| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0713/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1006 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1006
2020 12 09 2020/ШЦТ/1006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
улсын яллагч Ц.Амгаланбаатар,
иргэдийн төлөөлөгч П.Д,
шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х Д холбогдох эрүүгийн 2009 00000 0779 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 1958 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХАА-н машины засварчин мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 12-485г тоотод оршин суух хаягтай, Урьд
1980 онд Сүхбаатар аймгийн шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар 06 жилийн хорих ялаар,
1992 онд Сүхбаатар аймгийн шүүхийн А/5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х Д /РД:**********/,
Хоёр. Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг Хангайн 11 дүгээр гудамжинд Т.Б маргалдаж, хэвлий хэсэг рүү нь хутгалж, хохирогчийн цээжний баруун талд 8-9-р хавирганы завсраар цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч, өрц, элгэнд хатгагдаж, зүсэгдсэн шарх буюу хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-р тал,
Хохирогч Т.Б мэдүүлэг /хх-ийн 14/-р тал,
Гэрч Т мэдүүлэг /хх-ийн 18/-р тал,
Гэрч М.А мэдүүлэг /хх-ийн 21/-р тал,
Шүүгдэгч Х.Д гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 22/-р тал,
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ /хх-ийн 24-26/-р тал,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-79/-р тал зэрэг болно.
Нэг. Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Х.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг Хангайн 11 дүгээр гудамжинд Т.Б маргалдаж, хэвлий хэсэг рүү нь хутгалж, хохирогчийн цээжний баруун талд 8-9-р хавирганы завсраар цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч, өрц, элгэнд хатгагдаж, зүсэгдсэн шарх буюу хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр манай хамар хашааны айлын хүн болох Д болон Д-ийн ахтай хамт 0.5, 0.75 литрийн Хараа нэртэй архи ууцгаасан. Тэгээд би тамхи авах гээд гараад явж байтал замд Б тааралдаад гараас татаад архи ууна гээд заагаад байсан, тэгэхээр нь би архи байхгүй гэж хэлтэл ууна гээд гараас татаад байхаар нь миний уур хүрээд гэрээс ороод хүрэн бор өнгийн иштэй хутга авч гарч ирээд хутгалсан...” гэжээ.
Хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болох “...Хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 14-17/-р тал, гэрч Т.Т мэдүүлэг /хх-ийн 18-19/-р тал, гэрч Э.А мэдүүлэг /хх-ийн 20-21/-р тал, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 80/-р тал, зэргээр нотлогдож байх бөгөөд дээрх баримтуудыг няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэжээ.
Шүүгдэгч Х.Д дээрх үйлдэл нь шууд санаатай, гэм буруутай өөрийнх нь үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх бүрэн боломжтой байсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн зүгээс түүнийг аргагүй байдалд хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Х.Д зүгээс өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед маргаангүйн дээр шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар зэрэгт үндэслэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Х.Д тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5731 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...Хүний эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн...” бол гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлж өгсөн бөгөөд шүүгдэгч Х.Д нь хохирогчийн эрүүл мэндэд хутга хэрэглэж хүнд гэмтэл санаатай учруулсан нь хуулийн дээрх заалттай нийцсэн, прокуророос шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Х.Д хүний эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Т.Б зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа тус шүүхэд хандаж бичгээр тайлбар гаргасан байх тул шүүгдэгч Х.Д бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүгдэгч Х.Д гэм буруутай талаар дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ....”саналыг,
Шүүгдэгч Х.Д зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгч Х.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, гэм буруугаа хүлээн мэдүүлж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Х.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Х Д “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Д 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
С.ОЮУНЧИМЭГ