Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/994   

 

 

 

 

 

2020          12         08                                    2020/ШЦТ/994   

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц М холбогдох эрүүгийн 1909 04374 0704 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

1. Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 14 дүгээр гудамжны 287 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 26 дугаар байрны 89 тоотод амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Ц М /РД:**********/,

Хоёр. Холбогдсон хэргийн товч агуулга.

Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх тэнгэрийн ивээл” ХХК-ийн “Лакс” баарнаас итгэмжлэн хариуцуулж өгсөн Апле брэндийн Макбүүк про загварын зөөврийн компьютерыг завшиж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт “... Өмнө дижи нарыг ахалж байсан Зе гэдэг ахаас зөвшөөрөл авч байсан. Ямар ч гэмт хэргийн сэдэл байхгүй тэр үед юу ч бодохгүй аваад явсан миний хувьд гэмт хэргийн сэдэл байгаагүй ийм зүйл болно гэж бодоогүй миний буруу...” гэжээ.  

Нэг.  Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх тэнгэрийн ивээл” ХХК-ийн “Лакс” баарнаас итгэмжлэн хариуцуулж өгсөн Апле брэндийн Макбүүк про загварын зөөврийн компьютерыг завшиж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.М нь өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед маргаангүйн дээр шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар зэрэгт үндэслэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нөгөөтээгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуулийн хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн, тухайн баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.М тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр прокуророос шүүгдэгч Ц.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд, шүүгдэгч Ц.М бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч “Мөнх тэнгэрийн ивээл” ХХК-ийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд хандан “Хохирол төлбөрөө нөхөн төлүүлж авсан цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй” гэх албан бичгийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.М бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгч Ц.М зүгээс “...Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ц.М нь энэ хэргийн учир нийт 21 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасаж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 152 цагийн хугацаагаар тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Б овогт Ц М бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М урьдчилан цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийн 01 /нэг/ хоногийг ажлын 08 /найм/ цагаар тооцон шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 152 цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.   

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР