| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2018/0022/з |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-11-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т овгийн Ц.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер М.Б-д холбогдох,
Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер М.Б-ийн 2017 оны 08 сарын 7-ны өдрийн 04/14-Увс-2017/10-НА дугаартай Зориулалт бусаар зарцуулсан зардлыг төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Аудитын газрын аудитын менежер М.Б-ийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 04/14-Увс-2017/10-11А дугаартай Зориулалт бусаар зарцуулсан зардлыг төлүүлэх тухай актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн актанд Аймгийн Засаг дарга нэгдсэн эмнэлэгт багаж тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаар гэж Франц улс руу явсан клиникийн 1 дүгээр амаржих газрын их эмч Д.Ө-н замын зардалд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг нэгдсэн эмнэлэгт уг тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлээгүй байхад замын зардалд 2.320.000 төгрөгийг олгосон зөрчил илэрлээ гэсэн байх бөгөөд тухайн үед нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа шийдвэр гаргаж уг зардлыг олгосон Ц.А-гаар төлүүлж Төрийн сангийн орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ. Миний бие нь 2012-2016 оны хооронд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2015 онд нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт дурангийн мэс заслын аппарат тоног төхөөрөмж авах саналыг тус эмнэлгийн зөвлөх эмч Д.Ө аймгийн Засаг даргад тавьснаар уг асуудлыг Д.Ө эмчийн хүсэлтээр хэлэлцсэн байдаг. 2015 оны Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уг аппаратад зориулж 80 сая төгрөгийг төсөвт тусгасан. Тухайн үед аппарат сонгох ажлыг Франц Монголын нийгэмлэгийн эмч нарын тэргүүн Д.Ө-р судлуулахаар аймгийн Засаг дарга Д.Ц шийдвэрлэсэн. Ингэж тоног төхөөрөмж судлахад гарах зардал буюу Д.Ө эмчийн Франц улс руу явсан зардал болох 2.300.000 төгрөгийг Засаг даргын нөөцөөс нэгдсэн эмнэлгийн нэмэлт дансруу шилжүүлсэн ба үүнийг их эмч Д.Ө-д гаргах өгөхийг Төрийн сангийн дарга Ч.Э нь холбогдох материалыг бүрдүүлэн аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан тул аймгийн Засаг дарга Д.Ц-н захирамжийг үндэслэн дээрх гүйлгээг хийсэн. Энэ үйл явцад миний бие оролцоогүй, зохих журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Иймээс энэ актыг зөвшөөрөхгүй байна. Мөн уг актыг тухайн үед надад албан ёсоор танилцуулаагүй бөгөөд ийм акт гарсныг би иргэний шүүхэд хариуцагчаар дуудагдах үедээ мэдэж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг дахь Төрийн аудитын газраас актыг хуулбарлуулан авч мөн өдрөө Увс аймгийн Аудитын газрын даргад гомдол гаргасан. Гомдлын хариуг 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 101 албан бичгээр өгсөн ба миний бие энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гарсан актыг надад албан ёсоор мэдэгдэж танилцуулаагүйд гомдолтой байна. Ийм учраас тус Аудитын газрын аудитын менежер М.Б-н 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 04/14-Увс-2017/10-11А дугаартай Зориулалт бусаар зарцуулсан зардлыг төлүүлэх тухай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Аудитын газрын 2017 оны бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нэгдсэн эмнэлгийн 2015,2016 оны санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд нийцлийн аудит хийсэн. Аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/30 дугаар захирамжаар Аймгийн Нэгдсэн эмнэлэгт багаж тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаар Франц улс руу явсан Клиникийн нэгдүгээр амаржих газрын их эмч Д.Ө-н замын зардалд 2320.0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсүгэй гэжээ. Аудитаар Нэгдсэн эмнэлгийн нэмэлт дансаар орж ирсэн дээрх дэмжлэгийг тоног төхөрөмж нийлүүлээгүй байхад унааны зардал гэж Д.Ө-н дансанд шилжүүлж төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын дагуу зарцуулаагүй шийдвэр гаргасан албан тушаалтан Ц.А-р төлүүлэхээр акт тогтоосон. Дээрх үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтад төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах 16 дугаар зүйлийн 16.5.2-д батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтанд нь хяналт тавих 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 24 дүгээр зүйлийн 24.4-т төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна. Нэгдсэн эмнэлийн нэмэлт санхүүжилтийн дансаар орж ирсэн 2320.0 мянган төгрөгийн дэмжлэг нь Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т төсөвт дараах зүйлийг тусгаж батална, 33.2.4-т бусад шатны төсөвт олгох орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэг гэж заасны дагуу Нэгдсэн эмнэлгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг мөн. Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хувиарласан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасан байна. Иймээс төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Их эмч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Тоног төхөөрөмж сонгох ажлыг Франц Монголын нийгэмлэгийн тэргүүн Д.Ө-р судлуулахаар аймгийн Засаг дарга Д.Цэ шийдвэрлэсэн гэжээ. Захирамжид Нэгдсэн эмнэлгт багаж тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаар Франц улс руу явсан гэсэн байна. Тиймээс тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн тохиолдолд уг дэмжлэгийг олгохоор байсан. Уг захрамжийн 2320.0 мянган төгрөгийн дэмжлэг нь төсвийн хөрөнгө учраас хуулийн дагуу зарцуулагдаагүй байна гэж үзээд буруутай этгээдээр төлүүлж орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлэхээр акт тогтоосон.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Ц.А болон тухайн үеийн Увс аймгийн Засаг дарга Ц, Аксион Монгол нийгэмлэгтэй гурвалсан гэрээ байгуулсан. Тухайн гэрээ нь Франц улсаас тоног төхөөрөмж нийлүүлэхээр гэрээнд тодорхой тусгасан ба тухайн тоног төхөөрөмжийг Франц улсаас Улаанбаатар хот хүртэлх тээврийн зардлыг Аксион Монгол нийгэмлэг өөрөө хариуцахаар тохирч, Улаанбаатараас Увс аймагт ирэх зардлыг Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг хариуцахаар гэрээнд тус тус заасан байна. Уг гэрээ нь тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаар явах замын зардал биш, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулсан. Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх эмнэлгийн эмч Д.Ө нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Франц улсруу явсан ба тухайн замын зардлыг Увс аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэмэлт санхүүжилтийн дансанд шилжүүлсэн байсан. Аймгийн Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд нөөцийн хөрөнгийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэмэлт дансанд биш шууд зарцуулсан бол нөөц хөрөнгө зарцуулах тухайн Засаг даргын эрх хэмжээний асуудал байсан.
Гэтэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэмэлт дансанд шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар Бусад шатны төсөвт оруулах орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэг нь тухайн байгууллагын төсөвт хамаарна гэж зааснаар уг зардал нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төсөв болсон. Орлого гэдгийг Тухайн этгээдийн дотоодын гүйлгээнээс бусад гаднаас хүлээн авч байгаа бүх төрлийн гүйлгээг хэлнэ гэж үздэг. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт Төсвийн захирагч нь төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах гэж заасан. Франц улсруу тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаар явсан замын зардлыг олгосон нь Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар Төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээг худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэж заасныг зөрчсөн. Гэтэл Д.Ө 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Франц улсруу яваад уг тоног төхөөрөмж нь нийлүүлэгдэх боломжгүй гэх хариу ирсний дараа 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр уг зардлыг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн данснаас шилжүүлэн авсан. Тухайн мөнгө нь Засаг даргын захирамжаар ирсэн боловч Нэгдсэн эмнэлгийн нэмэлт санхүүжилтээр орж ирсэн төсвийн хөрөнгө болсон тул Нэгдсэн эмнэлгийн санхүүжүүлэлт зарцуулах эрх нь тухайн үеийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.А-д шилжсэн байдаг.
Ц.Ал эмчид акт гарсныг удаа дараа утсаар холбогдож мэдэгдсэн боловч ирж аваагүй. 2014 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх зардлыг баталсан. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн оношилгооны аппаратад 8.000.000 төгрөг тусгагдсан байна. Иймд тоног төхөөрөмж нийлүүлэгдэх боломжгүй болсон нь Франц улс руу явахаас өмнө мэдэгдэж байсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Тухайн маргаан бүхий захиргааны акт нь Зориулалт бусаар зарцуулсан зардлыг төлүүлэх тухай захиргааны акт байгаа. Тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчээр 1986 оноос хойш тухайн чиглэлээр ажиллаж байсан Д.Өнөржаргал эмч нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг 2013 оноос хойш санаачлан зохион байгуулж ирсэн ба анх Улаанбаатар хот дахь Өргөө амаржих газрын эмч Д.Ө-тай хамтран эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд нэн шаардлагатай хүчин зүйлийн нэг болох дурангийн мэс заслын аппарат буюу тоног төхөөрөмжтэй болох шаардлагатай байсан. Эмэгтэйчүүдийн дурангийн багаж, төхөөрөмж нь 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийн үнэ ханштай байсан ба тухайн багаж төхөөрөмжийг хөнгөлттэй үнээр Франц улсаас Увс аймагт нийлүүлэх боломжтой гэдгийг Увс аймгийн Засаг даргад танилцуулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Увс аймгийн Засаг дарга нь тухайн саналыг дэмжиж, улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 7/02 дугаартай тогтоолоор Увс аймгийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын 4 дүгээр хавсралтад Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг эмэгтэйчүүдийн дурангийн оношилгооны аппаратыг 80.000.000 /наян сая/ төгрөгөөр нийлүүлэхээр 2014 онд тухайн асуудал шийдвэрлэгдсэн. Эмэгтэйчүүдийн дурангийн тоног төхөөрөмж нийлүүлэн гэрээ хэлэлцээр хийхээр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийг төлөөлж Франц улсруу урьд өмнө Франц улсруу гэрээ хэлэлцээр хийж харилцаж байсан туршлагатай хүн гэдгээр нь Улаанбаатар хот дахь Өргөө амаржих газрын эмч Д.Ө-г төлөөлүүлж явуулсан. Тухайн үед Д.Ө эмч Франц улсад очин тухайн тоног төхөөрөмжийн гэрээ хэлэлцээрийн талаар тохиролцсон. Увс аймгийн төсөвт 80.000.000 төгрөг төсөвлөгдсөн байсан боловч Франц улсын тоног төхөөрөмж нийлүүлэгч нь 300.000.000 сая төгрөгийн үнэ бүхий дурангийн тоног төхөөрөмжөө 90.000.000 /ерэн сая/ төгрөгөөр худалдана гэсний улмаас 10.000.000 төгрөгийг Увс аймаг шийдэж чадаагүй нөхцөл байдал нь 2 гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн дүгнэлт хийхэд харагдаж байна. Иймд Франц улс дахь дурангийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаагүй тул үүнийг зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө гэж үзэхгүй. Тоног төхөөрөмж нийлүүлэгдээгүй байхад тухайн зардлыг гаргасан гэж акт тавьж байгаа нь үндэслэлгүй байна. Дурангийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхийн тулд Франц улсруу зайлшгүй явах шаардлага байсан ба үнийн хувьд тохиролцоогүй учир тоног төхөөрөмж нийлүүлэгдээгүй нь нэхэмжлэгч Ц.А-н ямар нэгэн буруутай үйл ажиллагааны улмаас болсон зүйл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайн зардлыг Увс аймгийн Засаг дарга нь 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дэмжлэг үзүүлэх тухай захирамж гаргаж, Засаг даргын нөөц хөрөнгөөс Д.Ө эмчийн Франц явах зардлыг шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах журмын 2.2 дахь хэсгийг үндэслэн тухайн зардлыг гаргасан. Энэхүү журамд нь Урьдчилан төлөвлөж, нарийвчлан тооцох боломжгүй, зайлшгүй санхүүжилт шаардлагатай арга хэмжээ, зардлыг санхүүжүүлэн, аймгийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ холбоотой болон цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар бүхий Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулна гэж заасны дагуу Увс аймгийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлсэн тул нэхэмжлэгч Ц.А-г төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж акт тавьж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Ц.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер М.Б-ийн 2017 оны 8 сарын 7-ны өдрийн 04/14-Увс-2017/10-НА дугаартай Зориулалт бусаар зарцуулсан зардлыг төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэл, хариуцагч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актад дараах хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.А нь маргаан бүхий захиргааны актыг гардаж авч танилцаагүй тул 2018 оны 05 сард актыг хуулбарлуулан авч Увс аймгийн Аудитын газрын даргад гомдол гаргаж,гомдлыг шийдвэрлэсэн байдлыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан талаар дурджээ.
Хариуцагчаас Ц.А-д актын хувийг гардуулахаар удаа дараа утсаар холбогдсон боловч ирж уулзаагүй,шалгалтын үеэр акт тавина гэж хэлэхэд тайлбар бичиж өгч байсан тул актыг мэдэгдээгүй гэх үндэслэл байхгүй гэсэн тайлбарыг гаргав.
Маргаан бүхий 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 04/14-Увс-2017/10-НА дугаартай актаар нэгдсэн эмнэлэгийн даргаар ажиллаж байсан Ц.А-р 2320000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, Ц.А нь төлбөрийг барагдуулах хариуцагч гэж тооцогдох тул Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 09 сарын 09-ний өдрийн А/95 дугаартай тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагын акт тогтоох,албан шаардлага өгөхөд баримтлах журам-ын 7.3.1-д гүйцэтгэл болон нийцлийн аудитаар тавигдсан акт,албан шаардлагыг аудитын тайлангийн хамт хариуцагчид албан бичгээр хүргүүлнэ гэж зааснаар актыг Ц.А-д хүргүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцахаар байна.
Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Ц.А-д актын хувийг хүргүүлсэн талаар нотлоогүй,актын бүртгэл хяналтын хуудаст хариуцагч Ц.А гэж бичигдсэн боловч танилцсан гэх хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна.
Иймд Ц.А нь маргаан бүхий акттай холбогдуулан дээд шатны албан тушаалтанд хандаж өргөдөл гарган 2018.06.13-ны өдрийн 101 дугаартай албан бичгээр хариуг аван 2018.06.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нэгдсэн эмнэлэгийн нэмэлт дансанд орж ирсэн мөнгийг Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн эмч Д.Ө-н замын зардлыг олгосонгэж тодорхойлжээ.
Хариуцагчийн зүгээс Ц.А нь нэгдсэн эмнэлэгийн даргаар ажиллаж байхдаа төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1,16 дугаар зүйлийн 16.5.5, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг зөрчиж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Маргаан бүхий захиргааны акт буюу Увс аймаг дахь Төрийн аудитын газрын Аудитын менежер М.Б-ийн тогтоосон 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 04/14-Увс-2017/10-НА дугаартай актаар Аймгийн Засаг дарга Нэгдсэн эмнэлэгт багаж,тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаар гэж Франц улсруу явсан Клиникийн 1 дүгээр амаржих газрын их эмч Д.Ө-н замын зардалд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг Нэгдсэн эмнэлэгт уг тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэгдээгүй байхад замын зардлын 2320.0 төгрөгийг олгосон гэх зөрчил нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д заасан Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах,зарцуулалтанд нь хяналт тавих,24 дүгээр зүйлийн 24.4-д заасан Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т заасныг үндэслэн замын зардлын 2320000 төгрөгийг тухайн үед даргаар ажиллаж байхдаа шийдвэр гаргаж олгосон Ц.А-р төлүүлэхээр тогтоожээ.
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт аудитын байгууллага нь аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих эрхтэй болохыг хуульчилсан бөгөөд талууд аудитын шалгалт явагдсан процесс ажиллагаатай маргаангүй болно.
Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2015,2016 оны санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайланд /2017 оны 7 сарын тайлан/ Аймгийн Засаг даргын нөөцөөс Нэгдсэн эмнэлэгт багаж,тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаар гэж Франц улсруу явсан Клиникийн 1-р амаржих газрын их эмч Д.Ө-н замын зардалд дэмжлэг үзүүлэх захирамж гарсан хэдий ч уг тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлээгүй байхад замын зардлыг олгож төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан талаар тусгагдсан ба актын бүртгэл хяналтын хуудсын нотлох баримтын хэсэгт Засаг даргын захирамж, Нэгдсэн эмнэлэгийн даргын албан бичиг, төлбөрийн даалгавар, Ц.А-ийн тайлбар зэргийг нэрлэжээ.
Ц.А нь аудитын газарт өгсөн тайлбартаа Д.Ө эмчийг Аймгийн Засаг даргын зөвлөмжийн дагуу Франц улсруу явж эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын багаж судалж оруулж ирэхээр явуулсан гэх зардал нь Аймгийн Засаг даргын нөөцөөс Нэгдсэн эмнэлэгийн нэмэлт дансруу шилжиж орсныг захирамж үндэслэн санхүүгийн гүйлгээ хийж өгсөн гэсэн тайлбарыг гаргасан байна.
Нэгдсэн эмнэлэгт ямар тоног төхөөрөмжийг хэрхэн нийлүүлэх болсон талаар эмч Дэ.Ө шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оноос хойш 2016 он хүртэл ажилласан.2014-2015 онуудад нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн ерөнхий мэргэжилтэн,зөвлөхөөр ажиллаж байсан.Би өөрөө 2013 онд дурангийн мэс заслын сургалтанд хамрагдсан.Тэр үед эх барих,дурангийн нийгэмлэгийн тэргүүн,Клиникийн нэгдүгээр амаржих газрын их эмч Д.Ө-тай Увс аймагт дурангийн мэс заслыг хөгжүүлэх талаар ярилцдаг байсан.Д.Ө эмч дурангийн мэс заслын аппарат хөнгөлөлттэй нийлүүлэх боломж байна гэсэн санал тавьсан.Тэгээд аймгийн удирдлагуудад танилцуулж дэмжсэний үндсэн дээр 2013, 2014 онуудад Франц,Австралийн эмч нар манай аймагт ирж дурангийн хагалгаа хийсэн.2014 онд Аксион Монгол нийгэмлэг болон нэгдсэн эмнэлэг аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах гэрээ байгуулан 300 гаруй сая төгрөгийн өртөг бүхий дурангийн мэс заслын багаж төхөөрөмжийг 90 гаруй сая төгрөгт худалдаж нийлүүлэхээр тохиролцсон.Гэрээний дагуу Франц улсын Олимпиус гэх компанитай худалдах,худалдан авах гэрээ хийх шаардлагатай болсон.Ингээд Франц хэл мэддэг,холбогдох хүмүүстэй холбоотой ажиллаж байсан эмч Д.Өнөржаргалыг манайхыг төлөөлөн гэрээ байгуулах ажлаар Франц улсруу явуулсан.Замын зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулж дэмжлэг үзүүлсэн.Худалдан авалтад зориулж орон нутгаас 80 сая төгрөгийг төсөвлөж өгсөн бөгөөд нөгөө худалдагч тал үнийн саналыг зөвшөөрөөгүй,10 гаруй сая төгрөгийн үнийн зөрүүний асуудал үүссэн. Ийм учраас тоног төхөөрөмж нийлүүлэгдээгүй болно гэсэн мэдүүлгийг өгчээ.
Клиникийн нэгдүгээр амаржих газрын Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, эмч Да.Ө шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: 2015 онд ОлимпиусХХК-иас 70-80 хувийн хөнгөлөлттэй үнээр эмэгтэйчүүдийн дурангийн тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой гэсэн. Франц эмч нартай Увс аймагт очин Увс аймгийн Засаг даргатай уулзахад Засаг даргын хөрөнгөөс дуран авахаар ярьсан. Ингээд тухайн ондоо багтааж мөнгө нь Олимпиус ХХК руу шилжээгүй тул тоног төхөөрөмж нийлүүлэх ажил явагдаж чадаагүй. Замын зардлын мөнгийг нислэгийн компани руу шилжүүлж билет захиалж өгснөөр би 2015 онд Франц улсруу явж ОлимпуисХХК болон тус улсын төрийн бус байгууллагатай уулзаад холбоо тогтоож, тоног төхөөрөмж авах хэвээрээ гэдэг талаар уулзалт хийгээд ирсэн гэжээ.
2014 оны 2 сарын 27-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга Ц.А, Аксион Монгол нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Ж Л нар гарын үсэг зурж,Увс аймгийн Засаг дарга баталж хамтран ажиллах гэрээ байгуулсан байх ба гэрээний зорилгоо дурангийн мэс заслыг хүмүүнлэгийн шугамаар хөгжүүлэх,тоног төхөөрөмжийн тал дээр дэмжлэг үзүүлэхэд оршино гэж тодорхойлжээ.
Увс аймгийн Засаг даргын 2015 оны 01 сарын 30-ны өдрийн А/30 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө зарцуулах журмын 2.2 дахь заалтыг үндэслэн Аймгийн нэгдсэн эмнэлэгт багаж,тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаар Франц улсруу явсан Клиникийн нэгдүгээр амаржих газрын их эмч Д.Ө-н замын зардалд 2320000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж дэмжлэгийн 2320000 төгрөгийг нөөц сангаас гаргахыг Санхүү төрийн сангийн хэлтэст зөвшөөрсөн байна.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2015 оны 04 сарын 10-ны өдрийн 35 дугаартай албан бичгээр Санхүү төрийн сангийн хэлтэст хандан дурангийн мэс заслын аппаратыг үзэж судлуулахаар Франц улсад Д.Ө эмчийг явуулах болсон тул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шилжин ирсэн 2320000 төгрөгийг унааны зардалд шилжүүлж өгөхийг хүссэний дагуу City air miles онгоцны нислэгийн тийз борлуулалтын компанийн ХААН банк дахь дансанд нэгдсэн эмнэлэгээс 2320000 төгрөгийг шилжүүлсэн санхүүгийн гүйлгээ хийгджээ.
Нэхэмжлэгч тал болон гэрчүүд аймгийн Засаг даргын зүгээс дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах санхүүжилтийн хөрөнгийг 80 сая төгрөгөөр баталж өгсөн талаар тайлбарлаж Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 04 сарын 24-ний өдрийн 7/02 дугаартай тогтоолыг хэрэгт хавсаргуулсан боловч уг тогтоолд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт,төсөл арга хэмжээг батлахад нэгдсэн эмнэлэгт оношилгооны аппаратад 8 сая төгрөгийг төсөвлөжээ.
Уг тогтоолд нэгдсэн эмнэлэгт оношилгооны аппарат гэж нэрлэсэн байдлаас үзэхэд дурангийн мэс заслын тоног төхөөрөмж авах санхүүжилтыг шийдвэрлэсэн тогтоол гэж үзэх боломжгүй,тухайн хэрэгт хамааралгүй байна.
Төсвийн тухай хуульд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын талаарх журмыг тусгаагүй байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх хэсэгт заасны дагуу Сангийн сайдын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн 239 дугаартай тушаалаар Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт,зарцуулалтын нийтлэг журам-ыг баталсан байна.
Тус журмын 3.1-д Засаг даргын нөөц хөрөнгийг Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар зарцуулна,4.2-д Тухайн шатны Засаг даргын тамгын газар төсвийн зардлын тооцоог Санхүү,төсвийн асуудал хариуцсан хэлтсээр хянуулан холбогдох газар,хэлтсээс санал авч,Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр Засаг даргын захирамж гаргуулна,4.3-д Засаг даргын захирамжийг үндэслэн Санхүү, төсвийн асуудал хариуцсан хэлтэс санхүүжилтийг олгоно гэж зохицуулжээ.
Журамд зааснаар үзэхэд Аймгийн Засаг даргын нөөцөөс хөрөнгө гаргахаар эрх бүхий этгээд шийдвэрлэхдээ холбогдох тооцоо,нөхцөл байдлыг хянаж үзэж, зайлшгүй гаргах шаардлагатай хөрөнгө эсэхэд дүгнэлт хийж шийдвэр гарган, холбогдох зарцуулалт, тайлагналтаа хариуцан ажиллахаар байна.
2015 оны А/30 дугаартай аймгийн Засаг даргын дэмжлэг үзүүлэх тухай захирамжаар их эмч Д.Ө-г нэгдсэн эмнэлэгт багаж тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаар Франц улс руу явсан гэж тодорхойлж замын зардалд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн боловч тухайн үед их эмч Д.Ө Франц улс руу яваагүй байсан, замын зардлын мөнгийг билетийн захиалгын компанид шилжүүлснээр Франц улсруу явсан талаар гэрч мэдүүлсэн зөрүүтэй байгаа боловч захиражийн гол агуулга зорилго нь их эмч Д.Ө-д замын зардлын дэмжлэг үзүүлэх талаар байна.
Уг захирамжаар Д.Ө-н замын зардлын асуудлыг буюу тухайлсан нэг удаагийн шинжтэй,мөнгөн дүн тодорхой дэмжлэгийн асуудлыг аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд бүрэн шийдвэрлэж,зардлыг нөөц сангаас гаргахыг Санхүү,төрийн сангийн хэлтэст зөвшөөрсөн байх ба нэгдсэн эмнэлэгийн төсөвт шилжүүлэх талаар тусгаагүй байна.
Уг захирамжийг үндэслэн Санхүү,төрийн сангийн хэлтэс их эмч Д.Ө-н замын зардлыг олгох ажиллагааг хийхээр байхад уг зардал нэгдсэн эмнэлэгийн нэмэлт дансаар дамжин санхүүжигдэн шийдвэрлэгджээ.
2015 онд Нэгдсэн эмнэлгийн төсөвт Франц улсаас нийлүүлэгдэх тоног төхөөрөмжид зориулсан төсөв,хөтөлбөр батлагдаагүй,худалдах худалдан авах ажиллагаа явагдаагүй байхад нэмэлт санхүүжилтийн дансанд шилжин ирсэн замын зардлыг Нэгдсэн эмнэлэгийн даргын шийдвэрээр санхүүгийн гүйлгээ хийгдсэнийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2 дахь хэсэгт Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах,зарцуулалтанд нь хяналт тавих, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл,Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт нэмэлт төсөв,түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна гэж,мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д Төсвийн захирагч Засаг даргын нөөц хөрөнгөөс зохих байгууллагын шийдвэрийн дагуу тухайн төсвийн захирагчид хуваарилсан төсвийг холбогдох төсөл, арга хэмжээнд зарцуулж болно гэсэн зохицуулалтын хүрээнд нэгдсэн эмнэлэгийн нэмэлт дансанд шилжүүлэгдэн ирсэн хөрөнгийг зарцуулсан байна гэж үзэв.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 09 сарын 09-ний өдрийн А/95 дугаартай тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам-ын 5.1-д Төрийн аудитын байгууллагын тогтоосон акт, албан шаардлагаар алдаа зөрчлийг арилгах үүрэг нь хангалттай, зохистой нотлох зүйлд үндэслэнэ, 5.3-д Төрийн аудитын байгууллагын ажилтнууд нотлох зүйл олж авахдаа холбогдох ажилтнаас асууж лавлах,тулган баталгаажуулах, нөхцөл байдлын шинжилгээний зэрэг аудитын горим аргуудыг ашиглана гэж заасан байх бөгөөд хариуцагчийн тогтоосон актын бүртгэл хяналтын хуудсанд нотлох баримтын мэдээлэл гэх хэсэгт Засаг даргын захирамж, нэгдсэн эмнэлэгийн даргын албан бичиг, төлбөрийн даалгавар, Ц.А-н тайлбар зэргийг дурджээ.
Үүнээс үзэхэд хариуцагч актыг тогтоох үедээ Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах журмын холбогдох зохицуулалтыг анхаарч үзээгүй, тухайн үйл баримтын нөхцөл байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж хариуцагчийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 04/14-Увс-2017/10-НА дугаартай Зориулалт бусаар зарцуулсан зардлыг төлүүлэх тухай актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагчийг харьяалах байгууллага болох Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын Аудитын менежер М.Б-ийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 04/14-Увс-2017/10-НА дугаартай Зориулалт бусаар зарцуулсан зардлыг төлүүлэх тухай актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А-н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ