Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 191

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

Нэхэмжлэгч: ******* ХХК,

Хариуцагч: А.Н

672.675 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22563348 тоот гэрээ байгуулан ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 672.675 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч А.******* миний бие “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаарлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 672.675 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хариуцагч А.******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 672.675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Хариуцагч А.******* нь 675.672 /Зургаан зуун далан хоёр мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.694 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Намуундариас улсын тэмдэгтийн хураамжид 10.347 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 10.347 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-д олгосугай.
  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР