Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1038

 

 

 

 

 

 

 2020        12          22                                  2020/ШЦТ/1038  

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Хохирогч Ү.О,

Шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч Ө.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т холбогдох эрүүгийн 2009 00337 0609 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, оюутан, “Мон-Сака” ХХК-д цаасны үйлдвэрт хуваарилагч ажилтай, ам бүл 3, эгч дүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 15А гудамж, 427 тоотод оршиг суудаг.     Урьд нь:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б Т /РД:********/,

            Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Т 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 19 дүгээр байрны өргөтгөлд гэрэл зургийн хэрэгслийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг газраас гэрэл зургийн хэрэгслийг түрээслэн ашиглая хэмээн бодит байдлыг нуух замаар хохирогч Ү.О төөрөгдөлд оруулан түрээсийн төлбөрт байгууллагын сурталчилгааг хийж өгье хэмээн хуурах аргаар Канон брэндийн 7 Ди загварын камер авсан, мөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийж байсан бичлэгээ дуусгах шаардлагатай байна хэмээн хуурах аргаар Ү.О камер түрээслэн авч байсан гэх урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан дахин Канон брэндийн 7 Ди загварын камерыг авч 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газарт 300.000 төгрөгийг барьцаанд тавин ашиглаж бусдын 2 ширхэг камерыг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч бусдад 2.255.946 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ү.О шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр анх ирж эхний камерыг ирж авсан. Камер авч явснаас 7 хоногийн дараа над руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тулгийн хувьд зураг аваад явж байгаа гээд хөдөө авхуулсан зургаа над руу үзүүлээд яваад байдаг байсан. Шинэ жил дөхөөд 1 сар гарсан байсан учир би Т түрээсийн мөнгө чинь олон хоног болсон учир наад камераа үнээр худалдаж авах уу гэж санал хэлсэн тэгэхэд Т хүлээн зөвшөөрөөд 12 сард мөнгийг өгнө гэж хэлсэн. Миний ажиллуулдаг газар гэрэл зургийн студи учир би Т хандаж шинэ жилийн ханын тохижилт хийж байгаа ирээд зураг авалтад оролцоод өгөх үү гэсэн Т хүлээн зөвшөөрөөд 4-5 хүүхэд манай студи дээр авч ирсэн тэр үед би видео бичлэгийн хүн тусад нь цалинжуулаад тэр бичлэгийн бид нар өөрсдөө хийсэн Т хувьд 4-5 хүүхэд авчраад зургийн авхуулаад яваад өгсөн. Ирж зураг авхуулсан өдрөө Т нь Говь-Алтайд уул ороож байгаа морины зураг авах гэсэн юм гээд нэг камерын уулын доор тавиад нөгөө камерыг дээр нь тавиад 2 талаас зэрэг авахгүй бол дахин дахин зураг аваад байх хэцүү байна гэж хэлсэн  би тэр үед манайд Канон брэндийн аппарат бэлэн байна эндээс аваад яв гэж хэлсэн тэгэхэд Т өнгө нь зөрчдөг 7 Ди хэрэгтэй байна гэж хэлэхээр найзаасаа гуйгаад 7 Ди камерыг авч өгөөд явуулсан Т нь 2 хоногийн дараа ирнэ гэж хэлээд алга болсон. Сошиал талдаа тавьсан бичлэг дээр Т зүгээс хүн орж ирээгүй би тэр үед тохижилтын зургаа тавьж байсан болохоор надаар дамжиж нэг хүн орж ирээд зураг авалт хийгдсэн тэр үед хүн орж ирэхгүй байсан болохоор фейсбүүкээ мөнгө төлж бүүст хийж рекламаа цацаж эхэлсэн. Т яриад байгаа бичлэг хийсэн гэж яриад байгаа зүйл нь худлаа 4-5 хүүхэд авч ирж зураг авхуулаад явсан. Найзаас авсан 7 Ди камер нэхэгдээд байсан учир би тэр камерын үнийг төлсөн. Манай студи дээр канон брэндийн камер байдаг  Т нь надад өнгө нь зөрөх гээд байна гэж хэлээд миний хувьд тэр үед найзаасаа тэр 7 Ди камерыг авч өгсөн. Говь-Алтай аймгийн Бигэр суманд зураг авна гэж хэлээд хотод шөнө зураг авсан байсан. Эхний авсан камер нь эвдэрсэн 2 дахь авсан камераа ломбардад тавьсан байхад тухайн хийж байсан дүрсүүдээ яаж дуусгасан нь эргэлзээтэй байна. Тухайн асуудлаас хойш болсон зүйлүүд фейсбүүкийн чат дээр байгаа Т руу дунд нь залгаад би мөнгө төлөөч гэдэг зүйлүүдийг миний зүгээс хэлж байсан...” гэжээ.

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...Хамгийн анх миний хувьд О ахаас үнэнээ хэлж камерыг авч байсан. Камерыг өдрийн 30.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж ярьж байсан. Тухайн камерыг түрээсэлж байхдаа киногоо хийж байсан нь үнэн. О ахтай камерыг түрээслээд авч явж байхдаа байнга холбоотой байсан. Камерыг авч яваад 20 гаруй хоногийн дараа О ахтай очиж уулзсан тэхэд О камерын түрээсийн мөнгө чинь хэцүүдэж байгаа нь байна “чи худалдаад авчвал дээр юм биш үү” гэж хэлсэн тэр үед О ахын хэлсэн зүйл зөв байсан болохоор би тэр үед О ахад худалдаад авъя гэж хэлсэн. Яллах дүгнэлт дээр нэмж камер авсан талаар яригдаж байна нэмж камер авсан нь үнэн тэр камерыг зураг авалтаа дуусгах гэж тэр камерыг авсан тэр 2 дахь камерыг авахдаа 3-4 хоногийн дараа буцааж өгнө гэж хэлж авсан. Тэр камер авсан шөнө зураг авалтаа хийгээд үүрийн 08 цагт зураг авалтаа дуусгасан. Манай кино группийг хариуцаж байсан хүн намайг юм хийж байгаа бол хүмүүсийнхээ хоол ундыг хариуцаач кино группэд чинь хоол унд байхгүй байна гэж хэлээд би камерыг хамгийн бага дүнгээр 300.000 төгрөгт ломбардад тавьсан байгаа. Камерыг буцааж авах боломж байсан боловч цагдан хоригдож таарсан байгаа. Мөн түрээсийн оронд реклам зар сурталчилгаа хийх талаа ярьсан байна. О ахын хүссэн зүйлүүдийг хийж өгсөн. Инстаграм фейсбүүк дээр олон дагагчтай залуучууд цуглуулаад хүссэн зургуудыг даруулж өгсөн  мөн видео хийлгэж өгсөн тэр хийж өгсөн зүйлүүд О ахын сошиал хуудсан дээр бүх зураг бичлэгүүд бүгд байгаа....” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагаанд буцаах гол үндэслэл нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1407 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамж байгаа тухайн захирамж дээр хохирогч О нь шүүгдэгч Т харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой нөхцөлтэй камераа ашиглуулсны үндсэн дээр хэргийг шүүхэд шилжүүлсэн болох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч болоод шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэсэн үйлд баримтыг шүүхээс тогтоогоод хэргийг 2 ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Гэмт хэрэг үйлдсэн байх хугацаанд шүүхээр ороод ял шийтгүүлснийг дүгнэлт бичээд хүчингүй болгуулах дараагийн ажиллагаа нь залилах гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох гэдэг байдлаар хэргийг прокурорт буцаасан. Хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын хяналт доор мөрдөгчийн хийж гүйцэтгэдэг ажиллагаа. Хэргийг прокурорт буцсаны дараагаар Т дамжуулаад хэрэг мөрдөгчид эрх үед гомдлоо гаргаад өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр ярьсан зураг, видео, бичлэг хийгдсэн эсэхийг хэрэгт хавсаргуулахаар баримтаа гаргаж өгнө шүү гэж хэлж ажиллаж ирсэн тэр талаар мөрдөгчид хандах үед мөрдөгч нь хэрэг нь байхгүй прокурор дээр байгаа гэдэг тайлбар өгсөн. Тухайн үед давж заалдах шатны шүүхэд прокурор дүгнэлт бичсэн гэдэг мэдээллийг тухайн үед авсан болохоор тухайн ажиллагааг хийгдэж байна гэж ойлгосон. Т прокуророос нэг дуудаад яллах дүгнэлтийг гардуулсан яллах дүгнэлт үйлдсэний дараа бүх ажиллагаа шүүх рүү шилждэг гэдэг утгаараа прокурорын байгууллагад гомдлоо гаргах боломжгүй болсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа хийгдээгүй гэдэг тайлбараа хэлж оролцсон. Тулгийн бодит байдлыг нээх замаар хуурах аргаар залилсан гэж байгаа. Өмнөх анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмаар явагдсан хуурсан зүйлгүй тухайн камерыг аваад тэр камераар видео бичлэг хийсэн талаараа анхнаасаа мэдүүлсэн. Тухайн хийсэн видео бичлэгээ мөрдөн шалгах ажиллагаанд өгөх талаараа хэлсэн байдаг. Тулгийн хувьд тухайн камерыг авахдаа хуурсан юм бол байхгүй. Залилах гэмт хэргийн шинж нь бусдыг хуурах төөрөгдөлд оруулах гэсэн шинжүүд байгаа хэдий ч авсан зүйлээ буцаан өгөхгүй шаардаж байгаа. Тулгийн зүгээс хохирол төлбөр төлж чадаагүй байгаа хэдий ч тухайн камерыг өгөхгүй гэдэг зүйлийг хэлээгүй өгнө гэдгээ илэрхийлсэн байдаг. Цагдаагийн байгууллагад анх гомдол гаргахдаа 2020 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр гомдол гаргасан байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр Т нь өөрөө хэрэгтээ холбогдуулаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдаг. Цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэдэг утгаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явсан гэдэг талаар хохирогч мэдүүлдэг тэгэхээр залилах гэмт хэргийн шинж байгаа юу гэдэг дээр анхаарч үзэж өгнө үү гэж хүсэж байна. Прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд ажиллагаа хийгээд зурвас гэдэг талаар ярьдаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн байдлыг тогтоох гээд хуульчилсан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотолж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байдаг. Өмнөх анхан шатны хуралдаан дээр маргаад байгаа дүрс бичлэг  байдаг авсан камераар хийсэн дүрс бичлэг байгаа тэр зүйлийг нотлох баримтаар өгнө гэж ярьсан боловч тухайн ажиллагаа Т цагаатгах нотлох баримтаа өгөх зүйл хийгдэлгүйгээр дахиад яллах дүгнэлт үйлдээд ирж байгаа нь прокурор хуулийг зөрчиж байна. Зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулаад байна...” гэжээ.

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Үүнд: “Алтан гахай” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 31/-р тал, Мөрдөгчийн эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 2-30/-р тал, Хохирогч Ү.О нь хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн “…S********** нэртэй цахим хаягтай яллагдагч Б.Т фэйсбүүк буюу цахим захидлаар харилцсан талаарх захидлуудыг харуулсан баримтууд /хх-ийн 11-12, 14/-р тал, Иргэний нэхэмжлэгч Ч.Э мэдүүлэг /хх-ийн 17/-р тал, Дамно хөрөнгө үнэлгээ, зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 51/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, дээрх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Б.Т нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нотлох баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Б.Т бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дээр дурдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр шүүгдэгч Б.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Иймд, шүүхээс шүүгдэгч Б.Т хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Ү.О зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Б.Т бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урд Баянзүрх дүүргийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын  өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх ...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал хохирол төлбөр нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзээд ялын хамгийн доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү ...” гэх саналыг,

Хохирогч Ү.О шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Залуу хүүхэд учраас хамгийн бага ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт “... Хохирогчоос уучлалт хүсэж байна хохирол төлбөрийг барагдуулсан учир миний хувьд аав ээжгүй эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг тул ялын хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагч, шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заажээ.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Б.Т 01 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил 08 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Т нь өмнөх хэрэгтээ 58 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б Т хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 /нэг/ жил, 08 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т оногдуулсан 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т өмнөх хэрэгтээ цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР