Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1358

 

 

 

 

 

 

 

 

 

П.Батсүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг  даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00762 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.Батсүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Бөхчулуун орд” ХХК-д холбогдох

 

  Түрээсийн гэрээний үүрэгт 55 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Батсүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Туяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэвэгмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Бөхчулуун орд” ХХК-тай харилцан тохиролцож 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээгээр Хан-Уул дүүрэгт байрлах “Татам 1” ордод өөрийн эзэмшлийн 84-66 УБ, 49-31 УБ улсын дугаартай 2 ширхэг ковш машиныг түрээслэн ажиллуулахаар ажлаа эхэлсэн болно. Миний 2 ширхэг ковшийг тус бүрийг нь сарын 11 000 000 төгрөг түрээслэн ажиллуулахаар тохирсон. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр урьдчилгаа 3 000 000 төгрөг өгсөн. Хариуцагч нь гэрээнд заасан ёсоор сар бүрийн 10-ны дотор төлбөр төлөх үүрэг хүлээсэн бөгөөд төлбөр төлөгдсөний дараа гэрээг дахин сунгаж ажлыг цааш үргэлжлүүлэхээр тохирсон. Гэвч “Бөхчулуун орд” ХХК нь гэрээгээ зөрчиж “эдийн засаг хүндрэлтэй байна, хэд хоногийн дараа өгье, ах минь тус болооч” гэж гуйсаар байгаад 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл ажиллуулсан юм. Энэ хугацаанд 18 320 000 төгрөгийн түрээсийн төлбөр өгсөн. Сүүлд 320 000 төгрөгийн маргаан гарсан боловч 2 тал аль аль нь “төлбөрт өгсөн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иймд “Бөхчулуун орд” ХХК-ийн захирал Б.Ганболдоос ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 55 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2 тал гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгаа. П.Батсүхийн 2 ковшийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тухайн ордод ажиллуулахаар гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний 5.2-т “Түрээсийн ковшийг 2 ээлжээр 24 цагаар ажиллуулахаар тохирч, сарын түрээсийн төлбөр 11 000 000 төгрөг байна”, мөн 5.3-т “Түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч техникээ зогсоож, төлбөр хийгдсэн тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах”-аар гэрээнд тусгасан. Сар бүр 11 000 000 төгрөгийг төлж байсан болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна. “Бөхчулуун орд” ХХК нь 2 ковшийг 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулсан бөгөөд гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 3 000 000 төгрөг, 5, 6 дугаар саруудад тус бүр 11 000 000 төгрөг гэх мэтээр өгсөөр нийт 21 370 000 төгрөг өгсөн.  Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр түрээсийн төлбөрийг нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч тал тухайн 2 ковш 99 хоног ажилласан гэх боловч хэрэгт өгсөн баримтаас харвал 39 хоногийг бүтэн цагаар буюу 24 цагаар ажилласан, харин 11 хоногийг хагас цагаар, ингээд нийт 50 хоног ажилласан, бусад үед нь наадмын 5 хоног, мэргэжлийн хяналт шалгалт хийсэн 3 хоног, мөн ковшны эвдэрсэн зэрэг шалтгаанаар сул зогсолт хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч “Бөхчулуун орд” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Батсүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 433 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан 11 000 000 төгрөгөөр тооцох ёстой  гэж  тайлбар гаргасныг шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үл хэрэгсэн нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн 2 ширхэг ковш нь нийт 103 хоног “Татам 1” ордод байрласан бөгөөд гэрээнд заасан ёсоор баяр наадмын 5 хоног, мэргэжлийн хяналтын байцаагчийн ажилласан 2 хоног, ковшны дугуй хагарсан 2 хоног, нийт 9 хоног хасагдаж үлдсэн 94 хоногт нь ажил гүйцэтгэсэн болно. Түлшнээс болон ковшноос бусад машин механизмийн эвдрэл, гэмтэл бусад зүйлээс шалтгаалж  ажил зогссон зэргийг түрээслэгч талын төлбөрөөс хасаж тооцохгүй гэж тохиролцсон. Анхан шатны шүүх 54 хоногийг үндэслэл тодорхой бишээр хассан байна. Гэрээнд заасан зарим заалтыг харгалзаж үзээгүй. Гэрээний 3.4-т “Түрээслэгч талаас хамаарсан машин механизм ажиллаагүй сул зогссон хоногийг түрээсийн хугацаанд оруулан тооцохгүй” гэж засан. Гэтэл “Татам 1” ордын үндсэн техник, тоног төхөөрөмж, машин механизмаас болж саатсан хоногийг миний ажилласан хоногоос хассан байна. Энэ нь миний гэрээгээр ажилласан ковшид огт хамааралгүй заалт бөгөөд машин механизм гэдэгт хариуцагч тал гэж ойлгох юм. Өөрөөр хэлбэл түрээслэгч талын машин механизм гэсэн тодруулсан заалт байхгүй байхад өнгөц шууд утгаар авсан байна. Энэ нь үндэслэл тодорхой бус гэж үзэх боломжтой. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ бол зөвхөн Ковш ажиллуулах гэрээ юм. Энэ карэйрийг ажиллуулахад өөр олон төрлийн техник тоног төхөөрөмж машин механизм  ажилладаг бөгөөд  гэрээний 3.4 дэх заалт бол ковштой огт хамаагүй заалт гэдгийг анхан шатны шүүх бүрэн ойлгоогүй. Машин механизмын эвдрэл гэмтлээс болж олон удаа зогсож байсан энэ хугацаанд нэхэмжлэгчийн 2 ковш огт сул зогсдоггүй бөгөөд карэйрээс гарсан бүтээгдэхүүнийг хово маркийн машинд ачих, талбай цэвэрлэх, чулуу овоолох зэрэг ажил хийдэг юм. Мөн шүүх шийдвэр гаргахдаа сарын түрээсийг 11 000 000 төгрөгөөр тооцон 49 хоногийн 17 966 634 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Мөн нэхэмжлэгчийг 18 320 000 төгрөг авсан, зөрүү 353 366 төгрөгийг хэрхэхийг шийдээгүй үлдээсэн зэрэг нь эргэлзээтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч П.Батсүх нь хариуцагч “Бөхчулуун орд” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 55 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч П.Батсүх нь  84-66 УБ, 49-31 УБ улсын дугаартай 2 ширхэг ковшийг, 1 сарын хугацаатай түрээслүүлэх, хариуцагч “Бөхчулуун орд” ХХК нь сарын 11 000 000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

            Талууд түрээсийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан боловч түрээсийн  гэрээний зүйл болох 2 ковш нь түрээслэгчийн эзэмшилд нийт 104 хоног байсан, түрээсийн төлбөрт  18 320 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна. Харин гэрээний зүйлийн үнэ болон ковшийг ашигласан хугацааны талаар маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь гэрээгээр 2 ковш тус бүрийн түрээсийн нэг сарын үнийг 11 000 000 төгрөг нийт 22 000 000 төгрөг байхаар тохиролцсон хэмээн маргасан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан ба талуудын байгуулсан түрээсийн гэрээний 5.2-т заасан агуулгаас үзэхэд 2 ковш нийлээд сарын 11 000 000 төгрөгийн хөлстэй байхаар тохиролцсон гэж үзэхээр байна.

 

            Анхан шатны шүүх хариуцагчаас нотлох баримтаар цуглуулж өгсөн техникийн ажилласан цагийн ажлын биелэлт гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгчээс уг баримтыг үгүйсгэн няцааж байхад дээрх баримтыг үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

            Нэхэмжлэгч П.Батсүх нь хариуцагчийг 104 хоног гэрээний зүйлийг ашигласан гэх боловч шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Харин хавтаст хэргийн 62-65 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд “Бөхчулуун орд” ХХК нь ковшийг нийт 64 хоног ажиллуулж, ашигласан болох нь тогтоогдож байгаа болно. Ковшийн нэг өдөр ажиллуулах үнэ 366 667 төгрөг /11 000 000 : 30хоног/ байх тул үүнийг 64 хоногоор тооцоход 23 466 688 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Уг үүргээс хариуцагчийн төлсөн 18 320 000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 5 146 688 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00762 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Бөхчулуун орд” ХХК-иас 5 146 688 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Батсүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49 853 312 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “… 56 дугаар зүйлийн 56.1 …” гэснийг “56.2” гэж, “улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн  хураамжид 97 297 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ                                           

                                                          ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД                                                                                                           

                                                                                                          Г.ДАВААДОРЖ