Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/708

 

 

 

 

   2020         07         24                                                2020/ШЦТ/708

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч ,

Хохирогч Л.С түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Бадам,

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганбат,  

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г Д холбогдох 2003 00000 0201 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зочид буудлын удирдлага менежмент мэргэжилтэй, Авто плаза төвд харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67- 143 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Г Д /РД:**********/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн уулзварын замд “Тоёота приус” маркийн 51-63 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон", мөн дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна , 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн шон мөргөж, зорчигч Л.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.С мэдүүлэхдээ “...2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр найзынхаа төрсөн өдөр рүү явах гээд гэрээсээ гарсан. Төрсөн өдөрт очоод вино уусан байсан учир би машинаа үлдээгээд гэрлээ асаасан машины оронд машинаа тавъя гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тэдгээр залуус дуу бичиж байсан залуу танилцъя гээд ороход пивоноос нь уусан. Ингээд бид 4 үлдсэн. Бид хэд ярилцаад машин бариад явсан .Ингээд нэг мэдэхэд ухаангүй эмнэлэгт сэрсэн. Уг гэмтлийн улмаас 3 нуруу хугарч хагалгаанд орсон учир 2 жил ажил хийх боломжгүй болсон. Тухайн үед хөл гайгүй байсан хэдий ч одоо доголж явж байна. Миний ажилгүй байсан хугацааны цалин, лизинг төлвөл гомдолгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганбат мэдүүлэхдээ “...Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирлыг төлнө гэж байх тул үүнд хэлэх тайлбаргүй. Нэхэмжлэлийн тухайд хохирогч нь Гранд компанид ажилладаг байсан нь ажлын газрын тодорхойлолтоор нотлогдож байна. Уг баримтаар өмнө нь цалин авдаг гэдгийг нотолж байх тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Тэрээр үндсэн 850.000 төгрөгийн цалинтай, үүнээс 40.500 төгрөгийг нийгмийн даатгалд төлдөг. 5,6 дугаар сарын цалин болох 2.238.968 төгрөг, 1.680.000 төгрөг, 3.113.968 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн уулзварын замд “Тоёота приус” маркийн 51-63 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон", мөн дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна , 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн шон мөргөж, зорчигч Л.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.С өгсөн “... жолооны ард сууж явсан залуу машинаа жолоодож хөдлөөд төв зам руу ороод ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байсан ба нэг мэдсэн чинь түс тас хийх чимээ гарсан бөгөөд сэрэх гээд сайн сэрж чадахгүй байхад миний сууж явсан талын хаалгыг онгойлгоод “зүгээр үү” гэж асууж байсан. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Ослоос болж нурууны хагалгаанд орсон, 700 гаран мянган төгрөг болсон, би зүгээр байж байгаад нуруундаа гэмтэл авч хэвтэрт орсон, бүх зүйлд шаналж байна, маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-25/-р тал,

Гэрч Т.С “...Бид нар Модны-2-н замаар явж төв зам руу ороод ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байсан бөгөөд Төв шуудангийн УРД талын уулзварын гэрэл дохио ногоон асчихсан байсан бөгөөд Д уг гэрлээр амжиж орох гээд машиныхаа хаазыг гишгэхээр нь би Д араас зүүн мөр рүү нь “зөөлөн яваарай” гэж хэлээд гараараа цохиод хойшоо суутал Д машиныхаа рулийг зүүн тийш нь дарах шиг болсон бөгөөд замын зорчих хэсгийн хойд талын боржурыг мөргөж даваад гэрлийн шонг автомашиныхаа зүүн урд хэсгээрээ мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30/-р тал,

Гэрч Т.Б “...2020 оны 05 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн орчим би гэртээ харихаар “Тоёота Приус” маркийн 10-81 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудлын ойролцоо явж байтал хойд талд түс тас хийх чимээ гарахаар нь автомашиныхаа голын толинд харахад цагаан өнгийн суудлын автомашин замын зорчих хэсгийн урд талын гэрлийн шон мөргөөд зогсож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн “...Хүний биед хийсэн №5687 дугаартай, “...Л.С-н биед бүсэлхийн 2-р нугалмын их бие, хөндлөн сэртэнгийн шахагдсан хугарал, мултрал, булчин холбоосны урагдал, бүсэлхийн 2-р нугалам солих мэс заслын дараах байдал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/-р тал,

Цагдаагийн ерөнхий газрын “эрх хасагдсан” гэх жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 72/-р тал,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 51 дугаартай: “Жолооч Г овогтой Д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон", мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэстэй байна...” гэх магадалгаа /хх-ийн 55-56/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Д тухайд хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Г.Д нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц үйл баримт тогтоогдоогүйн дээр шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгч Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 1.490.638 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны үеийн цалин хөлсийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч нь нялх хүүхэдтэй залуу хүүхэд байх тул заавал хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна...” гэх саналыг,

Шүүгдэгч Эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэх саналыг,

Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэргийн учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Гурав. Бусад асуудлаар.

 

          Шүүгдэгч Г.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Х овогт Г Д “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д “...Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэсүгэй.          

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь “...Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг...” тус тус сануулсугай.

6. Шүүгдэгч Г.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хохирогч Л.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Д жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР