжгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0206 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “В...” ХХК-аас Боловсролын ерөнхий газарт холбогдуулан “Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/2035 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Боловсролын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/2408 дугаартай төсөл арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан “Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан БШУЯ/202212141 дугаартай, XIII.1.1.275 Сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ тендерийг хүчингүй болгуулах, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарласан БШУЯ/202212141 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ тендерийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчимтай байдаг.
3.3. Харин анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ... гэрээний тусгай нөхцөлийн 44.0-д зааснаар гэрээнд үнийн тохируулга хийхгүй гэж зааж, гүйцэтгэгч уг нөхцөлийг зөвшөөрөн барилга угсралтын гэрээг байгуулсан тул зөвхөн спорт заалны хэмжээг өөрчлүүлэх хүсэлтээс шалтгаалан гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг бүхэлд нь хийж эхлээгүйг зөвтгөх үндэслэлгүй, түүнчлэн Төрийн худалдан авах ажиллагааны газар нь хууль, журмаар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд захиалагч Боловсролын ерөнхий газрын төсөл арга хэмжээг дахин зарлуулах тухай хүсэлтийг үндэслэн тендерийг зарласан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зарчимтай нийцэхгүй байна.
3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг” ойлгоно гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно” гэсэн хуулийн зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хуулийн дээрх шаардлагыг бүрэн хангаж, талуудын хооронд нэгэнт ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байгаа бодит нөхцөлийг шүүх харгалзан үзэх шаардлагатай байжээ.
3.5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас зарласан XIII.1.1.273 сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, ... мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасанчлан үнэлгээний хорооны шийдвэрээр Боловсрол шинжлэх ухааны яамтай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр БШУЯ/202212141 тоот “XIII.1.1.273 сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулсан байна.
3.6. Дээрх гэрээний дагуу барилгын ажил 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эхлэх байсан боловч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/34, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/38, мөн оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/41 дугаартай албан бичгүүдээр “Манай сум нь сургуулийн барилгын ажлыг олон жил хүлээж энэ жил асуудал шийдэгдсэн, сурагчдын тоо одоо захиалга өгч байсан үеэс олон болсон...Гэтэл тухайн сургуулийн барилгын ажлын зурагт туссан спорт заалны хэмжээ нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт шаардлагыг хангахгүй тул барилгын зургийн ажлыг хийсэн компаниар дахин өөрчлөлт хийлгэж батлагдсан төсөвт багтаан спорт заалны өргөний хэмжээг стандартад нийцүүлэн барьж өгөх” тухай хүсэлтийг УИХ-ын гишүүн Ш.А, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Э , гүйцэтгэгч “В...” ХХК-д тус тус хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэн даруй буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 152/22 дугаартай албан бичгээр уг асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг Боловсрол шинжлэх ухааны яаманд хандсан хэдий ч уг албан бичгийн хариуг ирүүлэхгүй байсан тул мөн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаар албан бичгээр Боловсролын ерөнхий газарт дээрх хүсэлтийг шийдвэрлээгүйн улмаас барилгын ажил эхлэхгүй удааширч байгаа талаар тус тус мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
3.7. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргаас ирүүлсэн сургуулийн спорт заалны хэмжээг стандартад нийцүүлэн бариулах тухай дээрх хүсэлтийн улмаас барилгын ажил гэрээнд заасан хугацаандаа эхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр захиалагч, гүйцэтгэгч, зохиогч нар хуралдаж, Гүйцэтгэгч байгууллага зураг төсөл зохиогч байгууллагаараа дамжуулан эскиз зургийг шинээр хийлгэж батлуулсаныг үндэслэн “сургуулийн барилгын зураг төслийг өөрчлүүлэх, зураг төслийн өөрчлөлттэй холбоотойгоор гарах шаардлагатай нэмэлт хөрөнгийг тухайн тойргоос сонгогдсон гишүүнд уламжилж 2023 оны Улсын төсөвт тусгуулах”-аар шийдвэрлэсэн байна.
3.8. Уг хамтарсан хуралдааны шийдвэрийн дагуу хариуцагч Боловсролын ерөнхий газар Улсын Их хурлын гишүүн Ш.А-д уг хүсэлтийг уламжилсан эсэх, 2023 оны төсөвт нэмж суулгуулах асуудал хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй атлаа Боловсролын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01/1526 дугаар албан бичгээр “...барилга угсралтын ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор эхлүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдснээр нэхэмжлэгч өөрчилсөн зургийг дахин өөрчилж, батлуулах явцад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/2035 дугаар албан бичгээр “...өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил эхлээгүй, биелэлт хангагдаагүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа тул барилга угсралтын ажлын гэрээг цуцалж байгаа” талаар “В...” ХХК-д мэдэгдэж, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 11 дүгээр сарын 10, мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд маргаан бүхий тендерийг дахин зарласан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
3.9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс тухайн үүссэн нөхцөл байдалд холбогдох арга хэмжээг авч шийдвэрлүүлэх талаар Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газарт удаа дараа хандаж, мэдэгдсэн байх бөгөөд дээрх шалтгаан нь “В...” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас бус, захиргааны байгууллагаас холбогдох асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлээгүй, хүлээлт үүсгэсэн бодит нөхцөл байдал тогтоогдож байхад гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
3.10. Хэдийгээр хариуцагчаас “В...” ХХК-иас барилга угсралтын ажлыг эхлээгүй, биелэлт хангагдаагүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн учир гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд байгуулагдсан барилга, угсралтын ажил гүйцэтгэх гэрээний “Хоёр” буюу Захиалагчийн нийтлэг үүрэг хэсгийн 2.2-т “Захиалагч хууль тогтоомж болон гэрээнд заасан баримт бичиг, зөвшөөрлийг гүйцэтгэгчид зохих ёсоор гаргаж өгөх”, 2.3-д “захиалагч нь ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой гаргаж өгсөн ажлын даалгавар, техникийн нөхцөл зэрэг баримт бичгийн алдаатай холбоотой үр дагаврыг хариуцна” гэж заасан байх бөгөөд сургуулийн спорт заалны хэмжээг өөрчлөх, эсхүл анхны батлагдсан зураг төслөөр барилгын ажлыг гүйцэтгэх талаар захиргааны байгууллагаас тодорхой хариу өгөөгүй нь хариуцагч гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тус гэрээний хэрэгжилт хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.
3.11. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн уг гэрээ гүйцэтгэх чадвар, чадамжийг үнэлж, “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогчоор нэгэнт сонгож, үнэлгээний хорооны дүгнэлт гарсан, үүнтэй бусад этгээд маргаагүй хүчин төгөлдөр болсон, мөн нэхэмжлэгчийн гомдолд дурьдсан “Барилгын ажил эхлээгүй байхад барилга угсралтын ажлыг зураг, төслийн дагуу гүйцэтгээгүй, Барилга бүтээцийн алдаа гаргасан гэж баригдсан барилгад хийх дүгнэлтээр тодорхойлж гэрээг цуцалж болохгүй бөгөөд эрх бүхий этгээдийн дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай боловч барилга, угсралтын ажил явагдаагүй байхад явагдсан мэтээр дүгнэж төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг дахин зарласан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэх гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасан дахин шинэ тендер зарлах шаардлага үүсээгүй байна.
3.12. Учир нь хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин зарласан шинэ тендер нь өмнө зарлагдсан тендертэй ижил нөхцөлтэй, түүнчлэн уг сургуулийн байр болоод спорт заалны хэмжээ томорсон өөрчлөгдсөн зүйл байхгүй зэрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаа нь “шуурхай, тасралтгүй”, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангахын зэрэгцээ захиргааны байгууллагаас зарласан тендер сонгон шалгаруулалтад оролцогчдын хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
3.13. Түүнчлэн ашиглагчийн хүсэлтийг үндэслэн захиалагч Төрийн захиргааны байгууллагаас нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхтэй холбогдуулан тодорхой арга хэмжээ авахаар тохиролцсон хэдий ч Улсын Их хурлын гишүүн Ш.А-гаас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Асуудал шалгаж, хариу ирүүлэх тухай” УИХ-03/8774 дүгээр албан бичгийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Н-т ирүүлсэн байх тул захиргааны байгууллагаас ямар үйл ажиллагаа явуулсан эсэхийг дахин тодруулах, анхан шатны шүүхэд хэргийг буцаан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь шүүх төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг маргааныг тусгай журмын дагуу түргэн шуурхай шийдвэрлэх зохицуулалттай, уг төсөл нь улирлын чанартай хийгдэх ажиллагаанд хамаарч байх тул нэгэнт хүчин төгөлдөр гэрээнд тусгагдсан ажлыг гүйцэтгүүлэх нь зүйтэй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “В...” ХХК-аас Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/2035 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Боловсролын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/2408 дугаартай төсөл арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай,
Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан БШУЯ/202212141 дугаартай, XIII.1.1.275 Сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ тендерийг хүчингүй болгуулах, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарласан БШУЯ/202212141 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ тендерийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “В...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/2035 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдэл, Боловсролын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/2408 дугаартай төсөл арга хэмжээг дахин зарлах тухай шийдвэр, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан БШУЯ/202212141 дугаартай, XIII.1.1.275 Сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ тендер, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарласан БШУЯ/202212141 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 160 суудал /Ховд, Мөнххайрхан сум/ тендерийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА