Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0813/З |
Дугаар | 221/МА2023/0233 |
Огноо | 2023-04-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2023/0233
“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0972 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ц” ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. ж
Хэргийн индекс:
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0972 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/369 дүгээр тушаалыг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0972 дугаар шийдвэрийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч тус шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
“Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/369 дүгээр тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх..., 35.3.4-т “..газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх...”, 40.1.6-д”...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг зохицуулсан ба 33.1-д “...Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар. дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно...” гэж заасан гэтэл “Ц” ХХК нь гуравласан гэрээгээ батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байгаа нь газраа ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлсний дагуу газар ашиглах эрхийг цуцлах шийдвэрийг гаргасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/369 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн мөн сайдын 2020 оны А/523 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд “Ц” ХХК-д олгосон 42 га газрын ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
2. Анхан шатны шүүх “хашаа барих зөвшөөрөл авах, газар ашиглах тухай гурван талт гэрээг байгуулах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг батлуулах, техникийн нөхцөл авах зэрэг хүсэлтүүдийг төрийн байгууллагуудад удаа дараа гаргасан, эдгээр нь цаг хугацаа шаардсан, хүндрэлтэй ажил байдаг гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй” гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
3. Учир нь маргаан бүхий тушаалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталснаас гадна 35 дугаар зүйлийн 35.3.1-д Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх” гэж, 35.3.4-д “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэсэн байх” гэж заасныг баримталж хариуцагчийн тайлбарт эдгээр хуулийн заалтыг зөрчсөн гэжээ.
4. Энэ хэргийн хувьд дээрх хуульд заасан гэрээ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-д “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана: 1.тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө, ... 3. газрыг ашиглах,хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага” гэх зэргээр заасны дагуу байгуулагдсан газар ашиглах гэрээг ойлгох бөгөөд энэ гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлсэн эсэхтэй холбоотой баримтуудыг анхан шатны шүүх цуглуулах нь маргаан бүхий актыг хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдолтой байна.
5. Нэхэмжлэгч компанид Богдхан уулын дархан цаазат газарт 42 га газрыг ашиглах эрх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар олгогдож, дээрх хуулийн дагуу байгуулагдсан “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ” /хэргийн 171-173 хуудас/-ний Нэг дэх хэсгийн нийтлэг үндэслэлд “... эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно:
... 1.13. Ашиглах газрын төлөв байдлын тухай мэдээлэл: Байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний ерөнхий дүгнэлт,
1.15. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт,
1.16. Хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөнд нийцсэн төсөл,
1.18. тухайн жилд батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь эдгээр баримт бичгийг гүйцэд бүрдүүлсэн эсэх, уг гэрээг Тусгай хамгаалалттай, бүс нутгийн удирдлагын газрын дарга батлаагүй шалтгаан нь тодорхойгүй байна.
6. Гэрээний дээрх заалт болон 5.1, 5.3, 5.4-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг хангаж ажиллах үүрэг хүлээсэн байх бөгөөд гэрээний уг заалтыг хэрэгжүүлсэн эсэхтэй холбоотой нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээ байгуулахдаа байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн эсэх, хийлгээгүй бол хэний буруутай үйл ажиллагааны улмаас хийлгээгүй, мөн уг үнэлгээг хийлгээгүй атлаа газраа ашиглах үйл ажиллагааг явуулах боломжтой эсэх, боломжтой бол нийт 42 га газраас газар ашиглах хүсэлтэд тусгасан зориулалтаар хичнээн хэмжээний газрыг хэрхэн ашигласан, дээрх хуульд заасан гэрээний нөхцөл, болзлыг биелүүлсэн эсэх, газраа хуулийн дагуу ашигласан эсэх талаар газрын хувийн хэрэг болон холбогдох баримтуудыг цуглуулж, маргаан бүхий актаар газар ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
7. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гуравласан гэрээ батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байхад шүүх энэ талаар дүгнээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч дээр дурдсан баримтуудыг бүрэн цуглуулаагүй байхад тус шүүхээс энэхүү үндэслэлээр гомдлыг хангаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.
8. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0972 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ