Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2015/00409/И

 

          Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 47-10 тоотод оршин суух, Боржигон овогт Нинагийн Төгсөө /РД:СФ71113023/-гийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Хэнтий аймаг Батноров сум 7 дугаар баг Бэрх тосгоны 59 дүгээр байрны 1-5 тоотод оршин суух, Тээрэмт овогт Далхжавын Болдхүү /РД:СА83041421/-д холбогдох

 

              Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Төгсөө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ичинхорол, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

           

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Н.Төгсөө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 59 дүгээр байрны 1-5 тоот орон сууцны албан ёсны эзэмшигч билээ. Миний бие Улаанбаатар хотод 2000 онд ажил хийхээр өвөө, ах, дүүгээ гэртээ орхиод явсан. 2012 он, 2013 онуудад жилийн зайтай 2 өөр хүн утсаар ярьж байраа зараач, гэрчилгээгээ шилжүүлж өгөөч гэж утсаар ярьсан боловч хэт хямдхан үнэ санал болгосон болохоор зараагүй. Харин одоо байрандаа амьдрахаар Бэрх ирэх гэтэл Т.Болдхүү гэх иргэн худалдан авсан гээд суллаж өгөхгүй байна. Хэд хэдэн удаа байр суллаж өгөхийг шаардсан боловч суллаж өгөөгүй. Даруй байрандаа орж амьдрах хүсэлтэй байх тул маргааныг шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

            Нэхэмжлэгч Н.Төгсөө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 59 дүгээр байрны 1-5 тоот байр миний эзэмшлийн байр байсан. 26м2 байр байдаг. Анх өвөөтэйгөө амьдардаг байсан. Анх төрөөс хувьчлалд гарах үед хувьчилж авсан. Манай өвөө Жамъяндорж гэж хүн байсан. Манай өвөө бичиг үсэг сайн мэдэхгүй учраас төрсөн дүү Сугарнямын нэр дээр хувьчилж авсан. Намайг хот явахад манай өвөө Жамъяндорж дүү Сугарнямтайгаа энэ байранд үлдсэн. Гэтэл 2011 онд Доржийн хүү Зоригоо байна би таны байрыг худалдаж авсан та гарын үсгээ зурж өгнө үү гэж Улаанбаатар хотод 2012 оны хавар надруу яриад ажил дээр ирж уулсан. Хэд хоногийн дараа би яриад чамд байрны гэрчилгээ байна уу гэхэд надад байгаа гэсэн. Би Сугарням ахыг холбоо барина гэж итгээд эргэж асуухгүй явдаг байсан. Гэтэл Сугарням ах нас барсан байсан тул энэ байрыг яасныг мэдэхгүй байсан. Би байраа зарна гэж анхнаасаа үлдээгээгүй. Би насаа ахиад ирэхээр нутагтаа очиж амьдарна гэж бодож байсан. Би Бэрхэд очилгүй удсан. Одоо энэ байраа нэхэмжилж байна... 2 дахь гэрчилгээг 2015 оны 11 дүгээр  сарын 26-ны өдөр авсан. Би хамгийн сүүлд авсан хүнээс байрны гэрчилгээ байна уу гэхэд байхгүй гэсэн. Иймд дахин дамжсан асуудал гарахаас өмнө дахин бичиг баримтаа бүрдүүлсэн. Иймд бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Далхжав нь шүүхэд гаргасан тайлбартаа:

            Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Нинаагийн Төгсөө, миний охин Д.Болдхүүг сууж буй орон сууцаа чөлөөлж өгөх талаар нэхэмжлэл гаргажээ. Далхжав миний бие Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хот дахь 59 дүгээр байрны 1-5 тоот орон сууцыг 2012 оны 01 дүгээр сард Батноров сумын 7 дугаар багийн иргэн Бэрх хот дахь 55 дугаар байрны 2-12 тоотод амьдардаг Гомбын Батжаргалаас бичиг баримтыг нь дараа нь олж өгөх тохиролцоотойгоор 4 450 000 төгрөгөөр худалдан авч, өөрийн охин Д.Болдхүүг хүүхдийн хамт суулгасан юм. Г.Батжаргал надад ярихдаа Төгсөө Улаанбаатар хот руу ажиллахдаа явахдаа суулгаж орхисон хамаатнууд нь уг байрыг зарчихсан юм билээ. Хэд хэдэн хүн дамжигдан худалдагдсаныг надад ирснийг танд худалдсан гэж хэлсэн. Төгсөө гэх хүн бидэнтэй нэг ч удаа уулзаагүй ба утсаар яриагүй. Бид Төгсөө гэх хүнийг танихгүй гэжээ. /хх-ийн 11х/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ичинхорлоо нь шүүх хуралдаанд гаргасант тайлбартаа:

 Уг байрыг 2011 оны 12 сарын багцаа Батжаргал, Отгонбат хоёроос 4 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед бичиг баримтаа байвал өгөөч гэхэд Төгсөө гэдэг хүнд бичиг баримт байгаа гэдэг байсан. Сугарням гэдэг хүнтэй уулзах гэхэд эмнэлэгт хэвтээд хот явсан гээд уулзаж чадаагүй байсан. Дараа нь нэг сурахад нас барсан байсан. Батжаргалд өөрт нь бичиг баримт нь байсан байна. Надад яагаад өгөхгүй байсныг би сайн мэдэхгүй байна. Би энэ байрыг худалдаж авсан хүн юм. Манайх энэ байранд амьдарч байгаа. Орцны мөнгө засварт  1 100 000 төгрөг төлсөн. Би өөрийнхөө байрыг гэж бодоод явж байгаа. Төгсөө энэ байрыг худалдаж авахад байгаагүй. 2001 онд худалдаж авахад Төгсөө гэдэг хүн байгаагүй. Төгсөө 2000 онд ээжтэйгээ ажил хийнэ гээд хот явсан байдаг. Энэ байранд Төгсөө ердөө амьдарч байгаагүй гэв.

 

Гуравдагч этгээд Г.Батжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие иргэн Буянаагаас Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 59 дүгээр байрны 1-5 тоотыг худалдан авч өөрсдийнх нь хүсэлтээр иргэн Болдхүүд худалдсан. Би Буянаагаас, Буянаа нь Заяагаас, Заяа нь Энхцэцэгээс худалдан авсан гэжээ.

 

Гуравдагч этгээд Г.Батжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2011 онд над дээр Лхагваа, Буянаа 2 мөнгөний яаралтай хэрэг гараад байна гэсэн. Сугарням гэдэг хүнтэй Энхцэцэг гэдэг хүн хамт амьдарч байгаад аймаг руу нүүж явахдаа Заяа гэж хүнд зарсан. Заяа нь Буянаа, Лхагваа гэдэг хүнд зараад Буянаа нь надад зарсан. Ордер нь Сугарням гэдэг хүний нэр дээр байсан. Төгсөө гэж нэр байгаагүй. Би дөнгөж аваад 10 хоноогүй байхад Ичинхорол эгч Оюун-эрдэнэ эгчтэй орж ирсэн. Надаас байр худалдаж авъя гээд надад тухайн үед 2 байр байсан. Та 69-ийн байрыг авахгүй юу бичиг баримт нь миний нэр дээр гэхэд үнэтэй байна, 59-ийн байрыг чинь авъя гэж байсан. Сугарням гэдэг хүний нэр ордер нь байгаа гээд Ичинхорлоо эгчид харуулж байсан. Ичинхорлоо эгч за тэгээд бичиг баримтыг нь янзлаад өгөөрэй гэж байсан. Би Төгсөө гэдэг хүн миний эгчийн найз болохоор намайг танина. Уулзаж байгаад болох байх гэж бодож байсан. Гэтэл утсыг нь олоогүй удсан. Төгсөө эгчтэй нүүр тулж уулзаагүй. Төгсөө эгч надруу утсаар ярьж байсан. Тэгээд уулзаж бичиг баримтаа янзалж чадаагүй явсаар байгаад ийм асуудал үүссэн гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Төгсөө нь хариуцагч Д.Болдхүүд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Н. Төгсөө нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 59 дүгээр байрны 05 тоотод хаягтай 26 м2 орон сууцыг өөрийн өвөө                    Б. Жамъяндорж, түүний дүү Ж. Сугарнямын хамт гурвуул өмчилдөг байсан. 2000 онд Улаабаатар хотруу ажиллаж амьдрахаар явахад нь өвөө болон түүний дүү 2 нь уг орон сууцанд амьдраад үлдсэн... Ж. Сугарням нь 2013 онд, Б. Жамъяндорж нь 2015 онд тус тус нас барсан. Орон сууцыг хэн нэгэнд худалдаагүй, худалдахыг зөвшөөрөөгүй учраас өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан гэж маргаж байна.

 

            Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. Ичинхоролын хувьд маргаж буй уг орон сууцыг гуравдагч этгээд Г. Батжаргалаас 2011 оны эхээр 4 500 000 төгрөгөөр худалдан авсан. Энэ байранд нэхэмжлэгч Н. Төгсөө огт амьдарч байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Маргаж буй Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 59 дүгээр байрны 05 тоотод хаягтай 26 м2  орон сууцны цор ганц хууль ёсны өмчлөгч нь одоогоор нэхэмжлэгч Н. Төгсөө мөн болох нь хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд байх улсын бүртгэлийн Ү-1814000096 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

            Нэхэмжлэгч Н. Төгсөөтэй уг орон сууцыг хамтран өмчлөгчид болох                          Б. Жамъяндорж, түүний дүү Ж. Сугарням нар нас барсан болох нь хавтаст хэргийн 50, 54 дүгээр хуудсанд байх нас барсны бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар тогтоогдож байна. 

 

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н. Төгсөөгийн хувьд маргаж буй орон сууцыг өмчлөх эрх нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т заасан улсын бүртгэлд үндэслэсэн байх ба уг улсын бүртгэлийн үнэн зөв эсэх талаар сонирхогч ямар нэг этгээд, иргэн гомдол гаргаагүй, түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг №286, Хэнтий аймгийн Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл зэрэг баримт /хх-ийн 38-54х/-уудаас үзэхэд тэрбээр 2000-2001 онуудаас эхэлж одоог хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 59 дүгээр байрны 05 тоотод хаягтай 26 м2  2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь нэгэнт тогтоогдож байна.

 

           Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт: Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ.

    

Иймд нэхэмжлэгч Н. Төгсөөгийн “бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 59 дүгээр байрны 05 тоотод хаягтай 26 м2   2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Болдхүүгийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нь зүйтэй байна.

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:        

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Төгсөөгийн “бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 59 дүгээр байрны 05 тоот хаягтай 26 м2  2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Болдхүүгийн эзэмшлээс албадан чөлөөлүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Төгсөөгөөс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Болдхүүгээс нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Төгсөөд олгосугай.

 

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР