Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 482

 

      Д.Э-д холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ж.Энхжаргал,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

            шүүгдэгч Д.Э-н  өмгөөлөгч Р.Мэндсайхан,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Э-д холбогдох 1703000010118 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н Э, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ........ төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт ......... дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Д.Э нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг 10 минутын орчим, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овоо, “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд талын замд, “Тоёота камри” загварын, 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а, 13.1, 2.1 а, 2.7 а, 9.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.М-г мөргөж, амь насыг нь хохироосон, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Э-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жил хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-с хохирлын 8.361.053 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины будаг замаскийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,  шүүгдэгч Д.Э-н  В ангиллын 208206 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хохирогч миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч энэ хүн энэ гэмт хэргийн санаатай үйлдсэн байж болох талтай гэдгийг шүүх анхааран үзэж, тухайн хэргийн зүйлчлэлийг хүнийг алах гэх зүйл, хэсгээр өөрчилж хүндрүүлж өгнө үү.

Шүүгдэгч Д.Э нь явган зорчигч Д.М-г мөргөж амь насыг нь хохироосон, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан. Энэ үйлдлээс харахад шүүгдэгч хохирогчийг зам дээр буюу гарцаар гарах гэж явааг нь мэдсээр байж мөргөөд хэргийн газрыг орхиод зугтааж буй үйлдэл нь өөрөө гэмт хэргийг далдлан нуух санаа зорилготой, гэмт хэргийг санаатай үйлдээд зугтаасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э-н  гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгсэл нь бүрэн бус байсан ба авто машины спидометр ажиллахгүй, машин урд бамбай зүүн булан хонхойж зурагдаж будаг халцарсан, автомашины гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн асахгүй, нэг тэнхлэгт харилцан өөр хээтэй дугуйтай, тоормосны механизмын ажиллагаа хэвийн бус гэмтлүүдтэй байсан нь техникийн шинжээчийн 4512 тоот дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний лабораторын шинжээчийн 4437 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12346 тоот дүгнэлтүүдээс харахад Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй гэдгийг ухамсарлан ойлгож мэдсэн мөртлөө машин жолоодоод байгаа үйлдэл нь санаа зорилгын хувьд болгоомжгүй гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд давхар бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж буй үйлдэл нь өөрөө санаатай буюу бусдыг алах зорилготой байсан гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч Д.Э-г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг өөрчилж, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.

Д.Э нь ар гэр биднээс хүний ёсоор уучлал гуйж, гомдол санал барагдуулахгүй, хэрэг үйлдсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрөхгүй байгаад гомдолтой байна.

Хохирогч миний хувьд энэ хүний зүйл, ангийг хүндрүүлж, ял хүндрүүлэх нөхцөл байдал хэрэглэн, ялыг нь тухайн ялын дээд хэмжээгээр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байгаа. Үндсэн хуульд заасан миний амьд явах эрх зөрчигдөөд байхад гэм буруутай этгээдэд ийм бага ял өгснийг ойлгохгүй байна. Ар гэр бидний зүгээс оршуулгын бодит гарсан зардлыг нэхэмжилснээс өчигдөр 8.300.000 төгрөг авсан. Би маш их гомдолтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Э-н  өмгөөлөгч Р.Мэндсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд

1.1. Шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсэгт "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4437 дугаар дүгнэлтийн 1, 2 дахь заалтаар, мөн хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 8411 дугаар дүгнэлтээр “... шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх шинжээчийн дүгнэлтүүдийн үндэслэл болгосон "осол хэргийн газраас бэхжүүлж авсан" гэх эд мөрийн баримт болох 11 (14 ширхэг) хэсэг цагаан өнгийн будагны хэлтэрхийнүүдийг хэзээ, хаанаас, хэн хурааж авсан нь тодорхойгүй буюу энэ талаарх тэмдэглэл үйлдээгүй, уг эд мөрийн баримтыг зохих ёсоор бэхжүүлж аваагүй байдаг. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх заалт ноцтой зөрчигджээ.

1.2. Мөн "Хэргийн газрын зургийн үзүүлэлт"-ийн 8, 9 дугаартай гэрэл зурагт авагдсан 11 ширхэг цагаан өнгийн будагны хэлтэрхийнүүд нь хэргийн газрын үзлэгийн явцад хийгдээгүй өөр газар, цаг хугацаанд авагдсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх дээрх байдлаар хуульд заасан үндэслэл журмын дагуу олж аваагүй эд мөрийн баримтад үндэслэсэн шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 7, 13 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Дээрх байдлаар анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд,

2.1.   Шийтгэх тогтоолын үндэслэлийн нэг нотлох баримт болох 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд "... ослын газарт байсан буферын хагархайнууд ... ослын байдлаар хэмжилтийг хийв. ... буферын хагархайнуудыг үзлэгээр хурааж авав" гэж буферын хагархайнуудын талаар удаа дараа дурдагдсан боловч (яллах дүгнэлтэд ч энэ тухай дурдагдсан) тухайн эд мөрийн баримт алга болсон юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед улсын яллагч дээрх нөхцөл байдлыг "алдаа гаргасан байна" гэж, анхан шатны шүүх хуралдаан дээр "мөрдөгч нь туршлагатай хүн байсан тул тухайн будагны хэлтэрхийнүүд нь буфернээс ховхорсон гэдгийг мэдээд харин тэмдэглэл үйлдэхдээ буферны хагархайнууд гэж андуурч бичжээ" гэсэн агуулгатай тайлбарыг тус тус хийсэн. Гэтэл хэрэгт авагдсан "Хэргийн газрын зургийн үзүүлэлт"-ийн 1,2,3,7 дугаартай гэрэл зургууд дээр 3 тоот цэгээр тэмдэглэсэн мөнгө, 4 тоот цэгээр тэмдэглэсэн малгайны дунд буферын хагархай байж болохоор харьцангуй том хэмжээтэй эд зүйл харагдаж байна. Орчин үеийн суудлын автомашины зарим эд ангиудыг түүний дотор буферыг ихэвчлэн хуванцар эдээр хийдэг болсон нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд автомашин гадны биеттэй хүчтэй мөргөлдөх үед буфер нь хагарч, салж унах магадлал өндөр байдаг. Харин шүүгдэгч Д.Э-н  жолоодож явсан “Тоёота камри” загварын тээврийн хэрэгслийн буфер нь огт хагараагүй, бүтэн байгаа болно. Дээрх байдлаар анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

2.2. Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1689 дүгээр дүгнэлтээр хохирогч нь 165 см өндөртэй бөгөөд түүний биед учирсан гэмтлүүд болох гавлын ясны олон хэсэг салж, үйрч, бяцарсан хугарал, тархины эдийн няцрал, цус харвалт болон баруун 4-5-8-9-10 хавирганы хугарал зэрэг нь хохирогчийн бүсэлхийнээс дээш буюу 100 см-ээс дээш өндөр түвшинд байдаг. Гэмтлүүд нь босоо байрлалаас талийгаачийг баруун талаасаа автомашинд мөргөгдөх үед үүсэх боломжтой гэдийг шинжээч тайлбарласан. Гэтэл шүүгдэгч Д.Э-н  жолоодож явсан тээврийн хэрэгслийн хохирогчийг мөргөсөн гэх урд буферын зүүн доод хэсэг нь газраас 37 см-ийн өндөрт, зүүн урд хажуугийн далбайн будаг халцарсан хэсэг нь газраас 80 см-ийн өндөрт тус тус байгаа нь хохирогчийн биед учирсан гэмтлийн төвшинтэй огт тохирохгүй байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн дээрх гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй гэж шинжээч дүгнэсэн, шүүх хуралдаан дээр ч түүнийг бататган тайлбарласан. Мөн тээврийн хэрэгсэлд ослын үед буюу хохирогчийг анх мөргөхөд үүссэн эвдрэлүүд гэх урд буферын зүүн доод хэсэг, зүүн урд хажуугийн далбайн хэсэг, капотны зүүн хэсэг дотогшоо хонхойсон зэрэг нь нөхөн үзлэгийн дараа хийгдсэн "Осол, хэрэг гарсан газар дээрх хийсэн хэмжилтийн бүдүүвч"-ээр харуулсан осол, хэргийн газрын нөхцөл байдал нь хоорондоо шалтгаант холбоогүй байна. Учир нь хохирогчийг мөргөх үед тээврийн хэрэгсэл дээр үүсэх боломжтой гэж үзсэн дээрх эвдрэлүүд нь тухайн тээврийн хэрэгслийн зорчиж байсан чиглэлийн эсрэг буюу урдаасаа хойшоо дарааллаар үүсэхэд, бүдүүвч дээрх хохирогч анх мөргүүлсэн гэх А цэгээс тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиг дагуу буюу чанх урагшаа чиглэлд 8,6 метр зайд Б цэг дээрх унасан мэтээр хэмжилт хийж, нотлох баримтыг бүрдүүлсэн нь хоорондоо зөрчилдөж байна. Эдгээр нөхцөл байдлууд нь хохирогчид учирсан гэмтлүүд болон тээврийн хэрэгсэл дээр үүссэн эвдрэлүүд нь хоорондоо шалтгаант холбоогүй болохыг хангалттай нотолж байна гэж үзнэ.

2.3. Мөн хохирогчийг тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтэн нас барсан гэж шүүх дүгнэхдээ 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 8410 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслээс цус, арьс, эд, үс илрээгүй, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 4435 дугаар шинжээчийн дүгнэлтээр “хохирогчийн цамцнууд нь мөргөх биш татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас үүссэн ханзралттай” гэсэн шүүгдэгчийн гэм буруутайг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүх ямар үндэслэлээр хүлээж аваагүй болохоо заагаагүй байна.

2.4. Гэрч Г.Г-н "...  Их л цэмбэгэр өнгөлөг машин харагдаж байсан, ...Уг машин ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай явж байсан байх. Зорчих хэсгийн 3-р эгнээгээр явж байсан", "Тухайн үед цагаан өнгийн жижиг тэрэг байна гэж араас нь хараад мэдсэн” гэх болон түүний шүүх хуралдаан дээр “осол гаргасан тээврийн хэрэгслийг “Тоёота камри” загварын машин биш байсан" гэсэн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэгийн үед гэрч Г.Ганбаяр хохирогчийн тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн А цэгийг зорчих хэсгийн 3-р эгнээ дээр давж буй гэрэл зураг, шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Э-н  "баруун нүдний хараа 40, см харна, зүүн нүдний хараа хөдөлгөөн, гэрэл мэдэрнэ" зэрэг гэм бурууг үгүйсгэсэн, эргэлзээтэй олон нотлох баримтууд авагдсан байдаг. Гэтэл дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хараа муутай шүүгдэгч Д.Э-г тээврийн хэрэгслийг харанхуйд, асар хурдтайгаар жолоодож явахдаа хохирогчийг мөргөсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

2.5. Осол нь замын зорчих хэсэг дээр гарсан бөгөөд хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу "өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах"-ыг хориглосон захиргааны актын заалтыг зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ байдал нь осол гарах гол шалтгаан болсон байхад шүүх энэ талаарх дүгнэлтийг шүүх огт хийгээгүй байна. Дээрх байдлаар анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий зарим нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хүсэлтийг няцаасан үндэслэлийг огт заахгүйгээр шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв гэм буруу нь тогтоогдсон гэж үзвэл хорих ялыг нь тэнсэж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-н өмгөөлөгч Д.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоогийн байдлаар оршуулгын зардал 8.361.053 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаантай байгаа мэтээр гомдол гаргасан. “Тоёота камри” загварын, 0188 УБЦ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын эвдрэлийн хэсгээс бэхжүүлж авсан будагны дээж нь шинжилгээнд ирүүлсэн осол болсон газраас бэхжүүлж авсан будагны дээжтэй элементийн хувьд таарч байна гэдэг нь уг тээврийн хэрэгслээр хохирогчийг дайрсан нь нотлогдож байгаа. Шинжээчийн 12346 дугаартай дүгнэлтэд “Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй” гэсэн. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд “Тоёота камри” загварын 0188 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл байсан нь нотлогддог... Гэрч Г.Г анх мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаад хэрэг болсон газар мэдүүлэг өгөхдөө “цагаан өнгийн суудлын автомашин маш хурдтай ирээд хүн мөргөөд зугтаад алга болсон” гэдэг. Шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо ч үүнийгээ хэлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Э-н  үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал, учруулсан хор уршигт тохирсон гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй байна гэжээ. Гэвч шүүх хуралдааны явцад энэ гомдлоосоо татгалзаж байна гэж ойлголоо. Шүүгдэгч нь харааны хувьд тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй байсан. Шүүгдэгч “би энэ хэргийг огт үйлдээгүй” гэдэг байдлаар мэдүүлээгүй. Хэрвээ нотлогдвол ял шийтгэлээ хүлээнэ, хохирлыг төлмөөр байгаа боловч мөнгө олдохгүй байна гэж тайлбарладаг. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулсныг ял хөнгөдсөн гэж үзэх боломжгүй. Зам тээврийн осол нь болсон үйл явдлыг нөхөн сэргээх замаар шалгаж тогтоодог. Хохирогчийг мөргөсөн автомашин нь зугтааж, зам дээр будаг, замаскны хагархай үлдсэн. Зөвхөн мэдүүлэгт үндэслэж энэ хэргийг шийдвэрлээгүй... Будаг замаск нь маш хэврэг учраас бутраад тухайн автомашины хаана байсан нь тогтоогдохгүй байгаа болохоос тухайн тээврийн хэрэгслийн будаг, замаск болох нь нотлогдсон. Мөн хохирогч баруун талаасаа мөргүүлсэн байх ёстой гэж яриад байна. Шүүх эмнэлгийн шинжээч эмч “зүүн тахим хэсэгт анх автомашины хүч үйлчилж мөргөж унагаасан байна” гэсэн. Яагаад гэхээр хүн 2 хөлөөрөө алхаж явна гэхээр 2 хөл нь сална.  Яг хохирогчийг гишгэгдэлд зүүн хөл нь урдаа байх үед автомашин урд хэсгээрээ зүүн тахим хэсэгт нь мөргөж, хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэж байна. Ослын талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг үнэтэй хувь нэмэр оруулсан. Яагаад гэвэл автомашины явсан чиглэлийг зааж өгч, тодорхой хүрээг хязгаарлаж өгснөөр осол гаргасан тээврийн хэрэгслийг шуурхай олж тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Огт өөр орон зай цаг хугацаанд хийсэн зураг байсан” гэж хэллээ. Шөнийн 01 цагт зам дээр байсан будаг замаскийг харанхуй нөхцөлд цуглуулаад, үүрээр шалан дээр тавьж нийлүүлж байгаад зургийг авч, хэрэгт хавсаргасан... Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                                  ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Э нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны шөнийн 00 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овооны “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд талын замд Тоёота камри загварын 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 а, 2.5 а, б, в, 13 дугаар зүйлийн 13.1, 9 дүгээр зүйлийн 9.2, мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3 а дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.М-г мөргөж, амь насыг нь хохироосон, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н /хх 1-н 91-92/, иргэний хариуцагч Д.М /хх 1-н 141/, гэрч Г.Г /хх 1-н 145, 147/, гэрч М.Уянга /хх 1-н 151-152/, шинжээч О.Болороо /хх 2-н 57-58/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1689 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 1-н 171-173/, Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 4512 дугаартай дүгнэлт /хх 1-н 178/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын физикийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Тоёота камри” загварын 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын эвдрэлийн хэсгээс бэхжүүлж авсан будагны дээж нь шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн газраас бэхжүүлж авч явуулсан будагны дээжтэй элементийн агууламж болон найрлагаараа таарч тохирч байна...” гэсэн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 8411 дугаартай дүгнэлт /хх 1-н 188-190/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн будагны хэлтэрхий гэх нийт 14 хэсэг зүйлийн 11 хэсэг нь харьцуулах загварт ирүүлсэн автомашиных байна. Харин 3 хэсэг нь харьцуулах загварт ирүүлсэн автомашиных мөн эсэх, мөн бол хаана байсныг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн будагны хэлтэрхий гэх нийт 14 хэсэг зүйлийн 8 хэсэг нь харьцуулах загварт ирүүлсэн автомашины урд бамбаа, зүүн урд далбааны хагарч ховхорч унасан хэсгийн зах ирмэгийн хэлбэрийн онцлог, зузаан нимгэн, гадаргуун хэлбэрээрээ, “Е+2+Ж” гэж дугаарласан хэсгийн ар талын өнгө, зураасан мөрийн байрлал, хэлбэр, чиглэлээрээ тохирч байна...” гэсэн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4437 дугаартай дүгнэлт /хх 1-н 192-197/,

Техникийн шинжээчийн “...”Тоёота камри” загварын 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 а, 2.5 а, б, в, 13 дугаар зүйлийн 13.1, 9 дүгээр зүйлийн 9.2, мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3 а заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 г дэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Тоёота камри” загварын 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогсолтын мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй...” гэсэн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 546 дугаартай дүгнэлт /хх 1-н 241/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх 1-н 7-12/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 13/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 14-15/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 23-27/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 32/, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх 1-н 73-74/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 1-н 83/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Д.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй,   Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.   

 Прокуророос Д.Э-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн ба анхан шатны шүүх Д.Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирчээ.

Иймд “ял шийтгэл хөнгөдсөн, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.   

Шүүгдэгч Д.Э-н  өмгөөлөгч Р.Мэндсайханаас “...осол хэргийн газраас бэхжүүлж авсан гэх эд мөрийн баримт болох цагаан өнгийн будагны хэлтэрхийнүүдийг хэзээ, хаанаас, хэн хурааж авсан нь тодорхойгүй, уг эд мөрийн баримтыг зохих ёсоор бэхжүүлж аваагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн, Д.Э-н  жолоодож явсан тээврийн хэрэгслийн буфер нь огт хагараагүй ба буферийн хагархайнууд байхгүй болсон. Хохирогчийг мөргөсөн тээврийн хэрэгсэл дээрх гэмтэл хохирогчийн биед учирсан гэмтлийн төвшинтэй огт тохирохгүй, хоорондоо шалтгаант холбоогүй, эргэлзээтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан, мөн хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь осол гарах шалтгаан болсон байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул Д.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл”-д буферийн хагархайг хураан авсныг тэмдэглэсэн байх бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор /хх 1-н 83/ дээрх зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар тооцсон ба цаашлаад прокурорын яллах дүгнэлтийн хавтралтад /хх 2-н 79/ зааж, эд мөрийн баримтаар хэргийн хамт шүүхэд хүргүүлжээ. Иймээс дээрх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

 Түүнчлэн “мөрдөгч будагны хэлтэрхийг буферийн хагархай гэж бичсэн” гэсэн прокурорын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн “цагаан өнгийн будагны хэлтэрхий гэх нийт 14 хэсэг зүйлийн 8 хэсэг нь харьцуулах загварт ирүүлсэн автомашины урд бамбаа, зүүн урд далбааны хагарч ховхорч унасан хэсгийн зах ирмэгийн хэлбэрийн онцлог, зузаан нимгэн, гадаргуун хэлбэрээрээ, “Е+2+Ж” гэж дугаарласан хэсгийн ар талын өнгө, зураасан мөрийн байрлал, хэлбэр, чиглэлээрээ тохирч байна...” гэсэн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4437 дугаартай дүгнэлт, мөн физикийн шинжээчийн “... “Тоёота камри” загварын, 01-88 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын эвдрэлийн хэсгээс бэхжүүлж авсан будагны дээж нь шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн газраас бэхжүүлж авсан будагны дээжтэй элементийн агууламж болон найрлагаараа таарч тохирч байна...” гэсэн /хх 1-н 188/ дүгнэлтүүдээс үзэхэд шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгсэл амь хохирогчийг мөргөсний улмаас будагны хэлтэрхийнүүд унасан, мөн уг зам тээврийн ослын улмаас хохирогчийн биед гэмтэл, түүний өмсөж явсан хувцаст шинэ урагдал үүссэн байх боломжтой байна.

Хэдийгээр амь хохирогч нь ослын үед дунд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдож байх боловч үүнийг зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Шүүгдэгч Д.Э нь 100 хувь хугацаагүйгээр хөдөлмөрийн чадвар алдсан болох нь комиссын дүгнэлтээр /хх 2-н 29/ тогтоогдож байх бөгөөд харааны бэрхшээлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй гэдгээ мэдсээр байж шөнийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан нь осол хэрэг гарахад нөлөөлсөн байна.   

Иймд Д.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хэргийг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад шүүгдэгч Д.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 8.361.053 төгрөгийг төлсөн байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтад энэ талаар өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. 

Мөн техникийн шинжээчийн “Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 а, 2.5 а, б, в, 13 дугаар зүйлийн 13.1, 9 дүгээр зүйлийн 9.2, мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3 а-д заасныг тус тус зөрчсөн” гэсэн дүгнэлт /хх 1- н 241-242/ гарсан байхад прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 а, б, в заалтуудыг бичилгүйгээр орхигдуулж, шинжээчийн дүгнэлтэд огт дурдагдаагүй Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.7 а заалтуудыг бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.