| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00169/И |
| Дугаар | 250 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 250
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2017/00169/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 5-1 тоотод оршин суух, Чулуунцэцэгийн Наранцэцэгт холбогдох, (РД: УД-69122901)
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг, Л-32 дугаарын 8 тоотод оршин суух Цэцгээгийн Алтаншагайн нэхэмжлэлтэй,
“зээл, зээлийн хүүгийн 870 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Алтаншагай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Би Ч.Наранцэцэгтэй 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 500 000 төгрөгийг 20 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатай, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлүүлсэн юм. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дуусахад Ч.Наранцэцэг нь зээлийн хүүнд 100 000 төгрөг төлөөд түүнээс хойш одоог хүртэл нэг төгрөг төлөөгүй байна.
Иймд Ч.Наранцэцэгээс үндсэн зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 200 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5%-иар алданги тооцож 68 хоногийн 170 000 төгрөг, нийт 870 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Ц.Алтаншагай нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие Ч.Наранцэцэгт холбогдуулан зээл, зээлийн хүү бүгд 870 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би илүү нэхэмжилсэн 200 000 төгрөгөөс татгалзаж 670 000 төгрөгийг хариуцагч Ч.Наранцэцэгээс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор авахаар боллоо.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 10 тал)
Хариуцагч Ч.Наранцэцэг нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Би Ц.Алтаншагайн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү, алданги бүгд 670 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл, зээлийн хүү, алданги, бүгд 670 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор Ц.Алтаншагайд төлж барагдуулахаар боллоо. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй. Өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 11 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Алтаншагай нь хариуцагч Ч.Наранцэцэгээс “зээл, зээлийн хүү, алданги бүгд 870 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Ц.Алтаншагай нь шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү, алданги 870 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 200 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 670 000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Ч.Наранцэцэг нь 670 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ч.Наранцэцэгт холбогдох, Ц.Алтаншагайн нэхэмжлэлтэй,“ зээл, зээлийн хүү, алданги, бүгд 870 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчид 670 000 төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Алтаншагайн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30 000 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 15 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15 000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ч.Наранцэцэгээс 15 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Алтаншагайд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Наранцэцэг нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ