Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1357

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00767 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Бөхбат” ХХК-д холбогдох

 

  Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 188 200 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

  108 549 327 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Хонгорзул,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баясгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Батхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бөхбат” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн барилга болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Түшээ гүн” хотхоны 102 дугаар байрны 14 тоот 78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 265 200 000 төгрөгөөр худалдан авахаар 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцсон бөгөөд гэрээ байгуулснаас хойш нийт 9 удаагийн төлөлтөөр 188 200 000 төгрөгийг төлсөн юм. 2014 оны 8 дугаар сард худалдаж авсан байрандаа нүүж орохоор талууд харилцан тохиролцсон боловч “Бөхбат” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас 2015 оны 9 дүгээр сард “Түшээ гүн” хотхоны 78 м.кв бүхий орон сууцанд Д.Хүрэлбаатар нь гэр бүлийн хамт нүүж орсон. Нүүж орсноос хойш цемент пургисан, плитанууд нь хөдөлгөөнд орсон, цонх цуурсан усны асуудал шийдэгдээгүй, халаалтын хоолойнууд шохойжиж бөглөрсөн, орцны агааржуулалт байхгүй зэрэг доголдол гэмтлүүд илэрсэн. Өнгөрсөн хугацаанд “Бөхбат” ХХК-д орон сууцтай холбоотой догодлыг арилгуулах, янзалж дуусаагүй ажлаа гүйцэтгэж чанарын шаардлага хангасан, зориулалтын дагуу ашиглаж болохуйц орон сууц хүлээлгэж өгөх талаарх мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. “Бөхбат” ХХК нь тус байрыг худалдахдаа улсын комисс хүлээж авсан гэж худалдагч нарыг төөрөгдүүлэн гэрээ байгуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрүүл, аюулгүй байх баталгаагүй орон сууцыг дур мэдэн ашиглалтад оруулсан нь биет байдлын доголдол үүсгэх бодит үндэслэл болсны дээр Д.Хүрэлбаатарын гэр бүлийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №14-103 дугаартай “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 188 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иргэн Д.Хүрэлбаатар нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Бөхбат” ХХК-тай №14/103 тоот “орон сууц худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн аманд манай компанийн барьж ашиглалтанд оруулсан “Түшээ гүн” хотхоны 102 дугаар байрны 14 тоотод байрлах, 78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч гэрээний дагуу Д.Хүрэлбаатар урьдчилгаа төлбөрөө төлж, улмаар тус байрандаа 2015 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл амьдарч байгаа билээ. Талууд №14/103 дугаартай гэрээний салшгүй хэсэг болох худалдан авах орон сууцны 1 м.кв талбайн үнийг болон нийт үнийг тохирч, дээрх гэрээний 1.3 дахь хэсгээр орон сууцны үнэ тогтвортой байх, үнэд өөрчлөлт орохгүй, анхны үнэ хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан юм. Нэхэмжлэгч Д.Хүрэлбаатар нь орон сууцыг худалдан авахдаа ижил орон сууцны жишиг үнэ, өөрийн ашиг сонирхол, шаардлага эрэлт хэрэгцээ зэргийг харгалзан үзээд манай орон сууцны үнийг зөвшөөрч гэрээ байгуулан худалдан аваад 1 жил 4 сар амьдарч байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад “гадуур орон сууцны үнэ буурсан, танай орон сууцны үнэ өндөр байгаа, үнийг буулга” гэсэн үндэслэлгүй тайлбар тавьж, байнгын хөнгөлөлт урамшуулал эдлэх хүсэлт гаргахад нь СӨХ-ны төлбөр болон гараашийн түрээс зэргээс хөнгөлөлт үзүүлсээр ирсэн. Д.Хүрэлбаатартай гэрээ байгуулах үед орон сууцны үнийг хямдруулах хүсэлт гаргасныг манай компани зөвшөөрч хөнгөлөлт, хямдрал үзүүлж, гэрээнд энэ талаар тодорхой тусгаснаас гадна манай зүгээс дахин орон сууцны үнийг хямдруулах боломжгүй.  “Түшээ гүн” хотхоныг манай компани 2011 оны 4 дүгээр сараас барьж эхлэж 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр барьж дуусгаж, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн ба Д.Хүрэлбаатар барьж дууссан орон сууцнаас худалдан авч 2015 оны 8 дугаар сард орон сууцандаа орсон юм. “Түшээ гүн” хотхоны барилга байгууламжийг барьж дуусгаад 2014 онд улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлтээ тавьсан боловч тухайн үеийн НИТХ-ын шийдвэрээр Зайсан орчмын барилгуудыг улсын коммист хүлээн авахыг түр хугацаагаар зогсоосон байсан. Д.Хүрэлбаатарын нэхэмжлэлд дурдсан тайлбар нь ор үндэслэлгүй, орон сууцны үнийг дахин хямдруулах боломжгүй гэдгийг хэлж ярихаар цемент пургисан, плитанууд хөдөлгөөнд орсон, цонх цуурсан  гэсэн үндэслэлгүй зүйлээр гэрээнээс татгалзжээ. Дээрхи шаардлагууд нь үндэслэлгүй боловч шинэ барилгад гарч болох жижиг зөрчлүүд бөгөөд Барилгын тухай хуульд зааснаар 3 жилийн хугацаанд барилгатай холбоотой асуудлыг компани хариуцаж, үнэ төлбөргүй зөрчлийг арилгах үүргийн дагуу манай компани зөрчлийг засварлаж, янзлах саналаа тухай бүрд нь илэрхийлж байсан. Д.Хүрэлбаатарын засвар үйлчилгээ хийлгэх гомдлын дагуу манай ажилтнуудыг очиход “зөвхөн Д.Цогтгэрэл захиралтай чинь ярина, та нартай харьцахгүй” хэмээн хэл амаар доромжилдог байсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж тус тус заажээ. Бидний байгуулсан гэрээнд “гэрээнэс татгалзах тухай” тохиролцоогүй, “Бөхбат” ХХК нь гэрээний үүргээ зөрчөөгүй. Иймд Д.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Хүрэлбаатар нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Бөхбат” ХХК-тай №14/103 тоот “орон сууц худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн аманд манай компанийн барьж ашиглалтанд оруулсан “Түшээ гүн” хотхоны 102 дугаар байрны 14 тоотод байрлах, 78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан юм. Д.Хүрэлбаатарыг орон сууц худалдан авах үед “Түшээ гүн” хотхоны орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3 500 000-3 800 000 төгрөгийн хооронд байсан ба Д.Хүрэлбаатар гэрээ байгуулахдаа орон сууцны үнийг хямдруулах хүсэлт гаргасныг хүлээн авч 1 м.кв үнийг хямдруулсан. Бидний байгуулсан гэрээнд хөнгөлөлт үзүүлж, хямдралтай үнээр орон сууцыг худалдсан тухай тусгагдсан байгаа. Манай компани “Түшээ гүн” хотхоныг 2011 оны 4 дүгээр сараас барьж эхлэж 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр барьж дуусгасан ба Д.Хүрэлбаатар нь уг барьж дуусгасан орон сууцнаас олон удаа үзэж сонголт хийсний дараа 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрээгээ байгуулж, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн орон сууцны үнээс гэрээний хавсралтаар тохиролцсоны дагуу нийтдээ 188 200 000 төгрөгийг төлж орон сууцны үнээс 77 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Д.Хүрэлбаатарыг үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахаар орон сууцны үнэ хямдарсан, үнээ буулга гэсэн тайлбарыг хэлдэг. Иймд орон сууцны үлдэгдэл төлбөр 77 000 000 төгрөг, 2016 оны 9, 10, 11, 12 дугаар сарын дундын өмчлөл, ашиглалтын төлбөр 769 327 төгрөг, 2014 оноос 15 сарын хугацаанд гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг банкны зээлийн 2 хувийн хүүгээр тооцсон алданги, торгууль 30 780 000 төгрөг, нийт 108 549 327 төгрөгийг Д.Хүрэлбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

      Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцны биет байдлын догодлын улмаас 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үнийг бууруулах талаар хүсэлт болон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдэлийг тус тус хүргүүлж байсан боловч “Бөхбат” ХХК нь ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй. Иймд 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд орон сууцны биет байдлын догодлын улмаас “орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс” татгалзаж нэхэмжлэл гаргасан. “Бөхбат” ХХК-д үлдэгдэл төлбөр төлөх бус гэрээний үнэд төлсөн 188 200 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. “Бөхбат” ХХК нь оршин суугчдын дундын өмчлөл, ашиглалтын төлбөрийг нэхэмжлэх эрх бүхий субьект биш болно. Уг орон сууцанд оршин суугчдын дунд холбогдох журмын дагуу байгуулагдсан Сууц өмчлөгчдийн холбоо байхгүй учир “Бөхбат” ХХК нь СӨХ-ны эрх эдэлж, үүрэг хүлээх субьект биш тул дундын өмчлөл, ашиглалтын төлбөр нэхэмжлэх эрхий бүхий этгээд байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

             Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.3-т зааснаар 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 188 200 000 /нэг зуун наян найман сая  мянга хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай Д.Хүрэлбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар Д.Хүрэлбаатараас 77 000 000 /далан долоон сая/ төгрөг гаргуулж, “Бөхбат” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 549 327 төгрөгт  гаргуулах  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56дугаар зүйлийн 56.1,  56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Хүрэлбаатараас улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 1 098 950 төгрөг, “Бөхбат” ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн 701 000 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Д.Хүрэлбаатараас 542 950 төгрөг гаргуулж “Бөхбат” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хянах шаардлагатай байсан. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлж худалдах, худалдан авах гэрээний доголдлыг нотлох зураг болон дүрс бичлэгийг өгсөн боловч үнэлээгүй. Уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу өөрийн шаардлагыг үндэслэж орон сууцанд илэрсэн доголдлыг нотлох зорилгоор хэрэгт ач холбогдолтой, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт хэмээн үзэж хуульд заасан арга хэрэгслээр олж авсан боловч шүүх нотлох баримт гаргах цуглуулах хуульд заасан журам зөрчсөн хэмээн дүгнэж, хуульд заасан журмыг хэрхэн зөрчсөн талаарх үндэслэл огт дурдаагүй учир хууль зүйн үндэслэлгүй байна. Гомдлын шаардлагыг удаа дараа гаргаж байсныг үнэлж дүгнээгүй. Шүүх нэхэмжлэгчийн гомдлыг шаардлагыг хүргүүлж байсныг тодорхойлон дүгнэсэн атлаа худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан годлын шаардлагыг гаргаагүй байна хэмээн дүгнэсэн нь шийдвэрийн үндэслэх хэсэг тодорхойгүй буюу үндэслэл бүхий болоогүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Хүрэлбаатар нь хариуцагч “Бөхбат” ХХК-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 188 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 108 549 327 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

 

Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Бөхбат” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Түшээ гүн” хотхоны 103 дугаар байр, 101-14 тоотод байрлах 78 м.кв талбай бүхий 4 өрөө орон орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.Хүрэлбаатар нь 1 м.кв-ыг 3 400 000 төгрөг буюу нийт 265 200 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, үүнээс худалдан авагч нь 188 200 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 5-9, 12 дугаар тал/

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн актаар орон сууцыг 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр барьж дуусгасан болох нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Худалдан авагч Д.Хүрэлбаатар нь гэрээний урьдчилгаа төлбөр төлснөөр 2015 оны 9 сараас хойш гэрээний зүйл болох орон сууцыг эзэмшиж байгаа талаар талууд маргаагүй байна. Тэрээр орон сууц нь доголдолтой тул гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 188 200 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ “орон сууцанд цемент бургисан, плитанууд хөдөлгөөнд орсон, цонх цуурсан” гэх мэт доголдол илэрсэн тул гэрээнээс татгалзана гэж маргаж байх боловч эдгээр доголдол нь гэрээг цуцлах хэмжээний доголдол болох нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасан ялимгүй зөрчил гэх үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч орон сууцны доголдол байгааг харуулсан гэх гэрэл зураг, бичлэгийг шүүхэд нотлох баримтаар цуглуулж өгсөн байх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас гадна тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар уг доголдол байгаа эсэхийг тодруулахаар үзлэг хийлгэх, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй байна.  Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  талуудын зарчмын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно. 

 

Худалдан авагч Д.Хүрэлбаатар нь гэрээний үлдэгдэл төлбөр 77 000 000 төгрөгийг төлөөгүй  байгаа талаар маргаагүй ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэгчээс дээрхи төлбөрийг гаргуулж хариуцагчид олгосон нь үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн талууд худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд алданги төлөх талаар тохиролцоогүй байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 30 780 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.НАРАНЦЭЦЭГ                                     

                             ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД                                                                                                    

                                                                                                     Г.ДАВААДОРЖ