Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 32

 

      Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

        Нэхэмжлэгч: “Д О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч: УБХ-т холбогдох,

       Нэхэмжлэлийн шаардлага: “Х Т” ХХК-ийн өмчлөлийн, хивсний үйлдвэрийн урд талд байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2005 оны 01 сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай бүртгэл, 2005 оны 01 сарын 06-ны өдрийн 000109497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д О” ХХК-ийн захирал Д.Б, түүний өмгөөлөгч В.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, гуравдагч этгээд “Х Т” ХХК-ийн захирал Л.А, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “Д О” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Д Б” ХК нь 2005 онд татан буугдаж, “Д О” ХХК-д шилжсэн. 2001 онд “Д Б” ХК-ийн хөрөнгөд улсын бүртгэлийн 0611002324 дугаартай 6 дугаар багт, 6 обьектын өмчлөх эрхийг баталгаажуулж гэрчилгээ олгосон. Дээрх хөрөнгүүд 2008 онд “Д О” ХХК-ийн өмчлөлд шилжсэн бөгөөд, гэрчилгээг хөрөнгө тус бүрээр салгаж, 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл ...эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ давхардуулан гаргуулж авсан байна.

     Дээрхи хөрөнгө нь анх 2001 онд “Д Б” ХК-д 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээгээр 1209 м.кв “Тоосгон агуулах”-ын зориулалттайгаар манай “Д О” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө юм...

        Харин “Х Т” ХХК нь бүртгэлтэй эд хөрөнгийг давхардуулан, мөн Үүрийнтуяа хотхоны чанх урд  талд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх авсан 1.17 га газрын 00472533 дугаартай газрын гэрчилгээгээ ашиглан өөр байршилд буюу манай компанийн үндсэн хөрөнгийн тооллогод бүртгэлтэй тоосгон агуулахын зориулалттай барилгын дунд хэсэгт 710 м2 талбайг авсан байгаа юм. Энэ нь үл хөдлөх хөрөнгө өмчлөн авахдаа газартай байх шаардлагыг хангаагүй болно.

      Энэ нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.9 болон холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Дээрхи хууль бус бүртгэлийн талаар улсын бүртгэгчийн дээд шатны албан тушаалтан болох Улсын бүртгэлийн хэлтсийн даргад хандаж гомдол гаргахад, уг өргөдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, УБЕГ-аас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8/2934 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд “Х Т” ХХК-ийн өмчлөлд хивсний үйлдвэрийн урд талд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 710 м2 талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай бүртгэл, 000109497 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв. 

      Хариуцагч УБХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, хивсний үйлдвэрийн урд талд байршилтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий 1 давхар складны хууль ёсны өмчлөгчийг 2005 оны 01 сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү0611003858 дугаарт бүртгэж, 00109497 тоот  гэрчилгээг олгосон байдаг. Энэ бүртгэл нь хууль, журмын дагуу хийгдсэн байсан. Тухайн үедээ дээд Хяналт шалгалтын газраас нэгдсэн бүрэлдэхүүнтэй эдгээр бүртгэлүүдийг шалгадаг байсан. Энэ шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал гарч байгаагүй. Мөн 2001 онд олгосон 0614006321 тоот гэрчилгээ болон 2012 онд олгосон гэрчилгээ иргэний бүрдүүлж өгсөн бичиг баримтад тулгуурлан, хууль журмын дагуу олгогдсон байдаг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд шүүхээс хүчингүй болгоно” гэж заасан учир тухайн иргэн шүүхэд хандсан. Тэгэхээр энэ бүх бүртгэл хууль журмын дагуу явагдсан гэж үзэж байна гэв.

      Гуравдагч этгээд “Х Т” ХХК-ийн захирал Л.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д О” ХХК-ийн захирал Д.Б тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Х Т ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох улаан тоосгон 710 м2 складын гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн байна. Үүнд миний бие дараах тайлбарыг өгч байна.

      Нэгдүгээрт, Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын “Анги контор зохион байгуулах тухай” 1990 оны 12 сарын 26-ны өдрийн 314 тоот тушаал гарсан. Энэ тушаалын 1-р хавсралтаар анги конторын дарга, санхүүч нарыг, 2-р хавсралтаар анги, конторын удирдах инженер техникийн ажилчдын нэрсийг баталсан.

       Хоёрдугаарт, Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1991 оны 11 сарын 02-ны өдрийн 67 дугаар тушаалаар зах зээлийн эдийн засагт шилжиж байгаатай холбоотой өмчийг эзэнд нь ойртуулах, зохих ёсоор хувьчлах, цаашид өөр өөрийн байгууллагын ажиллах программ гаргах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллого явуулж дүрмийн сангийн үнэн зөв эх үүсвэрийг тогтоох ажлыг зохион байгуулах өмч хувьчлах комисс байгуулагдсан.

        Гуравдугаарт, 1992 оны өмч хувьчлалын материал дотор “Х Т” ХХК-ийн бүх ажилчдын хурлын протокол, бүх ажилчидтай хийсэн гэрээ, компанийн дүрэм, эдийн засгийн үзүүлэлтүүд, үндсэн ба эргэлтийн хөрөнгийн тайлангууд, машин механизмын бүртгэл жагсаалтууд, үндсэн хөрөнгө, эд хөрөнгийг дахин үнэлсэн акт байгаа. Үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн жагсаалтын 27-р мөрөнд маргаж буй улаан тоосгон склад 1 ширхэг, үнэ 70000 төгрөг гэж үнэлж бүртгэсэн нь “Х Т” ХХК-ийн өмч болохыг баталж байна. Харин 1990 оны өмч хувьчлалын материал дотор Д.Б-ын нэр байдаггүй. “Х Т” ХХК 1990 оноос өнөөдрийг хүртэл дээрх улаан тоосгон складыг эзэмшиж, барилгын материал хадгалан, бусдад түрээслүүлж, өөрийн өмчийн ашиг шимийг хүртэж ирсэн. Энэ хугацаанд “Д О” ХХК-ийн захирал Д.Б гомдол гаргаж, асуудал тавьж байгаагүй болно. Манай компани 2007 онд тус складыг ХААН банкинд зээлийн барьцаанд тавьж, зээл авч байсан. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн байгаа. Миний бие Д.Б-той 2017 онд өөрийн биеэр уулзаж “...манайх складны барилгаа зээлийн барьцаанд тавих гэсэн чинь газрын гэрчилгээтэй хамт байх ёстой гэсэн шаардлага тавиад байна...” гэхэд “...энэ склад нь танай өмч болохыг тодорхойлсон бичгийг хийж өгье...” гэж байсан. Мөн “...складаа заръя...” гэхэд “...би 1 өрөө байр өгөөд авъя...” гэж ярьж байсан хүн шүү дээ. Энэ улаан тоосгон склад нь урагшаа харсан 1 ширхэг жижиг, 4 ширхэг том хаалгатай, урт барилга бөгөөд баруун талын 1 ширхэг жижиг, 2 ширхэг том хаалгатай хэсэг нь “Д О” ХХК-ийн өмч юм. Харин дунд талаасаа зүүн тал хүртэлх 2 ширхэг том хаалгатай, 710 м2 склад нь “Х Т” ХХК-ийн өмч. Манай өмч гэдгийг мэдсээр байж яагаад ингэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна.

      Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1991 оны 11 сарын 26-ны өдрийн тушаал, өмч хувьчлах комиссын тогтоол, бүх гишүүдийн хурлын протокол, тухайн үед  энэхүү 710 м2 складыг үнэлсэн үнэлгээний баримт, банкны зээлийн барьцаанд тавьж байсан баримт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахаар хандсан 2005 оны 01 сарын 06-ны өдрийн албан тоот, багийн Засаг даргын тодорхойлолт, складны план зураг зэрэг нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр “Х Т” ХХК-ийн өмч болох нь нотлогдож байна. Миний бие энэхүү складыг өмч хувьчлалаар авснаас хойш 19 жил, 10 сар, 7 хоног өөрийн эзэмшилдээ байнга байлгаж, үр шимийг нь хүртэж байна. Дорнод аймгийн УБХ ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд хуульд заасны дагуу бүрдүүлж өгсөн материалыг үндэслэн улаан тоосгон 710 м2 складад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон. Иймд “Д О” ХХК-ийн захирал Д.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Дээрх улаан тоосгон складын барилга нь манай өмч юм. Энэ склад хувьчлагдаад ирэхдээ “Д Б” ХХК, “Х Т” ХХК хоёрт дотор талдаа дүүрэн барилгын материалтай ирж байсан. Үүнийг захиран зарцуулах эрх нь тус хоёр компанид байсан. Бид зэрэгцэж орж, гараад 19 жил болчихоод одоо “минийх” гэж маргаад худлаа яриад байгааг нь ойлгохгүй байна гэв.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Д О” ХХК нь “Х Т” ХХК-ийн өмчлөлийн, хивсний үйлдвэрийн урд талд байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2005 оны 01 сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай бүртгэл, 2005 оны 01 сарын 06-ны өдрийн 000109497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

      Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      “Х Т” ХХК-д Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Хивсний үйлдвэрийн урд байршилтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710м2 талбай бүхий 1 давхар складын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэж 00109497 дугаартай гэрчилгээг олгосон байна.[1]

      Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... Манай “Д Б” ХК нь 2005 онд татан буугдаж, “Д О” ХХК-д шилжсэн. 2001 онд “Д О” ХК-ийн хөрөнгөд улсын бүртгэлийн 0611002324 дугаартай 6 дугаар багт, 6 обьектын өмчлөх эрхийг баталгаажуулж гэрчилгээ олгосон. Дээрх хөрөнгүүд 2008 онд “Д О” ХХК-ийн өмчлөлд шилжсэн бөгөөд, гэрчилгээг хөрөнгө тус бүрээр салгаж, 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл “Х Т” ХХК нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан гаргуулж авсан байна. Харин “Х Т” ХХК нь манай бүртгэлтэй эд хөрөнгийг давхардуулан, мөн Үүрийнтуяа хотхоны чанх урд  талд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх авсан 1.17 га газрын 00472533 дугаартай газрын гэрчилгээгээ ашиглан өөр байршилд буюу манай компанийн үндсэн хөрөнгийн тооллогод бүртгэлтэй тоосгон агуулахын зориулалттай барилгын дунд хэсэгт 710 м2 талбайг авсан байгаа юм. Энэ нь үл хөдлөх хөрөнгө өмчлөн авахдаа газартай байх шаардлагыг хангаагүй болно гэж тайлбарладаг.

        Харин хариуцагч болон гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ... Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, хивсний үйлдвэрийн урд талд байршилтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий 1 давхар складны хууль ёсны өмчлөгчийг 2005 оны 01 сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү0611003858 дугаарт бүртгэж, 00109497 тоот гэрчилгээг олгосон байдаг. Энэ бүртгэл нь хууль, дүрэм журмын дагуу хийгдсэн байсан. Тухайн үедээ дээд Хяналт шалгалтын газраас нэгдсэн бүрэлдэхүүнтэй эдгээр бүртгэлүүдийг шалгадаг байсан. Энэ шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал гарч байгаагүй.

       Үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн жагсаалтын 27-р мөрөнд маргаж буй улаан тоосгон склад 1 ширхэг, үнэ 70000 төгрөг гэж үнэлж бүртгэсэн нь “Х Т” ХХК-ийн өмч болохыг баталж байна. Харин 1990 оны өмч хувьчлалын материал дотор Д.Бын нэр байдаггүй. “Х Т” ХХК 1990 оноос өнөөдрийг хүртэл дээрх улаан тоосгон складыг эзэмшиж, барилгын материал хадгалан, бусдад түрээслүүлж, өөрийн өмчийн ашиг шимийг хүртэж ирсэн. Энэ хугацаанд “Д О” ХХК-ийн захирал Д.Б гомдол гаргаж, асуудал тавьж байгаагүй болно. Манай компани 2007 онд тус складыг ХААН банкинд зээлийн барьцаанд тавьж, зээл авч байсан. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн байгаа. Миний бие Д.Бтой 2017 онд өөрийн биеэр уулзаж “...манайх складны барилгаа зээлийн барьцаанд тавих гэсэн чинь газрын гэрчилгээтэй хамт байх ёстой гэсэн шаардлага тавиад байна...” гэхэд “...энэ склад нь танай өмч болохыг тодорхойлсон бичгийг хийж өгье...” гэж байсан. Мөн “...складаа заръя...” гэхэд “...би 1 өрөө байр өгөөд авъя...” гэж ярьж байсан хүн шүү дээ. Энэ улаан тоосгон склад нь урагшаа харсан 1 ширхэг жижиг, 4 ширхэг том хаалгатай, урт барилга бөгөөд баруун талын 1 ширхэг жижиг, 2 ширхэг том хаалгатай хэсэг нь “Д О” ХХК-ийн өмч юм. Харин дунд талаасаа зүүн тал хүртэлх 2 ширхэг том хаалгатай, 710 м2 склад нь “Х Т” ХХК-ийн өмч. Манай өмч гэдгийг мэдсээр байж яагаад ингэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна ... гэж маргадаг.

      Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Анги контор зохион байгуулах тухай” 314 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар анги, конторын удирдах инженер техникийн нэрсийг баталсан байх бөгөөд энэхүү жагсаалтад барилга угсралтын 1 дүгээр ангид Л.А-ы[2] нэр байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б-ын нэр энэ жагсаалтад байхгүй байна.

         Мөн Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 67 дугаар тушаалаар Өмч хувьчлах комисс байгуулагджээ.[3]

        1992 оны өмч хувьчлалын материал дотор үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн акт[4] байх ба энэхүү актад талуудын маргаж буй обьект болох склад 1 ширхэгийн үнэ нь 70000 /далан мянган/ төгрөгөөр үнэлэн бүртгэгдсэн байна. Энэхүү материал дотор мөн нэхэмжлэгч Д.Б-ын нэр огт байхгүй байна.

       “Х Т” ХХК нь  өмч хувьчлалаар маргаж буй обьект болох складыг авсан нь дээрхи баримтуудаар тогтоогдож байна. Тэрээр 1990 оноос өнөөдрийг хүртэл “Х Т” ХХК нь энэ улаан тоосгон складыг эзэмшиж барилгын материал хадгалан, бусдад түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан нь хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээ[5], гэрч[6] Д.А, С.Ц, Л.А нарын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн “Х Т” ХХК нь өөрийн өмчлөлийн улаан тоосгон складыг 2007 онд ХААН банкны барьцаанд тавьж зээл авч байсан нь ХААН банкны дорнод салбарын захиралын тодорхойлолтоор[7] тогтоогдож байна.

      Дээрхи улаан тоосгон складын талаар “Д О” ХХК-ийн зүгээс энэ олон жилийн хугацаанд нэг ч маргаан, гомдол гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй. Харин “Д О” ХХК-ийн захирал Д.Б нь “Х Т” ХХК газрын маргаан үүсгэн шүүхэд хэрэг танилцах үед би “Х Т” ХХК-ийг манай өмчлөлийн складыг авч өмчлөлийн гэрчилгээ гаргуулж авсан талаар мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

       Нэхэмжлэгч нь маргаж буй объект болох складын өмчлөх эрхийн гэрчилгээг “Х Т” ХХК нь давхардуулан гаргаж авсан, өөр байрлалд байх газрын гэрчилгээг ашиглан авсан талаар маргаж байна.

      Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1992 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13 тоот шийдвэрийг үндэслэн “Х Т” ХХК-д 1.17 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээ, барилга засварын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ, гэрчилгээ олгосон байна.[8]

       Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5.3-т мэдүүлэгт...тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээг... хавсаргахаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн ... бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна” гэж хуульчилжээ.

         Гэтэл “Д О” ХХК-ийн зүгээс эрхийн улсын бүртгэлийг давхардуулж олгосон талаар  урьд нь мэдсээр байж эрх бүхий байгууллагад хандаагүй байна.

        Дорнод аймгийн Хэрлэн сум 6-р баг Хивсний үйлдвэрийн урд талд буюу “Шүр” захын зүүн талд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилгыг 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлэг, нотлох баримтыг үндэслэн хуулийн этгээд “Х Т” ХХК-ийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-0614003858 дугаарт бүртгэж, 000109497 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ноогдуулсан тухай бүртгэл хийгдээгүй талаар улсын бүртгэгчийн 2007, 2017 оны лавлагаа[9] хавтаст хэрэгт байгааг дурдах нь зүйтэй.

       Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр “Х Т” ХХК-ийн өмч болох улаан тоосгон складыг тус компанд зөвхөн ашиглуулж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээрхи объектыг “Х Т” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулсан талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй байхгүй байна.

       Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 12 дугаар зүйлийн 12.4.1-д “...эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргах” эрх хуулиар улсын бүртгэгчид олгогдсон.

       “Х Т” ХХК-ийн захирал Л.А нь 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр аймгийн үл хөдлөх хөрөнгийн газарт тус компанийн материалын агуулах нь тус компанийн үндсэн хөрөнгө тул гэрчилгээ олгохыг хүссэн албан бичгийг холбогдох баримтын хамт явуулжээ.[10]

       Дээрхи хүсэлт болон холбогдох нотлох баримтуудыг нягтлан шалгаж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас “Х Т” ХХК-д Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Хивсний үйлдвэрийн урд байршилтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий 1 давхар складын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэж, 000109497 дугаартай гэрчилгээг олгосон нь хууль зөрчөөгүй байна. Иймд дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг давхардуулан олгосон гэж “Х Т” ХХК-ийг шууд буруутгах үндэслэл болохгүй.

       Өөрөөр хэлбэл “Х Т” ХХК-ийн УБХ-т гаргаж өгсөн баримтуудыг улсын бүртгэгч хуульд заасны дагуу нягтлан шалгаж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

       Иймд “Д О” ХХК-ийн гаргасан “Х Т” ХХК-ийн өмчлөлийн, хивсний үйлдвэрийн урд талд байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2005 оны 01 сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай бүртгэл, 2005 оны 01 сарын 06-ны өдрийн 000109497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

       1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 7 дугаар зүйлийн 7.7, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан, Дорнод аймгийн УБХ-т холбогдох, “Д О” ХХК-ийн “Х Т” ХХК-ийн өмчлөлийн, хивсний үйлдвэрийн урд талд байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2005 оны 01 сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай бүртгэл, 2005 оны 01 сарын 06-ны өдрийн 000109497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.АМАРЖАРГАЛ

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 39-р хуудас

[2] Хавтаст хэргийн 91-103-р хуудас

[3] Хавтаст хэргийн 162-163-р хуудас

[4] Хавтаст хэргийн 86-90, 155-р хуудас

[5] Хавтаст хэргийн 186-187-р хуудас

[6] Хавтаст хэргийн 179-180, 184-185, 189-190-р хуудас

[7] Хавтаст хэргийн 161-р хуудас

[8] Хавтаст хэргийн 44-р хуудас

[9] Хавтаст хэргийн 164,182-р хуудас

[10] Хавтаст хэргийн 111-120-р хуудас