Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1005   

 

 

 

 

 

 2020         12         09                                  2020/ШЦТ/1005   

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

улсын яллагч М.Отгонбаатар,

шүүгдэгч Б.Б,

хохирогч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Б холбогдох эрүүгийн 2009 01829 1131 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эх, ахын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 10-77 тоотод оршин суух хаягтай, Урьд,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай  ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 546 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 260 цагийн ажлыг 32 хоногийн хугацаагаар хорих ял сольж шийтгүүлсэн, Б овогт Б Б /РД:**********/,

Хоёр. Холбогдсон хэргийн товч агуулга.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35-04 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Д хаалга удаан тайллаа гэж шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн хамтран амьдрагч Ч.Д 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус зодож, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг албадах зэргээр эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээсний дараа ахин 2020 оны 06 дугаар сарын 19-ээс 20-нд шилжих шөнө хохирогч Ч.Д зодож, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг албадаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Хохирогч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сард намайг унтаж байхад зодсон. Маргааш нь сэрээд чамайг хэн зодсон юм бэ гэж байсан. Б хувьд зодоод байсан зүйл байдаггүй. Намайг 1-2 удаа цохидог тэгээд миний бие хөхөрдөг байсан. Б хүмүүжсэн гэж бодож байна ....” гэжээ.

Нэг.  Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35-04 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Д хаалга удаан тайллаа гэж шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн хамтран амьдрагч Ч.Д 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус зодож, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг албадах зэргээр эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээсний дараа ахин 2020 оны 06 дугаар сарын 19-ээс 20-нд шилжих шөнө хохирогч Ч.Д зодож, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг албадаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад хохирогч, болон шүүгдэгч нар нь нэг гэрт хамтран амьдардаг болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь энэ талаар үгүйсгээгүй, прокуророос шүүгдэгч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б зүгээс өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед маргаангүй, шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар зэрэгт үндэслэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Д зүгээс “...Намайг зодоогүй, миний биед чангахан хүрэхээр миний бие хөхөрчихдөг, манай хүн сүүлийн үед ажил төрөл хийгээд засарсан байсан...” гэж,

Шүүгдэгч Б.Б зүгээс “...Би тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байна, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” талаараа тус тус дурджээ.

Хэдийгээр хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өөрийг нь зодоогүй талаар мэдүүлж байгаа боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан “...Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт хандаж гаргасан 2020 оны 06 дугаар сарын.20-ны өдрийн өргөдөл...” /хх-ийн 11/-р тал, мөрдөгчийн Ч.Д хохирогчоор тогтоох тухай тогтоол /хх-ийн 12-13/-р тал, Ч.Д хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-16/-р тал, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/-р тал болон удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан шүүгдэгчийн талаарх асап сангийн лавлагаа мэдээлэл зэргээр үгүйсгэгдэж байна.

 Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үйл баримт тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б тухайд согтуурсан үедээ тухайн гэмт хэргийг үйлдсэн талаараа мэдүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэмт үйлдлийн улмаас бусдад хохирол, хор, уршиг учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан ч түүнийг хүсэж үлдээсний улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Ч.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн /хх-ийн 89/-р тал, байх тул шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх....” саналыг,

Шүүгдэгч Б.Б зүгээс “... Хэлэх зүйлгүй...” гэх саналыг,

Хохирогч Ч.Д зүгээс “... Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийн ажлыг 01 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.    

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас нийт 67 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Б овогт Б Б Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

            -Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис, хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийн ажлыг 01 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б урьдчилан цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            .7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР