Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1018

 

 

 

 

 

 

   2020         12         15                                  2020/ШЦТ/1018  

                      

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э холбогдох эрүүгийн 2009 01059 0826 дугаартай 1 хавтас хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  1986 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүрэг дэх  Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 3-р хэсэг Суврага 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Л Э /РД:********/

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч Л.Э албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад зодуулсан” гэх СБ1-5777 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгагдаж байх үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Өөрийгөө 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа ирэхдээ нүдээ хөхөрчихсөн ирсэн, авто машин засаж байхдаа пүрш үсэрч гэмтэл авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянав.

Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Санчирбал шүүхийн хэлэлцүүлэгт “...Улсын яллагчийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 17-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн үйл явдалд буруутгаж байна. Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудсанд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Б.А нь Л.Э гаргасан бүртгэлийн дугаартай гомдол мэдээлэлд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, мөн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон дор дурдсан хүнээс гэрчээс мэдүүлэг авав хэмээн мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах журмыг зөрчсөн байдаг. Үүнд 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ ямар зорилгоор мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн, түүнчлэн энэ хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан тухай тэмдэглэлд тусгана” гэх заалттай. Гэтэл гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “хэн гэдэг прокурорын шийдвэрээр ирүүлсэн” гэдэг нь тодорхойгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авахдаа тухайн зүйлийн “2, 3, 5, 6, 7” дахь заалтуудыг танилцуулсан. Гэтэл 9.6 дугаар зүйл нь 8 заалттай, үүнээс 9.6 дугаар зүйлийн 1 “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач  холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” 4-т заасан “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол үүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” 8-т заасан “шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэх заалтуудыг тайлбарлаж өгөөгүй байна. Үүнээс үзэхэд гэрч гэдэг этгээд худал мэдүүлэг өгөх хууль зүйн ойлголтыг өгөөгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн обьектив талын шинж нь гэрч, хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн байхыг шаарддаг. Гэвч мөрдөгч нь гэрчид хуульд заасан эрх, үүргийг нь бүрэн гүйцэд танилцуулаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Л.Э нь албан үүргээ гүйцэтгэж яваад Г.Г гэх этгээдэд зодуулсны улмаас бие махбодид нь гэмтэл учирсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т зааснаар Л.Э нь өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэг өгөх чадваргүй болсон байхад мэдүүлэг авч нотлох баримтаар үнэлсэн нь эргэлзээтэй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тус тус заасан. Үүний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор “.... Г нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн сургуулийн баруун талд дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа Л.Э “бичиг  баримт хураалгах” тухай шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан “гэх гэмт хэрэгч хохирогчоор тооцогдож, хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Гэтэл гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцдаа Л.Э гэрчээр тогтоож мэдүүлэг авах бус харин хохирогчоор тогтоож мэдүүлэг авах ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудсанд Л.Э хэрэг бүртгэлийн дугаартай хэрэгт хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байдаг. Уг мэдүүлэгт “.... би 2019.08.13-ны өглөөний 09 цагаас 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх өдрийн урд өдөр өөрийн хувьдаа унадаг автомашиндаа засвар хийж байсан бөгөөд янзалж байсан пүрш нь нүд рүү харвасны улмаас миний нүдэнд гэмтэл учирсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 13-ны өдөр үүрэг гүйцэтгэх гээд ирэхэд Хэв журмын Эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, хошууч Т.Н надаас нүдээ яагаад хөхрүүлчихсэн юм гэж асуухад нь машиндаа засвар хийж байгаад ийм болгосон талаараа хэлсэн. Тэгээд хошууч Т.Н нь үүрэг гүйцэтгэхэд ямар нэг асуудал байгаа эсэхийг надаас асуугаад ажилд үргэлжлүүлэн гаргасан. Тэгээд 13-наас 14-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхад нэг согтуу залуу намайг хөөе ахлагчаа гэх мэтээр ярьж доромжлоод байхаар нь очиж барих гэж байгаад хальт цохиулчихсан юм. Энэ хүнд нүд рүүгээ цохиулсан удаа байхгүй. Тэр залуу өөдөө хэгжүүрхээд байсан. Бас маш их согтолттой байсан “...би өөрөө гэмтээчихсэн учраас очиж үзүүлээгүй” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Харин тухайн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр худал мэдүүлэг өгсөн гэх үйлдэл нь мөрдөгч, прокурор нь хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь хэргийг та бүрээс нь шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол захих байдлыг хэргийн оролцогч нар шүүх хуралдааны мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог. Үүндээ “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоодог. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр прокурор дугаартай болсон гол үндэслэл нь “....яллагдагч Т.Н нь худал мэдүүлэг өгсөн байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна” гэжээ. Үүнээс үзэхэд Л.Э ямар зорилгоор, яагаад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг тогтоох боломжгүй юм. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгайн ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект нь давхар объекттой гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл худал мэдүүлэх үйлдлийн улмаас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халдаж, зөрчдөг. Тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд халдаж, улмаар хүний эрх, ашиг сонирхолд хохирол учруулдаг. Гэтэл уг хэрэгт Л.Э нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээд биш харин гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх чөлөө нь зөрчигдсөн этгээд болох хохирогч юм. Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай байдлаар үйлддэг. Гэвч Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэх заалттай. Харин гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан. Гэтэл Л.Э худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь бодитой хор уршиг учруулаагүй бөгөөд “цагдаагийн алба хаагч бусдад зодуулсан” гэх хэрэг нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэрлэгдсэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт өөрчлөлт орж, “гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэх заалт нэмэгдсэн. Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлд гэрч, хохирогч хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол торгох шийтгэл оногдуулах хуулийн заалттай байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хэрэгт бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2, мөн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Л.Э нь худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Үүнд:

Шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Гэрч Л.Э “...дуудлагын дагуу очиж шалгахад тухайн тоглоомын талбай дээр тохижилтын ажлыг хийж байгаа гэх хүмүүстэй 5 залуу маргалдаад байж байсан. Тэгэхээр нь ямар асуудал болсон талаар тодруулж хариуцаж байгаа гэх Заяахүү гэж хүнтэй уулзахад “тухайн маргаан үүсгэж байсан 5 хүнийг заагаад энэ хүмүүс өдөр 16 цагаас хойш манай ажил хийж байгаа хүүхдүүдийг өдөөд зодох гээд ажлыг нь хийлгэхгүй байна” гэж хэлсэн.

Гэтэл нөгөө 5 залуугийн дундаас Г.Г гэх залуу “Хөөе ахлагчаа эхлээд бид нартай уулздаг юм биш үү” гэх зэргийн үг хэлсэн. Би эхлээд энэ хүмүүстэй уулзчихаад ямар асуудал болсон талаар тодруулчхаад дараа нь та нартай уулзана гэж хэлсэн чинь өөдөөс надтай маргалдаад эхэлсэн. Нөгөө 4 найз нь уучлаарай гэх зэрэг зүйл ярьж байсан чинь Г гэх залуу улам над руу дайраад чам шиг юм офицер болж чаддаггүй юм, чи офицер хийж чадах уу, ахлах ахлагчаа чи зүгээр бай гэх зэрэг үгсийг хэлж над руу дайрч давшилж байсан. Би та яагаад цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжлоод байгаа юм, ямар асуудал болсныг тодруулж байхад гэхэд над руу дайрч давшилж хэл амаар доромжилж байхад найз нар нь түүнийг дагуулаад цаашаа явсан Г нь найзуудынхаа гарнаас мултраад над руу гүйж ирээд намайг барьж аваад зууралдсан. Би зүүн гарыг нь ард нь өчиг хийж баривчлах санаатай ард нь эргүүлэх гэсэн чинь гарыг нь алдаад тонгойсон чинь миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Би цааш нь түлхээд холдуулсан чинь ахиад над руу дайраад зууралдаж байхад манай хамт явсан цагдаа С хүрч ирээд Г надаас салгаад гарыг нь ард өчөөд үйлдлийг таслан зогсоосон. Тухайн үед миний зүүн нүд хавдаж овойгоод, уруулын зүүн хэсэгт шалбарсан байсан. С Г гарыг ард нь өчөөд машин дээр дарчихсан байж байхад Тамир-114 эргүүлийн чиглэлд гарч байсан дэслэгч Т ирээд гавлаад машиндаа суулгаад хэлтэс рүү авч явсан. Миний нүд хавдаад тагларчихсан, хамраас цус гараад байсан ба би эмнэлэгт хандалгүй шууд ажил дээрээ очиж болсон асуудлыг хэлээд 103-т дуудлага өгсөн байсан болохоор эмч ирж үзээд яаралтай Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүл гэсэн. Тэр шөнө жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байсан мөрдөгч, М дээр орж гэрчийн мэдүүлэг өгсөн. Г Дэнжийн 1000-н саатуулах байранд саатуулсан. Би тэр шөнөдөө ГССҮТ-д, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг газруудад очиж үзүүлсэн. Өглөө би ажлаасаа буучхаад Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлнэ гээд гэртээ байж байхад тухайн үед манай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Н 9602**** дугаарын утсаараа миний 9953**** дугаарын утас руу залгаад “Ажил дээр хүрээд ир уулзах шаардлагатай байна” гэсэн. Би ажил дээрээ ирээд хэлтсийн гадаа миний 21-20 УБҮ улсын дугаартай Стима маркийн машин дотор Н хошууч орж ирээд уулзсан. Н хошууч машинд орж ирээд “Урд нь цуг ажиллаж байсан хүн маань гуйгаад байна, өргөдлөө авчих, ах нь хэлээд эмчилгээний зардал мөнгө төгрөгийг нь гаргуулаад өгье” ахлах нь сая хэлээд 1 сая төгрөг авчихлаа эхний ээлжинд энийг хэрэглэж бай гэж хэлээд машин дотор бэлнээр 1 сая төгрөгийг тоолж өгсөн. Н хошууч чи мэдүүлэг өгөхдөө “Тухайн үед үүрэг гүйцэтгэж байхдаа нүдээ хүнд цохиулаагүй, өмнөх өдөр нь өөрийн машин янзалж байгаад пүрш үсрээд нүдээ цохиулчихсан, тухайн өдөр үүрэг гүйцэтгэхээр ирэхэд Н хошууч энэ асуудлыг харсан гэж хэл гэсэн. Би та цаад хүмүүстэй миний нүдийг эмчлүүлээд гарсан зардлыг нь төлөх юм бол хамаа алга би тэр хүмүүст гомдол санал гээд байх юм байхгүй, хүсэлтээ бичээд өгсөн ч хамаа алга гэдгээ хэлсэн. Би мөрдөгч, А дээр орж мэдүүлэг өгөхдөө өмнө өгсөн мэдүүлгээсээ өөрөөр Т.Н хошуучийн хэлсэн шиг 24 цагаар үүрэг гүйцэтгэхээс өмнөх өдөр машин засаж байгаад пүрш үсрээд нүдээ цохиулчихсан, өглөө ажил дээр ирсэн чинь Н хошууч, намайг харсан гэж мэдүүлэг өгсөн... Хамгийн анхны өдөр яг хэрэг болсны дараа ажил дээрээ очоод М мөрдөгчид мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг үнэн зөв, түүнээс хойш ахлах байцаагч Н нь надтай уулзаад гуйгаад ах нь эмчилгээний зардал мөнгийг чинь хэлээд гаргуулаад өгнө, өргөдөл өгөхөө больчих, мэдүүлгээ дээрх байдлаар үүрэг гүйцэтгэхээс өмнө пүрш үсрээд миний нүдийг гэмтээсэн гээд хэлчих гэсний дагуу дунд нь худлаа мэдүүлэг өгсөн. Би өөрөө дур мэдэж худлаа мэдүүлэг өгөөгүй, нэгдүгээрт манай ахлах гуйгаад байсан болохоор түүний дагуу мэдүүлсэн. Хоёрдугаарт Н хошууч ОХУ-ын нэг цэргийн сургуульд сурдаг, төгсөх гэж байгаа сонсогч байгаа юм гэж хэлсэн учраас бусдыг бодоод л мэдүүлгээ өөрчилсөн. Харин хамгийн сүүлд мөрдөгч Э дээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн юм...” гэх мэдүүлэг,

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.М өгсөн “...цагдаагийн алба хаагч Л.Э дуудлагын дагуу очиход нь зөрчил гаргагч этгээд нь хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж гэмтэл учруулсан байна. ...Л.Э уулзаж мэдүүлэг авахад “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 31 дүгээр байрны хойд талд сааданд хүмүүс архи уугаад амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн дуудлагын дагуу очоод зөрчлийг таслан зогсоох зорилгоор шаардлага тавиад, түүнийг явах гэж байхад нь араас нь барьж авсан чинь эргэж хараад гараараа нүд орчим цохичихсон” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн. Тухайн үед Л.Э зүүн талын нүд орчим хөхөрч хавдаад нүд нь юм харч чадахааргүй тагларчихсан байсан. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байсан ба өөрөө ч намайг сая цохиод миний нүдийг ийм болгосон гэж ярьж байсан. Би мэдүүлэг авч дуусахад Э эмнэлэг явлаа гээд явсан, шүүх эмнэлэгт үзүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Эийг цохисон гэх хүнтэй би огт уулзаагүй тэр хүний нь эрүүлжүүлсэн байх гэж бодсон...” гэх мэдүүлэг,

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Н өгсөн “...Дуудлагаар очсоноос хойш шаардлага эсэргүүцээд дийлдэхгүй байна гэж мэдээлэл өгсөн тул Тамир-114 эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэсэн алба хаагч нарыг нэмэгдлээр явуулсан. ...Цагдаагийн ахлах дэслэгч Л.Э нь миний шаардлагыг эсэргүүцэж миний нүүр лүү цохисон гэж хэлсэн түүний нүд хавдсан байсан аль нүд нь хавдсан байсныг санахгүй байна. Ийм учраас тухайн өдрийн хариуцлагатай эргүүл цагдаагийн хошууч Т.Н мэдэгдсэн тул Н өөр алба хаагчийг Э оронд үүрэг гүйцэтгүүлсэн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.С өгсөн “...Би 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Тамир- 113 авто эргүүлийн чиглэлд би цагдаагийн ахлах ахлагч Л.Э хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. ...Бид хоёр очоод болсон асуудлыг тодруулаад бичиг баримтыг нь шаардахад согтуу байсан залуу өөдөөс үг сөрөөд бичиг баримт байхгүй яахаараа шалгуулах ёстой юм гэх зэргээр харьцаж байсан. Тэр үед тухайн талбайг засаж байсан гэх хэдэн залуучууд ирээд наад залуучууд чинь наана чинь архи уугаад явахгүй бид нар руу агсраад байна гэж хэлсэн. Согтуу байсан 3 залууг хэлтэс рүү авч явахаар болоод нөгөө хүмүүсээс хамт явах хэн байна гээд тодруулж байхад нөгөө согтуу залуу чинь над руу чи муу дэд ахлагч болоогүй шүү, чи бол цаашаа шүү гэж хэлсэн. Э ах хажуугаас та яагаад албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийг доромжлоод байна гэж шаардлага тавьсан. “Чи муу ахлах ахлагч, офицер болж чадахгүй арчаагүй” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Арай гайгүй байсан 2 найз нь чи цагдаатай ингэж харьцаж болохгүй гэж хэлээд нэг найз нь нөгөө согтуу найзыгаа дагуулаад цаашаа гүйсэн чинь Э ах араас нь дагаж гүйгээд би үлдсэн хүмүүст нь цагдаа яваад очоорой гэж хэлсэн. Э ахын араас гүйгээд очсон чинь нөгөө согтүү байсан залуу Э ахтай ноцолдож, эсэргүүцэж байсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.А өгсөн  “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өглөө надад тус тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н цохолтоор тухайн гомдлыг хүлээн авч Л.Э цохисон Г гэх хүн нь эрүүлжүүлэхээс гарч ирсэн байсныг хүлээн ав гэрчийн мэдүүлэг аваад явуулсан. Үүнээс хойш Г удаа дараа утсаар дуудсан боловч одоо очлоо гэж хэлээд ирдэггүй байсан. Тэгээд Э ахтай уулзаад дахин мэдүүлэг авахад хэрэг болохоос өмнө өөрийн машинаа засаж байгаад нүдээ цохиулсан гэсэн. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлсэн юм уу гэхээр үзүүлээгүй гэсэн. Таны нүдийг ийм байсан гэдгийг мэдсэн хүн байгаа юм уу гэхэд манай ахлах Н өглөө үүрэг өгч ажилд гаргахдаа харсан гэсэн учраас би тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч Т.Н хошуучаас гэрчийн мэдүүлэг авч 2019 оны 08 дугаар сарын 13-ны өглөө алба хаагч нарыг үүрэгжүүлэхэд Эийн нүд гэмтэлтэй байсан эсэхийг тодруулахад Т.Н хошууч “Л.Э машинаа янзалж байгаад нүдээ гэмтээсэн гэж” өглөө үүрэг өгч гаргахад хэлсэн талаар мэдүүлсэн. Л.Э ахаас асуухаар шүүх эмнэлэгт үзүүлээгүй, гомдолгүй гээд бичиг хийж өгсөн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.З өгсөн “...Нэг харсан чинь тэр хэл амаар доромжлоод байсан залуу тухайн цагдаагийн алба хаагчтай зууралдаад ноцолдоод эсэргүүцээд байсан. Тэр залуутай ноцолдоод салсан чинь цагдаагийн алба хаагчийн нэг нүд нь улайгаад хөхрөөд хавдчихсан байсан аль нүд нь хавдсан байсныг одоо санахгүй байна... Анх ирэхэд цагдаагийн алба хаагчийн нүд нь зүгээр байж байгаад тэр согтуураад байсан залуутай зууралдаад салахад л нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Тухайн залуу юугаар цохисон талаар мэдэхгүй байна гэхдээ гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан...” гэх мэдүүлэг,

2019 оны 08 сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүр болон машинт эргүүл, эрүүлжүүлэх байранд ажиллах алба хаагчдын хуваарь,

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 27ка/3493 дугаартай албан тоот,

Хэрэг бүртгэлтийн 190903148 дугаартай хэргээс хуулбарлан авсан баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, дээрх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Л.Э нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нотлох баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Л.Э зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Л.Э өвчний улмаас үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байхад нь мэдүүлэг авч улмаар тухайн мэдүүлгийг үнэлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад “...Өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон нь тогтоогдсон хүн...” гэж тодорхойлжээ.

2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр болсон үйл явдлаас харахад Л.Э нь албан үүргээ гүйцэтгэж яваад Г.Г гэх хүнд нүүрэн тус газраа цохиулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г.Г холбогдох эрүүгийн 1909 03148 1008 дугаартай хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Л.Э нь Г.Г холбогдох хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх үед болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдон оролцох үедээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх хэсэгт заасан “...Өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон нь тогтоогдсон...” талаар ямар нэгэн баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан өөр бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 Мөн өмгөөлөгчийн зүгээс гэрчийн эрх үүргийг бүрэн гүйцэт тайлбарлаж, танилцуулаагүй талаар дурджээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас тайлбар, мэдүүлэг авах бүрдээ эрх, үүргийг нь тайлбарлаж, гарын үсэг зуруулсан байх бөгөөд гэрчийн эрх үүрэг тайлбарласан талаарх баримтыг үгүйсгэн, няцаах баримт тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байгаа дээрх тайлбар, мэдүүлгийг үнэн зөвд тооцон, үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “...Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө...” гэх заалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э хохирогчоор өгсөн “...Согтуу залуу намайг элдэв бусаар хэлээд байхаар нь би очиж барих гэж байгаад хальт цохиулчихсан юм. Энэ хүнд нүд рүүгээ цохиулсан удаа байхгүй, тэр залуу өөдөөс хэгжүүрхээд байсан. Бас маш их согтолттой байсан. Би өөрийнхөө нүдийг өөрөө гэмтээсэн учраас эмнэлэгт очиж үзүүлээгүй...” гэх мэдүүлгийг дурдаж, мөрдөгч, прокурорын зүгээс тухайн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шалгасан гэжээ.

Шүүгдэгч Л.Э мэдүүлсэн “...Машинаа янзалж байхад пүрш нь үсрээд нүдийг нь минь оноод гэмтээчихсэн...” гэх мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд өмгөөлөгчийн тайлбарт дурдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүний сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэх заалтыг үндэслэн хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Э нь гэрчийн эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулж, баталгаа гаргасны дараа илтэд худал мэдүүлэг өгсөн нь хавтас хэрэгт авагдсан бүхий л бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд өмгөөлөгчийн тайлбарт дурдсан асуудлыг дахин шалгах нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж шүүх дүгнэв.  

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Л.Э худал мэдүүлэг өгснөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан бодит хохирол учруулаагүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ.

Нөгөөтээгүүр худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрх, ашиг, сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуульд тухайн гэмт хэргийн улмаас бодит хохирлоос гадна нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заажээ.

Шүүгдэгч Л.Э нь цагдаагийн албан хаагч бөгөөд хууль сахиулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болохын хувьд төрд тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч мөн.

Түүнчлэн төрийн тусгай албан хаагчийн хувьд дээд албан тушаалтны хууль бус шийдвэр, тушаалыг биелүүлэхгүй байх үүрэгтэй юм.

Хэдийгээр тухайн гэмт хэргийн улмаас хэн нэгэнд материаллаг хохирол учраагүй ч цагдаагийн албаны болоод хуулийн байгууллагын нэр хүндэд ноцтой хохирол учруулж болохуйц үйлдэл мөн бөгөөд үнэнч шударгаар ажиллах тангарагтай төрийн албан хаагч тэр дундаа тангараг өргөсөн цагдаагийн албан хаагч болохын хувьд төрийн хуулийг хэлбэрэлтгүй дагаж, мөрдөх, биелүүлэх үүрэгтэй.

Мөн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой талаар дурдсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл гэрч, хохирогч, шинжээч мэдүүлэг өгөхөө зайлсхийсэн татгалзсан, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол...” гэж,

Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсхүл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан...” бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтаас харахад өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан үндэслэлээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг /худал мэдүүлэх/ Зөрчлийн тухай хуульд хамаатуулан ойлгох боломжгүй юм.

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Л.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Тухайн гэмт хэргийн улмаас хэн нэгэнд бодит хохирол учраагүй байх тул шүүгдэгч Л.Э бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүхээс Эийг гэм буруутай тооцсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань ялын сонгох санкцтай тул торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан үзээд торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Л.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л Э худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 /найм/ цагийн ажлыг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Л.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР