| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0060/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-07-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Хантөгс,
улсын яллагч Ш.Батсүх, /цахимаар/
хохирогч Б.Б,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогт М-н Б-т холбогдох эрүүгийн 2117000390066 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 02-нд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Г аймгийн Ш сум, дүгээр баг, дугаар байрны ..........тоотод түр оршин суух, Ө аймгийн Х сумын дугаар баг ........... гэх газар оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т овогт М-н Б /РД:.........../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Б нь иргэн Б.Б-д болон Ц.Б-гийн нөхөр, дүү нарт “Газарчин” дээд сургуулийн “Уул уурхайн ашиглалтын инженер”-ийн бакалаврын зэрэгтэй диплом гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1.750.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2.320.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2.100.000 төгрөг нийт 6.170.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5000872930 тоот дансаараа авч иргэн Ц.Б-д 4.200.000 төгрөгийн, иргэн Б.Бд 1.970.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Мөн иргэн Б.Э-т “Газарчин” дээд сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2.030.000 төгрөгийг Хаан банкин дахь 5029979734 тоот дансаар, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 80.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 50.000 төгрөгийг Хаан банкин дахь 5000872930 тоот дансаар авч нийт 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 6 дугаар байрны 3-41 тоотод оршин суух иргэн Г.Х-д “Газарчин” дээд сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч 1.710.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Б-д болон Ц.Б-гийн нөхөр, дүү нарт “Газарчин” дээд сургуулийн “Уул уурхайн ашиглалтын инженер”-ийн бакалаврын зэрэгтэй диплом гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1 750 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2 320 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2 100 000 төгрөг нийт 6 170 000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5000872930 тоот дансаараа авч хохирогч Ц.Б-д 4 200 000 төгрөгийн, хохирогч Б.Бд 1 970 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Мөн хохирогч Б.Э-т “Газарчин” дээд сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2030000 төгрөгийг Хаан банкин дахь 5029979734 тоот дансаар, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 80 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 50 000 төгрөгийг Хаан банкин дахь 5000872930 тоот дансаар авч нийт 2 160 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 6 дугаар байрны 3-41 тоотод оршин суух хохирогч Г.Х-д “Газарчин” дээд сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч 1 710 000 төгрөгийг залилан авсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Миний бие 2015 оноос 2017 он хүртэл Газарчин дээд сургуульд Цахилгааны багшийн ажил эрхэлдэг байсан. Би сургуулийн шугамаар найз Б.Б-тэй холбогдоод диплом гаргуулж авах хүн байна уу гэж асуухад манай ах Б.Б гаргуулах юмсан чи ахтай холбогдоод асуучих гэхээр нь асуутал одоохондоо найз нь мөнгө төгрөгний бололцоо алга намраас өөртөө гаргуулна одоо бол чи манай эхнэрийн эгч Ц.Б-тай холбогдоод асуучих гэхээр нь мөн холбогдоод асуутал диплом гаргуулна манай нөхөр Э, дүү Ч нарт гаргуулж авна гэж хэлсэн. Тэгээд сургалтын төлбөрийн мөнгийг би шилжүүлэх боломжгүй байна би Б.Б рүү явуулна чи Б.Б-тэй төлбөр тооцоогоо бодчих гэж хэлсэн. Тэгээд миний Хаан банкны 5000872930 тоот дансанд нийт 6 170 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд тухайн үед Говьсүмбэр аймаг руу Б.Б-тэй хамт явж нотариат орж диплом гаргаж өгөх талаар биш дээрх мөнгийг гурван сарын хугацаатай эргэж төлөх зээлийн гэрээ байгуулсан юм. Тэгээд диплом гаргуулан өгөх асуудал бүтэхээргүй болоод мөнгийг буцааж төлөх асуудал яригдаж эхэлсэн юм. Тэгээд Ц.Б гэх эгч над руу холбогдоод дээрх мөнгийг яаралтай буцааж авах талаар хэлсэн. Би дээрх мөнгийг буцааж төлж барагдуулсан.
Б.Б-эс гадна Б.Э, Г.Х нараас мөнгө гаргуулж авсан. Б.Э-ээс 2 160 000 /хоёр сая нэг зуун жаран мянга/ төгрөг, Г.Х-ээс 1 710 000 төгрөгийг тус тус сургалтын төлбөрийн мөнгө гэж гаргуулж авсан.
Би дээрх мөнгийг буцааж төлсөн. 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдөр 1000000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдөр 500 000 /таван зуун мянга/ төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 500 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдөр 200 000 төгрөг Хаан банкны 5059006677 дугаартай Ц.Б гэх эзэмшигчийн данс руу шилжүүлсэн мөн 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр 500 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3 400 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5000872930 тоот данснаас тус тус хаан банкны интернет банк ашиглаж хаан банкны 5990134280 тоот Б.Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Мөнгө төлсөн баримтуудыг гаргаж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108 дугаар хуудас/,
Тухайн үед Г.Х эгчийн охин С.А над руу залгадаг, холбоотой байсан юм. Тэгээд тухайн үед сургуулиа төгсөж чадаагүй буцаад сургуульдаа сурах боломж байдаг уу дипломоо авах боломж байгаа юу гэж ярьдаг байсан. Тэгээд тухайн үед Газарчин дээд сургуулийн диплом гаргаж өгөх боломж гарч ирсэн болохоор нь тэр шугамаар би Г.Х эгчтэй холбогдоод та С.Ад диплом гаргах боломж байна гэсэн санал хэлсэн. Тэгээд Г.Х эгч зөвшөөрөөд сургалтын төлбөрийн мөнгийг нь өгсөн. Тэгээд С.Ад диплом гаргуулахаар тохирсон. Төлбөр нь миний эзэмшлийн 5000872930 тоот дансанд 1 710 000 төгрөг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдөр шилжүүлж байсан юм.
Г.Х эгчээс гадна Б.Б, Б.Э нараас мөнгө гаргуулж авсан. Б.Э-ээс 2 160 000 төгрөг, Б.Б-эс 6 170 000 төгрөгийг тус тус сургалтын төлбөрийн мөнгө гэж гаргуулж авсан.
Би дээрх мөнгийг буцааж төлсөн. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1700000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5000872930 тоот данснаас Хаан банкны интернет банк ашиглаж 5990135273 тоот Г.Х-гийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн. Мөнгө төлсөн баримтуудыг гаргаж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112 дугаар хуудас/,
2016 оны 06 дугаар сард Газарчин дээд сургуульд багшилдаг байхдаа Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд ирж эчнээ ангид хичээл орсон юм. Тухайн үед оюутнууд дунд Б.Э суралцаж байсан учраас таньдаг болсон. Тэгээд Б.Э өөрөө над руу хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2020 онд залгаад сургуулиа хаячихсан одоо төгсөх гэсэн юм та надад туслаач гэхээр нь за би судлаад асуугаад эргээд хариу хэлнэ гээд орхисон. Тэгээд хоёр гурван хоногийн дараа дахиад залгахаар нь би энэ асуудлыг чинь шийдэж өгнө гээд төлбөрийг нь өөрийн эзэмшлийн 5000872930 тоот дансанд нийт 2.160.000 төгрөг орсон байсан.
Би дээрх мөнгийг буцааж төлсөн. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 200 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5000872930 тоот данснаас хаан банкны интернет банк ашиглаж 5990136538 тоотод Б.Э-ийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн. Мөнгө төлсөн баримтуудыг гаргаж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116 дугаар хуудас/,
1.3. Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2020 оны 4 дүгээр сард манай эмэгтэй дүү над руу залгасан, та Газарчин их сургуулийн диплом авах уу? гэсэн. Би тухайн үед зөвшөөрөөд, өөрийн эгчээсээ мөнгө зээлж авсан. Би өмнө нь Япон явна, Солонгос явна гээд нэг хүнд 20, 30 сая төгрөг өгөөд хулхидуулж байсан, би тэр хүнтэй ямар ч гэрээ хийгээгүй байсан, мөнгөө тэр хүнд бэлнээр өгсөн, бэлэн өгсөн учраас тэр хүнд ямар ч хариуцлага тооцдоггүй юм байна лээ. Тэгээд би ийм зүйл болж байсан болохоор Б-тэй гэрээ байгуулсан. Б-т би, чи ямар ч асуудалгүй биз дээ гэхэд Б ёстой ямар ч асуудал байхгүй, санаа зовох зүйлгүй гэсэн. Тэгээд гэртээ байж байсан чинь дахиад 2 диплом байна авах хүн байна уу гэж Б надаас асуусан. Би тэгээд төрсөн эгчдээ хэлэхэд манай эгч зөвшөөрөөд ямар ямар анги байгаа юм бол гэхээр нь би Б рүү залгаад ямар ямар анги байгааг асуухад, та нар өөрсдөө ангиа сонгож болно, ямар ч анги байсан болно гэж хэлэхээр нь би эгч дүү хоёроосоо асуусан чинь уулын ашиглалтын механик, уулын ашиглалтын механикийн инженер гэсэн анги байвал тэр ангийг нь сонгоё гэсэн. Би тэгээд эгчийгээ та тэр хүнтэй өөрөө яриад холбогд, та шийдсэнийхээ дараа би өөрийнхөө байгуулсан гэрээн дээрээ давхар нотариатаар ороод гэрээ байгуулчихъя, гэрээ байгуулчих юм чинь дараа нь буцаагаад мөнгөө авахад ч гэсэн амар байлгүй гэж хэлсэн. Б өөрөө бол 06 дугаар сарын 19-н гэхэд диплом чинь гарчихсан байна гэж байсан. Тэгээд би 6 сард уулзсан чинь хэвлэлтдээ орж байгаа, арай болоогүй байгаа гэсэн. Дараа дахиж Б-тэй холбоо барих гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Би тэгээд шүүх дээр ирээд шүүгчийн туслах Б гэх залуугаас зөвлөгөө авсан. Шүүгчийн туслах Б надад та Өвөрхангай аймгийн эрэн сурвалжлуулах албанд ханд гэсэн. Би тэгээд Өвөрхангай аймгийн эрэн сурвалжлах алба руу материалаа явуулсан боловч, энэ Б гэх хүн энэ хаяг дээр байдаггүй юм байна гэсэн хариуг надад өгсөн. Тэгэхээр нь би Говьсүмбэр аймгийн анхан шатны шүүх дээр ирж зөвлөгөө авсан, надад энэ Б гэх хүнийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн эрэн сурвалжлах албанд ханд гэсэн зөвлөгөөг надад өгсөн. Би Говьсүмбэр аймгийн эрэн сурвалжлах албанд 70200 төгрөг өгөөд эрэн сурвалжлуулсан боловч энэ хүн Улаанбаатар хотод байгаа юм байна гэсэн хариуг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газрын албан хаагч Сансар гэх хүн надад хэлсэн. Тэгээд удалгүй Б Шивээговь суманд ирчихсэн байсныг би өөрөө олж мэдсэн. Би Бийг аваад Говьсүмбэр аймгийн Эвлэрүүлэн зуучлахаар ороод хоорондоо тохиролцсон боловч намайг дахиж хуурсан. Би тэгээд Шивээговь сумын Цагдаагийн газарт хандсаны эцэст, Б надад 5 сард миний хохирлыг барагдуулсан гэв.
1.4. Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын эхээр манай хүргэн дүү болох Б залгаад Газарчин дээд сургуулийн диплом гаргуулдаг хүн байна, би гаргуулах гэсэн юм, та надад мөнгө зээлээч гэсэн. Надад мөнгө байсан болохоор 5990134280 тоот дансанд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2 450 000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь дахиж залгаад би дипломоо захиалчихсан өөр нэмж захиалах хүн байна уу гэж асуухаар нь би нөхөр Э, дүү Ч нарт гаргуулна гэж захиалсан. Тэгээд гаргаж өгөх гэж байгаа Бтэй холбогдоход би Газарчин дээд сургуулийн диплом гаргаж өгнө, ийм ангиуд байгаа гэж хэлсэн. Тэгээд би захиалахаар болоод Б рүү хоёр дипломын мөнгө болох 4 200 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш холбоо барихгүй болохоор Бэс мөнгө гаргуулан авах гэтэл мөнгө байхгүй гэхээр нь би бүх мөнгөө бодоод бага мал авчихсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 дугаар хуудас/,
1.5. Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний бие Шивээ-Овоо ХХК-д тогооч эрхэлдэг юм. 2017 оны 09 дүгээр сарын үед Газарчин дээд сургуулиас манай суманд төлөөлүүлээд ирж элсэлт авсан. Тэгээд би Газарчин дээд сургуулийн цахилгааны инженерийн ангид 2017 оны 09 дүгээр сард элсэж орсон. Тэгээд сургалтын төлбөрөө сургуулийн дансанд хийгээд төлчихсөн. Тэгээд дундуур нь ар гэрийн гачигдал үүсээд би сургуулиа хаячихсан. Тэгээд Б 2018 оны 04 дүгээр сард Газарчин дээд сургуулиас ирж сургалт орсон юм. Б Газарчин дээд сургуулийн Цахилгааны багш байсан. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би суманд явж байтал Б-тэй таарсан. Тэгээд би сургуулиа төгсөж чадаагүй хаячихсан гэхэд тэр асуудалгүй төлбөрөө миний данс руу хийчих гээд 2 300 000 төгрөг Б-ийн эзэмшлийн 5029979734 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд шилжүүлээд утсаар Бтэй холбогдоход 2019 оны 06 дугаар сарын сүүлээр сургалт нь дуусна асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр диплом чинь хагас жилээр гарна, хэвлэлтийн мөнгө гэж 80 000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үед дипломоо нэхэж үзсэн. Өгнө гэж хэлж байсан. Тэгээд 2020.03.18-ны өдөр дахиад мөнгө нэхсэн. 50 000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Тэгээд холбоогүй болсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Дээрх мөнгийг буцааж төлсөн. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 200000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нийт 1 000 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөгийг миний ашигладаг Хаан банкны 5990136538 тоот дансанд М.Б шилжүүлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56 дугаар хуудас/,
1.6. Хохирогч Г.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 03 дугаар сарын эхээр Б над руу залгаад Газарчин дээд сургуулийн диплом гаргуулж авах уу гаргаж өгөх боломж байна гэсэн. Тухайн үед манай охин А Газарчин дээд сургуулийн эчнээ ангид 1 жил сураад дараа жил нь хүүхэд гаргаад явж чадаагүй юм. Тийм болохоор Б-т А үргэлжлүүлж сураад дипломоо аваг, эгч нь мөнгийг нь өгнө гэж хэлээд өөрийн эзэмшлийн 5990135273 тоот данснаас Б-ийн 5000872930 тоот данс руу 1710000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. 2020 оны 06 дугаар сард холбогдоход арай болоогүй байна, та санаа зоволтгүй гэсэн. Тэгээд одоо болтол болоогүй байна гэсэн хариу өгч байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Дээрх мөнгийг буцааж төлсөн. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр миний ашигладаг хаан банкны 5990135273 тоот дансанд нийт 1 700 000 төгрөг М.Б шилжүүлсэн байсан. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 дугаар хуудас/,
1.7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 03 дугаар сард би ажил дээрээ байж байтал Б гэх манай найзын эхнэр над руу залгаад Газарчин дээд сургуулийн диплом гаргаж өгнө манай сургуулийн нэг охин сургуулиа хаяад явсан, тэрний оронд диплом яаралтай гаргах хүн байна уу гэж асуусан. Тэгээд би төрсөн ах Б рүү залгаад Б-ийн дугаарыг өгсөн юм. Тухайн үед ах маань шууд мөнгийг нь өгөөд тохирчихсон гэсэн. Тэгээд тэр чигээрээ алга болсон гэж байсан. Тэгээд одоо болтол мөнгийг нь өгөөгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67 дугаар хуудас/,
1.8. Гэрч И.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би дээрх асуудлын талаар сайн мэдэхгүй. Манай хүргэн Б анх манай эхнэр лүү залгаад Газарчин дээд сургуулийн диплом гаргаж өгнө гэж байна, авах хүн байна уу гэж асуусан гэсэн. Тухайн үед манай эхнэр надад гаргуулна гээд 2 100 000 төгрөг Б рүү шилжүүлсэн байсан. Тухайн диплом гаргаж өгнө гэсэн хүн нь Б гэдэг хүн гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
1.9. Гэрч Н.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны намар нэг иргэн манай сургууль дээр ирж дээрх асуудлын талаар манай сургуульд хандсан. Тухайн иргэн миний сургалтын төлбөр сургуулийн дансанд орсон уу, би сургуульд суралцах иргэдийн дунд байгаа юу гэж асуусан. Тэгээд сургуулийн санхүүгийн алба болон сургалтын албаар шүүлгэж элсэж орсон болон төлбөр төлөгдсөн баримт байгаагүй. Мөн тухайн үед Б нь манай сургуульд ажилтан биш байсан болохоор цагдаагийн байгууллагад хандах талаар зөвлөгөө өгч явуулсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73 дугаар хуудас/,
...Дээрх иргэн манай сургуульд элсэж орох хүсэлт, сургалтын төлбөр төлсөн баримт бичиг гэх зүйлс байхгүй. Би сургалтын менежер учир манай сургуульд элсэн орж сургалтын төлбөр төлөгдсөн тохиолдолд суралцах эрх нээгдэж би албан ёсоор бүртгэлд оруулдаг юм. Тийм учраас Г овогтой Х манай сургуульд албан ёсоор элсэж орох хүсэлт ирүүлээгүй. Тухайн үед Б нь манай сургуулийн ажилтан биш байсан учраас ямар нэгэн оюутан элсүүлэх боломжгүй... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 76-77 дугаар хуудас/,
...Би сургалтын менежер учир манай сургуульд элсэн орж сургалтын төлбөр төлөгдсөн тохиолдолд суралцах эрх нээгдэж би албан ёсоор бүртгэлд оруулдаг юм. Тийм учраас Б овогтой Э нь манай сургуульд албан ёсоор элсэж орох хүсэлт ирүүлээгүй. Тухайн үед Б нь манай сургуулийн ажилтан биш байсан учраас ямар нэгэн оюутан элсүүлэх боломжгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/,
1.10. Гэрч Б.Э мөрдөн байцаалын шатанд мэдүүлэхдээ:
Манай төрсөн дүү болох Э Газарчин дээд сургуульд 2017 онд эчнээ ангид элсэж ороод 2018 онд ар гэрийн гачигдал гараад сургуулиа орхисон юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын үед би буцаад Газарчин дээд сургуульдаа сурахаар болчихлоо, Б намайг оруулж өгнө гэнээ, би сургалтын төлбөр гэж 2 000 000 төгрөг хүнээс зээлээд өгчихсөн. Удахгүй хариу хэлнэ гэж хэлсэн. Одоо болтол сураггүй мөнгө төгрөгийг нь өгөөгүй гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82 дугаар хуудас/,
1.11. Гэрч Ш.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай эхнэрийн дүүг Э гэдэг юм. Газарчин дээд сургуульд 2017 онд эчнээ ангиар элсэж ороод 2018 онд ар гэрийн гачигдал гараад сургуулиа орхисон юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын үед би буцаад Газарчин дээд сургуульдаа сурахаар болчихлоо, Б намайг оруулж өгнө гэнээ, би сургалтын төлбөр гэж 2 000 000 төгрөг хүнээс зээлээд өгчихсөн. Удахгүй хариу хэлнэ гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 05 дугаар сард холбоогүй болсон. Шүүхэд хандахаас гэж хэлээд явж байсан. Одоо болтол сураггүй мөнгө төгрөгийг нь өгөөгүй гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84 дүгээр хуудас/,
1.12. Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний бие тухайн үед Газарчин дээд сургуульд Уул уурхай нь ашиглалтын инженерийн ангид 2011 онд эчнээ ангид элсэж ороод 2014 онд ар гэрийн гачигдал гараад сургуулиа төгсөж чадаагүй гарчихсан юм. Тухайн үед Газарчин дээд сургуульд Б нь багшаар ажилладаг байсан. Би Б-тэй холбоотой байсан. Сургуулиа төгсөж чадаагүй талаараа хааяа таарахаараа ярилцдаг байсан. Тэгээд 2020 оны 8, 9 сарын үед манай ээж Х над руу залгаад ээж нь чамайг сургуульд оруулах гээд хүнд мөнгө өгчихсөн юм, утас нь холбогдодгүй гэж хэлсэн. Б манай ээжээс сургалтын төлбөр дипломны мөнгө гэж 1 710 000 төгрөг гаргуулан авсан байсан. Би сайн мэдэхгүй. Манай ээж Б нарын дунд болсон асуудал байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87 дугаар хуудас/,
1.13. Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн үед А эгч надтай хамт амьдардаг байсан болохоор би мэдсэн. Х эгч 2020 оны 08 дугаар сарын дундуур байх, А эгч рүү залгаад чамд Газарчин дээд сургуулийн диплом гаргуулах гэж байсан чинь нөгөө хүн нь утсаа авахгүй байна, нэг сая гаран төгрөг өгчихсөн гэж ярьж байсан. Тэгээд одоог хүртэл мөнгийг нь гаргуулж өгөөгүй байгаа гэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89 дүгээр хуудас/,
1.14. Хохирогч Б.Б-н цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх-ийн 3 дугаар хуудас/,
1.15. Хохирогч Б.Э-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх-ийн 4 дүгээр хуудас/,
1.16. Хохирогч Г.Х-гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх-ийн 5 дугаар хуудас/,
1.17. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ /1-р хх-ийн 201 дүгээр хуудас/,
1.18. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 134/ШШ2020/00245 дугаартай шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 202-203 дугаар хуудас/,
1.19. 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаартай Газарчин дээд сургуулийн ажилд авах тухай захирлын тушаал /1-р хх-ийн 201 дүгээр хуудас/,
1.20. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай Газарчин дээд сургуулийн ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал /1-р хх-ийн 201 дүгээр хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч М.Б нь бусдыг хуурч мэхлэн шунахайн сэдэлтээр үйлдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Б-ийг зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай эхнэр 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд төрсөн. 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Газарчин дээд сургуульд цахилгааны багшаар ажилд орж 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 2017 онд хамт амьдарч эхэлсэн. 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сар хүртэл Страто ХХК-ийн Авто хэмжигчийн ажил эрхэлдэг байсан. Одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ хүүхдүүдээ харж байгаа. Б бид 2 хамт амьдраад 10 жил болж байна, бид 2 дундаасаа нэг хүү, нэг охин төрсөн. Бид хоёр гэрлэлтээ одоогийн байдлаар батлуулаагүй. Манай эхнэрийн зан байдлын хувьд дуу цөөтэй, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, шударга шулуун зантай, хүнтэй учраа зөв олдог, суурь хүмүүжил сайтай, үр хүүхдэдээ сайн ээж байгаа юм. Манай эхнэр урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91 дүгээр хуудас/,
2.2. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай бэр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд төрсөн. 2015 оноос Газарчин дээд сургуульд цахилгааны багшаар ажилд орж 2017 оны 09 дүгээр сард гарсан. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 2017 онд ирж амьдарч байгаа. Страто ХХК-ийн Авто хэмжигчийн ажил эрхэлдэг байсан. Одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ хүүхдүүдээ харж байгаа. Манай бэрийн зан байдлын хувьд хүнтэй нийтэч, найз нөхөд олонтой, ааш зан сайтай, шударга шулуун зантай, хүнтэй учраа зөв олдог, өглөгч, тусч, суурь хүмүүжил сайтай, үр хүүхдэдээ сайн ээж, бэр болсон цагаасаа хэрэлдэж муудсан асуудал байхгүй. Ийм алдаа гаргасанд би гайхаж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93 дугаар хуудас/,
2.3. Шүүгдэгч М.Б-ийн хохирогч Б.Э-т хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 219 дүгээр хуудас/,
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 229 дүгээр хуудас/,
2.5. Шүүгдэгч М.Б-ийн жирэмсний хяналтын хөтөч /2-р хх-ийн 10-14 дүгээр хуудас/,
2.6. Хохирогч Б.Б-н Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /2-р хх-ийн 19 дүгээр хуудас/,
2.7. Хохирогч Г.Х-гийн Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /2-р хх-ийн 21 дүгээр хуудас/,
2.8. Хохирогч Б.Э-ийн Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /2-р хх-ийн 23 дугаар хуудас/,
2.9. Шүүгдэгч М.Б-ийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /2-р хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Хохирогч Б.Б нь нэхэмжилж буй 70 200 төгрөг болон тээврийн зардлаа нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М-н Б-ийг зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Б нь нэхэмжилж буй 70 200 төгрөг болон тээврийн зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ