Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1003

 

 

 

 

 

2020          12         09                                    2020/ШЦТ/1003   

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

улсын яллагч М.Гэрэлбадрах,

шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Т Д холбогдох эрүүгийн 1909 02939 0840 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Цагаан хуарангийн 86-87 тоотод оршин суух хаягтай, Урьд

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан Д овогт Т Д /РД:**********/,

Хоёр. Холбогдсон хэргийн товч агуулга. ,

Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Ай Лофт” бааранд Э.Д маргалдсаны улмаас түүний нүүрэн хэсэгт цохиж, “баруун нүдний эвэрлэгийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэх зүйл байхгүй...” гэжээ.  

Нэг.  Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Ай Лофт” бааранд Э.Д маргалдсаны улмаас түүний нүүрэн хэсэгт цохиж, “баруун нүдний эвэрлэгийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Т.Д зүгээс өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед маргаангүйн дээр шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар зэрэгт үндэслэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Нөгөөтээгүүр шүүгдэгч Т.Д тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэжээ.

Шүүгдэгч Т.Д нь өөрийн гэмт үйлдлийн улмаас бусдад хохирол, хор, уршиг учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан ч түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Э.Д нь гэмт хэргийн улмаас учирсан өөрт учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах....” саналыг,

Шүүгдэгч Т.Д зүгээс “...Хуульд заасан хамгийн бага хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү ...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.    

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Т.Д нь энэ гэмт хэргийн улмаас нийт 10 хоног цагдан хоригдсон бөгөөд шүүхээс оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 80 цагийн ажлыг хасаж нийт эдлэх ялын хэмжээг 420 цагийн хугацаагаар тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Д овогт Т Д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Шүүгдэгч Т.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д урьдчилан цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, түүний эдлэх ялаас 80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 420 цагийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.   

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР