Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 34

 

       

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  оршин суух, *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Миний өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоон,  тэтгэврийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс нөхөн олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон овогт *******ын ******* миний бие 1964 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 55 настай. 1989-1991 онд Хууль цаазын дунд сургууль, 1993-1996 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр. 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ардын армийн 265 дугаар ангид цэргийн алба хаасан. 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн “Дөл” сонины хэвлэх үйлдвэрт линотипчээр, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн өмгөөлөх зөвлөлд өмгөөлөгчөөр, 1997 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Сүхбаатар болон Дорнод аймгийн Прокурорын газарт хяналтын болон туслах прокурор, 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Дорнод аймаг дахь Сум дундын болон Хэрлэн сумын шүүх, Сум дундын 10 дугаар шүүх, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр, нийт улсад 32 жил ажиллаж байгаад Улсын Их Хурлаас 2012 онд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасан “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасны дагуу шүүгчээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 175 дугаар зарлиг гарган шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн ...өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасныг мөн өдөр хүлээн авсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус хэлтсээс шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн хүсэлтийг хянаж үзээд ... өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан гэсэн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан боловч мөн дээрх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасан “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж иргэнд олгогдсон эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд тусгагдаагүй гэх үндэслэлээр үгүйсгэж байна.

Миний хувьд нийгмийн даатгалыг тасралтгүй 20 жил төлчихсөн байдаг. Ийм нөхцөлд миний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэж үзэж байна. Тэтгэвэр тэтгэмж нь тухайн хүний нийгмийн баталгааны салшгүй нэг хэсэг, амьдралын хэвийн үйл ажиллагааг алдагдахад хүргэсэн нөхцөл байдал бий болж байгаа учир энэ асуудлыг практик дээр онцгой тохиолдол гэж үзэж, хэрэгжүүлэх боломжийг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан байгаа. Иргэний эрхийг хангахын тулд, эрх зүйн байдлыг дээрдүүлж насыг 55 гэж зааж байгаа шүү дээ. Ажлын онцлог байдлаас хамаарч эрхийг нь ханган, насыг нь багасгаж байгаа юм. Миний тэтгэвэр тогтоолгох эрх зүйн харилцаа үүсчихсэн. Үндсэн хуульд заасан “...иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх...” үндсэн зарчим байна. Дээд газраас ирсэн “...шууд хэрэгжүүлэх боломжгүй...” гэсэн хариу бол Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг харж хэрэгжүүлэх боломжтой юм.

Иймд миний өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан хариуцагч Дорнод аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагчид даалгаж, тэтгэврийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нөхөн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.*******ын өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг 2019 оны 10 сарын 10-ны өдөр манай тэтгэврийн байцаагч ******* хүлээж аваад, над руу шилжүүлсэн байдаг. Миний бие материалыг хүлээж аваад, бичиг баримтыг шалгаж үзэхэд “...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасны дагуу тэтгэврээ тогтоолгоё...” гэсэн хүсэлтийг гаргасан байсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...60, 65 насандаа өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно...” гэж байгаа. Харин 55 нас гэсэн заалт бол эмэгтэй хүн дээр хэрэгждэг. Б.******* гуайн хэлж байгаа “...55 насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно...” гэсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зохицуулалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай уялдаагүй байгаа. ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд энэ талаар өөрчлөлт оруулаагүй учир бид тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Б.******* гуай “...хариуг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандана. Үүний тулд танай байгууллагаас бичгээр хариу авъя...” гэхэд нь бид “...та тэгвэл манай Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хүсэлтээ гарга. Тэгвэл тус Зөвлөлөөс тогтоол гаргаж, танд албан ёсоор хариу өгнө...” гэж хэлсэн. Ингээд тус Зөвлөл хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 10 сарын 21-ний өдөр тогтоол гаргаж, “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд шүүгчийн тэтгэврийг тогтоох талаар зохицуулалт байхгүй байх тул тогтоох боломжгүй байна...” гэж утсаар мэдэгдсэн. ...шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 онд гарсан ба Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн 6 жилийн байдлаар шүүгчээс 55 насандаа өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлт ирж байгаагүй. Архангай аймагт дээрх хүсэлт 2017 онд ирж, Нийгмийн даатгалын хэлтэс хүлээж аваагүйн улмаас дээд шатны шүүх хүртэл яваад, үүнийг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 06 сарын 06-ны өдрийн “...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь заалттай холбоотой зохицуулалт Нийгмийн даатгалын тухай хуульд байхгүй тул шууд хэрэгжүүлэх боломжгүй...” гэсэн зөвлөмж ирчихсэн байсан. Энэ зөвлөмжийг Б.******* гуайд танилцуулж, боломжгүй байна гэдэг хариуг өгсөн байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд хандан “Миний өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоон, тэтгэврийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс нөхөн олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.           

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаар зарлигаар *******ын *******ыг Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд анх томилжээ.

Шүүгч Б.******* нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 55 нас хүрсэн тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт 55 насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно гэж заасныг үндэслэн өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс *******ын *******ыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 175 дугаар зарлигаар *******ын *******ыг Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

Улмаар Б.******* нь Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох тухай хүсэлтийг холбогдох материалын хамт гаргасан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ ирүүлсэн боловч тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-д “Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тусгагдаагүй тул өндөр насны тэтгэвэр тогтоох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна гэж Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 292, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 02 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн байна.

 Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “...тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болох”-оор заасан атлаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар уг асуудлыг нарийвчлан зохицуулаагүйгээс маргаан үүссэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан нь төр, түүний төлөөллийн байгууллага нь хуулийг дээдлэн хэрэгжүүлэхдээ хүн, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх зарчим, үүрэг юм. 

Хэдийгээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулиар зохицуулсан байх боловч нэхэмжлэгч Б.******* /шүүгч/-ын өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах тухай хүсэлтийг эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд харшлахгүй юм.

            Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь шүүгчийн албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан материаллаг хууль бөгөөд уг хуулиар “...тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох” субектив эрхийг баталгаажуулсан ба уг хуулийн заалт хүчин төгөлдөр байна.

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, нөхцөл, олгох журмыг хуульчилсан процессийн шинжтэй хууль бөгөөд уг хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий босгыг “60 нас”-аар, зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл “50 нас”, “55 нас”-наас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээр хуульчилсан байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан “...60 нас хүрсэн бол” гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд “өөр байж болох”-оор заасан, даатгуулагч “өөрөө хүссэн” тохиолдолд “50 нас”, “55 нас”-наас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн “өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох” эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар “хориглогдсон” гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессийн хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм. 

Иймд нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дээрхи үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг тус тус баримтлан, Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоон, тэтгэврийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс нөхөн олгохыг Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Ниймгийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай. 

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.АМАРЖАРГАЛ